Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Хохирогч Л.Б,

Гэрч Г.Г,

Шүүгдэгч Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Д холбогдох 2124000000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********************************

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооллын 9-915 тоотод байрлах өөрийн хашаандаа согтуугаар Л.Б мөрний зүүн бугалга хэсэгт хутгалж, зүүн бугалганы дээд хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооллын 9-915 тоотод байрлах өөрийн хашаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Б зүүн гарын бугалга хэсэгт хутгалсан үйл баримт нь:

Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өлзийбат нь манай гэрт ирэхэд манай гэр бүлийн хүн “Манай гэрт архи уух гэж ирсэн юм уу” гэхэд Өлзийбат нь манай гэрээс явсан. Тэгээд би удаа ч үгүй Ө дугаар руу залгаад “Хаана байгаа юм” гэж асуухад “Д ахындаа байна” гэж хэлсэн. Д ахынд ороход Ө болон Б, Д нар нь ширээн дээр хоёр шил архи тавьчихсан тойруулаад уугаад сууж байсан. Тэгээд бид 4 нийлэн тухайн хоёр шилтэй архийг ууж дуусгасан. Ууж дууссаны дараагаар Д ах дэлгүүр гараад ирье гээд гэрээс гарсан. Гэрээс гараад эргээд орж ирэхдээ бас нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид 4 гэр гэр лүүгээ явахаар болсон. Би гэр лүүгээ явж байх замдаа дэлгүүр орж нэг шил архи аваад Д ахынд буцаж очсон. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тасарсан байсан. Нэг санахад Д хашааг хойгуур нь даваад явж байсан. Хашаа даваад газарт унаж байсныгаа санаад байгаа тэгээд гудамж уруудаад явж байхдаа нэг ухаан орсон чинь зүүн гарын мөрний доод хэсгээс цус гараад байхаар нь гайхаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. .Би эмнэлэг дээр очихдоо юу гэж хэлснээ санахгүй байна. Би их согтсон байсан учир юу гэж хэлснээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 21-24/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд би гэрийн хашаан дотор граж руу машин хийгээд хашааны үүдэнд байж байтал Л.Б нь “Мань чинь хүнд хутгалуулчихлаа туслаарай. Чи эмнэлгийн хүн байна. Боолгомоор байна” гэж хэлэхээр нь Л.Б дагуулаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед эмнэлэг рүү явж байх хооронд Л.Б нь “Д намайг хутгалчихлаа” гээд чанга чанга яриад яваад байсан. Тэгээд би эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү оруулж байх хооронд Л.Б нь намайг Д хутгалчихлаа гээд чанга чанга хэлээд байсан. Тухайн үед Б өмсөж байсан цамцны ханцуй нь нэлэнхийдээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38/,

Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр жижүүр эмчээр гарч байх үед 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цаг 30 минут болж байхад манай эмнэлэг дээр нэг эрэгтэй зүүн гарын бугалгын хэсэгтээ зүсэгдсэн шархтай ирсэн. Би тухайн эрэгтэй хүнийг үзээд зүүн гарын бугалгын хэсэгт нь гурван оёдол тавьж, анхны тусламж үзүүлсэн. Манай эмнэлгийн яаралтай тусламжийн сувилагч Ш.О цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тэгээд тухайн эрэгтэй хүнийг цагдаагийн алба хаагч нар ирээд аваад явсан. Тэр хүн “би хутгалуулчихлаа, Д намайг хутгалчихлаа” гээд чанга чанга яриад байх үед хамт ирсэн Г ах тухайн хэлж байсан үгийг сонсож байсан. Иртэй зүйлээр зүсэгдсэн байдалтай, өмссөн цамц нь гурвалжин гэмээр зүсэгдсэн байсан. 2-3 см орчим урт хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Тухайн этгээдээс нэлээд архи үнэртэж, их халамцуу байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр яаралтай тусламжийн сувилагчаар гарч байх үед 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 20 цагийн үед болж байхад манай эмнэлэг дээр нэг эрэгтэй хүн “Хүнд хутгалуулчихлаа” гээд ирэхээр нь яаралтай тусламжийн өрөө рүү оруулаад байж байтал жижүүрийн эмчээр ажиллаж байсан эмч Э.Ш орж ирж үзсэн. Тухайн хүний зүүн гарын бугалгын хэсэгтээ зүсэгдсэн шархтай байсан. Шархыг тамидины уусмалаар ариутгаж Ш эмч 2-3 оёдол хийсэн. Оёдлыг хийж дууссаны дараагаар би яаралтай тусламжийн өрөөнөөс гараад дуудлага мэдээлэл хүлээн авах өрөө рүүгээ ороод цагдаагийн байгууллагын 70468102 дугаар руу эмнэлгийн 70468103 дугаараас залгаж эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд хутгалуулсан гэх Б аваад явсан. Б манай эмнэлэгт оёдол тавиулж байхдаа “Намайг Д хутгалчихлаа” гээд чанга чанга дуугаар орилоод, цагдаа дууд гээд яаралтай тусламжийн өрөөнд хэлж байсан. Тухайн үед хамт цуг ирсэн Г ах тухайн хэлж байсан үгийг сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 32-34/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр цагдаагийн хэлтсийн томилгоот оройн эргүүлд гарч ажиллаж байх үед жижүүрийн 80251102 дугаараас миний өөрийн 93230020 дугаар руу залган эмнэлэг дээр хүнд хутгалуулсан хүн байна. Д гэх хүнд хутгалуулсан гэсэн. Тэр айлын гэрт очоод ул мөр баллуулчихгүй, хэргийн газрыг хамгаалаад байж бай гэсэн үүрэг даалгаврыг тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан офицер буюу цагдаагийн ахлах дэслэгч Б.С надад утсаар өгсөн. Цагдаагийн ахлагч Ж бид хоёр Д гэх айлын гэрийн үүдэнд алаг тэргээр хүргүүлээд үлдсэн. Ж хамт Д гэх айлд ороход гэртээ сууж байсан. Та хүний биед гэмтэл учруулсан байна гэх дуудлагаар бид хоёр ирлээ гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй байтал ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А, шинжээч Н хамт ирээд мөрдөгч Б.А нь Д цагдаа дээр аваачиж бай гэхээр нь би Д Ж хамт цагдаагийн хэлтэс дээр алаг тэргээр хүргэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 50/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20-21 цагийн орчимд жижүүрийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг дугаар руу Нэгдсэн эмнэлгийн 70468103 дугаараас манай эмнэлэг дээр нэг залуу хутгалуулчихсан хүргэгдэн ирлээ гэж дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага өгсний дагуу би бүрэлдэхүүн буюу ахлах мөрдөгч Б.А, эрүүгийн мөрдөгч М.А, шинжээч Н.Н нарыг хүнд хутгалуулсан хүн эмнэлэг дээр ирлээ гэсэн дуудлага ирлээ гэж хэлээд би өөрийн биеэр нэгдсэн эмнэлэг дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор очиход нэг залуу “Намайг Д хутгалчихлаа” гээд чанга чанга нэгдсэн эмнэлгийн коридорт орилоод байсан. Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Эмнэлэг дээр очиход Б өмсөж явсан хувцасны зүүн гарын мөрний хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Б зүүн гарын мөр хэсэгт гэмтэл авсан байсан. Б “Д намайг хутгалчихлаа” гэж хэлж байхад эмч Ш болон сувилагч О нар сонсож байсан. ...Эрүүгийн төлөөлөгч ахмад М.А эзэнгүй хэрэг байж магадгүй шалгаж тогтоож байгаад оруулъя гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу буух өдрөө эрүүгийн мөрдөгчөөр гарч байсан М.А асуухад Л.Б нь хоорондоо эвлэрсэн гэж хэлсэн. Би Б цус мэт зүйлээр бохирлогдсон цамцыг хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/,

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Л.Б болон Г.Д нар нь хэрэг болсон өдөр согтуу байсан учраас гэр бүлийн гишүүдэд нь хүлээлгэж өгөөд маргааш Л.Б болон Г.Д нарыг эрүүлдээ ир гээд цагдаагийн хэлтсийн жижүүрт гарч байсан жижүүрийн мөрдөгч явуулсан байсан. Маргааш өглөө нь Л.Б нь цагдаагийн хэлтэс дээр ирээгүй. Харин би Л.Б ажил дээрээс нь цагдаагийн хэлтэс дээр авчирч ирээд яг юу болсон талаар асуухад Л.Б нь би архи уучхаад Г.Д жаахан муудалцсан юм шиг байна. Миний зүгээс гомдол санал байхгүй гэж хэлээд Г.Д уулзана гээд хэлтсээс гараад явсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр буцаж ирээд эвлэрсэн тухайгаа хүсэлт бичээд нотариатаар батлуулчихсан ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 57/,

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Тосонцэнгэл сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчээр томилгоотой ажиллаж байсан. Тухайн өдөр Л.Б нь хүнд хутгалуулсан гэх хэргийн газрын дуудлага мэдээллээр Г.Д гэрт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хохирогч Л.Б гаргасан “...Миний бие Л.Б 1 дүгээр сарын эхээр ах Д архи ууж байгаад хоорондоо маргалдаж, миний биед гэмтэл учирсан. Энэ асуудлыг тухайн үед цагдаад шалгуулахгүй гэсэн хүсэлт гаргаж ирсэн боловч одоо хуулийн дагуу шалгуулж байна...” гэсэн өргөдөл /хх-11/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хохирогч Л.Б, Г.Д нарын гаргасан “Миний бие Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 17-нд нутгийн ах Г.Д архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргаж муудалцсан юмаа. Энэ үеэр миний биед гэмтэл учирсан юм. Д ах бид хоёрт ямар нэгэн өс хонзон байхгүй. Бид хоёр эв зүйгээ олж эвлэрсэн. Хэн хэндээ гомдол саналгүй байгаа юм. Надад учирсан хохирлыг барагдуулсан учир тус цагдаагийн хэлтэст шалгуулахгүй байх хүсэлттэй байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан Л.Б, байлцсан Г.Д, Б.Б, Т.Ц гэж тэмдэглээд тус тус гарын үсэг зурж нотариат хийлгэсэн...” гэсэн хүсэлт /хх-12/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...Би Б хутгалаагүй. ...Би Б манайхаас гарах үед араас хамт гарсан. Намайг гэрээс гарах үед манай хүү гэртээ орох замдаа намайг хамт оруулсан гэсэн. Тэгээд би үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж няцаагдаж байна.

Шүүгдэгч Г.Д дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Б хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай: “...Л.Б биед учирсан хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Л.Б биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой зүүн бугалганы гадны дээд хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 61-62/,

Эмч Э.Ш 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “...Л овогт Б 42 настай, эрэгтэй. Зовиур зүүн гарын бугалганаас цус гарна, өвдөнө. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан саруул, орчиндоо харьцаатай, архи үнэртэнэ, хэл ам ээдрэн, нэг зүйлийг олон дахин ярина. Зүрхний авиа тод, хэм жигд ихэссэн, ...Зүүн гарын бугалганы хэсэгт өнгөц зүсэгдсэн шархтай. Шархнаас цус гарна. Шарханд өвдөлт намдаах тариа хийж, 3 оёдол тавьж цэвэр боолт хийв...” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Г.Д холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Г.Д хохирогч Л.Б зүүн гарын бугалга хэсэгт хутгалсан үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн гарын бугалганы хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Г.Д үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Д үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.Ө