| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01473/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01548 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01548
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01548
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, АВ төвийн 1102 тоот, Ориентал инвест ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, Болор хотхон, 7/1-р байрны 14 тоотод оршин суух, Автотээврийн үндэсний төвд эдийн засагч ажилтай, регистр АЮ80122004, Жинчин овогтой Гомбосүрэнгийн Урангуад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 144 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Анударь, хариуцагч Г.Урангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Анударь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Урангуяа нь 2016 оны 12-р сарын 1-нд 39-99 УБЯ дугаартай Тоёота маркийн машин барьцаалан 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Г.Урангуагаас зээл 2 сая төгрөг, зээлийн хүү 144 600 төгрөг,алданги 1 000 000 төгрөг нийт 3 144 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Урангуа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 000 000 төгрөг зээлсэн, үүнийг төлөөгүй байгаа. Ээж маань хүнд өвчтэй байсан болохоор хүндрэл гарсан. 3 144 600 төгрөгийг төлөхөд хугацаа олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ориентал инвест ХХК нь Г.Урангуад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 144 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ориентал инвест ХХК нь Г.Урангуатай 2016 оны 12-р сарын 01-ний өдөр 16120153 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр, фидуцийн гэрээгээр түүний өмчлөлийн Toyoto Camru маркийн 39-99 УБЯ дугаартай машиныг өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохирсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна. /хх-8-11/
Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 000 000 төгрөгийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 2 000 000 төгрөг, 2 сарын хүү 280 000 төгрөг нийт 2 280 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.
Харин зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарч, нэхэмжлэгч үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 144 600 төгрөг, гэрээний 3.2.4 хэсгээр тохирсон зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги буюу 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 1 000 000 төгрөг нийт 3 144 600 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаагүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гомбосүрэнгийн Урангуагаас 3 144 600 /гурван сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Ориентал инвест ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 300 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Урангуагаас 65 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА