Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01544

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01544

Улаанбаатар хот

                                             

                                             Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Гэрэгэ тауер 14-р давхарт байрлах “Жи Эс проперти” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, 73/2-38 тоотод оршин суух, регистр ТЕ84123175, Ишгэн овогт Батболдын Ган-Эрдэнэд холбогдох 64 021 814 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Б.Ган-Эрдэнэтэй 2015 оны 8-р сарын 24-ний өдөр №GS4/C/10F дугаартай орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулж орон сууцыг гэрээнд заасны дагуу захиалагч талд хүлээлгэж өгсөн. Захиалагч Б.Ган-Эрдэнэ нь байр ашиглалтанд ороход төлбөрийн үлдэгдэл болох 59 872 000 төгрөгийг төлөх байсан боловч төлөхгүй хугацаа хэтрүүлээд байна. “Жи Эс проперти” ХХК-ийн зүгээс Б.Ган-Эрдэнээс гэрээний үүргээ биелүүлэхийг 2016 оны 2-р сарын 22-нд, 2017 оны 1-р сарын 23-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд Иргэний хуулийн 352.1, 219.2-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 59 872 000 төгрөг, орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний 4.1-д заасны дагуу алданги болох 4 149 814 төгрөг, нийт 64 021 814 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК  нь шүүхэд гаргасан 64 021 814 төгрөгийн нэхэмжлэлээс алданги болох 4 149 814 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 59 872 000 төгрөгийг хариуцагч тал дараах байдлаар төлөхөөр эвлэрч байна. 2017 оны 5-р сарын 19-нд 11 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 31-нд 20 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 02-нд 5 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 20-нд 23 872 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож байна гэжээ. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК  нь Б.Ган-Эрдэнэд холбогдох 64 021 814 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд 2017 оны 5-р сарын 19-ний өдөр №ЭГ-17/01 дугаар “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК  нь  4 149 814 төгрөгөөс татгалзаж, үлдэх 59 872 000 төгрөгийг хариуцагч Б.Ган-Эрдэнэ нь 2017 оны 5-р сарын 19-нд 11 000 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 31-нд 20 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 02-нд 5 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 20-нд 23 872 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК , хариуцагч Б.Ган-Эрдэнэ нар нь 64 021 814 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 59 872 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  478 060 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Ган-Эрдэнээс 239 030  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА