Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01495

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01495

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хаус, 3-р давхарт байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 4-р хороо, Ажилчны гудамж “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдох 543 351 561  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь тус компанитай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т/655, МЫО-2016/65 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн билээ. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон барааны үнэ, тээврийн зардлыг үл маргах журмаар төлох үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт худалдан авагч худалдан авсан шатахуун болон барааг хүлээн авсан өдрөөс хойш цаглабарын 45 хоногт багтаан худалдагч талд бүрэн төлж барагдуулна... гэсэн боловч, худалдан авагч буюу хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт зааснаар худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон барааны үнийг, тээврийн зардлын хамт төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дах хэсэгт худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй, 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт худалдагч нь гэрээний дагуу анз төлүүлэхээр шаардах эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөр, тээврийн зардлыг гэрээний 4.5-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3% хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр шатахуун болон барааны нийлүүлэлт тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь  гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад байдлаар удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх , төлбөр төлөх төлөх боломжит хугацааг олгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно. Иймд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үндсэн төлбөр 440 862 275 төгрөг, алданги 102 489 төгрөг нийт 543 351 861 төгрөгийг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шунхлай трейдинг ХХК нь Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Т/655, М140-2016/65 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт үүссэн үндсэн төлбөр  440 862 275 төгрөг, тус гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцсон алданги 102 489 586 төгрөг, нийт 543 351 861 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба зохигчид сайн дурын үндсэн дээр дараах байдлаар эвлэрч байна. Шунхлай Трейдинг ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 440 862 275 төгрөгөөс “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь  2017 оны 5-р сарын 05-ны өдөр 110 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 19-ний өдөр 60 000 000 төгрөгийг төлсөн байх тул үндсэн төлбөрөөс хасч үлдэгдэл 270 862 275 төгрөгийг нэхэмжлэж байна. Мөн нэхэмжлэгч нь алданги болох 102 489 586 төгрөгөөс 68 326 391 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл алданги 34 163 195 төгрөгийг нэхэмжилж байна.  Хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь үндсэн төлбөр 270 862 275 төгрөг, алданги 34 163 195 төгрөг нийт 305 025 470 төгрөгийг 2017 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл дараах байдлаар төлж дуусгана. 2017 оны 5-р сарын 26-ны өдөр 70 862 275 төгрөг, 2017 оны 5-р сарын 31-ний өдөр 25 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл 209 163 195 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Шунхлай Трейдинг ХХК нь хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдох  543 351 861 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд  2017 оны 5-р сарны 23-ны өдөр Т/322 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулж  543 351 861 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 305 025 470 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 5-р сарын 26-нд 70 862 275 төгрөг, 2017 оны 5-р сарын 31-нд өдөр 25 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл 209 163 195 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн байна.

 

            Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК болон хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нар нь 543 351 861 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 305 025 470 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 5-р сарын 26-нд 70 862 275 төгрөг, 2017 оны 5-р сарын 31-нд 25 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 31-ний өдөр хүртэл 209 163 195 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 874 709  төгрөгийг хэвээр үлдээж,  улсын орлогоос 1 437 354   төгрөг, хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас 1 437 354 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА