Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/611

 

                      

 

 

 

                             

 

  

   2021          9          22                                   2021/ШЦТ/611

 

  

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000510 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 02 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .... ресторанд тогооч ажилтай, ам бүл 2 эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух хаягтай, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн  торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: /, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

*******- нь 2021 оны 3 дугаар сарын 31-нээс  4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-биед халдан зодож эрүүл мэндэд нь уруулд ялзарсан шарх, нэг шүдний эмтрэл, баруун алганд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

   2021 оны 3 дугаар сарын 31-нээс  4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Хансүрэнгийн биед халдан зодох явцад газарт унасан Б.Х-эзэмшлийн Самсунг эс-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

   2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар байрны 3 тоотод хохирогч Э.Э-гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний өмчлөлийн Самсунг А-21, Эс-7 маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 424.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

      

         Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. хохирогч  Э.Э-424.500 төгрөгийн хохиролыг мобайл банкаар шилжүүлсэн. Иргэний нэхэмжлэгч М.Г-хохирол 50.000 төгрөгийг нөхөн төлөх гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дугаарууд нь холбогдохгүй байна. Иргэний нэхэмжлэгчийн хохиролыг төлөхөд би одоо ч бэлэн байна.  Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв

 

           Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт”, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч *******-ын үйлдэл тус бүр шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;

     

Нэг. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар

Шүүгдэгч *******-  2021 оны 3 дугаар сарын 31-нээс  4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-биед халдан зодож эрүүл мэндэд нь уруулд ялзарсан шарх, нэг шүдний эмтрэл, баруун алганд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж,

мөн цаг хугацаанд хохирогч Б.Х-Самсунг эс-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

           гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан “...2021 оны 3 дугаар сарын 31-нээс  4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө...Баруун дөрвөн замын хойд талын автобусны буудал дээр үл таних хоёр эрэгтэй хүн зодож, Самсунг эс-7 маркийн гар утсыг дээрэмдсэн...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 01/

 

          хохирогч Б.Х-мөрдөн байцаалтанд “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний бие Байгалийн түүхийн музейн ойролцоо байрлах Ганаа эгчийн гэрт нь  Алтантуяа, Ганцэцэг нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад оройн 22 цаг 30 минутын орчимд гэртээ харихаар ганцаараа тухайн айлаас гарч явсан. Би тухайн айлаас гараад гар утсаараа хүнтэй ярингаа алхаж явсаар байгаад Байгалийн түүхийн музейгээс Баруун дөрвөн замын хойд талын автобусны буудал дээр ирсэн. Би тухайн автобусны буудал дээрээс унаанд сууж гэртээ харих санаатай зогсож байсан бөгөөд намайг зогсож байх үед тухайн автобусны буудал дээр цагаандуу өнгийн суудлын автомашин зогсож байсан. Уг автомашины цаад талаас нэгэн үл таних эрэгтэй хүн зам хөндлөн гарч над дээр ирээд ямар шалтгаанаас болсон гэдгийг нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үл таних эрэгтэй  хүн намайг “балай авгай, яахаараа зам дээр зогсож байдаг юм” энэ тэр гээд байхаар нь би айсандаа цагдаагийн 102 дугаар руу залган, болж буй асуудлын тараар дуудлага мэдээлэл өгөөд гар утсаа өмсөж явсан хүрмийнхээ дотор талын халаас руу хийтэл тухайн эрэгтэй “зайл авгай минь” гэж хэлээд миний уруулын зүүн дээд тал руу гараараа нэг удаа цохисон. Би тухайн эрэгтэйд цохиулсны улмаас ар нуруугаараа газар унасан бөгөөд намайг унах үед миний  өмсөж байсан хүрмийн дотор талын энгэрийн халаасанд байсан Самсунг Эс-7 маркийн гар утас газар унасан. Миний гар утас баруун мөрний харалдаа дээд хэсэгт газар унасан бөгөөд намайг цохисон эрэгтэйн ард талаас нь өөр нэгэн эрэгтэй хүн намайг цохисон эрэгтэйд хандаж “гар утсыг нь аваач” гэж хэлтэл намайг цохисон эрэгтэй хүн миний газар унасан байсан Самсунг Эс-7 маркийн утсыг газраас аван намайг цохиж газар унагаасан газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт буюу Гранд плаза төвийн зүг рүү гүйсэн. Гар утсыг нь аваач гэж хэлсэн эрэгтэйн царайг би огт хараагүй. Харин намайг  цохиж газар унагааж, гар утсыг маань газраас авч зугтаасан эрэгтэйн царайг би ерөнхийдөө харсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 108-109/

 

         гэрч М.Г-мөрдөн байцаалтанд “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Оргил над руу холбогдож “ахаа миний таньдаг хүнд Самсунг Эс-7 загварын гар утас байна” гэж хэлэхээр нь би Оргилтой модны хоёрын дунд зам дээр уулзаад Оргил гар утас зарна гэсэн хүн рүүгээ холбогдоод “зарах гар утас чинь байгаа юу” гэж асуухад нөгөө хүн нь байгаа 50.000 төгрөгөөр зарна, ирээд ав, ирэхдээ татах тамхи аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Оргил бид хоёр тухайн эрэгтэй хүн болох Тамир гэх эрэгтэй хүнтэй уулзсан. Тухайн эрэгтэй хүзүүн дээрээ шивээстэй, нүд нь хөхөрсөн байдалтай байсан ба Оргилтой юм ярьж байхыг нь сонсоход өмнөх өдөр нь архи уугаад шартаж үхэх нь мөн бусадтай зодоон хийсэн гэж ярьж байсан. Тэгээд би Тамир гэх эрэгтэйн зарах гэж байгаа Самсунг Эс-7 загварын мэдрэгчтэй дэлгэцтэй урд болон ард талын таг нь хар өнгөтэй гар утсыг түүнээс авч үзэхэд ажиллагааны хувьд ямар нэгэн асуудалгүй, доторх бүх зураг, дугаар гэх мэт файлууд устгасан байдалтай, хоосон байсан. Тэгээд Тамир гэх хүнд бэлнээр 30.000 гаруй мянган төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрийн нэр дээрх Хаан банкны 5063343993  дугаарын дансанд байсан 5.000-10.000 төгрөгөө шавхаад мобайл банк ашиглан гар утас зарж буй Тамир гэх эрэгтэйн данс руу шилжүүлж гар утсыг нь худалдаж авсан. Тэгээд Тамир гэх эрэгтэйгээс салаад явсан ба би уг гар утсыг тухайн өдрөөс хойш одоог хүртэл өөрөө ашиглаж байсан...Тэгээд би гар утсаа худалдаж аваад ашиглаж байтал хэд хоногийн дараа цагдаагийн газраас намайг дуудан Тамираас худалдаж авсан гэх гар утсыг дээрмийн гэмт хэрэг үйлдэж авсан гэж хурааж авсан юм. Миний бие Тамираас худалдаж авсан гар утасны үнэ болох 50.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 110-112, 116/

 

        гэрч Г.Б-мөрдөн байцаалтанд “...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр миний бие автомашинаараа халтуурт явж байтал танил Тамираа над руу залгаад Самсунг Эс-7 маркийн гар утас 50.000 төгрөгөөр зарна, намайг авах уу гэж асуусан. Тухайн өдрөөс хэд хоногийн өмнө надтай адилхан хувийн автомашинаараа халтуурт явдаг Гантулга ах гар утас худалдаж авна гэж хэлж байсныг санаад Гантулга ахад миний нэг танил Самсунг Эс-7 маркийн гар утас зарна гэж байна гэсэн чинь Гантулга ах уулзъя гээд бид хоёр уулзсан. Тэгээд би Гантулга ахтай уулзаад Тамир руу залгаад зарах утас чинь байгаа юм уу гэхэд Тамир зарах утас байгаа гэртээ байна хүрээд ир, хүрч ирэхдээ 40.000 төгрөг болон нэг хайрцаг тамхи аваад ир гэхээр нь би Гантулга ахыг дагуулаад Тамирын Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байдаг гэр хороололд байрлах гэрийнх нь гадаа очиход Тамир ганцаараа  ирж миний машинд суугаад зарах гэж байгаа урд болон ард талын таг нь хар өнгөтэй, Самсунг Эс-7 маркийн гар утсаа Гантулга ах бид хоёрт үзүүлсэн. Тамир машинд суухад нэг нүд нь хөхөрсөн байсан ба Гранд плазагийн орчимд нэг найзтайгаа согтуу явж байгаад хэсэг хүмүүстэй зодолдсон гэж ярьсан. Гантулга ах бид хоёр Тамирын зарах гэж буй гар утасны ажиллагааг шалгахаар оролдож үзэхэд ажиллагааны хувьд хэвийн ажиллаж байсан ба дотор нь ямар нэгэн зүйл байхгүй. Өмнөх хадгалсан зүйлсийг нь бүгдийг устгаж шинэчлэл хийсэн байсан. Тэгээд Гантулга ах Тамирын зарах гэж буй Самсунг Эс-7 маркийн гар утсыг худалдаж авахаар болоод миний санаж байгаагаар талыг нь бэлнээр талыг нь өөрийнхөө данснаас Тамирын данс руу шилжүүлж мөнгийг нь төлөөд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118/

 

гэрч П.Г-мөрдөн байцаалтанд “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Монголын Үйлдвэрчний соёлын төв ордны орчимд хоёр залуу над руу дайраад байна гэх утгатай дуудлага мэдээллийг очиж шалгах үүрэг чиглэлийг Бэгэр-10-аас өгсний дагуу миний бие болон саатуулах байрны цагдаа жолооч, ахлах ахлагч Ганбаатар бид хоёр уг дуудлага мэдээллийг хүлээн авсан дариудаа албаны зориулалттай фургон автомашинтай хэлтсийн байрнаас гарсан. Дуудлага мэдээлэл өгсөн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны ард талд очиход тухайн газрын ойр орчимд ямар нэгэн хүн байхгүй байсан учир жолооч, ахлах ахлагч Ганбаатар дуудлага мэдээлэл өгсөн хүний гар утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байхаар нь утас руу нь байн байн залгаад машин дотроо сууж байтал бид хоёр дээр амнаас нь бага зэрэг цус гараад, амаа бараан өнгийн алчуур мэт зүйлээр дарсан  50 гаруй насны бололтой дээгүүрээ саарал өнгийн хүрэм өмссөн эмэгтэй хүрч ирээд “хоёр эрэгтэй миний нүүр рүү гараараа цохиод, миний гар утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлэхээр би тухайн эмэгтэй хүнээс та цагдаагийн 102 дугаарт өгсөн гэхээр машиндаа суулгаад тухайн эмэгтэйн эд зүйлийг дээрэмдсэн гэх этгээдийг ойр орчимд эрэн сурвалжилсан боловч олдоогүй юм. Тэгээд тухайн эмэгтэйг хэлтэст авч ирээд жижүүрийн ахлах хошууч Намнандоржид хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133/

 

гэрч Ш.Н-мөрдөн байцаалтанд “...ахлах ахлагч П.Ганзориг, Д.Ганбаатар нар нь уг дуудлага мэдээллийг шалгаад 50 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дунд зэргийн согтолтын байдалтай эмэгтэйг, хэлтэс дээр авч ирсэн. Тухайн эмэгтэй гадуураа шаргал өнгийн хавар, намрын улирал өмсдөг нимгэн хүрэм өмссөн байсан ба түүний амнаас цус гарч уруул болон өмсөж явсан шаргал өнгийн хүрэмний яг аль тал гэдгийг нь санахгүй байгаа хэдий ч энгэр хэсэгт нь шинэ цусан толбо тогтсон байсан. Би тухайн эмэгтэйгээс болсон асуудлын талаар асууж тодруулахад Хандсүрэн гэх эмэгтэй  Монголын Үйлдвэрчний соёлын төв ордны хойд талд үл таних хоёр эрэгтэй хүн миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, Самсунг эс-7 маркийн гар утсыг авч зугтсан гэх яриа өгүүлэл гаргаж байсан учир хохирогч Хандсүрэнгийн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн 91818848 дугаарын гар утас руу жижүүрийн албаны хэрэгцээнд ашигладаг 96167702 дугаарын гар утаснаас залгаж үзэхэд уг дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би хохирогч Хандсүрэнг тухайн өдөр жижүүрийн эрүүгийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Ц.Дэлэгжунайд хүлээлгэн өгч болсон үйл явдлыг материалжуулан шалгах үүрэг чиглэл өгсөн боловч тухайн эмэгтэй мар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй, тухайн үед мэдүүлэг өгөхөөс татгалзаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 137/

 

М.Г-эзэмшлийн Хаан банкны депозит дансны 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 64/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...00:05:42 цагт ертөнцийн зүгээр урд талын баруунаас зүүн тийш чиглэлтэй автомашины замаар хөндлөн зүүн хойд зүгт зүүнээс баруун чиглэлтэй нэвт хар хувцастай хоёр эрэгтэй хүн гүйж байх ба түүний ардаас 00:05:51 цагт цагаан өнгийн пальтотой мэт хувцастай эмэгтэй хүн хөөж гүйж байгаа дүрс бичлэг байх ба гүйж байсан гэх хоёр хувцастай хүн нь хяналтын бичлэгт харагдаж байгаа барилгын зүүн хэсэг рүү 00:06:05 орчхоод буцаж гараад гүйж байх ба энэ хооронд явган хүний замаар алхаж байсан 2 хамааралгүй хүн дээр 00:06:10 цагт замаар гүйж байсан эмэгтэй хүн очсоноор тухайн хяналтын камерын бичлэгийн дүрс нь хөндлөн урт зураас үүсэж сарниад тус бичлэгийн цагаар 00:06:34 цагт дуусав.” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 11-12/,

 

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 42-49/,

 

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 50-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2928 дугаартай “Б.Х-биед уруулд ялзарсан шарх, нэг шүдний эмтрэл, баруун алганд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 139-140/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг эс-7 маркийн гар утас 1 ширхэг 180.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 162-163/

 

сэжигтнээр *******- мөрдөн байцаалтанд “би тухайн өдөр өөрийн тээврийн хэрэгслийг засварт хуучин ажлын байрны бармен дүү над руу залгаад таарч суух уу гэж залгахаар нь би зөвшөөрч дүү Тэмүүжингийн гэр лүү 14-15 цагийн үед осон санагдаж байна. Тэгээд Тэмүүжин нь 2.5 литр боргио нэртэй пиво 3 шил нийслэл нэртэй пиво 3 шилийг аваал Тэмүүжингийн гэрт Тэмүүжингийн найз гэх 2 залуу нийтдээ 4-лээ тухайн пивыг хувааж уусан. Хуягаа гэх дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд пиво дуусаад Тэмүүжин ахаа нэмж уух юм авах уу гэхээр нь би хэрэггүй ах нь Баттулгатай уулзана гэж хэлээд Баттулгыг аваад бид 2 Төмөр замын удирдах газрын ард талд Центр пабд хүргүүлсэн. Баттулга бид 2 Хуягааг явуулаад гаднаас экс нэртэй 0.75 литрийн архи, ундаатай аваад Центр пабд орж уусан юм. Архи ууж дуусгаад Центр паб нь хаалгаа барилаа гэхээр нь Баттулга тухайн пабаас гарсан. Тэр үед би цагийг анзаарч хараагүй. Тэгээд би машины зам дээр алхаж жолооч нартай муудалцаад зодоон болоод Баттулга бид 2 зодуулсан. Баттулга бид 2 манай эмээгийнх рүү явж хоноё гээд такси барих гэтэл такси зогсохгүй бид 2 алхаад Баруун 4 замын хойд талын автобусны буудал дээр очсон. Тэгсэн тухайн буудал дээр 1 эмэгтэй зогсож байсан ба Баттулга бид 2-ын бичлэгийг хийгээд байхаар нь Баттулга бид 2 зайл яв яах гэж бичлэг хийгээд байгаа юм бэ гэтэл тэр эмэгтэй явахгүй байсан. Мөн бичлэгээ устгаад явалдаа та гэхэд тэр эмэгтэй урдаас хэрэлдээд та 2-ын бичлэгийн Фейсбүүк дээр байршуулна гээд байсан. Баттулга бид 2-ын уур хүрээд хоорондоо утсыг нь аваад саваад эвдчих үү гэж ярьсан. Тэгээд Баттулга бид 2 тухайн эмэгтэй рүү очоод тухайн эмэгтэйн гараас утсыг нь би шүүрээд аваад зам гараад явсан. Араас Баттулга гүйж ирээд бид 2 манай эмээгийнх рүү алхаад эмээгийн байрны орцонд ороод Баттулга бид 2 тасраад унтчихсан байсан. Өглөө сэрэхэд Баттулга миний хажууд байхгүй байхаар нь орцноос гараад Баттулгыг явчихсан гэж бодоод гэр лүүгээ явсан. Яг үнэндээ Баттулга бид өөр өөр давхарт тасраад унтчихсан юм шиг байна лээ...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч *******- нь хохирогч Б.Хандсүрэнд 180.000 Хатөгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Харин Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч *******- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Б.Х-бие махбодод халдаж “уруулд ялзарсан шарх, нэг шүдний эмтрэл, баруун алганд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******- нь хохирогч Д.Хандсүрэнг “зайл авгай минь” гэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж газарт унагах үед энгэрийн халааснаас нь газарт унасан Самсунг Эс-7 маркийн гар утсыг нь авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          Хоёр. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар

Шүүгдэгч *******-           2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар байрны 3 тоотод хохирогч Э.Э-гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүний өмчлөлийн Самсунг А-21, Эс-7 маркийн хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 424.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 209/

           хохирогч Э.Э-мөрдөн байцаалтанд “...2021 оны  3 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 20 минутын үед Монгол 3 дугаар сургуулийн урд талаас такси бариад хороолол орчмоор паб ресторан хайж яваад байхгүй болохоор нь буцаад 3 дугаар сургуулийн баруун талд байрлах 16 дугаар байранд хүргүүлээд 3 найзтайгаа уулзахаар дуудсан байсан. Таксины жолооч 30 гаруй насны  залуутай сууж байгаад хамт манай гэрт найзуудыг иртэл байхаар болсон. Би зам дагуу байдаг Сэргэлэн мандал дэлгүүрээс пиво аваад бид хоёр хамтдаа манайд орсон. Авсан пиво уугаад хөзөр тоглосон...Их уусан байсан болохоор согтоод унтаад өгсөн. Өглөө 4 цагт сэрээд цагаа харах гэтэл утаснууд байгаагүй. Самсунг А-21, Самсунг эс-7 маркийн гар утаснууд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 213-214/,

 

гэрч Д.Ө-мөрдөн байцаалтанд “...миний 36-04 УБИ улсын дугаартай хар өнгийн тоёото приус 30 маркийн авто машиныг манай дүү болох Тамир унадаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-219/,

 

яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 19-120 тоотоос таксинд явах гээд эгч Өнөрцэцэгийн 36-04 УБИ улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс 21 цагийн орчим нэг эмэгтэй гар өргөж байхаар нь суулгасан чинь согтуу байсан бөгөөд онгорхой бар караоке байна уу хүргээд өг гэхээр нь хорооллоор явж байгаад “Винсвэе” орсон чинь манайх хаах гэж байна гээд оруулаагүй тэгээд урт цагааны караоке орох гэсэн чинь бас хаалттай байсан юм. Тэгээд онгорхой юм олдохгүй нь гэсэн чинь за буцаад явъя гээд 3 дугаар сургуулийн хажууд очоод таксины мөнгө 10.000 төгрөг гарсан байсан бөгөөд нөгөө эмэгтэй манай хоёр найз ирж байгаа чи манайд ороод цуг байж байгаач гээд бид хоёр тэдний гэрт 2 том пиво аваад орсон юм. Тэгээд нэг пивыг нь задлаад бид хоёр уусан би аягаар хоёр уугаад сууж байсан чинь нэг залуутай утсаар хэрэлдээд байсан бөгөөд би явлаа мөнгөө авчихъя гэсэн чинь мөнгө ерөөсөө ярихгүй байсан. Тэгээд нэлээд согтоод орондоо ороод хэвтсэн юм. Тэгээд би явлаа гэсэн чинь тэр эмэгтэй тасраад уначихсан юм. Тэгээд харсан чинь дэрнийх нь хажууд Самсунг эс-7, Самсунг А-21 маркийн гар утаснууд байхаар нь тэрийг нь аваад гараад явсан юм. Тэгээд машин дотроо унтаж байгаад үүр цайхаар нь гэр рүүгээ яваад тухайн гар утаснуудыг хоёр хоногийн дараа “Теди” төвийн үүдэн дээр явж байгаад танихгүй хүнд зарчихсан юм. Одоо тэр хүнийг харвал танихгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 04/

 

Камерын бичлэгт 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 238-239/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 240-244/,

 

 “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг эс-7 гар утас 1 ширхэг 48.000 төгрөг, Самсунг А-21 гар утас нэг ширхэг 377.400 төгрөг, нийт 425.400 төгрөг болно” гэсэн тайлан /1хх-ийн 235-236/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Э.Э-гэрт нь түүний зөвшөөрлөөр хамт байхдаа түүний өмчлөлийн Самсунг А21 маркийн 377.400 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, Самсунг эс 7 маркийн 48.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нийт хоёр ширхэг 425.400 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан  санал дүгнэлтийг,

шүүгдэгч *******- болон түүний өмгөөлөгч Д.Амаржаргалаас “хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй”  хүлээн зөвшөөрч оролцлоо.

           Хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн болно.

 

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******-т эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хуулийн үндэслэлтэй.

            *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******- нь хэд хэдэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд                                                                                                                                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заасан байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Хохирогч Б.Хандсүрэнд Самсунг Эс-7 гар утсыг биет байдлаар буцаан өгсөн,  хохирогч Б.Х-өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч *******-ыг хохирогч Б.Хандсүрэнд төлөх төлбөргүйд,  иргэний нэхэмжлэгч М.Гантулгад 50.000 төгрөг нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, хулгайлах гэмт хэргийн  хохирогч Э.Энхзулд 424.500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч *******-т оногдуулсан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

*******-ын үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж буй хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг нь  тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

 

 Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хоёр жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийг хасаж хорих ялын эдлээгүй үлдсэн нэг жил арван нэгэн сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив. 

 

*******-ын зорчих эрхийг шүүхээс тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

     

Хэрэгт ирүүлсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч *******-ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт,

   “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

               “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

           2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

           -мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

            -мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

           3. *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  оногдуулсан гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

           4. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

           5. *******-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

           6. Шүүгдэгч  *******-т оногдуулсан нийт хоёр жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 29 хоногийг эдэлсэнд тооцож эдлээгүй үлдсэн нэг жил арван нэгэн сар нэг хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

             

             7. *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай. 

 

             8.  Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            9. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

             10. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ