| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01236/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01521 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01521
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01521 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байр, Голомт банкны нэхэмжлэлтэй, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, Голомт банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 41-р байрны 0-2 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ТБ83011876, Халтаргийчийнхэн овогтой Баттулгын Батмягмарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 70 447 908 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг /үнэмлэх 0534/, гэрч Х.Адьшаа, Х.Сүх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк нь Б.Батмягмартай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1735108303 тоот зээлийн гэрээ байгуулж 74 000 000 төгрөгийг 35.4 хувийн хүүтэй, 6 сарын хуцгаатайгаар зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1715108303 тоот ипотекийн гэрээгээр Б.Батмягмарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205063081 дугаартай Баянгол дүүргийн 2-р хороо, Москва гудамж, 10 дугаар байрны 11 тоот 61.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Б.Батмягмар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй бөгөөд 2017 оны 03-р сарын 28-ны байдлаар зээлийн үлдэгдэл 62 483 973 төгрөг, зээлийн хүү 6 710 774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 253 160 төгрөг нийт 70 447 908 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.Батмягмараас 70 447 908 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батмягмар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Голомт банкны нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Голомт банкны Цамбагарав салбараас өөрийн 2 өрөө орон сууцыг барьцаалж 74 000 000 төгрөгийн зээл авсан. Банк миний зээлийг маш хурдан 1 цагийн дотор шийдэж өгсөн учраас би баярлаад мөнгөө аваад гарсан. Тухайн үед хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай өгснийг анзаараагүй. Гэтэл 74 000 000 төгрөгийг 35.4 хувийн хүүтэй, 6 сарын хугцаатай өгсөн байсан. Бусад банкнуудын хүү бага байсныг зээл авсаны дараа мэдсэн. Надад банк шударга бус хандаж, миний 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, богино хугацаатай олгож хүнд байдалд оруулсан. Би давхар зээлтэй гэдгээ эдийн засагчид хэлсэн. Банк миний мэдээллийг интернетээр харж хэлж байсан. Намайг байраа алдахыг тооцон илт хохиролтойгоор зээлээ гаргасан. Үүнээс болоод би нэг байраа алдсан, дахин нэг байраа алдах болоод байна. Иймд харгалзан үнэ үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь Б.Батмягмарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 70 447 908 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Голомт банк нь Б.Батмягмартай 2016 оны 07-р сарын 08-ны өдөр ЗГ1735108303 тоот “Шуурхай зээлийн гэрээ”, ЗБ1735108303, ЗБ1735108303А тоот “Ипотекийн гэрээ” байгуулж 74 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 35.4 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205063081 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2-р хороо, Москва гудамж, Шинэ хотхон, 10 дугаар байрны 11 тоот 61.34 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205034670 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 102-р байрны 49 тоот 28 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх-7-14, 39-42/
Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 74 000 000 төгрөгийг 2015 оны 7-р сарын 08-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн /хх 15, 43/, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 74 000 000 төгрөг, 6 сарын хүү 8 813 339 төгрөг нийт 82 813 339 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Харин зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 12-р сарын 12-нд зээлд 11 516 026 төгрөг, зээлийн хүүд 10 742 200 төгрөг төлж /хх 14/, бусад зээлийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсантай холбоотойгоор талууд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205034670 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 102-р байрны 49 тоот 28 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг захиран зарцуулж дээрх зээл, зээлийн хүүг төлүүлсэн байна. Үүнээс өөрөөр зээл төлөөгүй байжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...зээлийг 1 цагийн дотор бүтээж өгсөн учраас ямар хугацаатай, хүүтэй зээл гэдгийг мэдээгүй, зээлийн хүү нь бусад банкнаас өндөр, надад хохиролтой зээл олгосон” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б.Батмягмар нь тус банкинд хандаж шуурхай зээл олгохыг хүсч өргөдөл гаргасан /хх 18/, банк нь Салбар, тооцооны төвүүдээр олгогдох шуурхай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлагад нийцүүлэн /хх 37-38/ зээл олгосон байх ба зээлдэгчийн хүсэл зоригийг үндэслэн талууд харилцан тохиролцож зээлийг олгосон нь гэрч Х.Адьшаагийн “...шуурхай зээл олгохыг хүссэн хүсэлтийг Б.Баттулга гаргасан, банк 2016 оны 3-р сард харилцагчийн санхүүгийн хэрэгцээг богино хугацаанд хангах зорилгоор Шуурхай зээл олгох бүтээгдэхүүн гаргасан, өөрөө гэрээний нөхцөл бүх зүйлтэй танилцсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын тооцооны талаар маргаагүй байна.
Иймд хариуцагч Б.Батмягмар нь зээлийн үлдэгдэл 62 483 973 төгрөг, зээлийн хүү 6 710 774 төгрөг, гэрээний 2.5 дахь хэсгээр тохирсон нэмэгдүүлсэн хүү 1 253 160 төгрөг нийт 70 447 908 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баттулгын Батмягмараас 70 447 908 /далан сая дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун найм/ төгрөг гаргуулж Голомт банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Батмягмар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063081 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2-р хороо, Москва гудамж, Шинэ хотхон, 10 дугаар байрны 11 тоот 61.34 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510 189 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 510 189 төгрөг гаргуулж Голомт банкинд олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА