Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2018/0008/з |
Дугаар | 13 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ““Х” ” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАЗД /Д.Б/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0008/з тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, орчуулагч Ц овогт Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч А.Ө, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Х” ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын ** багийн ** хороололд орон сууцны зориулалтаар 7 га газрыг эзэмшдэг болно.
Гэтэл тус захирамжийн биелэлтийг хангахгүй, ““Х” ХХК-ийн эзэмшил газар дээр гэрээ байгуулах, гэрчилгээ олгох ажиллагааг явуулалгүй удаашруулж, өнөөдрийг хүрсэн бөгөөд манай компанийн эзэмшлийн газар эзэмших эрх олгосон захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. Газрын гэрээ, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь төрийн захиргааны чиг үүргийн хүрээний ажил бөгөөд ““Х” ХХК-ийн зүгээс энэхүү эрх үүргээ хэрэгжүүлэхийг ОАЗД болон холбогдох этгээдүүдэд хандаж байсан.
Мөн энэхүү сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа ““Х” ХХК-ийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй байх болно.
Иймд ““Х” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрх ашигт үндэслэлгүйгээр халдаж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг гаргасан байх тул энэхүү захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Х” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч АЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар 7 га газрыг эзэмшдэг гэж нэхэмжлэлдээ дурджээ. Уг захирамжаар Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэр дэх орон сууцны ** хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ““Х” ХХК-д 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.
2. Газрын тухай хуульд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 тоот албан бичгүүдээр ”Х” ХХК-д гэрээ байгуулан, гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй.
3. АЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг гаргахдаа ““Х” ХХК-ийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. АЗД-ын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 тоот Тайлбар, санал авах тухай албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.
Иймд Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/574 тоот захирамжаар 7 га газрыг ашиглах тухай ЗД-ын захирамж гаргасан. 21 га газрын хугацааг сунгах хүсэлтийг 1 жил 6 сарын дараа шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ 7 га газар болгож өгсөн. Манай компани маш ихээр хохирч байна. 21 га талбайг 7 га газар болгосон. Үүнд гомдож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч тайлбарлана” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 256 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч ““Х” ХХК гэрээ байгуулж, гэрчилгээ авч газраа баталгаажуулахыг удаа дараа шаардаж мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаний зүгээс уг шаардлагыг биелүүлээгүй. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн АЗД-ын Тамгын газрын 5/06 тоот “Тайлбар санал авах тухай” албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй.
Ингээд Газрын тухай хуулийн 2** зүйлийн 4 дэх хэсэгт “...хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газрыг эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар газар ашиглуулах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт нэхэмжлэгч “Х” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гарчихаад байхад Газрын тухай хуулийн 2** зүйлийн 4-т заасны дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ авахгүй хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй яваад байгааг газар ашиглах эрх нь үүслээ гэж үзэх эсэх нь асуудалтай. Иймд захирамж гарснаар тэд нарын ямар хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь бас тодорхойгүй байна. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Ж Я хэлэхдээ 21 га газрыг 7 га газар болгож байгаа захирамжтай маргаагүй ч гэсэн 21 га газрын хэмжээг багасгаж, 7 га газрыг дахин хүчингүй болгож 2 удаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байгаа талаараа хэлж байна. Маргаан бүхий актын хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй эсэхэд маргаж байна. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байх гэх зохицуулалт. Хууль хэрэглээний хувьд авч үзвэл 40.1-д заасан заалт нь гэрчилгээ цуцлахтай холбоотой эрх зүйн зохицуулалт юм. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд А/78 дугаар захирамждаа Засаг дарга газар ашиглуулсан захирамжаа цуцалж байгаа юм. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан заалт нь гэрээн дээрх зориулалтын талаар заасан байдаг. Нэхэмжлэгч талд анхнаасаа гэрээ байгуулсан үйл баримт байхгүй. Цуцалсан үндэслэл нь гэрээний дагуу 2 жил ашиглаагүй гэдэг. Гэвч гэрээ гэрчилгээг гаргаагүй. Гэрээ байгуулагдаагүй, гэрээн дээрх зориулалт гэх хууль зүйн үндэслэлийг ярих боломжгүй юм.
Гэрээ байгуулагдаагүй бол гэрээ, гэрчилгээгүйгээр газар ашиглахыг хориглодог. Иймд 2 жил ашиглаагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хууль хэрэглээний хувьд төсөөтэй хэрэглэх буюу гэрчилгээ болон захирамж цуцлах зохицуулалттай төсөөтэй хэрэглэж болно гэж тайлбарлаж болох юм. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим байдаг. Өөрөөр хэлбэл аливаа төрийн захиргааны байгууллага иргэний эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байдаг. Дээрх заалтад тусгагдсан үндэслэлийн хүрээнд хэн нэгний субъектив эрхэд халдах бол хуульд үндэслэх зарчмыг баримтлана. Маргаан бүхий захирамжийн хүрээнд авч үзвэл хавтаст хэргийн 35 дугаар хуудаст авагдсан А/78 дугаартай захирамжийн 1 дүгээр хэсэгт ... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж цуцалж, хүчингүй болгосугай гэсэн байдаг. Төрийн захиргааны байгууллагаас захирамж гаргахдаа ямар үйл ажиллагаа явуулсан гэхээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг авах ажиллагаа явуулсан. Хавтаст хэргийн 36-38 дугаар хуудаст авагдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт байдаг.
Уг дүгнэлт хавтаст хэргийн 50 дугаар хуудаст авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5/296** эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгнө үү гэх аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн албан тоот байдаг. Үүний дагуу хавтаст хэргийн 36-38 дугаар хуудаст авагдсан улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслэж хавтаст хэргийн 35 дугаар хуудаст авагдсан А/78 тоот захирамж гарсан. Хавтаст хэргийн 223 дугаар хуудаст авагдсан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 15-18 дугаар мөрөнд илтгэгч шүүгчээс А/78 захирамжийг гаргахдаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс гадна өөр ямар ажиллагаа явуулсан талаар хариуцагчаас асуухад газрыг чөлөөлөх тухай албан бичиг ирүүлж байсан гэж тайлбарладаг. Маргаан бүхий актыг гаргахын тулд хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнд ганцхан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулах ажиллагаа хийгдэж акт гарсан байдаг. 2 дугаар хавтас хэргийн 6-18 дугаар хуудаст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаар шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон байдаг. Уг шийдвэрт хариуцагч талаас гомдож маргаагүй. А/78 дугаар захирамжийн гол үндэсдэл болсон улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон шийдвэрийг анхаарч үзнэ үү. Хариуцагчийн зүгээс гэрээ, гэрчилгээ байгуулах талаар шаардаж байсан гэж маргадаг. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн албан тоотыг хэлдэг. Хэдийгээр хариуцагчаас албан тоотыг гаргуулж гэрээ гэрчилгээ хийлгэхийг мэдэгдэж байсан гэдэг боловч 1 дүгээр хавтас хэргийн 248 дугаар хуудаст албан тоот байгаа, ерөнхийдөө 2 албан тоот л байдаг. Уг албан тоотууд нэхэмжлэгчид хүрсэн үгүйг хариуцагч талаас нотолдоггүй. Учир нь 1 дүгээр хавтас хэргийн 248 дугаар хуудаст авагдсан 27 тоот албан тоотыг Газрын албанаас явуулсан. Газрын албанаас шүүхийн шаардсан нотлох баримтанд хариу ирүүлэхдээ 28 тоот албан тоотыг газрын албанаас “Х” ХХК-д гардуулсан гэдэг тайлбар ирүүлдэг боловч 2 дугаар хавтас хэргийн 81-83 дугаар хуудаст авагдсан шүүхийн баримт бичиг болон газрын албанд хийсэн үзлэгт 2016, 2018 онуудад 2 удаагийн албан тоот ““Х” ХХК-иас ирсэн боловч хариу болгож 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ганцхан албан тоот ирүүлсэн байдаг.
Тухайн албан тоот нь таны гэрчилгээг цуцалсан, авна уу? гэсэн А/78 дугаар захирамжийг гардуулсан албан тоот байдаг. 28 тоот албан бичгээр мэдэгдсэн гэдэг нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл бусад нолох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 256 дугаар албан тоотыг илгээсэн эсэхийг лавлахад Э гэх хүнд илгээсэн байдаг. Г гэх хүнээс шүүхээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. 2 дугаар хавтас хэргийн 39-41 дүгээр хуудаст Г мэдүүлэхдээ: Манай компанид Э гэх хүн ажиллаагүй. Би 2 удаагийн итгэмжлэлтэй байсан гэж мэдүүлсэн байдаг. Уг хэрэг нь 2 удаа анхан шатны шүүхээр явсан байдаг. Хариуцагчийн тайлбарт Э гэх хүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаад оролцсон байж болох юм гэдэг. Төрийн захиргааны байгууллага аливаа нэг аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг гардуулахдаа албан бичгийг авах эрхтэй субъект мөн эсэхийг шалгах ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл ““Х” ХХК-ийг төлөөлж байгаа тохиолдолд тухайн этгээдээс итгэмжлэлийг шаардах ёстой юм. Өнөөдрийг хүртэл хариуцагч талаас Э-т итгэмжлэл байсан учраас албан тоотыг гардуулсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл ““Х” ХХК-д мэдэгдсэн гэх 2 албан тоот нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна. Хариуцагчийн зүгээс А/78 дугаартай захирамжтай холбогдуулан мэдэгдэх болон сонсгох ажиллагааг хийгээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/06 дугаар тайлбар, санал авах тухай албан тоотоор мэдэгдсэн гэдэг. Энэ нь 1 дүгээр хавтас хэргийн 31 дүгээр хуудаст авагдсан. Үүнийг шуудангаар дамжуулсан юм уу? албан бичиг гардуулсан тухай баримтууд хавтас хэрэгт байдаггүй. Албан бичгийг явуулсан гэсний дараа нэхэмжлэгч талаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуульч О ““Х” ХХК-ийг төлөөлж Засаг даргын Тамгын газрын ажилтантай уулзсан. Уг уулзалтын итгэмжлэл болон албан тоотуудад хариуцагчаас Газрын албаны дарга Д.Ц-д цохолт хийсэн байдаг. Уг цохолт хавтаст хэргийн 10** хуудаст авагдсан. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав, уг асуудлыг шийдвэрлэх гэсэн цохолт байдаг. Тэгвэл яагаад 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу 10 гаруй хоногийн дараа газар ашиглах эрхийг цуцалсан. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талыг ирж биеэр уулзахад албан тоотыг гардаж авах талаар хэлж мэдэгдэх, сонсгох ажиллагааг яагаад хийгээгүй вэ? гэх асуулт гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл ““Х” ХХК-ийн итгэмжлэлтэй хүн ирсэн байхад мэдэгдээгүй. Уулзахад урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийж, албан тоотыг гардуулж өгөөгүй. Уулзсанаас 15 хоногийн дараа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар маргаан бүхий захирамж гарсан.
Нэхэмжлэгч талаас захирамж гарахаас өмнө очиж уулзахад мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй. Мөн нэхэмжлэгч талыг очиж уулзахад уг ажиллагаа хийх боломжтой байхад хариуцагчаас мэдэгдэх, сонсгох ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй. Гэрээ байгуулах нь 2 талын тэгш асуудал буюу хүсэлт гаргах ёстой хэмээн хариуцагч талаас маргадаг. Хавтас хэргийн 95-10** хуудас хүртэлх 12 хуудас нийт 5 удаагийн хүсэлт, 1 удаагийн уулзалтын тэмдэглэл, мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн бүх төрийн захиргааны байгууллагын эрх бүхий этгээдүүдийг Бээжин хотод хүлээн авч уулзсан уулзалтын зураг болон уулзалтын тэмдэглэлийг хавсаргаж өгсөн. Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудаст 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтүүд байдаг. Уг хүсэлтүүдэд гэрээ гэрчилгээ байгуулах тухай хүсэлтийг албан бичгээр илгээсэн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, гэрчилгээ байгуулах хүсэлт нь 2 дугаар хавтас хэргийн 60 дугаар хуудаст авагдсан шүүхийн үзлэгийн 3 дахь нүүрт буй тэмдэглэлээр тогтоогддог. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2 жилийн хугацаанд ор сураггүй байж байгаад гарч ирсэн мэтээр шүүхэд маргадаг. Мөн ““Х” ХХК-ийг гэрээ, гэрчилгээг байгуулахгүйгээр алга болсон мэтээр маргадаг. Гэтэл ““Х” ” ХХК ажиллагаа хийж, хүсэлтүүд гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас гэрээ, гэрчилгээ гарахаас өмнө хуульчийг уулзуулах ажиллагааг удаа дараа хийж байсан. Нэхэмжлэгч талаас гэрээ, гэрчилгээ байгуулахаар хүсэлт гаргасан. А/574 дүгээр захирамжийн 3 дахь хэсэгт гэрээ гэрчилгээ байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газкын дарга М-т үүрэг болгосугай гэж бичсэн байдаг. Уг үүргээ буюу А/574 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийг биелүүлэхгүй байж байгаад А/78 дугаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч А.Ө дүгнэлтдээ: Миний хувьд хавтас хэрэгт цугларсан нотлох баримт дутуу юм шиг санагдаж байна. Шуудангийн баталгаа, өгч авсан бичиг хаана байгаа нь тодорхойгүй гэх мэт. Хүчингүй болгосон шийдвэр нь зөв байсан. Төрийн захиргааны байгууллагын шийдвэр үнэн зөв гэж бодож байна гэв.
Шүүх хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““Х” ХХК нь ОАЗД /Д.Б/-д холбогдуулан “ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.
1. ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газар ашиглуулах тухай А/574 тоот захирамжаар 7 га газрыг орон сууцны зориулалтаар “Х” ХХК-д 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал/
2. ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/574 тоот захирамж нь ““Х” ХХК-д газар ашиглуулах эрх олгосноороо Захиргааны ерөнхий хуулийн 3** зүйлийн 37.4 дэх хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно/-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно.../-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдвол түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага /албан тушаалтан/ хүчингүй болгохоор хуульчилсан.
4. Хариуцагчийн тайлбар болон ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 тоот захирамжид ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 тоот захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрыг албан ёсны актаар хүлээн авч гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг шаардаж мэдэгдсэн боловч шаардлагыг биелүүлээгүй, мөн эрх олгосон шийдвэр гарсан өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14-04-020/162 дугаар дүгнэлтээр тогтоогдсон... гэжээ.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй/-т заасан үндэслэл нь Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.1 дэх хэсэг /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-т зааснаар гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшиж байгаа этгээд нь газар эзэмших, ашиглах явцдаа хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулга бүхий зохицуулалт юм.
6. Тодруулбал, Газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт болно.
7. Харин ОАЗД нь ““Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй, тус компанид газар ашиглуулахаар шийдвэрлэсэн ОАЗД-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/574 тоот захирамжийг өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
8. Захиргааны байгууллагаас ““Х” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” А/574 тоот /эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий/ захирамжийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 24.2 /Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/, 25 дугаар зүйлийн 25.1 /Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна/-т тус тус зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 2** зүйлийн 27.1 /Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно/, 27.4 /Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна./, 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/-т заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзлээ.
9. Мөн захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон/, 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ дахь хэсэгт заасан зарчмыг баримтлаагүй байна.
10. Хариуцагч /ОАЗД-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг/-аас: ““Х” ХХК-д газар ашиглуулахаар олгосон шийдвэрээ хүчингүй болгох тухайгаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Тайлбар, санал авах тухай” №5/06 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу тайлбар, санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул түүний газар ашиглах шийдвэрийг хүчингүй болгосон... гэжээ.
11. Захиргааны байгууллагын дээрх албан бичгийг ““Х” ХХК нь хүлээн аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. /Нэгдүгээр хавтаст хэргийн 25, 31, 32, хоёрдугаар хавтаст хэргийн 58-61, 71, 72, 74 дугаар тал/
12. ““Х” ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОАЗД-д ... гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх ажиллагаанууд хийгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж, холбогдох албан тушаалтанд энэхүү ажиллагааг хийлгэхийг даалгуулж өгнө үү хандсан байх бөгөөд ОАЗД-аас: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Д.Цолмон, судалж, санал танилцуулах Д.Б 08.02.18 гэж гарын үсэг зурж, цохолт хийсэн, энэ талаар талууд маргаагүй, ““Х” ХХК нь газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар хүсэл зоригоо илэрхийлснээс хойш 13 хоногийн дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 10** тал/
13. ““Х” ХХК-иас газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар ОАЗД-д 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16/15, 16/16, 2017 оны 06 дугаар сарын 14, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр тус тус хандаж байсан боловч захиргааны байгууллагын зүгээс дээрх албан бичгүүдэд хариу өгч шийдвэрлээгүй байна. /Нэгдүгээр хавтаст хэргийн 97, 98, 103, 107, Хоёрдугаар хавтаст хэргийн 42, 58-61, 107-113, 130 дугаар тал/
14. Захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлдээ Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтласан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтыг тус тус тайлбарлавал:
-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгодог,
- ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар ашиглах гэрээ байгуулсанаас хойш тооцох зарчимтай бөгөөд ““Х” ” ХХК-д газрыг актаар хүлээлгэж өгөөгүй, гэрээ байгуулж, газар ашиглах гэрчилгээгээ аваагүй байхад буюу газар ашиглах эрх үүсээгүй байхад дээрх хуулийн заалтыг баримтласан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
-Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь газраа актаар хүлээн авч, гэрээ байгуулахаар захиргааны байгууллагатай эрх зүйн харилцаа үүсгээгүй байхад газар ашиглах эрх үүссэн мэтээр дүгнэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлтэй.
15. Мөн Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.4 /хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно/-т зааснаар нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээгүйгээр газар ашигласан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
16. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн 1 болох Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай №14-04-2-020/162 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 36 тоот шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул уг улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус юм. /2 дугаар хавтаст хэргийн 5-15 дугаар тал/
17. Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хууль бус захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн үүрэгтэй.
18. Шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийн, ““Х” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-т зааснаар ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 2** зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 2** зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ОАЗД-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” А/78 тоот захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ** зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАЗД-ын Тамгын газрын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД П.УУГАНЦЭЦЭГ
Б.МӨНХЖАРГАЛ