Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 746

 

МАГАДЛАЛ

 

2018.8.09                                                  Дугаар 746                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Г.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Уранбайгаль,

            шүүгдэгч Г.С /Цагдах хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

шүүгдэгч Г.Сн өмгөөлөгч Б.Баатарсайхан,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сн өмгөөлөгч Б.Баатарсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Сд холбогдох 1803000010009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Аихд овгийн Гэсэрдоржийн Г.С, Улаанбаатар хотод 1998 оны 7 дугаар  сарын 26-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзан Дамба гудамжны 12 дугаар байрны 16 дугаар тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УЗ98072613/;

 

Г.Г.С нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын замд “Тoyota pruis” загварын, 39-73 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Мягмарсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Г.Сн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Сг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдаж, хохирогч О.Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч С.Сүхболд нь цаашид гарах хохирогчид учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар Г.Сэс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Г.Сн №691617 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.

             

Шүүгдэгч Г.С өмгөөлөгчийн Б.Баатарсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх, Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Үүнд: Хэрэг гарсан үеэс хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн. Өөрийнхөө хийсэн үйлдлээ хуулийн байгууллагад шуурхай мэдээлсэн. Хэрэг гарсан үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгчтэй эвлэрсэн зэрэг болно. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг харгалзаж үзээгүй байна. Шүүгдэгч Г.Сн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл хангагдсан байхад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх бөгөөд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

Г.С нь 1998 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай 4 сартай байсан бөгөөд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2 дугаар курст эдийн засагч мэргэжлээр суралцаж байсан. Түүний эцэг, эх нь БНСУ-д ажиллаж амьдардаг бөгөөд тэрээр өндөр настай 2 эмээгээ асран халамжилдаг, амьдралд дөнгөж хөл тавьж, ямар нэг зүйлийг гүйцэд бүрэн ухамсарлаж ойлгох түвшинд хүрээгүй хүүхэд юм. Г.С нь 10 жилийн сургуульд сурч байхдаа сургуулийнхаа шилдэг сурагч, онц сурлагатан, 8 жил хамт олноо манлайлан удирдаж байсан, даруу зан төлөвтэй, ямар нэг гаж буруу зуршилгүй, хамт олондоо нэр хүндтэй, тэргүүний хүмүүжил сайтай хүүхэд байсан нь сургуулийн багшийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Эцэг Гэсэрдорж, эх Сайнтуяа нар нь 3 хүүхдийнхээ сургалтын төлбөр болон амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор БНСУ-д түр хугацаагаар ажиллаж, амьдрах хугацаанд Г.С нь 2 дүүгээ харж, гэр орны бүхий л ажлыг өөрөө зохицуулж байхдаа тохиолдын шинжтэй, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Г.С нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан гэмтлийн улмаас хийгдсэн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид хохирогч эмчилгээний ямар нэгэн зардал гарах тохиолдолд төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн болно.

Иймд Г.Сд оногдуулсан 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм буруутай үйлдэл, санамсар болгоомжгүйгээс болж автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Мягмарсүрэн эгчийг мөргөж, хүнд гэмтэл учруулсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж, Мягмарсүрэн эгчээс уучлалт гуйж байна. Би Санхүү эдийн засгийн сургуулийн 2 дугаар курст суралцдаг. 2018 оны 9 дүгээр сараас хичээлийн шинэ жил эхэлж би 3 дугаар курст суралцана. Би сургуулиа алдмааргүй байна. Намайг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн боловч хохирогч Мягмарсүрэнгийн биед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирч улмаар тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэг, хэсэгчилсэн ойгүйтэл сэтгэцийн эмгэгтэй болсон. Тухайн хор уршиг нь арилаагүй гэсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон учир шүүх хорих ял оногдуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Г.С нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын замд “Тoyota pruis” загварын, 39-73 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Мягмарсүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, “явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн” талаар хохирогч О.Мягмарсүрэнгийн мэдүүлэг; /хх-21-24/, яллагдагч Г.Сн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг; /хх-72/, хохирогч О.Мягмарсүрэнд баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй ил хугарал, умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн нярцал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14692 дугаар дүгнэлт; /хх-48/, мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №1 дугаар магадлагаа; /хх-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

 

Шүүгдэгч Г.С нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлж, хохирогч гомдол саналгүй болсон, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж, хор уршгийг арилгахаа шүүхэд илэрхийлсэн байх тул түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан давж заалдах гомдлыг хүлээн авч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Мягмарсүрэнд учирсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Г.Сд хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН