Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1117

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Наранбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэртэй, У.Наранбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Галбадар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар тус банкны байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан харилцааны менежерээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар Төрийн банкны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, нууцын зааврын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд тусгагдсан зөрчил гэх үйлдэл нь төрийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулж бүх газар, хэлтсийн ажилтнууд асуулга, сорилгын шалгалтанд бэлдэж байсан юм.

Миний хувьд газар, хэлтсийн ажилтнуудын бэлдэж байсан Арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт /Төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй бөгөөд Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материал байсан болно/-ыг бусад эх сурвалжийн адил уншиж танилцаж, шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн. Гэвч шалгалтын дараа намайг болон Б.Ганболд, Б.Оюунболд, Э.Ганпүрэв, Ц.Цэрэнбаатар нарын 5 ажилтанг Тэргүүн орлогч Б.Ганбаатар, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр нар дуудаж уулзан, та нарын цахим шууданд хадгалагдсан сорилгын материал шалгалтанд ирсэн гээд дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар гаргуулж авсан.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргаж, ажил хүлээлцэх комисс ажлыг хүлээн авсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ямар нэгэн байдлаар ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж өгөөгүй байхад холбогдох удирдлагууд дуудаж уулзан шалгалтын дүнг хүчингүй болгох тухай тайлбарыг гаргуулж авсан нь ажил олгогчийн зүгээс дарамталсан гэж үзэх хангалттай үндэслэл.

Түүнчлэн дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.2.3 “Шинжээчдийн баг нь комиссоос чиглэлийн дагуу сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг үзүүлэлтийн хамт боловсруулан битүүмжилсэн байдлаар комисст хүлээлгэн өгнө” 3.2.4 “Энэхүү журмын 3.2.3 дахь заалтын дагуу шинжээчдийн ирүүлсэн материалтай комисс танилцаж шаардлагатай өөрчлөлтийн чиглэлийг шинжээчдийн багт өгч болох бөгөөд комисс нь сорилгын асуултууд, гүйцэтгэх даалгаврын өгөгдлийг дүгнэх үзүүлэлтийн хамт эцэслэнэ” 3.2.5 “Энэхүү журмын 3.2.3., 3.2.4-т заасан материал болон сорилгын агуулга, гүйцэтгэх даалгаврын хариултыг нууцлах бөгөөд хариултыг битүүмжилсэн байдлаар Комиссын дарга хадгална” гэж зааснаас үзвэл захирлын тушаалаар үүрэг ногдуулсан субъект нь Комиссын дарга буюу орлогч захирал байна. Мөн уг сорилгын асуулт, хариултыг боловсруулсан шинжээчдийн багтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр холбогдох нууцлалыг хадгалах үүргийг харилцан хүлээсэн байхад Комиссын дарга шинжээчдийн багт ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн зүйлгүй болно.

Ажлаас чөлөөлсөн тушаалыг үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэж заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан.

Үүнээс үзвэл миний хувьд ажил олгогчид эдийн болон эдийн бус хохирол учруулсан зүйлгүй, хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад илт хууль бус шийдвэр гарган чөлөөлсөн гэх хангалттай үндэслэлтэй. Ажлаас чөлөөлсөн тушаал илт хууль бус, эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн банк нь бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, боловсон хүчнийг чадавхижуулах, ажилтны цалингийн сүлжээг зөв, оновчтой тогтоох, тэдний ажлын бүтээмж, мэдлэг ур чадварт тохирсон ажлын байр, цалин урамшууллыг бий болгох, сургах, дадлагажуулах зорилгоор ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай биелүүлэх мэргэжил, ур чадвартай байгаа эсэхэд түвшин тогтоох ажлыг зохион байгуулсан нь ажилтны орон тоо цөөрүүлэх, хасахтай ямар нэг холбоогүйгээр явуулсан.

Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар шийдвэрлэж, 1 дүгээр хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” болон 2 дугаар хавсралтаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссыг, 3 дугаар хавсралтаар Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэрээр “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсан.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад У.Наранбаяр багтсан. Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийг гүйцэтгэх захирал баталж хавсралтаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамаарагдах газар хэлтэс, арга хэмжээг явуулах цаг хугацаа, байр хуваарийг баталсан.

Уг арга хэмжээнд хамаарагдах ажилтнуудад урьдчилан мэдэгдэж, харъяалах газар хэлтсийн захирлаар дамжуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч У.Наранбаярт энэ байдлаар мэдэгдэж, тухайн ажиллагааны нэг хэлбэр болох мэдлэг, ур чадварын арга хэмжээг сорилгын хэлбэрээр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан.

Гэтэл мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явагдсаны дараа нэр бүхий 5 хүн сорилгын асуулга, гүйцэтгэх даалгаврыг түвшин тогтоох арга хэмжээнд орохоос өмнө хууль бусаар олж авч ашигласан нь тогтоогдсон. У.Наранбаяр нь хамт ажилладаг 4 хүний хамт сорилгын 4 хувилбарыг шоглоомын хамт Б доктороос олж авч ашигласан. Энэ тухай түвшин тогтоох комиссын даргад тус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан нь “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ын 8.2, “Төрийн банкны ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1-д заасныг зөрчсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн комиссын №6 дугаар шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төрийн банкны хууль, эрх зүйн газрын дүгнэлт гарсан.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний нөөцийн хорооны №73/01 дүгээр шийдвэрээр шударга бусаар шалгаруулалтад оролцсон нь тогтоогдсон нэр бүхий 5 хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай шийдвэр гарсан. Нэхэмжлэгч У.Наранбаяр хууль бусаар сорилгын асуулга, түүний хариултыг олж авч ашигласанаа өөрийн гаргасан тайлбар болон бусад ажилтнуудын тайлбар мэдээлэл, МАБА-ын хяналт шалгалт, дотоод хяналтаар нотлогдсон.

У.Наранбаяр түүнтэй адил үйлдэл гаргасан бусад ажилтан Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.26-д "Банкны нууцлалын зэрэглэлтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг задруулсан" бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тодорхойлсон, Төрийн банкны Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт "Ажилтан нь МУ-ын хууль тогтоомж, Монгол банкнаас гаргасан журам, Төрийн банкны дүрэм, “Хөдөлмөрийн дотоод журам”, бусад заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, өөрийн ур чадвараа дайчлан ажиллана." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

У.Наранбаярын гаргасан дээрх сахилгын зөрчил түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох нь тухайн гэрээний 7.4.2-д "Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон" бол ноцтой зөрчилд тооцох тухай заалтад хамаарах юм. Уг заалт нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцох нэг үндэслэл байх бөгөөд УДШ-ийн зөвлөмж /2012 он/ 2.4-д "Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзнэ" гэсэн байна.

Шалгалтын комиссын шийдвэрийн дагуу Төрийн банкны Байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан менежерийн ажлын байранд ажиллаж байсан У.Наранбаярт шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулж гардуулсан. Банк мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч У.Наранбаярыг “Төрийн банк” ХХК-ийн Байгууллагын зээлийн хэлтсийн, байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 327 728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч У.Наранбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч У.Наранбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116 193 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч У.Наранбаяр нь Төрийн банкны байгууллагын зээлийн хэлтсийн зарим ажилтнууд тухайн ажиллагааны мэдлэг ур чадварын сорилго, даалгаврыг гүйцэтгэх арга хэмжээний сорилгын даалгавар түүний хариултыг үгсэн хуйьалдаж олж авч тухайн арга хэмжээний хамгийн дээд оноог авсан нь нотлогдсон, энэхүү үйлдэлд хамтран оролцсон У.Наранбаярын үйлдлийг Төрийн банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл, ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулж бүх газар хэлтсийн ажилтнуудад асуулга, сорилгын шалгалтанд бэлдэж байсан. Миний хувьд газар хэлтсийн ажилтнуудын бэлдэж байсан арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт, хариулт, төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй бөгөөд банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материал байсан болон бусад эх сурвалжийн адил уншиж танилцаж холбогдох шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн байдаг гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байна” гэж үзсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж маргааны гол зүйл болсон зөрчил буюу хууль зүйн факт болсон гэдгийг тогтоосон байдаг.

Мөн үндэслэх хэсэгт “У.Наранбаярыг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч У.Наранбаярын гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүний ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзсэн хавтаст хэрэгт авагдсан “Төрийн банкны дотоод журам”, “Төрийн банкны ёс зүйн дүрэм”, Төрийн банкны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам” зэрэгт нийцээгүй, тухайн журмуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.28-д ноцтой зөрчлийн талаарх харилцааг зохицуулсан бөгөөд 5.28.2 зааснаар банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалтгалтаар тогтоосон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т үүнийг тодорхой зааж ноцтой зөрчилд тооцохоор тусгасан.

У.Наранбаярын гаргасан зөрчил Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар шийдвэрийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журмын 4.2. сорилгын хувилбар бүр нь байгууллагын нууцад хамаарна, 8.1. мэдлэг ур чадварын арга хэмжээний сорилго, оролцоо чанарын даалгаврын сэдэв, үзүүлэх сургуулийн хүрээ зэрэг нь байгууллагын нууцад хамаарна, 8.2. энэхүү журмын 4.2, 7.1, 8.1-д заасан нууцад хамаарах материалыг задруулах, дамжуулах, хууль бусаар олж авах, түүнийг олшруулах, бусдад дамжуулах, хуулах, ашиглаж үнэлгээ авахыг хориглоно, 8.3. энэхүү журмын 8.2-т заасныг зөрчсөн комиссын гишүүд болон мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд хамрагдаж үнэлгээ авсан ажилтанд хөдөлмөрийн дотоод журам, төрийн банкны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэнэ гэж зохицуулсан.

Дээрх журам нь банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой журам бөгөөд эдгээрийг зөрчсөн үйлдлийг гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан түвшин тогтоох арга хэмжээнд төрийн банкинд зохион явуулах эрх бүхий комисс тогтоосон тул дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзсэн. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 2.1-т Түвшин тогтоох ажиллагааг мэргэжил, ур чадвар түвшин тогтоох комисс банкны хэмжээнд зохион байгуулахаар журамласан байдаг.

Мөн У.Наранбаярын гаргасан зөрчил Төрийн банкны ёс зүйн дүрмийн 2.1.1-д заасан ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж, Монгол банкнаас гаргасан журам, Төрийн банкны дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, бусад заавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, өөрийн ур чадвараа дайчлан ажиллана, 5.28.26-д заасан банкны нууцлалын зэрэглэлтэй материалыг алдаж үрэгдүүлсэн, нууцлалыг зардуулсан бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд заахаар тодорхойлсон зэргийг шүүх анхаарч үзээгүй.

У.Наранбаярын дээрх үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т заасан ноцтой зөрчил бөгөөд үүнийг УДШ-ийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т тодорхой заасан. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ажил олгогч Төрийн банк нь У.Наранбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч талуудын гаргасан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч У.Наранбаяр нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк ХХК-ийн байгууллагын зээлийн хэлтсийн зээл хариуцсан харилцааны менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Наранбаярыг хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн үйл баримтууд хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 4,6-9/

Харин Төрийн банк ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгч У.Наранбаяр нь Түвшин тогтоох комиссын шийдвэрээр батлагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, Төрийн банкны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэхэд талууд маргажээ.

Нэхэмжлэгч У.Наранбаяр нь “...мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах гэж байсантай холбогдуулан бүх ажилтнууд уг шалгалтад бэлдэж байсан учир миний хувьд ч бусад эх сурвалжийн адил арилжааны банкны үйл ажиллагаанд холбогдох асуулт хариулт, Банкны тухай хууль тогтоомжид заасан нийтээр дагах хэм хэмжээг агуулсан материалыг уншиж танилцаж холбогдох шалгалтыг өгсөн, үүнд Төрийн банкны нууц гэж үзсэн ямар нэгэн мэдээлэл багтаагүй байсан...” гэж, хариуцагчийн хувьд “...тус банкны байгууллагын зээлийн хэлтсийн зарим ажилтнууд тухайн ажиллагааны мэдлэг ур чадварын сорилго даалгаварыг, хариултын хамт үгсэн хуйвалдаж олж авснаар хамгийн дээд оноог авсан нь нотлогдсон, нэхэмжлэгч үүнд хамтран оролцсон, уг үйлдэл банкны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл учраас ноцтой зөрчил гаргасан...” гэж нэхэмжлэгчийг шалгалтын журам зөрчсөн эсэх үйл баримтын талаар тайлбар гарган мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Наранбаярыг шалгалтын сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцож, улмаар хамгийн дээд оноогоор дүгнэгдсэн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч уг нөхцөл байдлыг ажлаас халах сахилгын ноцтой зөрчил мөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн нотлох баримт үнэлэх журамд нийцүүлж дүгнээгүй байна.

Хэрэгт авагдсан тухайн банкны зээлийн хэлтсийн ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтын сорилгын тест буюу нууцлал задарсан нөхцөл байдлын талаар дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот шийдвэр, санал хүргүүлэх тухай комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар У.Наранбаяр нь сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцсон гэх үйл баримт тогтоогдсон. /хх 133, 87-88 тал/

Талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т “банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт, шалгалтаар тогтоосон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тодорхой заажээ.

Хариуцагч Төрийн банк нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 01 шийдвэрийн 2 дугаар хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам баталжээ. /хх 75-78/

Уг журмын 4.2-т “сорилгын хувилбар бүр нь байгууллагын нууцад хамаарна”, 8.1-д “мэдлэг ур чадварын арга хэмжээний сорилго, оролцоо чанарын даалгаврын сэдэв, үзүүлэх сургуулийн хүрээ зэрэг нь байгууллагын нууцад хамаарна”, 8.2-т энэхүү журмын 4.2, 7.1, 8.1-д заасан нууцад хамаарах материалыг задруулах, дамжуулах, хууль бусаар олж авах, түүнийг олшруулах, бусдад дамжуулах, хуулах, ашиглаж үнэлгээ авахыг хориглоно”, 8.3-т “энэхүү журмын 8.2-т заасныг зөрчсөн комиссын гишүүд болон мэдлэг, ур чадварын, оролцоо чанарын арга хэмжээнд хамрагдаж үнэлгээ авсан ажилтанд Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан, харин шинжээчдийн багийн гишүүдэд хөлсөөр ажиллах гэрээнд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэнэ” гэж зохицуулсан байна. /хх72-78/

Үүнээс үзвэл байгууллагын дотоод үйл ажиллагааны журмаар зөвхөн зээл, түүнтэй холбогдох үйл ажиллагааг зохицуулах бус, харин тухайн байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд батлан гаргаж буй дүрэм  журам хамаарна.

Түүнчлэн тухайн үйл баримтын талаар гаргаж буй зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэгдэх учиртай. Тухайлбал нэхэмжлэгч У.Наранбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа “шалгалтын комисс Ц.Цэрэнбаатар нарын 5 хүнийг дуудан, цахим шууданд хадгалагдан үлдсэн сорилгын материал шалгалтанд ирсэн тул дүнг хүчингүйд тооцуулах тухай тайлбар бичүүлж авсан” гэж дурджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлвэл нэхэмжлэгч У.Наранбаярыг шалгалтын сорилгын даалгавар, түүний хариултыг олж авах ажиллагаанд оролцсон гэж үзэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх сахилгын ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлтэй байна.

Иймд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч У.Наранбаярыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг зөрчсөн, хууль бус гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг зөв үнэлж, хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлийн хувьд оновчтой дүгнээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд хариуцагч Төрийн банк ХХК-ийн дээр дурдсан үндэслэл тус бүрээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч У.Наранбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Төрийн банк ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч У.Наранбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 193 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА