Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/584

 

 

 

        2021          9         14                                   2021/ШЦТ/584

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Урангоо хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Д.Цэнгэлмаа

гэрч Э.Г-түүний өмгөөлөгч А.Золжаргал

гэрч Б.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1911014421305 дугаартай эрүүгийн 3 хавтаст хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын 24-нд Дорноговь аймагт төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд их эмч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Г овогт  *******-.

 

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

        *******- нь Гэмтэл согог судлалын түлэнхийн эрчимт эмчилгээний эмч ажилтай байх хугацаандаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн бага насны Б.Б-/01 нас 08 сар/ эмчлэгч эмчээр ажиллаж  байх үедээ мэс заслын  дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“ 2017 онд талийгаач Б.Б.Б-  30 хувийн түлэгдэлттэй хүнд зэргийн байдалтайгаар манай эмнэлэгт ирж эрчимт эмчилгээний тасагт сар гаруй хэвтэн эмчлүүлэн биеийн байдлыг нь тогтворжуулан эмчлээд эмнэлгээс гаргасан. Би тэр үеэс хойш холбоогүй байсан. Дараа жил нь манай тасгийн өөр эмчтэй холбогдож сорви суллах хагалгаа хийлгэх болсон байсан. Тухайн үед хоёр хүүхэд сорви суллах хагалгаанд орно гэж эмчтэй ярьж байгаад амбулаториор үзүүлэн эмнэлэгт хэвтсэн. Би Э.Г- эмчтэй тухайн өдөр таарахад Эрболд эмч амбулаториос  сорви суллах хагалгааны хоёр хүүхдийг хэвтүүлсэн байна гээд Э.Г- эмчийн өрөөнд ороход 2 стори байсан. Нэг нь чам дээр 7 сартай байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд байна. Чамайг тэр хүүхдийг авна гэж Эрболд эмч хэлсэн гэхэд нь би авна гэж хэлээгүй гээд өрөөнөөс нь гарсан. Би түлэнхийн тасгийн эрчимт эмчилгээний тасагт хүнд хүүхдүүдтэй ажилладаг. Тухайн үед би аппараттай хүүхэдтэй, сэхээндээ 3-аас дээш хүнтэй ачаалал ихтэй байсан  учир тэр үед би өрөөнөөс гараад явсан. Тухайн үед туслах резидент байсан эмчээр хагалгааны сторуудыг бэлдүүлж маргааш нь хагалгаанд тасгийн эрхлэгч Э.Г- хагалгааг удирдаад, Б.М- эмч бид хоёр туслах эмчээр хамт орсон. Миний хувьд бол хагалгааны утас зангидах үүрэгтэй орсон юм.  Тухайн хагалгааг нарийн сорви суллах хагалгаагаар мэргэшсэн эмч нар өөрсдөө хийдэг. Манай эмнэлэгт хэдхэн эмч сорви суллах хагалгааг хийдэг. Э.Г-, Б.М- эмч нар өмнө нь ийм сорви суллах хагалгаа хийж байсан. Би боолт ч хийж мэдэхгүй гээд хагалгааны дараа Б.М- эмч хүүхдийг үзээд явж байсан. Би 5 дугаар сарын 14-ний өглөө ирэхэд хүүхдийн биеийн байдал муудсан байсан учир хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж өдөржин эмчилгээ хийсэн боловч орой нь хүүхэд эндсэн. Манай эмчилгээний тасагт эмч томилох журам гэх зүйл байхгүй. Манай тасагт хоёр эмч ажилдаг болохоор эмчлүүлэгчээ ээлжилж авдаг. Эмч томилохдоо тойргоор томилно гэсэн үг биш юм. Жишээ нь би 24 цагийн хугацаанд жижүүрт гарч байхад ирсэн өвчтөнүүдээ өөрөө авдаг, анхнаасаа эмчилж байгаа эмч нь учраас.  Тухайн үед амь хохирогчийн эмчлэгч эмчээр өвчний түүх дээр тамга дарсан, гарын үсэг зурсан эсэхээ санахгүй байна.  Олон өвчтөнтэй байдаг учраас олон зүйлд тамга дардаг. Амь хохирогчийн эмчлэгч эмчээр Б.М- ажиллаж байсан. Тухайн үед Э.Г- эмчийг Б.М- эмч орлон ажиллаж байсан. Үүнийг бүгд мэдэж байсан. Тасагт хүн үзэж, мэс засалд орж, боолт хийж, пластик мэс заслыг сайн хийгээд явж байсан. Би сорви суллах мэс заслын дараах боолт хийж үзээгүй, хагалгаанд орж үзээгүй учир би Б.М- эмчийг хариуцаж эмчилгээ хийнэ гэж ойлгосон. Би 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд амь хохирогчийг биед үзлэг хийх, боолт хийх гэх зэргээр эмчилгээнд ороогүй. 5 дугаар сарын 14-ний өдөр л эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн авсан. Би амь хохирогчийн биед 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Б.М- эмч үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байгааг мэдэж байсан. Тухайн үед Б.М- нь эмчлэх эрхтэй эмч байсан. Тасгийн эрхлэгчийг даган, тасгийн эрлэгчийн үзлэг хийдэг бүх өвчтөнд үзлэг хийдэг байсан. Яг ямар тушаалаар энэ тасагт ирээд тасгийн эрхлэгчийг дагаж, өвчтөнүүдийг үзэж байгааг бид нар бол орлон хийгээд явж байна гээд ижилхэн эмчлэгч эмч гэсэн утгаар харьцдаг учир эмчилгээ үзлэг хийж байхад нь урдуур нь орж ийм, тийм байна гэж хэлдэггүй байсан. Б.М- эмч манай тасагт ирээд ажиллаад мэс засалд орсон хүмүүсийг үзээд, эмчилгээ хийгээд явж байсан. Тухайн үед тасгийн эрхлэгчээр Э.Г- эмч байсан. Э.Г- эмчийг даган мэс засалд орж, хүмүүсийн биед үзлэг хийдэг, өвчний түүхэнд  бичилт хийдэг байсан. Б.М- эмч амь хохирогчийн хагалгаанд надтай адил туслах үүрэгтэй оролцсон. Амь хохирогч хүүхэд 5 дахь өдрийн оройноос хүндэрч, халуурсан тэр өдөр жижүүр эмч үзээгүй, хагас сайн өдөр хүүхдийн биеийн байдал хэвэндээ байсан юм шиг байна лээ. Хохирогчийг өнгөрсний дараа бүтэн сайн өдөр Ууганбаяр эмч хүүхдийг үзээд халуурсан, хөлд нь уян зүү байсан хэсэг нь идээлсэн тэрэнд нь зүслэг хийсэн байсан. Ар гэрт нь тэр үед нь тайлбарлаж хэлээгүй, зүслэг хийсэн байсан. Халуураад байсан учир цусны ариун чанарын шинжилгээ авсан. Цусны ариун чанарын шинжилгээ 72 цагийн дараа гардаг. Сүүлд талийгаачийг өнгөрсний дараа шинжилгээний хариу гарсан. Хүүхдийн цусаар халдвар бүх биеэр нь тархсан байсан учир ямар ч антибиотик хэрэглээд оройтсон гэдгийг би олон жил эрчимт эмчилгээний тасагт эмчээр ажилсан хүний хувьд ойлгосон. Би бактерийн шинжилгээ аваагүй бөгөөд Б.М- эмч 5 дахь өдөр шархнаас арчдас авч бактерийн шинжилгээ авсан байсан. Надаас 1 дэх өдрийн өглөө Б.М- эмч бактерийн шинжилгээний хариугаа барьж ирээд ийм үүсгэгч илэрсэн байна. Энэ ямар үүсгэгч вэ гэж тодруулан антибиотикийн бодоод өгөөч гэж над дээр орж ирсэн. Би MRC гээд үүсгэгчийн эсрэг үйлчилдэг антибиотикийг бодож өгсөн. Би тухайн хүүхдийг 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч үзлэг, оношилгоо хийсэн. Би эрчимт эмчилгээний тасагт 8-9 жил болж байна. Иймэрхүү халдвар манай тасгийн орчинд байнга байдаг одоо ч байгаа. Нэг өвчтөнд ноогдох талбай гэж байдаг хэдий ч хэзээ ч шаардлага хангадаггүй, агааржуулалт байхгүй дээр нь энэ тасагт халдвар гарах эрсдэл нөхцөл өндөр. Түлэнхийтэй хүн хэвтэнэ, цооролттой хүн хэвтэнэ, хөлдүү хүн хэвтэнэ.  Сүүлд талийгаачийг нас барсны дараа эмээ нь надад хэлсэн хөлд нь тавьсан уян зүү хавдсан байхад тариа хийж байсан гэсэн. Хэрэв уян зүүнд халдвар орсон байхад уян зүүгээр тариа хийсэн нөхцөлд цусаар халдвар эргэх магадлал маш өндөр. Хохирогчийг нас барсны дараа бүх бие, цусанд нь халдвар илэрч, халдвараар хүүхэд олон эрхтний дутагдлаар нас барлаа гэсэн. Надад хагалгаа хийх эрх байхгүй, над дээр өмнө нь эмчилгээ хийлгэж байсан учраас би хагалгаанд туслах зорилгоор оролцсон. Стори дээр шилжүүлэх ексриз гэж бичсэн байгаа нь хүүхэд хүндэрсэнтэй холбоотой сэхээ амьдруулах тасагт шилжүүлж байгаа гэж ойлгож болно. Баримтууд дээр гарын үсэг зурахдаа мэс заслын тасагт эмчилж байсан эмчийн хувьд зурсан уу эсвэл эрчимт эмчилгээний тасагт хүлээн авч байгаа эмчийн хувьд гарын үсэг зурсан.  Би 5 дугаар сарын 14-ний өглөө эрчимт эмчилгээний тасагт хүүхдийг хүлээж аваад гарын үсэг зураад, хүүхдийн биеийн байдлыг үзэхэд хүндэрсэн байсан. Өдөржин эрчимт эмчилгээ хийсэн, орой нь хүүхэд нас барсан.” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай хүүхэд Гэмтлийн эмнэлэгт 5 дугаар сарын 01-ний өдөр сорви нөхөх хагалгаанд орсон. Би тухайн өдөр хагалгаанд оруулж, өөрөө сахиж хоносон. Тэгээд эмч нар багаараа хагалгаанд орсон гээд над дээр орж ирээд хагалгаа амжилттай болсон талаар хэлэхэд нь манай хүүхдийг хэн эмч үзэх вэ гэж асуухад Э.Г- эмч Б.М- эмч үзнэ гэж хэлсэн. Намайг орой нь сахиж байхад хүүхэд жаахан халуурах гэж байхад нь Б.М- эмч ирээд үзээд явдаг байсан. Би жирэмсэн байсан бөгөөд жирэмсний хүндрэл өгөх гээд байсан учир 5 дугаар сарын 3-ны өдөр хүүхдийнхээ сахиурыг сольж хүүхдээ ээжээрээ харуулсан юм. Би ээжээсээ утсаар яаж байна гэж, хэн эмч үзэж байна гэж асуудаг байхад Б.М- эмч үзээд эмчилгээ хийгээд, хөлд нь Ууганбаяр эмч зүсэлт хийсэн гэхээр нь хүүхдийн хөлд зүсэлт хийх талаар надад яагаад хэлээгүй юм бэ, надад хэлэх ёстой шүү дээ гэхэд харин шинжилгээ авах гээд тийм юм болчихлоо гэж хэлсэн. Би өөрөө 5 дугаар сарын 14-ний өглөө хүүхэд дээрээ ороход *******- эмч би өөр дээрээ авлаа, одоо эмчилгээ хийж байна гэж надад хэлсэн.  *******- эмч манай хүүхдийг 7 сартайгаас нь эмчилсэн, хүнд хагалгаа байсан би эмчдээ гомдоод байдаггүй. Надад *******- эмчид гомдол байхгүй. Би Э.Г- эмчид хэлмээр байна дадлагын оюутнаар  хүүхэд үзүүлээд яваад байсан, юу ч хэлэлгүй 14 хоног болгосон гомдолтой байгаа. Харин *******- эмчид гомдол байхгүй. Ганц энэ эмч дээр бүх хариуцлагыг чихсэн. Бүх хүн үүрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй.  Энэ хэргийг шийдвэрлүүлж дуусгамаар байна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар цуглуулсан гээд надад 6.000.000 төгрөг өгсөн.” гэв.

 

Гэрч Б.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед би Анагаах ухааны их сургуулийг төгсөөд хоёр жил резидент эмчээр ажиллаад гэмтлийн их эмчээр ажиллах эрхээ авсан байсан. Гэмтлийн их эмч дотроо түлэнхийн их эмчээр ч гэдэг юм уу төрөлжиж ажиллах 6 сарын хугацаагаар сурдаг сургалт зарлагдаагүй хүлээгдэж байсан болохоор би өөрөө сайн дураараа юм сурч мэдэх гээд Гэмтлийн эмнэлэгт дадлагажиж байсан юм. Тэр хүүхдийг  *******- эмч намайг үзээд боолт хийгээд яваарай гэж хэлсэн.  Хүүхэд халуураад шинжилгээ авагдсан байсан, амралтын өдөр таарсан байсан. Би *******- эмчид халуураад байна шинжилгээний хариу гарсан байна гэхэд ванкомецин хий гэж хэлээд надаар бичүүлж байсан. Хүүхдийн стори дээр намайг *******- эмч бичилт хийгээрэй гэсэн болохоор би бичсэн.  5 дугаар сарын 12-ний өдөр хүүхэд халуурсан гээд жижүүр эмчийн үзлэг хийгдсэн, амралтын өдөр байсан. Нэг дэх өдөр нь ирээд би *******- эмчид танилцуулахад ванкомецин хий гэж хэлсэн юм.” гэв.

 

         Гэрч Э.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Яг тухайн мэс заслын хагалгаанд ахлан орох, эмчлэгч эмч хоёр нь хоорондоо өөр байдаг. Ямар ч хагалгаанд оператор эмч орж болно. Оператор эмч орох гол шалтгаан бол тухайн мэс заслаасаа хамаараад ямар мэргэжлийн ямар мэс засал хийгдэхээс хамаардаг. Оператор эмчийн хувьд бол тухайн мэс заслаар мэргэшсэн хүн юм. Хүүхдэд хагалгаа хийхэд би өөрөө ахлаад *******- эмч хамт орсон.  Хагалгааны дараа тухайн хүүхдийг *******- эмч хянахаар байсан. Нөгөө талаас яагаад энэ үед надад хянах боломж гараагүй вэ гэхээр би Тайван улс руу эмнэлгээ төлөөлж Олон Улсын хамтын ажиллагааны дагуу, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах, эмч ажилчдын гадаад сургалтын хүрээнд явж таарсан. Эмчлэгч эмчээр манай түлэнхийн тасагт 1-ээс дээш жил ажилласан эмч нар тухайн хүнээ хагалгааны дараа хянаад явдаг. Хагалгаа хийсэн эмч эмчлэгч эмч болно гэсэн журам заасан зүйл байхгүй. О. *******- эмч түлэнхийн тасагт ирснээс хойш би дэмжин ажиллаж байгаа хүүхдийн эрчимт эмчилгээний чиглэлээр Солонгос улс руу би бас явуулж сургасан байгаа. Эрчимт эмчилгээний эмч гэдэг нэршил байгаагүй боловч манай түлэнхий дээр түлэнхийн эрчимт эмчилгээний тасаг, түлэнхийн тасаг цуг байдаг. *******- эмч бол хүнд хүнийг эмчилдэг нарийн мэргэжлийн эмч учраас хагалгааны дараах жижиг шархыг хангалттай аваад явах боломжтой бүр бусдаасаа илүү сайн аваад явах боломжтой хүн. Яагаад гэвэл бүр том талбайтай түлэгдэлтэй хүнийг эмчилдэг мундаг хүн чинь мэс заслын дараах цэвэр байсан шархыг бол тодорхой хэмжээнд эмчилж аваад явах боломжтой. Нэгэнт өөрөө эмчлэгч эмч гэж хүлээж авсан. Намайг явахаас өмнө татгалзаад би үнэхээр боломжгүй гэж хэлсэн бол би өөр эмчид хуваарилах боломж байсан. *******- эмчээр шууд хагалгааг нь өөрөөр нь хийлгээд орхиод явсан бол нэг өөр асуудал, мэс заслыг хийж өгөөд үүнээс хойшхын өөрөө хариуцаад, өдөр бүр үзээд, боолт хийгээд яваарай гээд зөвхөн мэс заслын шархыг л хариуцуулсан. *******- эмчийн эмчилж байгаа сэхээн амьдруулах тасгийн хувьд 20% буюу түүнээс дээш түлэгдэлтэй маш хүнд хүмүүсийн амь насыг нь авардаг мундаг сайн эмч, тасгийн энгийн нэг эмчээс илүү сайн эмчээр үзүүлсэн гэж боддог.  *******- эмчийн тусгай мэргэжил нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын их эмч шүү дээ. *******- эмчийг анх би тасагтаа авах цагаасаа л өнчин өрөөсөн өссөн, олон хүүхэдтэй мэднэ. Би Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд стори хөтлөх тухай журам, Эрүүл мэндийн сайдын тушаалд эмчлэгч эмч гэж хэн байх уу, сторийг хэрхэн бичих гэх талаар байгаа. Гэвч резидент эмч, дагалдагч эмч нарыг сургахын тулд тодорхой хэмжээнд стори бичих боломж олгодог. Ямар нэгэн хүн дадлага хийхгүйгээр тэр хүн мэргэшихгүй. Гэхдээ эдгээр хүмүүст хязгаар байдаг. Эмчтэйгээ хамт сууж байгаад эмчээрээ хэлүүлэн бичилт хийгээд, хамгийн доор нь стори хариуцаж байгаа эмчлэгч эмчээр хянуулж заавал гарын үсэг зуруулна. Б.М- эмч бол туслаад явахаас  өөр ямар ч шийдвэр гаргах эрхгүй хүн. Резидент эмч нар хоёр жилийн хугацаатай сурдаа бүх тасгаар тойрч, тойрч байх хугацаандаа тухайн тасагт хэний ч дагалдан хийж болно. *******- дуудаад боолт хийгээд өгөөч гэвэл хийж өгнө. Хагалгаанд туслаад өгөөч гэвэл туслаад өгдөг гэхдээ тэрийг нь ямар түвшинд ажиллуулах вэ гэдгийг резидент эмч ажиллуулах журмаа харна. Резидент хүнийг эцэслэж шийдвэр гаргуулахгүй, зөвхөн туслагчаар ажиллуулдаг. Тиймээс сторийг резидент эмчээр битгий бичүүлээрэй, бичүүлэхээр бол ахлах буюу түүнээс дээш зэрэг авсан эмч нар өөрсдөө хянаж дараа нь гарын үсэг зурж баталгаажуулаарай гэдэг асуудал яригддаг. Икспризз гэдэг дээр хүүхдийн биеийн байдал хүндэрч мэс заслын тасгаас сэхээн амьдруулах тасагт *******- хүлээж авсан. Үнэхээр олон антибиотикт тэсвэртэй СЭВС гэдэг бол эмчилгээний хувьд үнэхээр хэцүү олон улсын түвшинд ч хэцүүд тооцогддог. 2050 он гэхэд антибиотик эмчилгээ эмчилгээнээс хасагдана гэж судлаачид үзэж байгаа. Бид нарын одоо байгаа орчинд ч бас тэр стопластикаврис MRSA байгаа. Хүний дархлаа ямар нэгэн байдлаар унахад тэр нь халдварлаад цааш хүндрэл үүсгэдэг маш хурдан явцтай нян юм. Тэгэхээр хүндэрсний дараа бол *******- эмч, хэн эмч ч байсан аварна гэдэг бол маш хэцүү. Энгийн антибиотикт мэдрэг бус стопластикийн энгийн СЭВС байсан бол боломжтой. Гэвч энэ тохиолдол маш хүнд тохиолдол таарсан.  Би зөвлөн туслах хянах үүргээ биелүүлсэн. Би бүтэн сайнд Монголд ирээд 1 дэх өдрийн өглөө ажилдаа очсон. Би ажил хүлээж авч байгаа учир бүх тасгаар тойрч явсан. Тойрч явахад 9 дүгээр платанд хүүхдийг эмээ нь сахиж байсан. Эмээ нь хүүхэд 5 дахь өдрийн оройноос хүүхэд халуурч эхэлсэн гэж хэлэхэд нь  яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлэх асуудал яригдаж хүүхдийг сэхээн амьдруулах тасаг руу *******- эмчид яаралтай хэлж шилжүүлсэн. Ер нь *******-, Б.М- хэн байх нь хамаагүй тухай СЭВС нь мянгад нэг тохиолдог эрсдэлтэй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй байна. Эмч нар ажлын 5 өдөр ажлын 8 цагаар ажилладаг. Зарим тохиолдолд жижүүрийн хуваариас хамааран илүү цагаар шөнөдөө хонодог. Тухайн өвчтөний эмчлэгч эмч ажлын өдрүүдээр өөрөө хариуцна. Өвчтөнд хийгдэх эмчилгээ үйлчилгээг тухайн ээлжээр гарч байгаа сувилагч хариуцна. Амралтын өдрүүдэд эмнэлгийн дэд захирлын гарын үсгээр жижүүр эмч эмчилгээ хийхээр томилогддог. Антибиотик эмчилгээг шинж тэмдэг илэрсэн, тухайн хүний биеийн байдлаас хамаарч хийдэг. Гэхдээ мэс заслын эмчилгээ хийгдсэний улмаас арьсны бүрэн бүтэн байдал алдагддаг учир 5-7 хоног ерөнхий антибиотик эмчилгээ хийгддэг. Шарх нь цэвэр бол үргэлжлүүлэх антибиотик эмчилгээ хийх шаардлагагүй. Хүүхдэд 2-3 төрлийн антибиотик эмчилгээ хийгдсэн байна гэж би харсан.  Уян зүү тавихад үрэвсэл явагдаж байгаа нь хүүхдийн биед халдвар орсон гэдгийг илэрхийлж байна. Биед халдвар хэзээ хаана хэрхэн ямар замаар орсныг мэдэх боломжгүй ахуйн хүрээнд халдварладаг жишээ нь сахиуруудаас болон сахиурууд бусад том шархтай хүмүүсийн өрөөгөөр дамжсанаас халдвар авах боломжтой байгаа. Үүнийг нүдээр харж гараар барих боломжгүй. Халдвар орсны дараа шинж тэмдэг илрэхэд антибиотик шинжилгээ авч эмчилгээг шийдвэрлэнэ. Зүслэг нь тэр хэсэг газар үрэвссэн байсан учраас буглааг нь нээх эмчилгээ хийсэн гэж ойлгож болно. Хүүхэд халуурсан байсан. Халуурна гэдэг ямар нэгэн үрэвслийн процесс явагдаад хариу урвал үүсэж халуурч байгаа. Би хүүхдийн стори нь харахад антибиотик эмчилгээ хийгдэж байсан байна. Хагалгаа хийгдсэн, хагалгааны дараа антибиотик эмчилгээ цаг хугацаанд хийгдсэн, боолт хийгдсэн. Боолтын тэмдэглэл дээр мэс заслын шарх цэвэр байсан, ямар нөхцөлд халдвар орсон гэдгийг би мэдэхгүй. Халдвар ороод хүндэрсэн тохиолдолд хүүхдийн амь нас аврагдах тохиолдол маш бага. Зарим тохиолдолд эмч нар чадах бүхнээ хийгээд ч, бурхан байгаад ч аврах боломжгүй зүйл байдаг. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хараад гайхсан. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Шинжээч эмчийн ихэнх нь мэс хүргэж үзээгүй 6 жилээр сурч төгсөөд шинжээч эмч хийдэг. Харин бид нар бодитой хүний амь нас аврахын тулд чадах бүхнээ хийгээд явдаг. Манайх Эрүүл мэндийн Сайдын тушаалын дагуу халдварын хяналтыг бүх талаар хийдэг. Манайх мэс заслын багаж, угаалгын багаж, ариун боолт зэргийг стандартын дагуу 145 градусын цельсэд цагийн хугацаатай ариутгагдан мэс засал хийгддэг. Шууд мэс заслын багажаас халдвар авсан гэж үзэх боломжгүй. Би түрүүний мэдүүлэгтээ бас хэлсэн халдвар бидний хувцас гээд хаана ч байж магадгүй. Зөвхөн эмнэлгийн талаас харах хэрэггүй ойр тойрны хавьтагчдаас ч гарсныг үгүйсгэхгүй. Зөвхөн шархаар халдвар авахгүй арьс салст, амьсгал, хоолоор ч халдвар авч болно. Үүнд шууд эмнэлгийн орчин, эмчлэгч эмч буруутай хэлж байгаа нь эргэлзээтэй юм уу гэж бодож байна. Амралтын өдрийн жижүүр эмч тухайн нөхцөл байдлыг өөрийн мэдлэг боловсролын хүрээнд үзэж энэ хүн ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх талаарх шийдвэрийг гаргах ёстой. Эмчлэгч эмчид тодорхой хэмжээнд үзлэг эмчилгээ өвчтөний биеийн байдлыг талаарх мэдээллүүд өгдөг. Тухайн үед жижүүр эмчээр хэн ч байсан боолт, эмийн эмчилгээг тодорхой хэмжээгээр хийж болно. Хөлд нь зүслэгт хийсээр жижүүр эмч өөрийнхөө үүргийн дагуу эмчилгээ хийсэн байна гэж үзэж байгаа. Манай эмнэлэгт сувилагчийн нарыг тасгийн сувилагч, боолтын сувилагч, эрчмийн сувилагч гэж ангилдаг. Тасгийн сувилагч бол тариа үйлчилгээгээ хийдэг, Боолтын сувилагч боолт хийдэг, Боолтын сувилагч нь том хүнийг хүүхдийнх, бохирын, цэврийн гэж байдаг. Мэс заслын дараах боолт учир цэврийн боолтын сувилагч боолт сольж байсан. Миний харж байгаагаар стори дээр антибиотик эмчилгээ хийх тэмдэглэлтэй мөн 1 дүгээр маягт дээр сувилагч нар бүх хийсэн эмчилгээгээ бичдэг. Цифазолын гэх халдварын эсрэг антибиотикийг 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6-7 хоног хийгдсэн байна. Хүүхдийн шарханд халдвар илрээгүй, шинж тэмдэг байхгүй байхад хэт өндөр хүчтэй антибиотик хэрэглэхээр дараа нь антибиотикт тэсвэртэй нян үүсэх  илүү таатай нөхцөл болдог. Иймээс дараагийн халдвараас сэргийлэн ерөнхий үйлчилгээтэй антибиотик хэрэглэж байсан. Мэс заслын дараа доод тал нь 3-5 хоног антибиотик хэрэглэдэг” гэв.

      Хавтаст хэргээс  хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согогын Үндэсний төв эмнэлэг байна. Гэмтэл Согогын Үндэсний төвийн хүлээн авах хаалгаар нь нэвтрэн орж амь хохирогч хаана байгааг заалгуулахад эмнэлгийн нэг давхарт байрлах “А” гэх тэмдэглэгээтэй ертөнцийн зүгээр баруун зүгт хандсан цагаан өнгийн хаалгатай тусгаарлах өрөө байна. Уг өрөөн дотор нэвтрэн ороход цагаан өнгийн төмөр ор нь дээр ягаан өнгийн даавуугаар бүтээсэн цогцсыг нуруун дээр нь дээш харуулан хэвтүүлсэн байна. Ягаан өнгийн бүтээлгийг сөхөж үзэхэд 2 гар нь их  биеэ дагаж доош унжсан, хоёр хөл шулуун жийсэн, 83 см урттай эрэгтэй хүүхдийн цогцос байна. Амь хохирогчийн баруун дээд мөр, цээж хэсэгт цагаан өнгийн ариун боолт наасан, зүүн гарыг цагаан өнгийн уян боолтоор боосон, зүүн хөлийг цагаан өнгийн уян боолтоор боосон байна. Амь хохирогчийн баруун дээд мөр, цээж хэсэгт наасан цагаан өнгийн боолтыг авч №1 гэх дугаартай уутанд, зүүн гарыг боосон цагаан өнгийн боолтыг тайлж боолт болон марлуудын хамт №2 гэх дугаартай уутанд, зүүн хөлийг боосон цагаан өнгийн уян боолтыг тайлж боолт болон марлийн хамт №3 дугаартай уутанд хийж авав...амь хохирогчийн хэвтэн эмчлүүлж байсан түлэнхийн тасгийн энгийн өрөө нь эмнэлгийн нэг давхарт ертөнцийн зүгээр урд зүгт хандсан цагаан өнгийн хаалгатай, хаалган дээр нь палат 9 гэх тэмдэглэгээтэй байна. Өрөөн дотор ороход баруун, зүүн ханандаа 2 ширхэг төмөр ортой, шал нь цагаан шар өнгийн хулдаастай, баруун талын цэнхэр өнгийн бүтээлэгтэй орон дээр амь хохирогч хэвтэж байсан гэснийг тэмдэглэл болгон бичив...Уг эрчимт эмчилгээний тасгаас амь хохирогчийн өвчтөний түүх болох 25 хуудас, саарал өнгийн гялгар хавтастай материалыг хуулбарлан авав.” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 05/

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- мөрдөн байцаалтанд “Би өнгөрсөн жил буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай талийгаач хүү гэртээ байхдаа тогоотой халуун буцалсан ус татаж асгаад түлэгдсэн бөгөөд тэр үедээ ГССҮТ-д эмчлэгдээд гайгүй эдгэрсэн. Тэр үед ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн *******- эмч манай хүүг эмчлээд ой хүрсэн хойно нь гарны үе тэнийлгэх хагалгаанд орно гэж хэлж байсан. Ингээд нэг жил хүлээгээд хүүгээ 1 ой 8 сар хүрсэн үед нь *******- эмчдээ очиж үзүүлээд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ГССҮТ-д хэвтээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Б.Б.Б- зүүн гарын хуруу тэнийлгэж үе эмчлэх хагалгаанд ороод хагалгааг *******- эмч амжилттай хийсэн. Маргаашаас нь эхлэн манай хүүгийн бие эрс сайжраад эмнэлгийн коридороор гүйгээд тоглоод бие нь маш сайн болсон. Тэр үед нь би хүүгээ эмнэлэгт сахиж байсан. Тэгээд би одоо 7 сартай жирэмсэн болохоор мөн манай хүүгийн бие илт сайжирсан тул 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед би хадам ээж Цэцэгмаатай солигдоод манай хүүг хадам ээж маань сахиж эхэлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл манай хүүгийн биеийн байдал хэвийн сайн байсан ба 2019 оны 5 дугаар сарын 09-ний оройноос эхлээд манай хүү халуурч эхэлсэн. Мөн манай хүүгийн зүгээр байсан хөл нь хавдаж эхэлсэн юм. Тэгээд маргааш нь амралтын өдөр таараад би хол зүүн салаанд байсан болохоор очиж эргэж чадаагүй утсаар холбоотой байсан. Ингээд нэг дэх өдөр буюу даваа гариг болоход би өглөө очоод *******- эмчтэй уулзахад хөл нь хавдаад байхаар нь жижүүр эмч хагалгаа хийсэн байна, одоо гайгүй байх, ямар ч байсан миний хийсэн гарын хагалгаа гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө би гэртээ хариад хоол цайг нь зөөгөөд байнга холбоотой байсан. Тэгэхэд утсаар ярихад манай хадам ээж хүүг маань халуураад байна л гээд байсан. Тэгээд маргааш  өглөө нь болоход *******- эмч ирээд манай хүүг шууд сэхээний тасагт оруулсан ба би өглөө очиж ээжтэйгээ солигдоод би өөрөө хүүгээ сахиж эхэлсэн. Намайг ороход эмч нар нь сандралдаад манай хүү боолтонд орсон наркоз нь гараагүй гээд унтаа байдалтай байсан. Тэгээд 14 цаг болж байхад манай ээж ирээд мөн ээж бид хоёр солигдоод ээж маань сахисан. Би жирэмсэн болохоор надаар сахиулахгүй байсан. Ингээд тэр өдрийнхөө орой 21 цагийн үед манай хүүгийн зүрх нь зогсож нас барсан. Ийм л зүйл болсон юм. Манай хүү бид хоёр эмнэлэгт хэвтэхдээ бүх шинжилгээг өгөхөд ямар ч өвчин халдваргүй эрүүл гарсан. Хүүг нас барсны дараа эмчээс нь асуухад цусанд нь халдвар орсон юм шиг байна гэж хэлж байсан. Би хүүтэйгээ эрүүл саруул эмнэлэгт хэвтээд, хагалгаа амжилттай болоод эмнэлгийн нөхцөлд байхад манай хүүгийн цусанд халдвар ороод нас барсанд маш их гомдолтой байна. Талийгаач хүү маань ГССҮТ-д хагалгаа хийлгээд тэр эмнэлгээс гараагүй нас барсан. Мөн манай хүүгийн эрүүл хөлөнд нь хагалгаа хийсэн байсан. Түүнийг нь ямар шалтгаанаар хагалгаа хийсэн талаар ар гэрт нь ч хэлээгүй. Тийм болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж гэм буруутай этгээдэд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. 2019 оны 5 дугаар сарын 08-нд хүүгийн маань хөлд уян зүү сольж тавьснаас болоод манай хүүгийн хөлийн тэр хэсэгт нь хавдаад халуураад эхэлсэн. Уян зүүгээр тариа хийсний дараа манай хүүгийн хөл хавдахаар нь ээж тариа хийсэн сувилагчид нь хэлэхэд натри тавьчих, тэгээд зүгээр болно гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-28/

Гэрч Д.Ц-мөрдөн байцаалтанд “Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Гэмтлийн эмнэлгийн цагдаа дуудлага өгсөн байх. 2018 оны 4 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 28-353 тоотод миний төрсөн хүүгийн хүүхэд болох Б.Б- газар залгасан байсан халуун устай цахилгаан тогоонд түлэгдэж Гэмтэл Согогын эмнэлгийн түлэнхийн тасагт хагалгаанд орсон. Тухайн үед Б.Б- 3 дугаар зэргийн түлэгдэлтэй 70-80 хувийн түлэгдэлтэй байна гэж байсан санагдаж байна. Тэгээд эмнэлгээс манай ач хүүг найдваргүй болсон байна та нар гарын үсэг зур гээд хагалгаанд орж байсан. Тэгээд миний ачийн хагалгаа нь амжилттай болсон. Хагалгааг тухайн үед түлэнхийн тасгийн сэхээний эмч *******- амжилттай хийсэн. Тухайн үед миний ач хүүгийн биеийн цээж, баруун гуя, зүүн гар, нүүр түлэгдсэн байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын эхээр би ачтайгаа хамт эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад амбулаториор үзүүлээрэй гэсэн. Талийгаачийг үзүүлсэн чинь зүүн гаранд сорвины нөхөөсний хагалгаа хийх шаардлагатай гээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт *******- эмч миний ач хүүгийн зүүн гарын сорви нөхөх хагалгаа хийсэн. Тэгээд хагалгаа амжилттай болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл миний ач түлэнхийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Миний ач сүүлийн хэд хоног халуураад, шээс нь гарахгүй болоод байсан. Тэгээд өнөөдөр өглөө миний ач хүүг энгийн тасгаас сэхээний тасагт шилжүүлсэн. Ямар шалтгааны улмаас халуурсан талаар мэдэхгүй байна. Магадгүй цусанд нь бохир орсон байж магадгүй. Бохир яг ямар замаар орсон талаар мэдэхгүй байна. Би ачийгаа 2019 оны 5 дугаар сарын 03-наас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт сахисан. Миний хүүгийн биеийн байдал өнгөрсөн тав дахь өдрөөс хойш муудсан. Тэгээд өнгөрсөн тав дахь өдөр миний ачаас шинжилгээ аваад энэ нэг дэх өдөр цусан дотор нь бактеритай байна гэсэн хариу гарсан. Миний ачид эмнэлгээс авах арга хэмжээг бүгдийг нь авсан. Эмчилгээг хангалттай сайн хийсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37/

Гэрч Д.Ц- дахин өгсөн “Би талийгаач ач хүүгээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс нас барах хүртэл нь сахисан. Ээж нь жирэмсэн том гэдэстэй болохоор би сахидаг байсан юм. Манай талийгаач ач хүүд *******- гэдэг эмч хагалгаа хийсэн ба *******- эмч нь сэхээний эмч болохоор манай ач хүүг тасаг руу шилжүүлсний дараа Б.М- гэдэг залуу эмч хариуцан эмчилж байсан. Тэр залуу эмч өдөр болгон орж ирж үзээд боолт хийдэг байсан. Манай ач хүү Б.Б- хагалгаанд ороод бие нь сайжраад овоо сэргэж байснаа 2019 оны 5 дугаар сарын 10-нд буюу баасан гаригийн өглөө хөл нь уян зүү тавьсан хэсэг буюу шагай орчмоороо хавдсан байхаар нь буух сувилагчид хэлээд хөлөөс нь вирусийн шинжилгээ авсан. Тэгээд 2 хоногийн дараа хариу гарна гэж хэлсэн бөгөөд тэр өдрийнхөө орой 17 цаг 45 минутад манай хүүхэд халуураад эхэлсэн ба би өөрт байсан халууны шилээр үзэхэд 37.8 градус заагаад халуурч байхаар нь тухайн үед гарч байсан жижүүрийн сувилагчид хэлэхэд 37.8 градус чинь халуун биш гэж хэлсэн. Ингээд бүр халуураад болохгүй болохоор нь би сувилагчид хэлэхэд аналгин демидрол тарьж өгөөд тэр шөнөдөө манай ач хүү халуун нь буугаад хоносон. Ингээд маргааш нь буюу хагас сайн өдөр өглөөнөөс хойш хоолыг нь сойгоод боолгох гэхэд боолт хийх эмч нь хүүхэд харах хүнгүй гээд ирээгүй. Тэгээд тэр өдрийнхөө 16 цагаас эхлээд талийгаач халуурч эхэлсэн. Би тухай бүрд нь сувилагч нарт хэлсэн боловч тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. Хагас сайн өдөр бол жижүүр эмчид үзүүлээгүй. Сувилагч нь хэлсэн болохоор хөлийг нь натри тавиад боодог байсан. Тэгээд шөнө 04 цаг гээд манай талийгаач хүү дахин халуурсан тул би сувилагчид хэлэхэд сувилагч хүрэн өнгийн иод авчирч өгөөд бас хөлийг нь боож өгсөн. Тэгээд бүтэн сайн өдрийн өглөө болсон. Бүтэн сайн өдөр талийгаач бас л халуураад болохгүй байхаар нь жижүүрт гарч байсан эмчид хэлээд үзүүлэхэд цээжийг нь чагнаж үзээд зүгээр эрүүл л байна гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан халуун буулгадаг нурофен гэдэг эмийг уулгаад халуунаа буулгаад байсан. Мөн Ууганбаяр гэдэг эмч манай хүүгийн хөл идээлсэн байна гээд зүсэлт хийж цэвэрлэсэн гэсэн. Энэ талаар Ууганбаяр эмч надад хэлээгүй хөлийг нь боочихсон байснаа сувилагч нь хөлийг нь зүссэн шүү гэж хэлсэн. Орой нь талийгаачийн хөл цээжээр нь улаан зүйл туураад байхаар нь би нөгөө бүтэн сайн өдөр жижүүрт гарсан намхан бор эрэгтэй эмч дээрээ дахин үзүүлэхэд наадах чинь харшил л байна, би ганцхан танай хүүхдийг үздэггүй гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдрөө эмээ уугаад жин тавиад байж байгаад 20 цаг 30 минутад халуураад бие нь хүйтэн болчихоор нь сувилагчид хэлээд сэхээний тасагт гарч байсан. Бурмаа гэдэг сувилагч манай хүүг амьсгалын аппаратад оруулаад тэр шөнөдөө манай хүү тайван унтаж хоносон. Ингээд даваа гаригийн өглөө болоод эмч нар цуглаад *******- эмч орж ирж үзээд одоо боолтонд ороорой гэж хэлсэн. Манай хүү бэр хоёр ажилгүй мөнгө төгрөг муутай болохоор би сувилагчаас зөвшөөрөл аваад бэр Мөнхцэцэгтэй солигдоод гарч банк руу явж тэтгэврээ аваад хүүдээ өгчхөөд буцаад ирэхэд *******- эмч манай талийгаач хүүд эмчилгээ хийж байгаад цусанд нь бохир орсон байна гэж хэлсэн. Мөн бага байхад нь хийж байсан бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Тэгээд энэ өдрөөс хойш ерөөсөө халуун нь буухаа больсон. Орой 20 цаг өнгөртөл *******- эмч манай хүүд эмчилгээ хийж явсан ба тэр шөнө манай хүү сэхээнд хоносон. Тэгээд Мягмар гаригт сэхээнд байж байгаад эмчилгээ хийсээр байгаад орой нас барсан. Б.М- эмч өглөө бүр орж ирээд боолгоорой гэж хэлээд гардаг байсан. Харин боолтыг нь Б.М- эмч өөрөө хийдэг байсан. Боолт хийхэд унтуулгын эмч болон сувилагч гурав л байдаг. Өрөөний хаалгаар шагайж харахад Б.М- эмч манай хүүхдийг боогоод зогсож байдаг байсан. Сүүлд сонсоход Б.М- эмчийг дадлагын эмч гэж байсан. *******- эмч дадлагын эмч Б.М-той хамт байдаггүй байсан. Б.М- эмч унтуулгын эмчтэй хамт манай хүүхдийг боодог байсан. Би талийгаач хүүгийнхээ боолтыг сольж байгаагүй. Угаасаа бид нарт боолтонд оролцох эрх байхгүй. Манай хүүг унтуулаад өөр өрөөнд авч ороод боолт хийдэг байсан. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41/

Гэрч Д.Ц- дахин өгсөн “Талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр *******- эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа Б.М- гэдэг эмч танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. *******- эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн. Яг хэдэн, хэдний өдөр үзсэн он сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Хүүхдийг халуурахаас хоёр хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд гурван удаа үзлэг хийж байсан. Талийгаачийн биеийн байдал нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа биеийн байдал нь сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. Тэгээд би тэр өдөртөө *******- эмчид хэлээд *******- эмч хүүхдийг маань үзээд шинжилгээ авна гээд сувилагчаараа хүүхдийн биеэс шинжилгээ авсан юм. Тэр халуурсан өдөр шинжилгээ авснаас өөрөө урд нь шинжилгээ авч байгаагүй. Б.М- эмч өглөө болгон орж ирээд хүүхдийн биеийг чагнаж үзчихээд л гараад явдаг байсан. Би манай эмчлэгч эмч хаачсан юм бэ гэж асуухад хагалгаанд орчихсон, жижүүртэй байгаа намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үзээд явдаг байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81/

Гэрч Б.М-мөрдөн байцаалтанд “Миний хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би 2016 онд АШУҮИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгсөөд тэр ондоо Гэмтэл Согог Судлалын үндсэн мэргэшлээр 2 жил сураад 2018 онд төгсөөд 2018 онд Анагаах ухааны магистрт элсээд суралцаж байгаа. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Би ГССҮТ-ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцах гэж байгаа болохоор уг тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан юм. Б.Б.Б- гэх 01 нас 08 сартай хүүхэд сорви суллаж бүрэн давхраат арьс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Би энэ хүүхдэд *******- эмчийн заавраар эмчилгээ хийхэд нь тусалж байсан. *******- эмч өөрөө боолт хийх өвчний түүх бичихэд туслаарай гэдэг байсан. Тэгээд уг хүүгийн хагалгаа амжилттай болоод энгийн тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Би яг эмчлэгч эмч нь биш болохоор шийдвэр гаргаж мэдэхгүй. Ямар шалтгаанаар нас барсныг нь мэдэхгүй. Би талийгаачийн өвчний түүхийн хуулбарыг харлаа. Энэ миний бичиж байсан өвчний түүх мөн байна. Энэ бол миний бичиг мөн байна. Би талийгаачид бие дааж гардан эмчилгээ хийж байгаагүй. Харин талийгаачийн өвчний түүхэнд бичилт хийдэг байсан. *******- эмчийн бич гэснийг бичдэг байсан. Би талийгаачийн мэс заслын шарханд эмч *******-, Бат-Эрдэнэ нарын заавраар боолт хийж байсан. Би урьд нь резидентээр сурч байхдаа Э.Г- эмчийг дагадаг байсан. Сая ГССҮТ-ийн ерөнхий захирал Мөнхсайхантай уулзаад амаар зөвшөөрөл авсан бас тасгийн эрхлэгч Э.Г- эмчтэй уулзаад амаар зөвшөөрөл аваад 2018 оны 11 дүгээр сараас эхлэн дадлага хийж ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/

Гэрч Б.Б.М-ын дахин өгсөн “Б.Билгүүнжиний өвчний түүх буюу стори дээр нь эмчлэгч эмчийн заавраар түүнд хийх эмчилгээг нь би бичдэг байсан. Тухайн үед стори дээр нь ямар эмчилгээ хийхээр бичилт хийж байснаа одоо сайн санахгүй байна. Түүний биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, арьс салст цэвэр чийглэг байсан. Хагалгаанд 3 эмч орсон миний хувьд хагалгааны явцад мэс заслын ажилбарт туслалцаа үзүүлсэн, хагалгаа зохих стандартын дагуу хийгдсэн. Энэ хугацаанд амь хохирогч Б.Билгүүнжинд эмч *******- эмчилгээ хийсэн ба эмчилгээнд өөр эмч заавар өгөөгүй, *******- эмч гардан эмчилгээ хийсэн. Тухайн үед *******- эмч амь хохирогчийн биеийн байдал муудсан байна, түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эрчимт эмчилгээний тасагт шилжүүл гэсний дагуу би өвчний түүх дээр нь дүгнэлт бичиж уг тасаг руу шилжүүлсэн. Ингээд амь хохирогчийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсний дараа *******- эмчийн заавраар би түүнд хийх эмчилгээг нь стори дээр нь бичсэн, ямар ямар эмчилгээ бичсэнээ одоо санахгүй байна, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ нь байгаа болно. Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2010 онд элсэн орж 2016 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд ГССҮТ-ийн үндсэн мэргэжлийн сургалтад сууж үндсэн мэргэшлийн диплом авсан. Уг эмнэлэгт мэргэжлийн сургалтад сууж байх хугацаандаа эмч нарын ажилд тусалдаг байсан. Цаашдаа түлэнхийн мэс заслын эмч болохоор дараагийн сургалтдаа суух гээд бүртгэл явагдахыг нь хүлээж байх хоорондоо таньж мэддэг эмч нарт сайн дураараа тусалдаг байсан. Миний хувьд хууль бусаар ажиллаж байснаа бол хүлээн зөвшөөрч байна. Харин амь хохирогчид *******- эмчийн заавраар эмчилгээ бичихдээ *******-, Э.Г-нарын гарын үсгийг нь дуурайлгаж зурж байгаагүй стори дээр нэрийг нь бичдэг байсан. Амь хохирогчийн биеийн байдал нянгийн халдварын улмаас муудсан. Түүнд хагалгаа хийсний дараа *******- эмчийн заавраар би сувилагчтай хамт зохих стандартын дагуу боолтыг нь сольдог байсан. Өдөрт 1 удаа боолт хийдэг байсан, амь хохирогчийн биед боолт хийхдээ ариун өрөөнд оруулж өмнөх боолтыг нь аваад ариутгалын уусмалаар ариутгаж цэвэр тосон боолт хийдэг байсан...Э.Г- эмч, *******- эмч хоёр хагалгааг гардан гүйцэтгэсэн.Тэгээд хагалгаа амжилттай болсон юм. Хагалгаанаас гарсны дараа би *******- эмчийн заавраар өвчний түүх дээр үрэвслийн эсрэг Цефазолин 0,5 мл-р 8 цагийн зайтай судсаар, Рингер лактад 100мл-г судсанд дуслаар 2 хоног, литсмесс 2.0 мл өвдсөн үед нь судсаар хийхээр 5 хоногийн эмчилгээ бичиж, жижүүр эмч сувилагчийн хяналтад авахаар бичсэн юм. Дээрх эмчилгээнүүдийг жижүүрт гарч байгаа сувилагч нар хийдэг. Маргааш нь ажил дээрээ ирэхэд хүүхдийн биеийн байдал тогтвортой, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ хийгдээд явж байсан. Ер нь бол өвчний түүхэн дээр үзлэг эмчилгээ хийх бичилтийг 2 хоногт 1 удаа бичдэг юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өглөө *******- эмч бид хоёр хүүхдийг үзэхэд мэс заслын шархаараа зовуурилсан гэхдээ хүүхдийн биеийн байдал хэвийн, ухаан саруул, орчиндоо харьцаатай, арьс салст ердийн цэвэр, чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд ижил хэвийн, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн байсан. Тэгээд би боолт солих өрөөнд *******- эмчийн заавраар хүүхдийн хагалгаа хийсэн гарын боолтыг нь сольж хэсэг газрын үзлэг хийж хагалгаа хийхэд нөхсөн арьс бүрэн тогтсон байсан тул шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, ариун тосон сетк тавьж даралттай боолтоор боосон юм. Маргааш нөгөөдөр хоёр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 04, 05-ны өдрүүд нь хагас, бүтэн сайн өдөр таарсан. Тэгээд нэг дэх өдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө *******- эмч бид хоёр хүүхдэд үзлэг хийхэд мөн мэс заслын шархаараа зовуурилсан гэхдээ хүүхдийн биеийн байдал хэвийн, ухаан саруул, орчиндоо харьцаатай, арьс салст ердийн цэвэр, чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд ижил хэвийн, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн байсан. Тэгээд мөн боолт солих өрөөнд *******- эмчийн заавраар хүүхдийн хагалгаа хийсэн гарын шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, ариун тосон сетк тавьж даралттай боолтоор боосон. Тэгэхэд хүүхдийн нөхсөн арьс нь тогтсон зүгээр байсан. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр *******- эмч бид хоёр хамт үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Тэгээд *******- эмч намайг гарын шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, мебо тос түрхэж ариун боолт хий гэсний дагуу боолтыг хийсэн. Маргааш нь бас мебо түрхэн боолтыг хийсэн. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би үзлэг хийхэд байгаагүй. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******- эмч бид хоёр хүүхдийн үзлэгийг хийсэн. Үзлэг хийхэд хүүхэд халуурсан, уушги хоёр талд ширүүссэн, шээсний гарц багассан, биеийн байдал нь хүндэвтэр байсан. Хэсэг газрын буюу хагалгаа хийсэн гард үзлэг хийхэд нөхсөн арьс хайлсан, нялцайсан, сувилагч нарын хүүхдийн зүүн хөлд нь тавьсан уян зүүний шархнаас эдээ гарсан байсан юм. Тэгээд *******- эмч идээ гарсан байсан зүүний шархыг нь зүсэлт хийж томсгоод натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боо гэсний дагуу боосон. Мөн ванкомицин 165 граммыг 0,9 хувийн 20 мл натри хлоридоор шингэлээд 6 цагаар судсаар хийхээр би өвчний түүхэн дээр бич гэсний дагуу бичсэн юм. 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр *******- эмч бид хоёр хамт үзлэгийг хийхэд хүүхэд халуурсан, арьс эрээнтсэн, хүүхдийн биеийн байдал хүнд, унтаарсан, орчиндоо харьцаа сул, арьс хөх, тууралттай, царай цонхигор зүрхний авиа сул, хэм жигд, уушги хоёр талд ширүүн амьсгалтай, шээс багассан, хэсэг газрын үзлэгээр зүүн сарвууны нөхсөн арьс хайлсан байсан. Тэгээд би хүүхдийн гаранд нь мебо тос түрхэж, зүүн хөлийн шархыг натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боолт хийсэн юм. Тэгээд *******- эмчийн заавраар эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсний дараа *******- эмчийн хэлснээр өвчний түүхэн дээр зондоор хооллох, цээжийг 30 градусаар өндөрлөх, ванкомицин 165 мл-ыг натри хлоридын 0,9 процентын уусмалаар найруулж 1 цагт 40 мл-р судсанд орохоор 6 цагаар хийхээр, ренгир лагтат 250 мл-г судсанд дуслаар, шинэ хөлдөөсөн сивинг 130 мл судсанд дуслаар, лабумин 20% 100 мл-г судсанд дуслаар, допамин 1 мл-г 09% натри хлоридоор найруулан 2 мл цагаар судсаар, гепарин 500ед-г 09% натри хлоридоор найруулан 6 цагаар судсаар, нова амини 125 мл судсанд дуслаар, дексаметазомин 4 мл-г 09% 200мл натри хлоридоор найруулан судсаар, фурсоминт 05 судсаар, аналгин 50%-н 1 процент, дидролын 1%-н 1 процент судсаар, морфин 1 процентын 0,2 мл-г 12 цагаар судсаар, литсмесс 2,5 мл-г 12 цагаар судсаар хийхээр эмчилгээ бичсэн юм. Эдгээр эмчилгээг эрчимт эмчилгээний сувилагч нар хийсэн. Яг хэн гэдэг сувилагч хийснийг мэдэхгүй байна. Тухайн өдөр ээлжтэй байсан сувилагч хийсэн. Тэгээд хүүхэд тэр өдрийнхөө 20 цаг 05 минутад нас барсан юм. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу 1 дэх өдөр нь үзлэг хийхэд хүүхдийн зүүн хөлийн уян зүүний шархнаас идээ гарч байсан юм. Миний хувьд 2019 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 10-ны өдрөөс үзлэг эмчилгээнээс бусад өдрийн үзлэг эмчилгээг *******- эмчийн хэлсний дагуу өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 03, 06, 08, 13, 14-ний өдрийн боолтыг хийсэн. Өөр эмчилгээ хийгээгүй. Хагас бүтэн сайн өдрийн боолтыг 5 дугаар сарын 12-ны өдөр гарсан жижүүр эмч, сувилагч хийсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өглөө *******- эмч бид хоёр хамт үзлэг хийхэд хүүхдийн бие хэвийн, ямар нэг байдлаар мэс заслын шарх идээлээгүй зүгээр байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-88/

Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд “Амь хохирогч Б.Б- нь 7 сартай байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 17- нд  халуун тогоотой усанд түлэгдэн манай эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлэгдээд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр биеийн байдал нь эдгэрч гарсан байсан юм. Тэр үед нь би сэхээний эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм. Тэгсэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уг хүүхэд түлэгдэлтийн дараах үлдэц, сорви суллуулах мэс засал хийлгэхээр эмнэлэгт ирэхэд Эрболд эмч эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Анх эмнэлэгт хэвтэхэд нь манай Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Г- надад урд нь 2018 онд чам дээр эмчлэгдэж байсан хүүхэд байна, Эрболд эмч чамайг ав гэж байна гэхэд нь би энэ хүүхдийг авна гэж хэлээгүй шүү дээ гэж хэлээд өрөөнөөс нь гарсан юм. Тэгээд резидент эмч уг хүүхдийн хагалгааг бэлтгээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Э.Г- эмч мэс заслын эмчээр Б.М- бид хоёр туслахаар мэс заслын сувилагчаар Анхбаяр мэдээгүйжүүлдгийн эмчээр Ариунболд, мэдээгүйжүүлдгийн сувилагчаар Хулан нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон юм. Хагалгааны дараа Б.М- эмч хүүхдийн биеийн байдлыг хянаад, үзээд, эмчилгээ бичээд л явж байсан. Би эмчлэгч эмчээр ажиллаагүй болохоор хүүхдэд үзлэг хийгээгүй би сэхээний эмч болохоор сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийнхээ биед үзлэг хийсэн. Тэгсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед уг хүүхдийн биеийн байдал нь хүндэрсэн, халуурсан, арьс нь эрээнтсэн тууралттай, унтаарсан, орчиндоо харьцаа сул, хүчилтөрөгч унасан, уураг алдагдсан, халуун буулгах тарианд халуун буухгүй болсон сэхээн амьдруулах тасаг руу энгийн тасгаас шилжиж ирсэн юм. Тэгээд би үүсгэгчийн эсрэг антибиотик буюу ванкомицин тариа шахуургаар, дархлаа  дэмжих роколикин тариа дуслаар, уураг нөхөх албумин тариа судсаар хийгээд хүчилтөрөгч маскаар өгсөн мөн допомин тариа, шинэ хөлдүү сивин тариа, дексамитазон тариа, ренгир тариа, новамин тариа, шээс хөөх пурсамед тариа, өвчин намдаах тариаг судсаар хийгээд ходоодонд зондоор хооллосон. Тэгээд орой 17 цагт ажил тарахынхаа өмнө сэхээний жижүүр эмч Мөнхбаярт хүүхэд амьсгалын дутагдалд орох юм бол дээд талын сэхээн амьдруулах тасгийн амьсгалын аппаратад авахыг бодоорой гэж сайн захиад явсан юм. Тэгтэл 20 цаг 30 минутын үед билүү 50 минутын үед Мөнхбаяр эмч над руу утсаар залгаад хүүхэд нас  барчихлаа гэж хэлээд би эмнэлэг дээр ирсэн юм. Миний ажил үүргийн хувиар бол сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчлэгч эмчээр ажиллаж, үзлэг, эмчилгээ хийх ёстой байдаг. Би хүүхдийг анх эмнэлэгт хэвтээд мэс засалд орохын өмнө үзлэг хийгээд өвчний түүхийн эмчлэгч эмч гэдэг дээр гарын үсэг тэмдгээ дарчихсан юм. Хүүхдийн эмчлэгч эмчээр Б.М- эмч ажилласан юм. Би хагалгаанд орохын өмнөх анхны үзлэгээс өөрөөр хүүхдийг үзээгүй, үзлэг хийгээгүй ямар учраас миний нэрийг үзлэг дээр бичсэнийг мэдэхгүй байна. Өвчний түүхэн дээр намайг үзлэг хийсэн гэж Б.М- эмч бичсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90/

Гэрч Ч.У-мөрдөн байцаалтанд “Манай эмнэлэгт амбулатори болон хүлээн авахаар хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Э.Г- эмч нарын ачааллаас хамааран эмч нарт эмчлэгч эмчээр хуваарилан стори буюу өвчний түүхэн дээр гарын үсэг тэмдгээ дарж өгдөг ба эмчлэгч эмчээр хуваарилагдсан эмч нь өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг тэмдгээ дарж хүлээн авдаг юм. Амь хохирогч Б.Б-хувьд эмчлэгч эмч нь *******- эмч байсан юм. *******- эмч эрчимт эмчилгээний эмч боловч өмнө нь Б.Б- нь *******- эмч дээр эмчлэгдэж байсан болохоор Б.Б-эмчлэгч эмчээр *******- эмчийг хуваарилсан байсан байх. Б.М- эмч манай эмнэлэг дээр эмч нарт тусалдаг байсан *******-тай хамт ажлын өдрүүдээр, өглөө болгон Б.Б-биед үзлэг хийгээд, шарханд нь боолт хийгээд яваад байдаг байсан юм. Миний хувьд 2019 оны 5 дугаар сарын 04,  болон 12-ны өдрүүдэд 24 цагаар түлэнхийн тасаг болон эрчимт эмчилгээний тасагт жижүүр эмчээр ажилласан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр би тасгаас тойрч өвчтөнүүдийг эргэхэд Б.Б- нь ямар нэг зовуурьгүй эмээ нь сахиур хийж байсан. Харин 5 дугаар сарын 12-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө 09 цагт би жижүүрээ хүлээн авч байх үед Б.Б-эмээ нь ирээд хагас сайн өдөр Б.Б-биед боолт хийлгэх байсан боловч боолт хийгээгүй. Өнөөдөр та боолт хийгээд өгөөч ээ, би хүүхдийнхээ хоолыг сойчихсон байгаа гэсэн юм. Тэгээд би эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн боолтыг хийж дуусаад 10 цаг өнгөрч байхад Б.Б-аль гарынх гэдгийг нь мэдэхгүй байна гарын судсанд нь унтуулах үйлчилгээтэй Кетамин тариаг эрчимт эмчилгээний сувилагч Бүрэнжаргалаар хийлгээд зүүн гарын боолтыг нь тайлаад 0.7 процентын тамидены уусмалтай маарлаар арчиж цэвэрлэгээ хийхэд ядам хуруунд бэхэлсэн байсан спиц төмрийн хажуугаар бага зэрэг цусны хольцтой цайвар ногоон өнгийн идээрхэг шингэн гарсан тул спиц төмрийг нь хуруунаас салгаж аваад сайтар шахаж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай тосон сетиктэй боолт хийсэн юм. Тухайн үед Б.Б-зүүн билүү баруун хөлийг боочихсон байхаар нь би тухайн өдөр ээлжтэй байсан түлэнхий тасгийн сувилагчаас яагаад хөлийг нь боочихсон юм бэ гэж асуухад, уян зүү тавьсан байсан хэсэг нь улайчихсан байсан учраас 10 процентын натри хлоридын уусмалтай компресс тавьж боосон гэж хэлэхээр нь боолтыг нь авч үзэхэд тарианы зүүний ормыг тойрсон улайлт хаван үүссэн байсан тул 0.7 процентын тамидены уусмалтай маарлаар арчихад зүүний шархнаас идээрхэг зүйл гарсан учир шархалж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай боолт хийгээд гаргасан юм. Би гар болон хөлийн шархнаас гарсан шингэн хэсгээс нь нян ургуулах шинжилгээ авч лаборатори руу явуулсан юм. Тэгээд Б.Б-эмээтэй уулзаад өөрийн хийсэн боолт ажилбарын талаар тайлбарлаад ямар нэг зовуурь байгаа эсэхийг нь асуухад 5 дахь өдрийн оройноос жаахан халуураад байгаа гэхдээ одоохондоо халуураагүй байна гэж хэлж байсан. Тэгээд үдээс хойш 15-16 цагийн үед түлэнхийн тасгийн сувилагч Б.Б-г халуураад байна гэж ирж хэлэхээр нь 9 билүү 10 дугаар тасагт хэвтэж байсан Б.Б-г очиж үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчны харьцаатай, биед хүргэх дургүй зовуурилж уйлагнасан, 38.2 халуунтай, цээжийг чагнахад уушги ширүүн амьсгалтай зүрхний авиа тод, хэм жигд, захад пүүлс хангалттай, захын судасны эргэлт, эргэн дүүрэлт 1-2 секунд, хэвлий зөөлөн, хоолны дуршлыг нь эмээгээс нь асуухад хоолны дуршил нь муу шингэн юм уухдаа сайн байгаа гэж байсан юм. Үзлэгийн үед памперс нь шээстэй байсан. Тэгээд би сувилагчдаа халуурч байгаа юм чинь цусны ариун чанарын шинжилгээ авчих, тэгээд халуун бууруулах лаа шулуун гэдсээр хий гэж хэлсэн. Тэгээд би гар болон хөлөөс боолтын үед идээ гарч байсан мөн халуурсан учраас антибиотик эмчилгээг эхэлж цефотаксим 500мл-р натри хлоридын 0.9 процентын уусмалаар шингэлэн судсаар 6 цагийн зайтай тарьж эхэлсэн. Мөн ацид аскобиниси 5 процент 2мл-г гюлкоз 5 процентын уусмалаар шингэлэн судсаар хийлгээд, рингер уусмалаас 100мл-г дуслаар хийлгэсэн юм. Тэгээд 21 цагийн үед хүүхдийг дахин үзэхэд хүүхдийн халуун буугаад унтаж байсан. Эмээ нь хэлэхдээ халуун шингэн юм бага зэрэг уусан гэж хэлж байсан юм. Тэгээд би түлэнхийн тасгийн сувилагчид цусны дэлгэрэнгүй шинжилгээ, био хими, коагулаграмм шинжилгээнүүдийг өглөө дахин авч өгөөрэй гэж хэлээд өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 13-ны өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд тасгийн эрхлэгч Э.Г-ад жижүүрт гарсан мэдээгээ амаар өгсөн. Энэ үедээ эрчимт эмчилгээний хүнд хүүхдүүдийг танилцуулаад тасгийн зовуурьтай болон хүндэвтэр байгаа хүмүүсийн биеийн байдлыг танилцуулсан. Тухайн үедээ Б.Б-талаар халуурсан, зовуурьтай байгаа талаар болон шархнаас нь идээ гарч байгаа талаар хэлсэн юм. Тэгэхэд Э.Г- эмч чи энэ талаар эмчлэгч эмч *******-т хэлээрэй би боолтонд ороход нь шархыг нь харъя гэсэн. Тэгээд би Э.Г- эмчийн өрөөнөөс дөнгөж гараад *******- эмчтэй таарсан. Тэгээд би *******- эмчид Б.Б-халуурсан болон шархны тухай, мөн гарааны эхний антибиотик эмчилгээ эхэлсэн, бас шинжилгээнүүдийг давтан авхуулсан тухайгаа хэлсэн. Тэгэхэд *******- эмч за ойлголоо гэж байсан юм. Тэгээд би өөрийн хариуцан эмчилж байсан эмчлүүлэгч нарыг эмчилгээ болон боолтыг хийгээд 12 цагт жижүүрээс буусан юм. Шинжилгээний хариу 2 өдрийн дараа гардаг юм. Сүүлд нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өглөө цахимаар шинжилгээний хариуг нь харахад мидицилинд тэсвэртэй Стапилококус авруэс /МRSA/ нян бактери ургасан байсан юм. Тухайн үед Б.Б-г эрчим эмчилгээний тасагт шилжүүлсэн байсан ба уг бактерийн эсрэг үйлчилгээтэй Ванкомицин антибиотикийг урд өдөр нь буюу 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн байсан юм. Амралтын өдрүүдээр тасгийн өвчтөнүүд тухайн өдөр гарч байгаа жижүүр эмчийн хариуцлага, хяналтад байдаг юм. Жижүүр эмч нь өөрөө өвчтөндөө тохируулаад эмчилгээгээ хийгээд явдаг юм. Шинжилгээний хариу гараагүй учраас Ванкомицин антибиотик хийгээгүй. Харин шархнаас идээ гараад халуурсан болохоор эхний гарааны антибиотик болох цефотаксим антибиотик эмчилгээг хийж эхэлсэн юм. Намайг 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө ямар нэг антибиотик эмчилгээ хийгдээгүй байсан. Хүний биед учирсан шарханд уг нян нь агаар болон өөр биет хүрэлцэх үед халдварлах боломжтой байдаг. Уг хүүхдийн биед уг нян хэрхэн орж үржсэнийг хэлэх боломжгүй. Хүүхэд өөрөө эмнэлгийн нөхцөлд ямарваа нэг юманд хүрэх үед халдвар авах боломжтой. 2019 оны 5 дугаар сарын 12-ны өглөө ээлжийн Мөнхбаяр эмчээс хүлээн авсан. Тэгэхэд Мөнхбаяр эмч эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал болон хийгдэж байгаа эмчилгээ, хийгдсэн эмчилгээний талаар танилцуулсан. Тэр үед Б.Б-эмээ нь өөрөө ирээд боолт хийгээд өгөөч ээ гэсэн юм. Хагас сайн өдрүүдэд өглөө 09 цагаас 16 цагийн хооронд хүндэвтэр өвчтэй хүмүүсийн эмчлэгч эмч нар нь өөрсдөө ирж боолтоо хийдэг юм. Хагас хайн өдөр *******- эмч ажил дээрээ ирсэн ирээгүй мэдэхгүй байна Б.Б-эмээгийн яриагаар бол хагас сайн өдөр нь эмч ирээгүй болохоор боолтоо хийлгээгүй гэж байсан юм. Б.Б-хувьд унтуулгад орж боолт хийгдэж байсан учир заавал эмч сувилагч хоёр хоёулаа байж байгаад боолт хийдэг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-93/

         Гэрч *******ө-мөрдөн байцаалтанд “Амь хохирогч Б.Б-эмчлэгч эмч нь манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч *******- байсан. *******- эмч анх 2018 онд уг хүүхэд түлэгдэж ирэхэд эмчлэгч эмчээр ажиллаж байсан. 2019 оны 5 дугаар сард сорви суллах хагалгаанд ороход нь бас эмчлэгч эмчээр ажилласан. *******- эмч өөрөө хүүхдээ үзээд явдаг байсан. Өвчтөн анх эмнэлэгт ирэхэд нь тасгийн эрхлэгч хуваарилж өгдөг юм. Тасгийн эрхлэгч эмч нарыг хэдэн өвчтөн хариуцан эмчлэгч эмчээр ажиллаж байгааг харгалзан ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж өвчтөнг хариуцуулан өгдөг юм. Би 2019 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд буюу хагас сайн өдөр жижүүр эмчээр 24 цагаар ажилласан. Тухайн үед ачаалал ихтэй байсан. Өглөө 09 цаг ээлж хүлээлцээд тасгуудыг тойрч өвчтөн нарыг үзэж явахад хүүхдийн биед ямар нэг зовуурь, шинж тэмдэг байгаагүй, эмээ нь тэврээд явж байсан. Мөн орой 20 цагийн үед бас тасгуудыг тойрч үзэхэд ямар нэг зовуурьгүй байсан болохоор хүүхдийн биед үзлэг хийгээгүй. Би биеийн ерөнхий байдлыг нь үнэлээд ямар ч зовуурьгүй хэвийн байсан болохоор үзлэг хийгээгүй юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95/

        Гэрч Т.Б-мөрдөн байцаалтанд “Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн нарыг тасгийн эрхлэгч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэн хуваарилж өгдөг юм. Тухайн үед манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгчээр Э.Г- ажиллаж байсан ба амь хохирогч Б.Б-эмчлэгч эмчээр *******- эмчийг хуваарилсан байсан. Тасгийн эрхлэгч *******- эмчид хуваарилсан нь стори буюу өвчний түүхийн эхний хуудсан дээрээс харагдаж байгаа. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад тэмдгээ дарж баталгаажуулдаг юм. Би 2019 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд буюу 5 дахь өдөр жижүүр эмчээр 16 цагаар ажилласан. Манай түлэнхийн тасагт хоногт дунджаар 60 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлдэг ба сэхээн амьдруулах тасагт 2-10 өвчтөн хэвтэн эмчлүүлж байдаг. Тухайн үед яг хэдэн өвчтөн эмчлэгдэж байсныг мэдэхгүй байна. Би жижүүртэй үед хоногт хамгийн багадаа 2 удаа тасгаа тойрч хүндэрсэн хүмүүсээ үздэг. Мөн өвчтөний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд сувилагч нар мэдэгдэж үзүүлдэг юм. Тухайн өдөр бол уг амь хохирогч хүүхдийн биеийн байдал хүндрээгүй, амь нас эрсдэлтэй байдал ажиглагдаагүй болохоор нарийвчилсан үзлэг хийгээгүй. Гэхдээ ерөнхий байдлыг нь харсан ямар нэг хүндэрсэн шинж тэмдэг харагдаагүй. Хэрэв хүнд өвчтөн байх юм бол эмчлэгч эмч нар жижүүр эмчийн хяналтад гэж стори буюу өвчний түүхэн дээрээ бичдэг. Уг хүүхдийн өвчний түүхэн дээр жижүүр эмчийн хяналтад гэж бичигдээгүй байсан. Тухайн өдөр надад сувилагч болон тухайн хүүхдийг сахиж байсан сахиурын зүгээс халуурлаа, хүндэрлээ гэж огт хэлээгүй. Тухайн өдөр ээлжинд гарч байсан сувилагч л эмчлэгч эмчийн өвчний түүх дээр бичсэний дагуу эм, тарианы эмчилгээг хийдэг. Тэр өдөр хэн гэдэг сувилагч ажиллаж байсныг мэдэхгүй байна. Би тухайн хүүхдэд ямар нэг эм тарианы эмчилгээ бичээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97/

Гэрч Э.Г-мөрдөн байцаалтанд “Б.Б.Б- гэх хүүхэд нь өнгөрсөн жил түлэгдээд манайд хэвтэж байсан гэсэн бөгөөд би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би өөрөө ахлаад туслах эмчээр *******- эмч, унтуулгын эмчээр Ариунболд сувилагч Хулан, Анхбаяр нарын хамт зүүн арын 3-5 дугаар хурууны түлэнхийн дараах татагдсан сорвийг суллаж өөрийн бүрэн давхраат арьсаар нөхөлт хийх мэс заслыг ямар нэгэн хүндрэлгүй амжилттай хийсэн. Ингээд энэ хүүхэд тасагт эмчлүүлж байгаад би албаны шугамаар 2019 оны 5 дугаар сарын 06-нд Хэнтий аймаг руу яваад шөнө ирээд үүрээр буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны 06 цаг 25 минутанд нислэгээр Тайвань улс руу явсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсад буцаж ирээд 13-нд өглөө ажилдаа ирээд өвчтөний палатуудаар тойрч байхад Ууганбаяр эмч Б.Б-г халуураад байхаар нь цусны ариун чанарын шинжилгээ аваад антибиотик эмчилгээ хийсэн, зүүн хөлийн уян зүүний шарх идээлсэн байсныг зүслэг хийж цэвэр боолт хийсэн гэж танилцуулахаар нь эмчлэгч эмч нь *******- эмч байсан болохоор түүнд хэлээрэй би давхар хэлье, анхаарах хэрэгтэй байна шүү гэж хэлээд гарсан. Тэгээд тэр хүүхдэд боолт хийж байхад нь би орж шархыг нь харахад мэс заслын шарх нь болон арьс авсан хэсгийн шарх цэвэрхэн эдгэж байсан. Зүүн хөлөнд уян зүү тавьсан шархыг харахад улайлттай байсан тул шархнаас авсан шинжилгээний хариуг гарахаар нь эмчилгээг яаралтай хий гэж хэлсэн. Дараа нь дадлагажигч эмч Б.М-оос асуухад Б.М- шархнаас нь МRSA гэдэг вирус илэрсэн, *******- эмч эмчилгээ бичсэн гэхээр нь за тэгвэл наад хүүхэд чинь хүндэрч байгаа юм байна *******- эмчдээ сайн захиж хэлээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө ийм зүйл болсон. Маргааш нь өглөө бүх эмч нар тойрон үзлэг хийхэд Б.Б- биеийн байдал хүндэрсэн орчны харьцаа суларсан улбагар байдалтай байхаар нь *******- эмчид хэлээд сэхээний тасаг руу шилжүүлээд *******- эмч үргэлжлүүлж эмчилсэн. Тэгээд би ажлаа тараад гэртээ хариад байж байхад орой *******- эмч над руу залгаад Б.Б- нас барсан талаар хэлсэн. Ийм л асуудал болсон юм. Би талийгаачид арьс нөхөх мэс засал хийсэн. Эмчлэгч эмч нь *******- болохоор би мэс заслаас хагалгаанаас өөрөөр үзлэг эмчилгээ хийгээгүй. Би Б.Б-д үзлэг эмчилгээ хийгээгүй болохоор энэ өвчний түүхэнд ямар нэгэн гарын үсэг зурж тэмдэглэл бичлэг хийгээгүй. Энэ Э.Г- ЭГ83 гэдэг гарын үсэг болон миний кодыг дадлагажигч эмч Б.М- бичсэн байсан. Үүнийг талийгаачийг нас барсны дараа асуухад Б.М- би андуураад биччихсэн байна гэж хэлж байсан. Б.М- нь ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр манай тасагт дадлагажиж байсан. Өөрөө надад хэлэхдээ захиралтай уулзахад намайг дадлагажаад явж бай гэж хэлсэн гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-48/

Гэрч Э.Э.Г-ын дахин өгсөн “Амь хохирогч Б.Б- нь 2018 онд түлэгдээд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зүүн гарын түлэнхий дараах татагдсан сорви гэсэн оноштой, сорви суллаж тэнийлгэж, зүүн гарын хуруунуудын үйл ажиллагааг сэргээх мэс засал хийлгэхээр хэвтсэн юм. Эмнэлэгт хэвтдэг өдөр нь амбулаторийн эмч Эрболд эмч уг хүүхдийг үзээд, надад орж, сорви тэнийлгэх хагалгаанд орох шаардлагатай хүүхэд байна, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай юм байна гэхээр нь би ирэх долоо хоногт гадаад улс руу явчихна, эмчлэгч эмч нь хэн юм бэ гэхэд Эрболд эмч урд нь *******- эмч эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм байна гэхээр нь би за тэгвэл стори нээгээд *******- эмчдээ өгөөд хагалгаанд бэлдүүлээд мэс засалдаа ороорой гээд хэвтэх бичиг өгсөн юм. Тэгээд *******- эмчид өвчтөнийхөө нэрийг өгсний дагуу хагалгааны төлөвлөгөө батлагдан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэс заслын эмчээр би *******- эмчтэй, унтуулгын эмч Ариунболд, унтуулгын сувилагч Хулан, мэс заслын сувилагч Анхбаяр нар мэс засалд орж, зүүн гарын хуруунуудын татагдсан сорви суллаж, өөрийн бүрэн давхраат арьсаар нөхсөн юм. Мэс заслын үед ямар нэг хүндрэл гараагүй. Мэс засал амжилттай болсон юм. Хагалгаанаас хойш эмчлэгч эмч *******- үзлэг, эмчилгээгээ хийгээд явсан. Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг руу томилолтоор яваад тэр өдрөө Улаанбаатар хотод ирээд, маргааш өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагт албан ажлаар Тайвань Улс руу яваад 5 дугаар сарын 11-ний өдөр билүү 12-ны өдөр нь Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ирэхэд урд өдөр нь түлэнхийн тасгийн ээлжид хоносон эмч Ууганбаяр Б.Б-г халуураад биеийн байдал нь хүндэрч байна гэж танилцуулахаар нь би очиж үзэхэд хүүхэд халуурсан, зовуурь ихтэй, бие хавагнасан, биеийн байдал хүнд байхаар нь би Ууганбаяр эмчид *******- эмчдээ хэлээд сэхээний тасаг руугаа шилжүүлж аваад, эрчимт эмчилгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт шилжээд маргааш нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний орой нас барсан байсан. Анх эмнэлэгт хэвтэхийн өмнө цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээг авсан байсан. Эмнэлэгт хэвтсэний дараа буюу мэс заслын дараа шинжилгээ авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эмчлэгч эмч хүний биеийнхээ клиник шинж тэмдэг, лаборатори шинжилгээний өөрчлөлтөөс хамааран шинжилгээ авдаг юм. Эмчлэгч эмч бүх үзлэг шинжилгээг хийх ёстой байдаг. Амь хохирогч Б.Б-эмчлэгч эмч *******- байсан. *******- эмчийг уг хүүхдийн эмчлэгч эмч байсан гэдгийг манай түлэхийн тасгийн бүх эмч, сувилагч нар мэдэж байгаа. Мөн стори буюу өвчний түүхэн дээр *******- эмчийг эмчлэгч эмч гэдэг нь тодорхой харагдаж байгаа, өөрийн нь гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан байгаа. Б.М- нь гэмтэл согогийн нарийн мэргэжлээр төгсөөд, манай эмнэлэг дээр ирээд эмч нарыг дагалдаад туслаад явж байсан хүн байгаа юм. Бусдаар ямар нэг тушаал шийдвэрээр эмнэлэгт ажиллахаар тухайн үедээ томилогдоогүй байсан. Б.М- бие даан эмчилгээ хийгээгүй, бие даан эмчилгээ хийх ч эрх байхгүй. Эмч нарын заавраар туслаад л явж байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83/

 Гэрч Б.Д-мөрдөн байцаалтанд “Б.Б.Б- гэдэг хүүхэд манай тасагт хэвтэн эмчлүүлж байсныг бол би санаж байна. Харин ямар эмчилгээ хийж байсан гэдгийг санахгүй байна. Ээлжинд гарах хугацаандаа стори дээр эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмчилгээг хийж байсан байх. Одоо бол яг ямар ямар эмчилгээ хийж байсан гэдгийг санахгүй байна. Би түүний хөлөнд уян зүү тавиагүй, эмчийн заавраар эмчилгээ сувилгаа хийж байсан. Гэхдээ одоо ямар эмчилгээ хийснээ санахгүй байна. Түүний биеэс шинжилгээ авч байгаагүй. Би 2019 оны 5 сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутад ээлжээ хүлээж авахад Б.Б-хөлөн дэх уяан зүүг аваад боолт хийсэн байгаа гэж мэдэгдсэн, надад ээлж хүлээлгэж өгсөн сувилагч нь Баярмаа байсан. Ингээд би 18 цагийн тарианд гарсан. Стори дээр бичигдсэн эмчийн зааврын дагуу эмчилгээг хийж өвчтөнүүдийн амин үзүүлэлтийг үзсэн. Зовуурьтай хүмүүсийг бол 2 цаг тутамд үзэж үндсэн амин үзүүлэлтийг бичиж тэмдэглэдэг. Тухайн үед Б.Б-амин үзүүлэлтийг үзэхэд хэвийн байсан. Ээлж хүлээж авахад зовуурьтай өвчтөн дотор Б.Б-нэр байхгүй байсан.
Тухайн үед түүнд эмчийн заавраар эмчилгээ хийсэн байх. Тэгээд би маргааш нь буугаад нэг дэх өдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өдрийн ээлжинд гарсан. Энэ үед Б.Б- нь сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нас барсан гэж мэдсэн. Б.Б-г хэзээ халуурсан, ямар зовуурь илэрсэн талаар мэдэхгүй байна. Хөл нь боолттой байсан. Түүний хөлөнд Баярмаа нь уян зүүг авч боолт хийсэн гэж хэлж байсан. Намайг ээлжинд гарч байх хугацаанд Б.Б-сахиур нь халуурсан, зовуурилсан гэж надад мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99/

Гэрч Г.Г-мөрдөн байцаалтандБ.Б.Б- нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэрээр сорвины хагалгаанд ороод, хагалгааны дараах эмчилгээ хийгдэж манай тасагт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш 2-3 хоног эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээ нь хасагдаад зөвхөн боолт солих эмчилгээ хийгдсэн. Би хагалгааны дараах эмчилгээг эмчлэгч эмчийн заавраар стори дээр бичсэн эм, тариаг Б.Б.Б-д хийж байсан. Тухайн үед эмчлэгч эмч нь хэн байсан гэдгийг санахгүй байна. Тэгээд ч 2-3 хоноод эмчилгээ нь дууссан. Эмчилгээ дууссаны дараа боолтыг солих буюу боолтын эмчилгээ хийгдсэн байх, би тэр хүүхдийн боолтыг нэг ч удаа сольж байгаагүй. Боолтны сувилагч гэж тусдаа байдаг учир түүний боолтыг сольж байгаагүй. Би хүүхдийн хөлөнд уян зүү тавиагүй. Би хуваарийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ээлжинд гарах хуваарьтай байсан ч сувилагч Бямбахүүтэй хувиараа сольж 5 дугаар сарын 09-ний өдөр ээлжинд гараад  5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд өдрийн 8 цагаар ээлжинд гарч 5 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Намайг 5 дугаар сарын 09-ний өдөр буюу Пүрэв гарагт ээлжинд гарахад хүүхэд ямар нэгэн зовуурьгүй хэвийн байсан. Би сахиур нь хүүхдэд ямар нэгэн зовуурь илэрвэл ирж мэдэгдээрэй гэж хэлж байсан. Сахиур нь зовуурилсан эсэх талаар ирж мэдэгдээгүй. Би 5 дугаар сарын 10-ны өглөө буугаад тус өдөр өдрийн 8 цагаар ээлжинд гарах байсан Баярмаа, Лайлаа, Долгорсүрэн нар ээлж хүлээлцсэн. 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд өдрийн 08 цагаар ээлжинд гарсан бөгөөд 5 дугаар сарын 13-ны өдөр ээлж Ариунжаргал билүү Бямбахүү билүү аль нэгээс нь ээлж авсан бөгөөд энэ үед Б.Б.Б- халуурсан зовуурьтай эмчилгээнд орсон байсан. Тухайн үед ямар ямар эмчилгээ бичсэн байсан гэдгийн санахгүй байна. Ямар ч байсан антибиотик хийсэн байгаа. Хөлөнд нь уян зүү байсан эсэх талаар сайн санахгүй байна. Ээлжинд гарах болгондоо хүүхдийн биед үзлэг хийж амин үзүүлэлтийг нь үзэж сувилгааны түүх гэсэн хуудас дээр тэмдэглэдэг. Өмнөх ээлжтэй өдрүүдэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Харин 5 дугаар сарын 13-ны өглөө ээлж авахад хүүхэд халуурсан, зовуурь илэрсэн гээд эмчилгээнд орсон байсан. Би өдрийн цагаар гарсан. Стори  дээр бичигдсэн эмчилгээ л хийсэн байх, яг ямар эмчилгээ хийсэн эсэхийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-102/

Гэрч Э.Б-мөрдөн байцаалтандБ.Б- нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэрээр сорвины хагалгаанд ороод хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байсан. Яг хэдний өдөр хагалгаанд буюу мэс засалд орсныг би сайн санахгүй байна. Тэгээд би жижүүр сувилагчаар гарах хугацаандаа тус хүүхдэд стори дээр буюу эмчийн заалтаар эмчилгээ тариаг хийж байсан. Эмчлэгч эмч нь *******- эмч байсан гэж санаж байна. Тус хүүхдэд цагийн антибиотик эмчилгээ  хийж байсан гэж санаж байна. Би талийгаач хүүхдийн хөлөнд уян зүү тавиагүй. Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өдрийн ээлжээр гарсан бөгөөд энэ үед талийгаачийн хүүхдийн хөлөн дэх уяан зүүг авсан, эмчийн заалтаар авсан бөгөөд эмч нь уян зүү тавьсан хэсэгт улайсан байна зүүг нь авчих гэхээр нь би уян зүүг авсан. Намайг зүүг авах үед уян зүү тавьсан хэсэгт улайсан байсан, уян зүүг нь аваад кампериэс буюу натрийн уусмалаар жин тавьж өгсөн. Энэ нь гадны халдвар бактери орохоос урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. 2019 оны 5 дугаар сарын 11-ний орой 16 цагаас ээлжинд хоносон. Энэ хугацаанд хүүхдийн биеийн байдлын хувьд онцын зовуурьгүй, хоол унданд жаахан дургүй байна гэж асрагч нь хэлж байсан гэж санаж байна. Өөр ямар нэгэн зовуурь байхгүй байсан гэж санаж байна. Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өдрийн 08 цагаар гарч, 2019 оны 5 дугаар сарын 11-ний орой шөнийн ээлжинд гарсан. Асарч байсан хүн нь хүүхдийг хоол ундандаа дургүй байна, жаахан гүйлгээд байна, цовоо сэргэлэн биш болчхоод байна гэж хэлж байсан. Түүнээс биш халуураад байна гэж хэлж байсныг санахгүй байна. Мөн эмчлэгч эмч болон жижүүр эмч ямар эмчилгээ хийснийг санахгүй байна. Хүүхдийн өвчний түүх тээр эмчилсэн эмчилгээ бичигдсэн байх. Тухайн үед хүүхдийн хөлөн дэх уян зүү байсан хэсэг идээлсэн, хадсан зүйл байгаагүй, жаахан улайсан байсан. Намайг 5 дугаар сарын 12-ны өдөр ээлжээс буусны дараа хүүхдийн хөл хавдаж, улайсан гэж сонссон. Тэгээд хүүхдийн хөлөнд зүслэг хийж цэвэрлэсэн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104/

Гэрч Ц.А-мөрдөн байцаалтанд “Би 2010 онд Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуульд элсэн суралцаж 2014 онд сувилагч мэргэжлээр төгсөөд 2014 оны 8 дугаар сараас хойш ГССҮТ-ийн гавал тархины тасагт сувилагчаар ажиллаж 2018 оны 10 сард чөлөө авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт сувилагчаар ажилд орсон.  Тус тасгийн 9 билүү 10 дугаар палатанд Б.Б- гэдэг хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байсан гэж сонссоноос биш эмчилгээ хийж байгаагүй. Учир нь манай тасгийн сувилагч нар палатаа хувааж авч ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Би 1-5 дугаар палатыг хариуцан ажилладаг байсан. Иймд би Б.Б-д  эмчилгээ хийж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 106-107/

Гэрч М.Л-мөрдөн байцаалтанд “2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр түлэнхийн тасгийн сувилагч нар нь Б.Б-шархан дээрээс авсан арчидасыг шинжлүүлэхээр авч ирж өгсөн юм. Яг хэн гэдэг сувилагч дээжийг авч ирснийг санахгүй байна. Арчидасны дээжийг тэжээллэг орчинд 24 цаг ургуулсан боловч бактери ургаагүй дараагийн өдрөө буюу 48 цаг бактерийг ургуулаад  Ви ай ти ка-2 загварын аппаратад хийж 24 цаг болгоод шинжилгээний хариу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд МRSА буюу Метицилленд тэсвэртэй стафиллакокк ауреус гэдэг бактери илэрсэн байсан. Би шинжилгээний хариуг тэр өдөрт нь цахим сандаа шивж оруулсан. Олон Улсын Эмнэл зүйн стандартаар бактериологийн баталгаат шинжилгээ 72 цагт гардаг учир Б.Б-шинжилгээ 72 цаг болж гарсан юм. Цахимд шивж оруулсан шинжилгээний хариуг эмчлэгч эмч нь цахим сангаасаа хараад дараагийн эмчилгээгээ хийдэг юм. Эмчлэгч эмч өөрөө өвчтөний биеийн байдлаас хамааран өвчтөний биеэс дээж авч шинжилгээнд ирүүлдэг юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108/

Гэрч О.С-мөрдөн байцаалтанд “Би 2019 оны 5 дугаар сард ГССҮТөвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн, мэс заслын дараах боолтын сувилагчаар ажиллаж байсан ба би ажлын 5 өдрөөр ажилладаг байсан. Амь хохирогч Б.Б-хувьд боолтод яг хэдэн хэдний өдрүүдэд боолт хийснээ болон хэн гэх эмчтэй хамт боолт хийснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар резидент эмчээр ажиллаж байсан Б.М- байнга боолтонд ордог байсан. Хагалгааны дараах боолт нь унтуулгатай ордог болохоор эмчлэгч эмч заавал боолтонд ордог гэхдээ эмч нар өглөөгүүр хагалгаанд орчихдог болохоор эмчлэгч эмч нар резидент эмч нартаа хэлээд боолтод оруулдаг. *******- эмчийн хувьд боолтод Б.Б-боолтонд оролцсон байсан эсэх нь санахгүй байна. Б.Б- нь гарын сорви тэнийлгэх хагалгаанд орсон байсан болохоор хөрсжүүлэх төлжүүлэх тосон боолт хийдэг байсан шиг санагдаж байна одоогоос жил гаруйн өмнө байсан болохоор мөн олон хүнд үйлчилгээ сувилгаа үзүүлж байсан болохоор сайн санахгүй байна. Эрүүл мэндийн сайдын баталсан MNS4621-2008 стандартын дагуу боолт хийдэг. Боолт хийхдээ боолтын өрөөнд боолтын сувилагч ариутгасан багаж материалаар авч ирээд эмчлэгч эмчдээ багаж материалыг нь авч өгөөд эмчлэгч эмч нь өвчтөний боолтыг сольдог юм. Б.Б-биед стандарт журмын дагуу л боолт хийгдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225/

Гэрч Б.Б-мөрдөн байцаалтанд “Амбулаториор үзүүлсэн өвчтөнг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд амбулаториор үзсэн эмч хэвтэх бичиг үйлдэн тухайн хэвтэх гэж байгаа тасгийн эрхлэгчид нь оруулж хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл аваад өвчний түүхийг нээн тасагт хэвтүүлдэг. Тасагт хэвтсэний дараа тасгийн эрхлэгч өвчтөнг эмчлэх эмчийг хуваарилан өвчний түүхийг эмчлэгч эмчид нь өгдөг. Заримдаа тэр эмч эмчил гэж өвчний түүхэн дээр цохолт хийдэг заримдаа зүгээр амаар тэр эмч эмчлэгч эмчээр ажилла гээд эмчлэгч эмчид нь өвчний түүхийг өгдөг юм. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад өөрийгөө эмчлэгч эмч гэдгээ баталгаажуулж өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг хувийн тамгаа дардаг юм...Мэс заслыг хийх саналыг эмчлэгч эмч өөрсдөө амаар тасгийн эрхлэгчид гарган, тасгийн эмч нарын хагалгаа хийе гэсэн шийдвэр бичгээр гаргаад тасгийн эрхлэгч мэс заслын төлөвлөгөө гарган эмчилгээ эрхлэгч орлогчоор батлуулан мэс заслыг явуулдаг. Мэс заслын төлөвлөгөө дээр хэн хэн гэдэг эмч хамтран мэс заслыг явуулахаа төлөвлөж мэс заслыг явуулдаг. Мэс заслыг удирдсан эмч мэс заслын дараах эмчилгээг заавал хийнэ гэсэн дүрэм журам байхгүй. Анх эмчлэгч эмчээр ажиллаж байсан эмч нь хагалгааны дараа үргэлжлүүлэн эмчилгээгээ хийгээд явдаг. Тасгийн эрхлэгч Э.Г- мэс заслыг удирдан хийсэн боловч мэс заслын дараах эмчилгээг *******- эмч хариуцан явуулсан нь  ямар нэг дүрэм журам стандартыг зөрчөөгүй...Түүний дагуу эмчлэгч эмч өөрийн гараар үзлэгийн тэмдэглэлийг хөтлөх ёстой. Резидент эмч нь эмчлэгч эмчийн хяналт доор өвчтөний биед үзлэг хийн өвчний түүхэнд тэмдэглэл хөтлөөд хариуцсан эмчлэгч эмчээрээ баталгаажуулж гарын үсэг зурж болдог. Өвчтөнд үүсэх эрсдэлийн үүрэг хариуцлагыг зөвхөн эмчлэгч эмч хариуцах ёстой байдаг резидент эмч нь суралцагч болохоор үүрэг хариуцлага хүлээхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 99-100/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1126 дугаартай “Талийгаач Б.Б.Б- нь зүүн гарын 3,4,5-р дунд, ядам, чигчий хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн байх ба мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хуучин түлэгдлийн сорвиноос өөр шинээр үүссэн гэмтэл тогтоогдоогүй болно. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Зүүн нарын 3,4,5-р (дунд, ядам, чигчий) хурууны мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжил үүссэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн 04632 тоот өвчний түүхт талийгаач нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 55 минутад нас барсан байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 51-53/

Хэргийн материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Б.Б-биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Б.Б-биед зүүн гарын сорвижилтыг засах мэс заслын заалт байсан бөгөөд төлөвлөгөөт хагалгаа байна. Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. Дадлагажигч эмч байсан эсэхийг дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалаар тогтоох боломжгүй байна. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна. Өвчтөнд үзлэг шинжилгээг бүрэн хийж, цаг алдалгүй яаралтай эмчилгээ эхлүүлэх журамтай. Тухайн эмнэлэгт дагаж мөрдөх дотоод журмын дагуу эмчилгээ үйлчилгээ хийгддэг болно. Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 112-116/

Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт “...Арьс- Архаг шарх, бактери, идээт үхжилт үрэвсэл, цус харвалт...” /1хх-ийн 119-120/

Шинжээч эмч Б.Д-мөрдөн байцаалтанд “Амь хохирогч Б.Б.Б-д 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэс засал хийгдсэн ба мэс засал нь зүүн гарын бугуй 3, 4, 5-р хурууны сорвийг суллаж бүрэн өөлж авах хагалгаа хийгдсэн ба баруун цавинаас арьс авч нөхсөн байдаг. Үүнээс хойш үзлэг шинжилгээг тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч нэмэлт дүгнэлт өгч тухай бүрд нь үзлэг шинжилгээ хийж байх байсан. Хагалгаа хийснээс хойш тухайн өвчтөний өвчин болон биеийн байдлын үнэлгээтэй 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний биед үзлэг хийсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 5 дугаар сарын 10-ны өдөр, 5 дугаар сарын 12-ны өдөр, 5 дугаар сарын 13-ны өдөр, 5 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн байдаг нь цаг хугацаа алдах нэг шалтгаан болсон байх боломжтой. Өвчтөнд хийсэн эмчилгээ нь хордлого тайлах, антибиотик, мэс заслын эмчилгээ хийгдсэн нь тохирсон эмчилгээ байна. Үжил халдвар нь талийгаачийн гарын шарх идээлж хүндэрсэн нь цусаар тарах хэлбэрээр талийгаачийн бүх эрхтэнд идээ тархсан байдаг. Уг халдвар нь бүх эрхтэнд тархсан учир амь насыг аврах боломж багатай. Үжил халдварыг авсан тохиолдолд халуурах, хөлрөх, уйлагнах амьсгаадах шинж тэмдэг илэрнэ. Үзлэгээр шарханд өнгөр тогтох, идээ гоожих, цусархаг идээ гарах шинж тэмдэг илэрч болно. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийн дархлаа болон халдварын тархалтаас хамааран амь насыг нь аврах боломж харилцан адилгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-230/

Шинжээч эмч С.О-мөрдөн байцаалтанд “Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь тухайн эмнэлгийн орчинд багаж хэрэгсэл тариураар дамжин халдварласан гэж үзсэн. Уг халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээг бүрэн хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан юм. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцна гэсэн тухай, эмчлэгч эмч үзлэг шинжилгээ, оношилгоо, тусламж зэрэг бүхий л асуудлыг өөрөө хариуцна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 43/

          Б.Б- өвчний түүхийн хуулбар, холбогдох баримтууд /1хх-ийн 188-203, 2хх-ийн 125-167/

          Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /2хх-ийн 27/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирлын тушаал /2хх-ийн 17/, Бакалаврын диплом /2хх-ийн 18-19/, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /2хх-ийн 20/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 21/, түүний 5 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2хх-ийн 25-26/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлав.

 

           Шүүхийн дүгнэлт:

           Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэргээс үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 01 нас 08 сартай Б.Б.Б- сахиур эх Б.М-ийн хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын тасагт түлэгдэлтийн дараах үлдэц, сорви суллуулах мэс засал хийлгэхээр хэвтэж  2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр мэс засалд оруулахаар шийдвэрлэж /2хх-ийн 193 ар тал/, мөн өдөр Б.Б-эх Б.М- “мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудаст зөвшөөрч байна” гэж  гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна. /2хх-ийн  192-р хуудасны  б тал-193-р тал/

 

01 нас 08 сартай Б.Б.Б-д түлэгдэлтийн дараах үлдэц, сорви суллуулах мэс заслыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  11 цаг 15 минутад эхлэн  тасгийн эрхлэгч Э.Г-ахалж, туслах эмч *******-, мэс заслын сувилагч В.Анхбаяр, мэдээгүйжүүлдгийн эмч Г.Ариунболд, мэдээгүйжүүлдгийн сувилагч П.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж 15 цаг 10 минутад мэс засал дууссан нь мэс заслын тэмдэглэлд  бичигджээ. /2хх-ийн 195 б тал/

 

Бага насны Б.Б.Б- зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн дараах үлдэц, сорви суллуулах мэс заслын дараа тус эмнэлгийн энгийн тасагт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс  эмчлэгдэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр эрчимт эмчилгээний тасагт шилжиж  эмчилгээний явцад “мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж олон эрхтний дутагдал” -аас нас барсан байна. 

 

Шүүгдэгч *******- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “Б.Б-мэс заслын дараах эмчилгээг би хариуцаж байгаагүй, өвчний түүхэнд бичилт хийгээгүй, эмч Б.М-эмчилж байсан” гэж  мэдүүлдэг. 

 

Их эмч *******- нь бага насны Б.Б-мэс заслын дараах эмчилгээг хариуцаж байсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч Э.Э.Г-ын “...хагалгаанаас хойш эмчлэгч эмч *******- үзлэг, эмчилгээгээ хийгээд явсан...*******- эмчийг уг хүүхдийн эмчлэгч эмч байсан гэдгийг манай түлэнхийн тасгийн бүх эмч, сувилагч нар мэдэж байгаа. Өвчний түүхэн дээр *******- эмчийг эмчлэгч эмч гэдэг нь тодорхой харагдаж байгаа, өөрийнх нь гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан байгаа. Б.М- нь гэмтэл согогийн нарийн мэргэжлээр төгсөөд, манай эмнэлэг дээр ирээд эмч нарыг дагалдаад туслаад явж байсан хүн байгаа юм...Б.М- бие даан эмчилгээ хийгээгүй, бие даан эмчилгээ хийх ч эрх байхгүй. Эмч нарын заавраар туслаад л явж байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83/

гэрч  Б.Б.М-ын “...би талийгаачийн өвчний түүхэнд бичилт хийдэг байсан. *******- эмчийн бич гэснийг л бичдэг байсан. Би талийгаачийн мэс заслын шарханд эмч *******-, Бат-Эрдэнэ нарын заавраар боолт хийж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/

гэрч Б.М-дахин байцаалтаар “...амь хохирогч Б.Билгүүнжинд эмч *******- эмчилгээ хийсэн ба эмчилгээнд өөр эмч заавар өгөөгүй, *******- эмч гардан эмчилгээ хийсэн...*******- эмчийн заавраар би түүнд хийх эмчилгээг нь стори дээр нь бичсэн, ямар ямар эмчилгээ бичсэнээ одоо санахгүй байна, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ нь байгаа болно...*******- эмчийн заавраар эмчилгээ бичихдээ *******-, Э.Г-нарын гарын үсгийг нь дуурайлгаж зурж байгаагүй стори дээр нэрийг нь бичдэг байсан...*******- эмчийн заавраар би сувилагчтай хамт зохих стандартын дагуу боолтыг нь сольдог байсан. Өдөрт 1 удаа боолт хийдэг байсан, амь хохирогчийн биед боолт хийхдээ ариун өрөөнд оруулж өмнөх боолтыг нь аваад ариутгалын уусмалаар ариутгаж цэвэр тосон боолт хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-88/

гэрч Д.Ц- байцаалтаар “...талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр *******- эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа Б.М- гэдэг эмч танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. *******- эмч гурван удаа хүүхдийг маань үзсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81/

гэрч Ч.У-“...Амь хохирогч Б.Б-хувьд эмчлэгч эмч нь *******- эмч байсан юм. *******- эмч эрчимт эмчилгээний эмч боловч өмнө нь Б.Б- нь *******- эмч дээр эмчлэгдэж байсан болохоор Б.Б-эмчлэгч эмчээр *******- эмчийг хуваарилсан байсан байх. Б.М- эмч манай эмнэлэг дээр эмч нарт тусалдаг байсан *******-тай хамт ажлын өдрүүдээр, өглөө болгон Б.Б-биед үзлэг хийгээд, шарханд нь боолт хийгээд яваад байдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-93/

гэрч Б.Б-“...эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад өөрийгөө эмчлэгч эмч гэдгээ баталгаажуулж өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг хувийн тамгаа дардаг юм... Тасгийн эрхлэгч Э.Г- мэс заслыг удирдан хийсэн боловч мэс заслын дараах эмчилгээг *******- эмч хариуцан явуулсан нь  ямар нэг дүрэм журам стандартыг зөрчөөгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 99-100/,

гэрч *******ө-“...Б.Б-эмчлэгч эмч нь манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч *******- байсан. *******- эмч анх 2018 онд уг хүүхэд түлэгдэж ирэхэд эмчлэгч эмчээр ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95/

гэрч Т.Б-“...Б.Б-эмчлэгч эмчээр *******- эмчийг хуваарилсан байсан. Тасгийн эрхлэгч *******- эмчид хуваарилсан нь истори буюу өвчний түүхийн эхний хуудсан дээрээс харагдаж байгаа. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад тэмдгээ дарж баталгаажуулдаг юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97/

гэрч Э.Б-“...эмчлэгч эмч нь *******- эмч байсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104/ болон тухайн өвчний түүх дээр хүлээж авсан эмч *******- гэсэн хувийн тэмдэг дарагдсан зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Б.Б-өвчний түүх дэх бичилтийг тухайн эмнэлэгт түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэшлээр суралцахаар тус тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан Б.М-би “их эмч *******-ын хэлснээр Б.Б-биед үзлэг, боолт хийж,  өвчний түүхийн бичилтийг бичсэн юм” гэж мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн нь дээрх гэрч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон гэж үзнэ.

 

Б.Б.М-ын хувьд 2019 оны 5 дугаар сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан биш байсан боловч тэрээр “Гэмтэл согог судлал”-ын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/543 дугаар тушаалаар “Гэмтэл согог судлал” үндсэн мэргэшил олгосон S(r)091203/2018/09 дугаартай мэргэшлийн үнэмлэх 1-р хавтаст хэргийн 239-р талд авагдсан байгааг дурьдаж байна. 

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар бага насны Б.Б.Б-д 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 14-ний өдрүүдэд мэс заслын дараах  эмчилгээ үйлчилгээ хийгдэж байсан болох нь:

амь хохирогчийг эмнэлэгт сахиж байсан эмээ гэрч Д.Ц- мөрдөн байцаалтанд “...талийгаач хүү маань нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа биеийн байдал нь сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. Тэгээд би тэр өдөртөө *******- эмчид хэлээд *******- эмч хүүхдийг маань үзээд шинжилгээ авна гээд сувилагчаараа хүүхдийн биеэс шинжилгээ авсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81/

гэрч Б.Б.М-ын “...*******- эмч амь хохирогчийн биеийн байдал муудсан байна, түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эрчимт эмчилгээний тасагт шилжүүл гэсний дагуу би өвчний түүх дээр нь дүгнэлт бичиж уг тасаг руу шилжүүлсэн...Түүнд хагалгаа хийсний дараа *******- эмчийн заавраар би сувилагчтай хамт зохих стандартын дагуу боолтыг нь сольдог байсан. Өдөрт 1 удаа боолт хийдэг байсан, амь хохирогчийн биед боолт хийхдээ ариун өрөөнд оруулж өмнөх боолтыг нь аваад ариутгалын уусмалаар ариутгаж цэвэр тосон боолт хийдэг байсан... Хагалгаанаас гарсны дараа би *******- эмчийн заавраар өвчний түүх дээр үрэвслийн эсрэг Цефазолин 0,5 мл-р 8 цагийн зайтай судсаар, Рингер лактад 100мл-г судсанд дуслаар 2 хоног, литсмесс 2.0 мл- өвдсөн үед нь судсаар хийхээр 5 хоногийн эмчилгээ бичиж, жижүүр эмч сувилагчийн хяналтад авахаар бичсэн юм. Дээрх эмчилгээнүүдийг жижүүрт гарч байгаа сувилагч нар хийдэг. Маргааш нь ажил дээрээ ирэхэд хүүхдийн биеийн байдал тогтвортой, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ хийгдээд явж байсан. Ер нь бол өвчний түүхэн дээр үзлэг эмчилгээ хийх бичилтийг 2 хоногт 1 удаа бичдэг юм...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр *******- эмч бид хоёр хамт үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Тэгээд *******- эмч намайг гарын шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, мебо тос түрхэж ариун боолт хий гэсний дагуу боолтыг хийсэн. Маргааш нь бас мебо түрхэн боолтыг хийсэн. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би үзлэг хийхэд байгаагүй. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *******- эмч бид хоёр хүүхдийн үзлэгийг хийсэн. Үзлэг хийхэд хүүхэд халуурсан, уушги хоёр талд ширүүссэн, шээсний гарц багассан, биеийн байдал нь хүндэвтэр байсан. Хэсэг газрын буюу хагалгаа хийсэн гард үзлэг хийхэд нөхсөн арьс хайлсан, нялцайсан, сувилагч нарын хүүхдийн зүүн хөлд нь тавьсан уян зүүний шархнаас эдээ гарсан байсан юм. Тэгээд *******- эмч идээ гарсан байсан зүүний шархыг нь зүсэлт хийж томсгоод натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боо гэсний дагуу боосон. Мөн ванкомицин 165 граммыг 0,9 хувийн 20 мл натри хлоридоор шингэлээд 6 цагаар судсаар хийхээр би өвчний түүхэн дээр бич гэсний дагуу бичсэн юм. 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр *******- эмч бид хоёр хамт үзлэгийг хийхэд хүүхэд халуурсан, арьс эрээнтсэн, хүүхдийн биеийн байдал хүнд, унтаарсан, орчиндоо харьцаа сул, арьс хөх, тууралттай, царай цонхигор зүрхний авиа сул, хэм жигд, уушги хоёр талд ширүүн амьсгалтай, шээс багассан, хэсэг газрын үзлэгээр зүүн сарвууны нөхсөн арьс хайлсан байсан. Тэгээд би хүүхдийн гаранд нь мебо тос түрхэж, зүүн хөлийн шархыг натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боолт хийсэн юм. Тэгээд *******- эмчийн заавраар эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсний дараа *******- эмчийн хэлснээр өвчний түүхэн дээр зондоор хооллох, цээжийг 30 градусаар өндөрлөх, ванкомицин 165 мл-ыг натри хлоридын 0,9 процентын уусмалаар найруулж 1 цагт 40 мл-р судсанд орохоор 6 цагаар хийхээр, ренгир лагтат 250 мл-г судсанд дуслаар, шинэ хөлдөөсөн сивинг 130 мл судсанд дуслаар, лабумин 20% 100 мл-г судсанд дуслаар, допамин 1 мл-г 09% натри хлоридоор найруулан 2 мл цагаар судсаар, гепарин 500ед-г 09% натри хлоридоор найруулан 6 цагаар судсаар, нова амини 125 мл судсанд дуслаар, дексаметазомин 4 мл-г 09% 200мл натри хлоридоор найруулан судсаар, фурсоминт 05 судсаар, аналгин 50%-н 1 процент, дидролын 1%-н 1 процент судсаар, морфин 1 процентын 0,2 мл-г 12 цагаар судсаар, литсмесс 2,5 мл-г 12 цагаар судсаар хийхээр эмчилгээ бичсэн юм. Эдгээр эмчилгээг эрчимт эмчилгээний сувилагч нар хийсэн. Яг хэн гэдэг сувилагч хийснийг мэдэхгүй байна. Тухайн өдөр ээлжтэй байсан сувилагч хийсэн. Тэгээд хүүхэд тэр өдрийнхөө 20 цаг 05 минутад нас барсан юм. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу 1 дэх өдөр нь үзлэг хийхэд хүүхдийн зүүн хөлийн уян зүүний шархнаас идээ гарч байсан юм. Миний хувьд 2019 оны 4 дүгээр сарын 29, 5 дугаар сарын 10-ны өдрөөс үзлэг эмчилгээнээс бусад өдрийн үзлэг эмчилгээг *******- эмчийн хэлсний дагуу өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 03, 06, 08, 13, 14-ний өдрийн боолтыг хийсэн. Өөр эмчилгээ хийгээгүй. Хагас бүтэн сайн өдрийн боолтыг 5 дугаар сарын 12-ны өдөр гарсан жижүүр эмч, сувилагч хийсэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өглөө *******- эмч бид хоёр хамт үзлэг хийхэд хүүхдийн бие хэвийн, ямар нэг байдлаар мэс заслын шарх идээлээгүй зүгээр байсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-88/

гэрч *******ө-мөрдөн байцаалтанд “...Би 2019 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд буюу хагас сайн өдөр жижүүр эмчээр 24 цагаар ажилласан. Тухайн үед ачаалал ихтэй байсан. Өглөө 09 цаг ээлж хүлээлцээд тасгуудыг тойрч өвчтөн нарыг үзэж явахад хүүхдийн биед ямар нэг зовуурь, шинж тэмдэг байгаагүй, эмээ нь тэврээд явж байсан. Мөн орой 20 цагийн үед бас тасгуудыг тойрч үзэхэд ямар нэг зовуурьгүй байсан болохоор хүүхдийн биед үзлэг хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95/

гэрчээр *******- мөрдөн байцаалтанд “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед уг хүүхдийн биеийн байдал нь хүндэрсэн, халуурсан, арьс нь эрээнтсэн тууралттай, унтаарсан, орчиндоо харьцаа сул, хүчилтөрөгч унасан, уураг алдагдсан, халуун буулгах тарианд халуун буухгүй болсон сэхээн амьдруулах тасаг руу энгийн тасгаас шилжиж ирсэн юм. Тэгээд би үүсгэгчийн эсрэг антибиотик буюу ванкомицин тариа шахуургаар, дархлаа  дэмжих роколикин тариа дуслаар, уураг нөхөх албумин тариа судсаар хийгээд хүчилтөрөгч маскаар өгсөн мөн допомин тариа, шинэ хөлдүү сивин тариа, дексамитазон тариа, ренгир тариа, новамин тариа, шээс хөөх пурсамед тариа, өвчин намдаах тариаг судсаар хийгээд ходоодонд зондоор хооллосон. Тэгээд орой 17 цагт ажил тарахынхаа өмнө сэхээний жижүүр эмч Мөнхбаярт хүүхэд амьсгалын дутагдалд орох юм бол дээд талын сэхээн амьдруулах тасгийн амьсгалын аппаратад авахыг бодоорой гэж сайн захиад явсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90/

гэрч Ч.У-“...Би гар болон хөлийн шархнаас гарсан шингэн хэсгээс нь нян ургуулах шинжилгээ авч лаборатори руу явуулсан юм... гар болон хөлөөс боолтын үед идээ гарч байсан мөн халуурсан учраас антибиотик эмчилгээг эхэлж цефотаксим 500мл-р натри хлоридын 0.9 процентын уусмалаар шингэлэн судсаар 6 цагийн зайтай тарьж эхэлсэн. Мөн ацид аскобиниси 5 процент 2мл-г гюлкоз 5 процентын уусмалаар шингэлэн судсаар хийлгээд, рингер уусмалаас 100мл-г судсаар дуслаар хийлгэсэн юм. ..Б.Б-хувьд унтуулганд орж боолт хийгдэж байсан учир заавал эмч сувилагч хоёр хоёулаа байж байгаад боолт хийдэг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-93/

гэрч Т.Б-мөрдөн байцаалтанд “...тухайн өдөр надад сувилагч болон тухайн хүүхдийг сахиж байсан сахиурын зүгээс халуурлаа, хүндэрлээ гэж огт хэлээгүй. Тухайн өдөр ээлжинд гарч байсан сувилагч л эмчлэгч эмчийн өвчний түүх дээр бичсэний дагуу эм, тарианы эмчилгээг хийдэг...хүүхдэд ямар нэг эм тарианы эмчилгээ бичээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97/

гэрч Э.Г-мөрдөн байцаалтанд “...дадлагажигч эмч Б.М-оос асуухад шархнаас нь МRSA гэдэг вирус илэрсэн, *******- эмч эмчилгээ бичсэн гэхээр нь за тэгвэл наад хүүхэд чинь хүндэрч байгаа юм байна *******- эмчдээ сайн захиж хэлээрэй гэж хэлсэн...Маргааш нь өглөө бүх эмч нар тойрон үзлэг хийхэд Б.Б- биеийн байдал хүндэрсэн орчны харьцаа суларсан улбагар байдалтай байхаар нь *******- эмчид хэлээд сэхээний тасаг руу шилжүүлээд *******- эмч үргэлжлүүлж эмчилсэн....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-48/

гэрч Б.Д-мөрдөн байцаалтанд “...Ээлж хүлээж авахад зовуурьтай өвчтөн дотор Б.Б-нэр байхгүй байсан. Тухайн үед түүнд эмчийн заавраар эмчилгээ хийсэн байх. Тэгээд би маргааш нь буугаад нэг дэх өдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өдрийн ээлжинд гарсан. Энэ үед Б.Б- нь сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн...Түүний хөлөнд Баярмаа нь уян зүүг авч боолт хийсэн гэж хэлж байсан. Намайг ээлжинд гарч байх хугацаанд Б.Б-сахиур нь халуурсан, зовуурилсан гэж надад мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99/

гэрч Г.Г-мөрдөн байцаалтанд...Өмнөх ээлжтэй өдрүүдэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Харин 5 дугаар сарын 13-ны өглөө ээлж авахад хүүхэд халуурсан, зовуурь илэрсэн гээд эмчилгээнд орсон байсан. Би өдрийн цагаар гарсан. Стори  дээр бичигдсэн эмчилгээ л хийсэн байх, яг ямар эмчилгээ хийсэн эсэхийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-102/

гэрч Э.Б-мөрдөн байцаалтанд “...би жижүүр сувилагчаар гарах хугацаандаа тус хүүхдэд стори дээр буюу эмчийн заалтаар эмчилгээ тариаг хийж байсан...Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өдрийн ээлжээр гарсан бөгөөд энэ үед талийгаачийн хүүхдийн хөлөн дэх уяан зүүг авсан, эмчийн заалтаар авсан бөгөөд эмч нь уян зүү тавьсан хэсэгт улайсан байна зүүг нь авчих гэхээр нь би уян зүүг авсан. Намайг зүүг авах үед уян зүү тавьсан хэсэгт улайсан байсан, уян зүүг нь аваад кампериэс буюу натрийн уусмалаар жин тавьж өгсөн. Энэ нь гадны халдвар бактери орохоос урьдчилан сэргийлэх эмчилгээ юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104/

гэрч О.С-мөрдөн байцаалтанд “...Боолт хийхдээ боолтын өрөөнд боолтын сувилагч ариутгасан багаж материалаар авч ирээд эмчлэгч эмчдээ багаж материалыг нь авч өгөөд эмчлэгч эмч нь өвчтөний боолтыг сольдог юм. Б.Б-биед стандарт журмын дагуу л боолт хийгдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 225/, 

          шинжээч эмч Б.Д-“... өвчтөнд хийсэн эмчилгээ нь хордлого тайлах, антибиотик, мэс заслын эмчилгээ хийгдсэн нь тохирсон эмчилгээ байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 229-230/

1-р хавтаст хэргийн  124-143 дугаар хуудсанд авагдсан өвчний түүх, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б.Б-гээс авсан микробиологийн шинжилгээ /1хх-ийн 149/, ГССҮТ-ийн нэгдсэн лабораторийн 2019 оны 5 сарын 13, 14-ний өдрийн шинжилгээний хариу /1хх-ийн  150-151/,  жижүүрийн эмчийн эмчилгээ /1хх-ийн 152/,  эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /1хх-ийн 154-155/, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг хянах хуудас /1хх-ийн 156-159/, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, боолтын сувилагч /1хх-ийн 160-167/ гэсэн баримтуудаар амь хохирогч Б.Б.Б-д мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ хийгдэж байсан байна гэж үзэхээр байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзлээ.

Хэргийн материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай дүгнэлтээс үзэхэд  “ Б.Б-биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна...Мэс заслын дараа Б.Б-биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна...Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна...мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна.” /1хх-ийн 112-116/ гэж дүгнэсэн нь эмч *******-яллах үндэслэл болсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “эмнэлгийн  мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзүүлэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” үйлдэл, эс үйлдэхүйг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.   

 

Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон түүнтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулиар зохицуулсан байх ба эмнэлгийн мэргэжилтэн эдгээр хуульд заасан тусламж үйлчилгээг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүйг, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тооцдог.  Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээг хууль, дүрэм, журам, стандартын дагуу үзүүлсэн боловч өвчтөнд учирсан аливаа эрсдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм. 

 

Түүнчлэн шинжээчийн дээрх дүгнэлтийн “...мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна” гэснээс үзэхэд эмчлэгч эмчийг шууд буруутгах үндэслэл болохгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд эмчлэгч эмч *******-ын үйлдэл, эс үйлдэхүйгээс 1 нас 8 сартай Б.Б-амь нас хохирсон гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. 

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Гөрөөч овогт Отгонсуурийн *******-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******-цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

*******-т авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                             

 ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Гөрөөч овогт Отгонсуурийн *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******-цагаатгасугай.

 

2. Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ