Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01549

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01549

Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, 16-р байрны 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр НЗ74101728, Боржигон Шарав овогтой Оюуны Сарантуяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, 3-р хороолол, 23б байрны 97 тоотод оршин суух, /одоо Баянгол дүүргийн 20-р хороо, 10-р байрны 38 тоотод түр оршин суух/, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ВА77081303, Боржигон  овогтой Дагвын Мөнхзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 105 333 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Сарантуяа, хариуцагч Д.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхзаяа нь 2014 оны 3-р сарын 20-ны өдөр надаас 10 000 000 төгрөг, 7 хоногийн дараа 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг амаар тохирч зээлсэн. Хэдэн сарын хүүг төлсөн боловч 2015 оны 08-р сар хүртэл зээлээ төлөөгүй тул 2015 оны 8-р сарын 25-нд нотариаар орж зээлийн гэрээг хийсэн. Д.Мөнхзаяа нь 2015 онд 2 000 000 төгрөг төлсөн, хүү өгөөгүй. Д.Мөнхзаяаг адилхан үр хүүхэдтэй, нялх хүүхэдтэй байсан болохоор ойлгоод жил гаруй хугацаанд мөнгөө нэхээгүй. Иймд Д.Мөнхзаяагаас үндсэн зээл 13 000 000 төгрөг, 8 сарын хүү 10 105 333  төгрөг нийт 23 105 333 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би махны бизнес эрхэлдэг бөгөөд 2014 оны 3-р сарын 20-нд  Сарантуяагаас мөнгө асууж байсан юм. О.Сарантуяа “хүнээс асууж өгье, хүү нь 8 хувь” гэсэн, тэгээд зээлэхээр болсон. Эхлээд 10 000 000 төгрөгийг сард 800 000 төгрөгийн хүүтэй зээлсэн, дараа нь 6-р сарын 8-нд 5 000 000 төгрөг  нэмж зээлсэн. Хүүгээ төлж байсан. Би 2015 оны 03-р сарын 02-нд банкнаас зээл аваад 2 000 000 төгрөгийг өгч хасуулсан. Миний бизнесийн  үйл ажиллагаа саатаад хүүгээ төлж чадахгүй болсон. Тэгээд 2015 оны 8-р сарын 25-нд зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Би өнгөрсөн оны 8 сараас Хархорин худалдааны төвд хүүхдийн хувцас зарж эхэлсэн боловч давхар давхар зээл, хүү төлөөд өрнөөсөө гарч чадахгүй байна. Зээлээс 13 000 000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Сарантуяа нь Д.Мөнхзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 105 333 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

О.Сарантуяа нь 2015 оны 08-р сарын 25-ны өдөр Д.Мөнхзаяатай “Зээлийн гэрээ” байгуулж, 13 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 3/ тохирчээ. 

 

   Иргэний хуулийн  281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.

 

  Харин зээлдүүлэгч нь Д.Мөнхзаяатай амаар тохирч 2014 оны 3-р сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 6-р сарын 8-нд 5 000 000 төгрөг тус тус зээлүүлсэн, зээлдэгч үүнээс 2 000 000 төгрөгийг төлж, бусад зээлийг төлөөгүйгээс талууд 2015 оны 8-р сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.  

 

  Энэ гэрэний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 13 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсанд тооцох, гэрээний дагуу хүү төлөх үндэслэлгүй байна. Иймд урьд зээлсэн 15 000 000 төгрөгөөс төлөөгүй байгаа 13 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дагвын Мөнхзаяагаас 13 000 000 /арван гурван сая/  төгрөг гаргуулж Оюуны Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 10 105 333 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 477 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхзаяагаас 222 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА