Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/606

 


 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******- холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001182 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/ *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******-нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овоотел” нэртэй зочид буудал дотор үл ойлголцох маргааны улмаас хохирогч А.Г-хамар тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******-“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд  2.000.000 төгрөг төлж хохирол барагдуулсан.” гэв. 

 

Хавтаст хэргээс хохирогч А.Г- мөрдөн байцаалтанд “Би саяхан 2 сарын өмнө Хэнтий аймгийн Биндэр сумаас нүүж ирсэн бөгөөд одоогоор эхнэр, хүүхэд Улаанбаатар хотод ирээгүй учир байх газаргүй болчихоод хамаатан садангийн хүмүүсийн гэрт байж байсан юм. 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өмнө нь Хэнтий аймагт хамт ажилладаг байсан Уламбаяр гэх залуутай уулзаад 2 ширхэг пиво уучихаад бид хоёр тус дүүргийн 19 дүгээр хороо Ovootel нэртэй зочид буудал орохоор болоод байж байсан чинь Уламбаяр би гэр рүүгээ харилаа гэхээр нь би ганцаараа тус буудал руу орохоор үүдний ресепшинээс өрөө байна уу гэж асуутал байгаа гэхээр нь дээшээ 3 давхар руу гарахаар шат руу өгсөөд 1 дүгээр давхрын шатны тэнд явж байтал махлаг шар царайтай 40 гаруй насны залуу, мөн 40 гаруй насны туранхайдуу залуучууд дээрээс бууж ирж байсан би надтай зөрөхдөө туранхай 40 гаруй насны Пүрэв-Очир нь миний мөр рүү мөрлөчихөөр нь яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс цохих гээд дайраад байсан хамт явж байсан махлаг шар залуу Хүрэлбагана тэгээд хоорондоо маргалдаад байж байтал дээрээс туранхай мөн 40 гаруй насны бор царайтай залуу *******- ирээд юу болоод байгаа юм гэхээр нь зүгээр явцгаа, уусан идсэнээ шингээ гэсэн чинь миний хамран тус газар руу гараараа 1 удаа байхаа цохисон чинь миний хамраас цус гараад байж байтал цагдаа нар ирсэн...Нийт хохиролын мөнгө 2.000.000 төгрөг болсон. Энэ мөнгөө гаргуулан авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

 

Гэрч Г.Х-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн  үед найз *******- Пүрэв-Очир нартай гурвуулаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ovootel” зочид буудлын хоёр дугаар давхарт ресторанд орж Эдэн нэртэй 700 грамм архи, нэлээн хэдэн шил пиво аваад жаахан юм яриад авсан зүйлээ уугаад сууж байтал 01 цагийн үед ресторан хаалаа гэхээр нь Пүрэв-Очир бид хоёр түрүүлж гараад 1 дүгээр давхар руу буусан харин *******- тооцоогоо хийнэ гээд үлдсэн юм. Пүрэв-Очир бид хоёр шатаар буухдаа хохирогч гэх залуугийн мөр рүү нь Пүрэв-Очир бид хоёр шүргээд гарсан юм тэгсэн чинь тухайн залуу яагаад байгаа юм гээд бид гурав жаахан маргалдсан. Энэ үед *******- тухайн залуугийн хамран тус газар руу нь гараараа цохисон хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Ингээд хэн цагдаа дуудсан гэдгийг мэдэхгүй байна удахгүй цагдаа нар ирээд *******-, тухайн хохирогч гэх хоёрыг тус цагдаагийн хэлтэс рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06/

 

Гэрч С.П-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед найз Цэрэннадмид, Даваажав, Амараа, *******-, Хүрэлбагана нартай дөрвүүлээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ovootel”  зочид буудлын 2 давхрын ресторанд орсон. Ороод Эдэн нэртэй 700 грамм архи, нэлээн хэдэн пиво авсан. Цэрэннадмид саяхан хүүхэдтэй болоод бид нар баяраа тэмдэглэж байсан юм.  Ууж байгаад 00 цагийн үед Цэрэннадмид, Амараа, Даваажав нар явсан. Явсны дараа бид гурав дахиж архи авч уугаад 01 цагийн үед ресторан хаалаа гэхээр нь Хүрэлбагана бид хоёр түрүүлж гараад *******- тооцоогоо хийнэ гээд үлдсэн. Бууж байхдаа шатан дээр нэг үл таних залуутай санаандгүй мөрлөлцөөд маргалдсан. Яг юу гэж муудсанаа санахгүй байна. Би нэлээн согтолттой байсан. Муудалцаад байж байхад *******- ирээд Хүрэлбагана бид хоёрыг өмөөрөөд яагаад байгаа юм бэ гэж маргалдаж байгаад тухайн өндөр, шар царайтай хохирогч гэх залуугийн хамарнаас цус гараад байж байтал нэг их удалгүй цагдаа нар ирж *******-, нөгөө хохирогч гэх залуу хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

        Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “...Би тухайн гэмтлийг учруулсан гараараа хоёр удаа байхаа гараараа хамран тус газарт нь гараа зангидаж байгаад цохисон. Тухайн үед би жаахан согтуу байсан учраас уурандаа хоёр найзыгаа өмөөрөөд цохичихсон. Намайг цагдаа дээр хамт ирэхэд тухайн залуу эрүүл байх шиг байсан. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 7230 дугаартай “А.Г-биед хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 24/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******-нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 06-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ovootel” нэртэй зочид буудал дотор үл ойлголцох маргааны улмаас хохирогч А.Г-хамар тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хамрын яс, таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******адамбын“...Би тухайн гэмтлийг гараараа 2 удаа хамран тус газарт нь гараа зангидаж байгаад цохиж учруулсан. Тухайн үед би жаахан согтуу байсан учраас уурандаа хоёр найзыгаа өмөөрөөд цохичихсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,  хохирогч А.Г-“...миний хамран тус газарт гараараа нэг удаа байхаа цохисон чинь миний хамраас цус гараад байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч С.Пүрэв-Очирын “...*******- ирээд Хүрэлбагана бид хоёрыг өмөөрөөд яагаад байгаа юм бэ гэж маргалдаж байгаад тухайн өндөр, шар царайтай хохирогч гэх залуугийн хамарнаас цус гараад байж байтал нээх удалгүй цагдаа нар ирж *******-, нөгөө хохирогч гэх залуу хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Г.Хүрэлбаганын “...Энэ үед *******- тухайн залуугийн хамран тус газарт гараараа цохисон хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Ингээд хэн цагдаа дуудсан гэдгийг мэдэхгүй байна удахгүй цагдаа нар ирээд *******-, тухайн хохирогч гэх хоёрыг тус цагдаагийн хэлтэс рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06/ шинжээчийн 7230 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас  шүүгдэгч *******-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 80/, хохирогч А.Г-гаргасан “гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 81/, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Шүүгдэгч *******- оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          *******-нь мөрдөн байцаалтын явцад хохирогч А.Г-т эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг төлсөн гэсэн хохирогч А.Г-мэдүүлэг мөн хохирогчийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч *******-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдав.  

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. *******-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ