Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
    Улсын яллагч: Н.Цогтбаяр  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг морьт овогт Батсайханы Ариунсанд холбогдох эрүүгийн 201603000166 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1996 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүү нарын хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Дуут гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Алаг морьт овогт Батсайханы Ариунсан /РД:АД96012316/

Шүүгдэгч Б.Ариунсан нь 2016 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан самын Баянгол баг, Зүүн дэнжийн Баянбулагийн 7-1 тоотод байх хохирогч Б.Эрдэнэбаатарын гэрт нэвтэрч, алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөргийг хулгайлж, хохирогч Б.Эрдэнэбаатарт 5.000.000 /таван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүгдэгч Б.Ариунсан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй, ярих зүйл байхгүй гэв.      

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Эрдэнэбаатарын: “...би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд буюу Баянгол багийн зүүн дэнжийн Баянбулагийн 07-01 тоотод нэг гэртэй мөн Өндөн-Улаан сумын Баянгол багийн Тээлийн эх гэх газарт бас нэг гэртэй юм. Манай Өндөр-Улаан сумын төвд байдаг гэрт хүүхдүүд сууж сургуульдаа явдаг бөгөөд хөдөө байдаг гэрт би эхнэрийн хамт амьдарч малаа хардаг. 2016 оны 04 сарын 14-ний өдөр хөдөө байдаг гэрээсээ сумын төвд байдаг гэртээ очтол манай гэрийн гадаах цоож бүтэн байсан мөртлөө гэрийн хойморт байсан модон авдарны монгол цоожийг хөшиж онгойлгосон байсан. Эхнэр Д.Энхцэцэг энэ онгорхой авдарт чиний хөөрөг байгаа гэж хэлэхээр нь авдрыг нээж үзтэл миний улаан дайлантай дунд гарын халтар мана, шүрэн толгойтой хөөрөг алга болчихсон байсан. Уг хөөргийг эхнэр Д.Энхцэцэг хөдөө гэрт байхад нь 2016 оны 04 сарын 11-ний өдөр авч ирээд сумын төвийн гэрт хийсэн байсан бөгөөд тухайн үед эхнэрийн төрлийн дүү болох Б.Ариунсан эхнэр Д.Энхцэцэгтэй хамт явсан болохоор Б.Ариунсанг миний хөөрөг хаана байсныг мэдсэн, хийж байхыг нь харсан болохоор нь хөөрөг хулгайлсан байж магадгүй гэж бодсон. Тэгээд Б.Ариунсантай утсаар ярьтал би хөөрөг аваагүй одоо Улаанбаатар хотод байна гээд байхаар нь хотоос дуудуулж ирээд өөртэй нь уулзтал эхэндээ аваагүй гэж гүрийж байснаа удалгүй би авсан юм гэж үнэнээ хэлээд Улаанбаатар хот руу оруулаад Урт цагаанд алт мөнгөний дархан хийдэг хүнд 2 сая төгрөгөөр зарсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Ариунсантай хамт би хот руу яваад Урт цагаан гэх газарт нь очиж хөөрөг худалдаж авсан гэх хүнтэй уулзтал цааш нь хүнд дамлаж зарсан гээд байсан. Тэгээд Б.Ариунсан миний хөөргийг зарсан хүнээс 3.200.000 төгрөгөөр буцааж авч надад өгсөн. Би одоо хөөргөө буцааж олж авсан надад одоо гомдол санал байхгүй. Б.Ариунсан бол миний эхнэрийн төрөл бөгөөд надтай ямар нэгэн төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би 10 орчим жилийн өмнө явуулын хүнээс нэг сая орчим төгрөгөөр хөөргөө худалдаж авч байсан бөгөөд тухайн үед уг хөөргийг 3 шарны үнээр бодож авч байсан. Миний хөөрөг дунд гарын хар халтар өнгөтэй, шүрэн толгойтой, халтар манан хөөрөг юм. Би 10 орчим жилийн өмнө 1 сая орчим төгрөгөөр худалдаж авч байсан болохоор 30 орчим сая төгрөг болох байх гэж бодож байна. Тиймээс би хөөргөө 30 сая төгрөгөөр үнэлнэ. Харин Улаанбаатар хотод алт мөнгөний дархан хүмүүс үзээд миний хөөргийг их бага үнээр худалдаж авсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хөөргийг 5 сая төгрөгөөр үнэлэж байгааг хүлээн зөвшөөрч байна. би Б.Ариунсангаас хөөргөө бүрэн бүтэн олж авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Бямбацэрэнгийн: “...би Б.Ариунсангийн хойд эцэг нь болох хүн бөгөөд Б.Ариунсанг 1 настай байхад нь ээжтэй нь гэр бүл болж байсан. Эрдэнэбаатартай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Нэг айлын хүргэн баз хүмүүс юм. Би эрх үүргээ ойлгосон. Хүү Б.Ариунсангийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би Б.Ариунсанг бага настайгаас нь өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд Б.Ариунсан Өндөр-Улаан сумын төвийн сургуульд 10-н жилээ сурч төгсөөд одоо Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд зан байдлын хувьд томоотой даруу төлөв зантай хүүхэд байгаа юм. Миний хүү Б.Ариунсан нь Б.Эрдэнэбаатарын хөөргийг хулгайлан авч Улаанбаатар хот руу аваачиж алт мөнгөний ченжид зарсан байсан. Би Б.Ариунсанд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд Б.Ариунсан өөрөө 2.000.000 сая төгрөг гаргаж хөөргөө зарсан хүнээсээ хөөргөө худалдаж авч Б.Эрдэнэбаатарт буцааж өгсөн. Б.Ариунсан Б.Эрдэнэбаатарын хөөргийг хулгайлсан гэдгээ хүлээж Б.Эрдэнэбаатараас уучлалт гуйж хөөргийг нь буцааж олж өгсөн. 2016 оны 04 сарын 12-ны өдөр би эхнэрийн хамт хөдөө явж ямаа самнаж байсан бөгөөд манай сумын төвийн гэрт Б.Ариунсан 2 бага настай дүүгийнхээ хамт байсан. Б.Ариунсан хэлэхдээ 2 жоохон дүүгээ унтаж байхад нь шөнө гэрээсээ гарч яваад Б.Эрдэнэбаатарын гэрээс хөөрөг хулгайлсан гэж яриж байсан...” гэх мэдүүлэг /хх-13х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Түмэнжаргалын: “...миний бие Урт цагаанд алт мөнгөний дархан, алт, мөнгө, эртний эдлэлийн худалдаа хийдэг. 2016 оны 04 сарын 14-ний өдөр ажлаа хийж байхад 13 цагийн орчимд хажуу лангууны Хуягаа энэ залуу хөөрөг зарна гэнэ гэж хэлээд 20 орчим настай залууг дагуулж орж ирсэн. Тэгээд “энэ хөөрөг миний үе дамжин ирсэн хөөрөг яаралтай зарж сургуулийн төлбөр төлөх гэсэн юм” хөөргийг үзэж хараад 1.900.000 төгрөгөөр тохиролцсон тэгээд уг залуугаас энэ чиний хөөрөг гэдгийг яаж мэдэх вэ, чамайг насанд хүрсэн гэдгийг яаж мэдэх вэ, чи баримт үлдээ гэж шаардсан. Тэгтэл уг залуу 100.000 төгрөг өгөх юм бол зурагтай лавлагаа өгнө гэсэн тэгээд баримт авахын тулд 100.000 төгрөг нэмээд 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. Миний худалдан авсан шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг зах зээлийн ханшаар 5.000.000 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа. Би хөөргийг 05 сарын 17-ны орчимд Нарантуул зах дээр 4.000.000 төгрөгөөр нэр усыг нь мэдэхгүй хүнд зарсан. Уг хүний нэр, утас зэрэг зүйлсийг мэдэхгүй, очвол олдох байх. Хөөргөнд тодорхой тогтсон ханш байхгүй хүн өөр өөрийнхөө үнэлэмжээр үнэлдэг. Тэр залуу өөрөө л 2.000.000 төгрөгөөр зарна гэсэн би уг ханшаар нь л авсан...” гэх мэдүүлэг /хх-17х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Алтанхуягийн: “...2016 оны 04 сарын 14-ний өдөр өөрийн Урт цагаан худалдааны төвийн 2-р корпус 2 давхарт алт, мөнгөний дархан хийгээд сууж байхад 18 орчим насны хүүхэд ирээд хөөрөг авах уу гээд явж байсан. Уг хөөргийг нь үзэхэд шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг байсан. Тэгээд үнийг нь асуухад 2.000.000 төгрөг гэхээр нь хажуу өрөөний Н.Түмэнжаргалд ийм хөөрөг зарна гэнээ  чи үзэх үү гэж хэлээд оруулаад өгсөн. Тэгээд Н.Түмэнжаргал 1.900.000 төгрөгөөр авъя гэж ярьж тохиролцоод ямар нэг асуудалгүй юм бол бичиг баримтаа өгчих гэхэд уг хүүхэд янз янзын шалтаг хэлж наадах чинь манай аавын хөөрөг, манай аав өнгөрчихсөн надад ирсэн юм ямар нэг асуудалгүй гэж хэлээд Чингэлтэй дүүрэг дотор байрлах ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг нь аваад 2.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би ямар нэг мөнгө өгөөгүй зүгээр хажууд нь байлцсан. Тэгэхдээ маргааш нь Н.Түмэнжагал хүнд 4.000.000 төгрөгөөр зарчихлаа чи хүнийг нь олсон юм чинь гээд надад 1.000.000 төгрөг өгсөн. Би хөөрөгний талаар сайн мэдэхгүй, урт цагаан хавийн дэлгүүрт ер нь хөөргийг бүтэн нугалсан үнэтэй зарагдаж байгаа харагддаг. Уг хөөрөг хаана байгаа гэдгийг мэдэхгүй. Н.Түмэнжаргал зарчихсан гэж хэлээд надад 1.000.000 төгрөг өгсөн. Уг хөөргийг зарсан хүүхэд хөөргийг өөрийнхөө хөөрөг гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтаа гаргаж өгөөд гарын үсгээ зураад өгөхөөр нь гэмт хэргийн замаар олсон эд зүйл гэж яаж мэдэх вэ дээ. Н.Түмэнжаргалын хувьд чи манай өрөөнд оруулж ирсэн тэгээд зарагдсан чамд 1 сая төгрөг өгье гээд өгөхөөр хүн авалгүй яахав дээ. Н.Түмэнжаргал нь Урт цагаанд байгалийн алт, эртний эдлэл, хөөрөг зэрэг зүйлс авдаг юм. Хөөрөгний наймаа хийдэг гэж хэлж болно. Бид хоёр хөөрөг бол зарж байгаагүй зүгээр байгалийн алт зарах гээд ирсэн хүмүүсийг Түмээд оруулж өгөхөөр хоол ундны мөнгө өгдөг асуудал бол байгаа...” гэх мэдүүлэг /хх-19х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Энхцэцэгийн: “...Б.Эрдэнэбаатар миний нөхөр, Б.Ариунсан миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Б.Эрдэнэбаатар, Б.Ариунсан нарын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй мэдүүлэг өгнө. 2016 оны 04 сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Товчийн овоо гэх газраас дүү Б.Ариунсангийн хамт сумын төвд байдаг гэртээ ирсэн. Хөдөөнөөс хөөргөө авчраад хамт манайд орж би хөөргөө хойморынхоо авдарт хийсэн. Хөөргөө хийчихээд гэртээ хонохгүй сумын төвд айлд хоноод хөдөө гэр рүүгээ явсан. 2 хоногийн дараа сумын төвд нөхөр Б.Эрдэнэбаатартай хамт ирж гэртээ ороод авдар дотроо онгойлгоход хөөрөг алга болчихсон байсан. Тухайн үед Б.Ариунсанг сэжиглээд утсаар яриад хөөрөг алга болчихсон байна чи авсан уу гэхэд би аваагүй гэж байсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч Б.Ариунсантай уулзахад миний нөхрийн хөөргийг хулгай хийгээд Улаанбаатар хотод очоод зарсан талаараа ярьсан. Манай нөхөр Б.Эрдэнэбаатар Б.Ариунсантай хамт Улаанбаатар хот руу яваад хөөргөө олж ирсэн. Миний нөхрийн хөөрөг байгаа юм. Шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөрөг байгаа. 10 гаруй жилийн өмнө манай нөхөр 3 шар үхрийн үнээр авч байсан. Одоогийн ханшаар би 30 сая төгрөгийн үнэн хүрэх байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-24-25х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Ганбаганын: “...эрх, үүргээ ойлголоо мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Б.Эрдэнэбаатар хэдэн жилийн өмнөөс барьдаг байсан алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөрөг байдаг юм. Хөөрөгний үнэ хямдарсан элбэг болсон. Би 4-5 сая төгрөгийн үнэтэй байх л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-26х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн яллагдагч Б.Ариунсангийн: “...2016 оны 04 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн нутагт орших хамаатны эгч Д.Энхцэцэгийн гэрч очиж ямаа самнаж өгсөн. Тэгээд маргааш өдөр нь буюу 04 сарын 11-ний орой эгч Д.Энхцэцэгтэй хамт машинтай нь Өндөр-Улаан сумын төвд ирээд Д.Энхцэцэг эгчийн сумын төвд байдаг гэрт нь очиж хашаан дотор нь машиныг нь оруулж тавиж өгөөд Д.Энхцэцэг эгчийн сумын төвд байдаг гэрт нь орсон. Тэр үед Д.Энхцэцэг эгч гэрийнхээ хоймор хэсэгт байсан модон авдарыг онгойлгоод хөөргөө хийж байхыг нь би харсан. Тэгээд Д.Энхцэцэг эгчтэй хамт гэрээс нь гараад Өндөр-Улаан сумын төвд байдаг манай гэрт очиж хоносон. Маргааш өдөр нь Д.Энхцэцэг эгч гэр рүүгээ явчихсан бөгөөд Д.Энхцэцэг эгчийн сумын төвд байдаг гэр нь хүнгүй цоожтой байсан болохоор 2016 оны 04 сарын 12-ны шөнө 03 цагийн үед би ганцаараа Д.Энхцэцэг эгчийн хашаанд ороод тооноор нь дамжиж гэрт нь орж хоймор хэсэг байсан авдарын монгол цоожийг гараараа хөштөл онгойчихоор нь дотор нь байсан хөөргийг нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд авдарыг нь хаагаад буцаж гэрийн тооноор нь гарч гэртэй орж унтсан. Намайг гэрээс гарч явсныг гэрийнхэн мэдээгүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 04 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын шууданд сууж хот руу яваад 04 сарын 14-ний өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байдаг Урт цагаан гэдэг нэртэй газарт очиж алт, мөнгөний дархан хийдэг газраар явж байгаад хөөрөг зарах гэсэн юм гэж хөөргөө үзүүлтэл Хуягаа гэдэг залуу миний хөөргийг үзээд хэдээр зарах юм бэ гээд байсан би 2 сая орчим төгрөгөөр зарна гэж хэлтэл намайг Түмээ гэдэг хүн рүү дагуулж оруулсан. Тэгээд Түмээ гэдэг хүн миний хөөргийг үзэж байгаад 1.500.000 төгрөгөөр авъя гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд Түмээ энэ хөөрөг хэний хөөрөг юм бэ яагаад зарах гээд бйгаа юм гэж асуухаар нь манай аавын хөөрөг байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад байгаа болохоор яаралтай зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Түмээ гэдэг хүн 1.900.000 төгрөгөөр худалдаж авъя чи хулгайн хөөрөг биш юм өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг аваад ир гэж хэлэхээр нь би наад хөөрөг чинь хулгайн хөөрөг биш би өөрийнхөө хөөргийг мөнгөний хэрэг болоод зарж байна гэж хэлээд иргэний үнэмлэхний лавлагаа ТҮЦ машинаас гаргаж өгөөд 2 сая төгрөгөөр хөөргийг зарсан. Би хөөрөг зар олсон мөнгөө үрээгүй хадгалж байтал 2016 оны 04 сарын 15-ны өдөр намайг Өндөр-Улаан суманд хүрээд ир гээд байхаар нь Улаанбаатар хотоос Өндөр-Улаан суманд ирээд Б.Эрдэнэбаатар ахтай уулзаад эхэндээ аваагүй гэж хэлж байснаа сүүлдээ үнэнгээ хэлж би авсан, хүнд зарчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Эрдэнэбаатар ахтай хамт Улаанбаатар хот руу очиж хөөрөг зарсан хүнтэйгээ уулзтал хөөргийг цааш нь хүнд зарчихсан байсан. Би хөөрөг худалдаж авсан Түмээ гэдэг хүнтэй уулзаж байгаад тэр хөөргийг 3.200.000 төгрөгөөр буцааж худалдаж аваад Б.Эрдэнэбаатар ахад өгсөн. Би Б.Эрдэнэбаатар ахад хөөргийг нь бүрэн бүтэн буцааж өгсөн. Би хийсэн хэрэгтэй маш ихээр гэмшиж байна, дахиж хулгай хийхгүй болно. Надад мөнгөний хэрэг гараад байхаар нь би хулгай хийе гэж бодсон юм. Миний хулгайлж авсан хөөрөг Б.Эрдэнэбаатар ахын эзэмшлийн шүрэн толгойтой дунд гарын хөөрөг байсан гэдгийг нь мэдэж байсан. Яг ямар нэртэй, хэдэн төгрөгийн үнэтэй хөөрөг гэдгийг мэдэхгүй байсан. Б.Эрдэнэбаатар ахтай би төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Харин Б.Эрдэнэбаатар ахын эхнэр Д.Энхцэцэг нь миний ээжийн төрсөн дүү юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” /гэх мэдүүлэг /хх-36-37, 39-40х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21х/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28х/  
* Архангай аймгийн Өндөн-Улаан сумын Азарга багийн засаг даргын 2016 оны 05 сарын 02-ны өдрийн тодорхойлолт /хх-43х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шатгах хуудас /хх-45-46х/, эд мөрийн баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Ариунсан нь 2016 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан самын Баянгол баг, Зүүн дэнжийн Баянбулагийн 7-1 тоотод байх хохирогч Б.Эрдэнэбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч, алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын халтар манан хөөргийг хулгайлж, 5.000.000 /таван сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Эрдэнэбаатарын “...Б.Ариунсантай утсаар ярьтал би хөөрөг аваагүй одоо Улаанбаатар хотод байна гээд байхаар нь хотоос дуудуулж ирээд өөртэй нь уулзтал эхэндээ аваагүй гэж гүрийж байснаа удалгүй би авсан юм гэж үнэнээ хэлээд Улаанбаатар хот руу оруулаад Урт цагаанд алт мөнгөний дархан хийдэг хүнд 2 сая төгрөгөөр зарсан байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бямбацэрэнгийн “...Миний хүү Б.Ариунсан нь Б.Эрдэнэбаатарын хөөргийг хулгайлан авч Улаанбаатар хот руу аваачиж алт мөнгөний ченжид зарсан байсан. Би Б.Ариунсанд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд Б.Ариунсан өөрөө 2.000.000 сая төгрөг гаргаж хөөргөө зарсан хүнээсээ хөөргөө худалдаж авч Б.Эрдэнэбаатарт буцааж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Түмэнжаргалын “...2016 оны 04 сарын 14-ний өдөр ажлаа хийж байхад 13 цагийн орчимд хажуу лангууны Хуягаа энэ залуу хөөрөг зарна гэнэ гэж хэлээд 20 орчим настай залууг дагуулж орж ирсэн. Тэгээд “энэ хөөрөг миний үе дамжин ирсэн хөөрөг яаралтай зарж сургуулийн төлбөр төлөх гэсэн юм” хөөргийг үзэж хараад 1.900.000 төгрөгөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Алтанхуягийн “...Тэгээд Н.Түмэнжаргал 1.900.000 төгрөгөөр авъя гэж ярьж тохиролцоод ямар нэг асуудалгүй юм бол бичиг баримтаа өгчих гэхэд уг хүүхэд янз янзын шалтаг хэлж наадах чинь манай аавын хөөрөг, манай аав өнгөрчихсөн надад ирсэн юм ямар нэг асуудалгүй гэж хэлээд Чингэлтэй дүүрэг дотор байрлах ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг нь аваад 2.000.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхцэцэгийн “...2 хоногийн дараа сумын төвд нөхөр Б.Эрдэнэбаатартай хамт ирж гэртээ орооод авдар дотроо онгойлгоход хөөрөг алга болчихсон байсан. Тухайн үед Б.Ариунсанг сэжиглээд утсаар яриад хөөрөг алга болчихсон байна чи авсан уу гэхэд би аваагүй гэж байсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч Б.Ариунсантай уулзахад миний нөхрийн хөөргийг хулгай хийгээд Улаанбаатар хотод очоод зарсан талаараа ярьсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ариунсангийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Ариунсанг орон байранд хууль бусаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Эрдэнэбаатар хохирол төлбөрөө авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул Б.Ариунсанг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгч Б.Ариунсан нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, уг хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Ариунсан нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй шаардлагагүй байна.

  Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй,  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Ариунсангийн иргэний үнэмлэхний лавлагааг хэргийг хадгалах хугацааг дуустал уг хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг морьт овогт Батсайханы Ариунсанг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ариунсанг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ариунсанд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан иргэний үнэмлэхний лавлагаа 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.  
    5.  Шүүгдэгч Б.Ариунсан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунсанд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунсанд урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР