| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж,
Улсын яллагч Б.С,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,
Шүүгдэгч З.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.П холбогдох 2124000340029 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.П нь “********” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй...” гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтууд болон НИТХТ-ийн 2013 оны 75 дугаар тогтоол “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.1 дэх заалт, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.7, 6.5 дахь заалтыг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Авид заяа” ХХК-ийн Заяа зол дэлгүүрийн хашаанд тус дэлгүүрийн галч ажилтай Ц.Б нь блокоор барьсан граж нурааж байх явцдаа блоконд даруулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ний “*********” дэлгүүрийн хашаанд блокоор барьсан граж нурааж байх явцдаа амь хохирогч Ц.Б нь блокт даруулж нас барсан үйл баримт нь:
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Заяа зол дэлгүүрийн захирал З.П нь дэлгүүрийнхээ хашааны дотор байх автомашины гражийг буулгахаар болж бид нарт хандсан ба амь хохирогч, амь хохирогчийн хүү Г бид нарыг буулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид нар үнэ хөлсөөр буулгана гэж тохирсон боловч яг хэдэн төгрөгөөр буулгахаа ярьж тохироогүй. Бид нь 10 цагт цуглаж цай уучхаад ажлаа эхэлсэн ба эхлээд гражийн хаалгыг авсан, дараа нь дээврийн төмрийг авсан, дараа нь дулаалгуудыг авч дам нуруунуудыг салгаж авсан. Тэгээд л блокон хана буулгах ажил руугаа орсон юм. Амь хохирогч Г бид нар ханыг хэрхэн буулгах талаар ярилцахад амь хохирогч доороос нь хөндийлж байгаад бага багаар тоншоод авчихвал амархан буух байх гэж хэлэлцээд тэрнийхээ дагуу блокон хананы ертөнцийн зүгээр баруун зүг харсан хаалганы хажуугийн догол хэсэгт зогсоод Г эхэлж, дараа нь би тэгээд амь хохирогч гээд ээлжлэн цохиж нурааж эхэлсэн. Тэгээд доороос нурааж байтал захирал П гарч ирээд бид нарын нурааж байсан хэсгийг харж байснаа тороосоор ханыг оосорлож байгаад машинаар татчихвал амархан нурах байх гэж хэлээд би амбаарын араас тороос авах гэтэл нороод хөлдөөд газар наалдсан байсан ба би энэ талаар хэлсэн. Яг энэ үед амь хохирогч нурааж байсан хананы доод хэсэг рүү хар өнгөтэй төмөр сүхний ар хэсгээр цохиж байсан гэтэл тэр хананы дээд хэсэг нурж нэг мэдэхэд амь хохирогч блоконд дарагдсан байсан ба цээжээр өвдөж байна гэж хэлээд ёолсон. ...Уг ажлыг хийхэд хамгаалах малгай өмсөөгүй, хамгаалах бүс хэрэглээгүй, ажлын бээлий өмссөн байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, хэн нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөгөө өгөөгүй, бичгээр анхааруулж зурсан дэвтэр байхгүй. Захиралтайгаа буулгах талаар үнэ хөлсөө тохироогүй бид энэ компанийн ажилтнууд учир хаашдаа болох байх гэж бодоод л ажилласан..” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “*******” ХХК-ийн “***********” хүнсний дэлгүүрийн хашаанд байрлах блок нь гражийг нураах ажлыг өөрийн аав болох Ц.Б, галч А, “А****” ХХК-ийн захирал П нарын хамт хийж байсан. Тэр гражийг нураагаад жоохон томруулж барих гэж байсан юм. Бид нар уг ажлыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн. Хэрэг гардаг өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажил эхэлсэн байхаа, 14-15 цагийн орчим цайндаа ороод гарч ирээд аав Ц.Б, “*************” ХХК-ийн галч А, бид 3 граж нураах ажлаа хийгээд захирал П ах хажууд хараад зогсож байсан. Уг гражийн блок нь ханыг сүхээр цохиж нурааж байсан ба хаалганы хажуу талын хэсгийг нурааж дуусгаад блокоо цэвэрлээд хажуу талын ханыг нурааж эхэлж байсан. Би сүхээр ханыг цохиж байгаад ядраад сүхээ газар тавиад холдсон. Тэгтэл аав сүх аваад уг ханыг 2 удаа цохитол хана нурж орж ирээд аавын дээр унасан. Тэгээд би дээр нь байсан блокуудыг авч шидэж аавыг өргөж гаргаж ирээд түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд аавыг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт ирээд 20-30 орчим минут болоод нас барсан. Манай аав “************” ХХК-д ажиллаад удаж байгаа 10 гаруй жил болсон байх. Ихэвчлэн галч хийдэг байсан ба зуны улиралд бараа зөөх, ачаа буулгах гээд янз бүрийн ажил хийдэг байсан. Бид нарт “***********” ХХК-ийн захирал П аюулгүй ажиллах талаар амаар зааварчилгаа өгдөг байсан. Бичгээр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Блок нь граж нураах ажлыг хийхэд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй, хамгаалах хувцас өгөөгүй. Ажилдаа гарахдаа өмсдөг өмд цамцтай ажлаа хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 33-35/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-17/, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амь хохирогчид үзлэг хийсэн М.Н эмчийн тодорхойлолт /хх 115/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 000000021 дугаартай “...Амь хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Хязгаарлагдмал гадаргуугийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, сээрний нугалмын хугарал, дотуур цус алдалт /500мл/, уушгины эдийн няцрал, зүүн духны дээд хэсэг, баруун хөмсөгний дээд хэсгийн шарх, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, баруун хөмсөг дайрсан, зүүн шилбэ, баруун тохойн дотор хэсэгт зулгаралт, баруун тохойн дотор хэсэг, зүүн шагайн дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, сээрний нугалмын хугарал, дотуур цус алдалт /500мл/, уушгины эдийн няцрал гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, сээрний нугалмын хугарал, дотуур цус алдалт /500мл/, уушгины эдийн няцрал гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Цаг хугацааны хувьд 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Амь хохирогчийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, сээрний нугалмын хугарал, дотуур цус алдалт /500мл/, уушгины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн /хх 51-52/ дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч З.П “...Би “************” ХХК-ийн захирал ажилтай, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай “********” дэлгүүрийн хашаанд байдаг барилгын хөндий блокоор барьсан машины гражийг нураах ажил хийж байсан. Уг ажлыг манай “******” ХХК-ийн галч ажилтай Ц.А, амь хохирогч Ц.Б, түүний хүү Б.Г бид нар хамт хийж байсан. Тэр ханыг нураах ажлыг төмөр сүхээр цохиж нураах ажил хийж байсан. Манай галч Ц.А, амь хохирогч Ц.Б, түүний хүү Б.Г нар ээлжлэн сүхээр цохиж байсан. Би хажууд нь зогсож байсан. Тэгээд тороосоор оосорлоод машинаар татах санаатай галч Ц.А явуулахад тороос нь цасанд дарагдан хөлдсөн байсан. Тэр үед Б.Г ханыг нураах гээд сүхээр цохиж байгаад болиход амь хохирогч сүхийг аваад уг ханыг 2 удаа цохисон байх тэгтэл уг хана нураад дээрээс нь дарсан. Тэр үед 16 цаг өнгөрч байсан байх, амь хохирогч холдож амжилгүй дээрээс нь блок нь хана нураад дарсан. Тэгээд бид нар амь хохирогчийн хөл дээрээс нь унасан байсан блокийг зайлуулаад амь хохирогчийг өргөж гаргаж ирээд түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр блокоор барьсан граж нурааж байх явцдаа амь хохирогч Ц.Б нь блокт даруулж нас барсан үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч З.П нь “*************” ХХК-ний захирлаар ажилладаг болох нь гэрч Ц.А “**************” ХХК-ний “*************” дэлгүүрийн захирал нь З.П гэдэг хүн байдаг. Би “*************” ХХК-ний “*************” дэлгүүрт сүүлийн 10 жил галчаар ажиллаж байна...” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г “...Би “************” ХХК-нд ажиллаад 3 жил болж байна. “********” ХХК-ийн захирал П...” гэсэн,
гэрч Ц.Ж “...З.П нь “Авид заяа” ХХК-ний захирал ажилтай...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд болон “...Авид заяа хязгаарлагдмал хариуцлагатай компани, гишүүний тоо-1, ...” гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Амь хохирогч Ц.Б нь “************” ХХК-ний “****************” дэлгүүрт галчаар ажиллаж байсан болох нь гэрч Ц.А “...Би “***********” ХХК-ний “***************” дэлгүүрт сүүлийн 10 жил галчаар ажиллаж байна. Амь хохирогч Ц.Б нь “**********” дэлгүүрт галчаар 15-16 жил ажиллаж байгаа...” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г “...Би “************” ХХК-нд ажиллаад 3 жил болж байна. Манай аав “************” ХХК-нд ажиллаад 10 гаран жил болсон байх...” гэсэн,
гэрч Ц.Ж “...Манай “************” ХХК-нд Б нь галчаар ажилладаг...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд болон “************” ХХК-ний захирал З.П, галч Ц.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч “***********” ХХК-ний захирал З.П нь ажил олгогчийнхоо хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасан, мөн Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Мөрдөж буй хууль, дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна” гэж, мөн зүйлийн 5.14-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно” гэж тус тус заасан заалтуудыг зөрчиж, биелүүлээгүй болох нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нарын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/2021 дугаартай: “...Ажил олгогч ************* ХХК-ний захирал З.П барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулаагүй нь ...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.7, 6.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тухайн хэрэг гарах өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өглөө ажилтан Ц.Алтангэрэл, амь хохирогч Ц.Б нарт зааварчилгаа өгөөгүй, гарын үсэг зуруулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь хэсэгт заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” заалтыг зөрчсөн байна. Тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхэд ажиллагсдын аюулгүй ажиллагааг ханган ажиллах гол үүрэгтэй хуулийн этгээд бол ажил олгогч ********** ХХК-ний захирал З.П мөн болно. Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлтээр /хх 46-49/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгч З.П холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог.
Хэргийн нөхцөл байдлаас судлан үзвэл “************” ХХК-ний захирал З.П нь блокоор барьсан гражийг нураах буюу буулгах явцад хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч З.П Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн,
мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн,
Монгол Улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Мөрдөж буй хууль, дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна” гэсэн, мөн зүйлийн 5.14-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно” гэсэн заалтуудыг биелүүлээгүй, зөрчсөн эс үйлдэхүй амь хохирогч Ц.Б блокоор барьсан гражийг буулгаж байгаад блокт даруулж нас барсан үхлийн шалтгаантай шууд холбоотой байх тул түүний эс үйлдэхүйн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.П хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Пг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч З.П үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Тиймээс шүүгдэгч З.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар шүүгдэгч З.П хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч З.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд баримтаар 9,673,320 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн нүдний шил, 1 ширхэг орой хэсгээсээ доош 4.5 см зайд ташуу байрлалтай урагдсан хар өнгийн ноосон малгайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, 53.5 см урт төмөр иштэй, ажлын хэсэг нь 16.5х10 см хэмжээтэй 1 ширхэг төмөр сүх, ягаан эрээн хавтастай, 18 хуудастай 1 ширхэг дэвтрийг шүүгдэгч З.П буцаан олгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөвч овогт З.П хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З.П нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.П нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч З.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд баримтаар 9,673,320 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн нүдний шил, орой хэсгээсээ доош 4.5 см зайд ташуу байрлалтай урагдсан хар өнгийн 1 ширхэг ноосон малгайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, 53.5 см урт төмөр иштэй, ажлын хэсэг нь 16.5х10 см хэмжээтэй 1 ширхэг төмөр сүх, ягаан эрээн хавтастай, 18 хуудастай 1 ширхэг дэвтрийг шүүгдэгч З.П тус тус буцаан олгосугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Ө