Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0489

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрыг олгохыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2023/0010 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 115/2022/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдуулан “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрыг олгохыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”-аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2023/0010 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрййн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчаас “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус нөхөн олговрыг нэхэмжлэгчид төлөхийг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр эс зөвшөөрч мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж “... Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Э” ХХК-д тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг олгохгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Эгшиглэн-Уул” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

... дээр дурдсан байдлаар нэхэмжлэгч “Э” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болон 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэг хууль зүйн үндэслэл, нэг маргааны үйл баримтаар хоёр удаа нэхэмжлэл гаргаж тухайн нэхэмжлэлийг шүүх нэгэн ижил хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийж шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлага, зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

3.2. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шаардаж буй “нөхөн олговор” нь хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагаатай шалтгаант холбоотой гэж нэхэмжлэгч дүгнэж, анхан шатны шүүх тухайн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд шаардаж буй нөхөн олговор нь хууль зүйн хувьд хохирол гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсэх бөгөөд дээрх шинжээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохицуулагдах шаардлагын төрөл юм.

Гэтэл шаардаж буй үндэслэл болон хэмжээ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хэчнээн төгрөгийн хэмжээнд нөхөн олговор шаардаж буйгаа тодруулаагүй байхад анхан шатны шүүх тухайн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрыг олгохыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 867, 868 дугаар шийдвэрээр “Ви Ти Ар” ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах Аргалын ууланд “Хар чулуут” нэртэй 10,950 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-013211 дугаартай, “Хартан овоо” нэртэй 12,917 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч,  XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, XV-013211 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сунгуулан, үйл ажиллагаа явуулж байжээ.

3.1.1. Гэтэл Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Өргөн сумын Аргалын уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх ба уг тогтоолуудад заасан газарт нэхэмжлэгч компанийн дээрх XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарсан тул нэхэмжлэгч компаниас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/04 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан нөхөх олговрын талаарх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан байна.

3.1.2. Тус аймгийн Засаг даргаас дээрх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, гарсан шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын талбайг өөр аймгийн болон мөн аймгийн геологийн ижил нөхцөлтэй газарт шилжүүлж олгох асуудлыг шийдвэрлэх агуулга бүхий 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/467 дугаар албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байх ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/1774 дүгээр албан бичгээр “... нөхөн олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тухайн шийдвэр гаргасан байгууллага хариуцах зохицуулалттай байна гэсэн хариуг аймгийн Засаг даргад ирүүлжээ.

3.1.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас “... маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг Ашигт, малтмал газрын тосны газарт даалгах ...” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 128/ШШ2022/0452 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 514 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны  хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.2.1. Улмаар хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан бичгээр “... Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар захирамжаар танай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу нөхөн олговрын талаар шийдвэр гаргасан байгууллага албан тушаалтанд хандаж гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхийг тодорхой зааж өгсөн байхад шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тул ... хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

3.2.2. “Э” ХХК-иас “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/103 дугаар албан тоотыг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 21/02 дугаар хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

3.2.3. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2021/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Э” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/02 дугаартай хүсэлт дэх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага тохиролцон тогтоох ...” асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд болон хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.3.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нөхөх олговортой холбоотой асуудлаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 21/10 дугаартай албан бичгийг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхэд хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/01 дүгээр албан бичгээр “Танай компаниас ирүүлсэн албан бичиг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан ... зохион байгуулагдсанаас хойш ирсэн ... ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хариу хүргүүлэхийг уламжилж байна” гэсэн хариуг өгчээ.

3.3.2. Ингээд нэхэмжлэгч компаниас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 22/02 дугаар бичгийг хариуцагчид хүргүүлсэн байх ба хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/90 дүгээр албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгснөөр энэхүү маргаан үүссэн байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасан.

4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тус аймгийн Өргөн сумын Аргалын уул орчмын газарт нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон талбай бүхэлдээ хамаарч байх тул нөхөх олговрыг нэг жилийн дотор буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр хуульчлан зохицуулжээ.

4.2. Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нөхөх олговрыг төлөхөөс татгалзсан буюу маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.3. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны  хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолын Хянавал: хэсгийн 18-д “Харин, нэхэмжлэгч “Э” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Өргөн сумын Аргалын уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсантай холбогдуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, нөхөх олговор авах, улмаар хохирол гаргуулах асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.6-д тус тус заасны дагуу тухайн шийдвэр гаргасан орон нутгийн захиргааны байгууллагад, улмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна” гэж дүгнэсэн байхад хариуцагчаас “... нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй ...” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 дахь заалтуудад нийцээгүй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... манай талаас шүүх нэг нэхэмжлэлийн шаардлагатай, нэг асуудлаар хоёр удаа захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна” гэжээ.

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК-иас Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/90 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн XV-013211, XV-014031 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрыг олгохыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5.2. Уг шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад “... хайгуулын ажлын зардлын нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх агуулга бүхий хариу хүргүүлснээс үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “тогтоосон нөхөх олговортой холбоотой маргаан” байхгүй гэж дүгнэсэн нь буруу ... нэхэмжлэгчээс нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “шийдвэрлэх боломжгүй” гэх агуулга бүхий хариу хүргүүлсэн, хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан эсхүл огт шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан байгаа тохиолдол бодитоор бий болсон байна ...” гэж дүгнээд захирамжийг хүчингүй болгожээ.

5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 404 дүгээр тогтоол шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн шийдвэр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

    

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ