Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/615

 


 

 

 

 

 

 

2021        9          27                               2021/ШЦТ/615

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

хохирогч С.Ч-

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Р.Булгамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105013521092 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964  оны 4 дүгээр сарын 24-нд Архангай аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны  тоотод оршин суудаг, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, /РД: / *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80а байрны гадна хохирогч С.Ч-зодож түүний биед тархины доргилт, хоёр нүдний дээд доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт,  духны гол дээд хэсэг, хамрын хянга, зүүн хөмсөгний гадна үзүүрээс доош хацар хүрсэн, эрүүнд оочны зүүн талд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      

        Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед нөхөр Бтэй утсаар ярихад одоо очлоо гэж хэлсэн. Тухайн өдөр нөхөр маань орой болтол ирээгүй. Утас руу нь залгахад салгаад байсан. Манай хамаатны хүүхэд ахын машинд  нэг эмэгтэй суугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд дүүгээрээ дүрслүүлж хэлэхэд С.Ч- мөн байсан. Би орой ажлаа тараад С.Ч- уулзъя гэж бодсон. Сүүлийн 5 жилийн хугацаанд С.Ч- манай нөхөртэй явалдсан. Би 5 жилийн хугацаанд маш их сэтгэл санаагаар хохирсон, үр хүүхдүүд маань ч маш их хохирсон. С.Ч- манай нөхрийг уруу татаж уулзъя гэж түрүүлж хэлдэг. Хамт зугаацаж явж байсан зургууд нь надад байгаа. С.Ч-д маш их гомдолтой байна. Би өмнө нь С.Ч-ын ажил дээр очиж уулзаж байсан. Бид нар жоохон хүүхдүүдтэй битгий манай нөхөртэй уулзаач дээ гэж гуйсан. Чамтай хамт 4-5 хоног яваад ирэхээр хүүхдийн маань бие муудаад байна та хоёр одоо боль гэж би хэлж байсан. Тухайн үед за гэж хэлчхээд дахиад  манай нөхөр рүү залгаад байдаг байсан. Дандаа түрүүлж өөрөө утасддаг, баримтууд нь байгаа. Миний амьдралд энэ эмэгтэй орж ирснээс хойш их хэцүү болсон. Сэтгэл санаагаар унаж маш хүнд байдалд байдаг болсон. Тэгээд би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уулзъя гэж бодоод очтол С.Ч- согтуу байсан. Манай нөхөртэй тухайн өдөр дэлгүүр ороод хамт эд зүйл аваад хамт явж байгаа талаарх бичлэгүүд нь байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи хаана байж байгаад ирэв гэж асуутал С.Ч- би хиамаа тараагаад ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд өөр хүнтэй утсаар яриад намайг үл тоогоод надад өөртэйгөө ярилцах боломж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би утсаар ярихаа болиоч ээ гэж хэлээд утсыг нь аваад утсаар нь түүнийг цохисон. Надад олон жилийн гомдол байсан. Би тухайн үед үнэхээр өөрөөр юу гэж хэлэхээ мэдээгүй. Би 5 жилийн турш гэр бүлийн ийм байдалтай явсан бухимдлаа гаргаж С.Ч-д гэмтэл учруулсан нь үнэн. Маш их харамсаж гэмшиж байна. Миний үр хүүхдүүд ач, зээ нар бид нар бүгдээрээ С.Ч-д гомдолтой байна. Хоёр жилийн өмнө энэ эмэгтэйгээс болж би нөхрөөсөө салж байсан. Анхан шатны шүүхийн баримтууд С.Ч-ын зургууд нь надад байна. Нөхөр бид хоёр салаад 8 настай хүүхдээ бодоод буцаад эвлэрсэн. Эргээд 2-3 сарын дараа С.Ч- гараад л ирдэг байсан. Иймэрхүү байдалтай өнөөдрийг хүрсэн. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. С.Ч-д миний учруулсан хөнгөн гэмтлээс,  миний 5 жилийн турш гэр бүлийн амьдрал дахь сэтгэл санааны зовлон илүү их гэж би бодож байна.  Одоо нөхөр Б бид хоёр энэ асуудлаас болж салж байгаа. Би бол С.Ч-д гомдож байна. С.Ч-д хандаж хэлэхэд дахин өөр бусдын  гэр бүлийн амьдралаар битгий тоглож байгаарай гэж захиж хэлэх байна. ” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч С.Ч-“2021 оны 7 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед ажлаа тараад байрныхаа гадаа ирэхэд Наранчимэг байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би *******-зугтаагүй. Би утсаар ярьчхаад гар утсаа далд хийгээд байж байтал миний цүнхийг ухаад гар утсыг минь аваад чамд өөр утас байна уу, дахиад ямар нэг утас байна уу, энэ утсан дээр чинь манай нөхрийн дугаар байна уу гээд байсан. Миний цүнхийг ухаад энэ чинь мөнгөтэй цүнх байна шүү дээ гээд г надад буцааж өгсөн. Тэгээд миний толгой руу цохиод нүүр маажиж самардаад байхаар нь би чамайг шүүхэд өгнө. Хоёулаа шүүх дээр уулзъя гэж хэлсэн. Тэгтэл миний гар утсыг булааж аваад явсан.
Маргааш нь би ажилдаа явж чадаагүй. Миний утас байхгүй мобайл банкаа ашиглаж чадаагүй. Би гар утсаа мөрдөн байцаагчаас авсан. Би гар утасгүй байсан учраас тухайн өдөр гомдол гаргаж чадаагүй. Надад Наранчимэг гэмтэл учруулсан. Миний биен дээр гэмтлийн улмаас бий болсон сорвинууд нь байна. Одоо болтол бүрэн эдгээгүй. Миний бие маш их өвдсөн. Битүү хавдартай байсан. Маш их гомдолтой байна. Эрүүл байсан биед гэмтэл учруулсан. Олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Зардлаа нэхэмжилнэ. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би лангуун дээрээ өөрөө сууж чадаагүй өөр хүн хөлсөлж суулгасан. Баримтаа бүрэн хавсаргуулж чадаагүй.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч С.Ч-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед өөрийн ажил болох Дэнжийн 1000 шонхор захаас гараад такси барих гээд зогсож байсан чинь Б жолооч та такси барих гэж байгаа юм уу гэж асуухаар нь тийм ээ гэж хэлээд түүний машинд суугаад Яармагийн Номин орж хүнс аваад Нисэхийн 2 дугаар буудал дээр буугаад таксигаа явуулсан /Б/.  Тэгээд би эгч Энхтуяагийн гэрт байж байгаад 21 цагийн үед Баянгол дүүргийн 05 дугаар хороо 80А байрны гадаа гэр рүүгээ орох гээд явж байсан чинь *******- хүрч ирээд надад хандаж чи сая Бтэй явж байгаад ирсэн юм уу, гэж асуухаар нь би түүнд хандаж тийм юм байхгүй юу яриад байгаа юм бэ, гэж хэлсэн чинь Наранчимэг миний Самсунг А51 маркийн гар утсыг булааж аваад миний нүүр хэсэг рүү утас барьсан гараараа 2-3 толгой, хоёр нүд, хамар, хацар, нүүр хэсэгт цохиод нүүр хэсгийг самардаад миний гар утсыг өгөлгүй цаашаа авсан. Би түүний араас чамайг би шүүхэд өгнө гэж хэлээд үлдсэн. Би Б гэж хүнийг таньдаг болоод 3-4 жил болж байна. Б нь таксинд явдаг учир захын гадаа зогсож байдаг зүс танихаас өөр зүйлгүй хүн. Би Наранчимэгийг танихгүй одоогоос жилийн өмнө 2020 оны намар нөхөр Бтэй хардаад намайг майжиж байсан би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Би толгойн зургаа 130.000 төгрөгөөр авахуулсан. Цаашдаа эмнэлэгт хэвтэж чиглүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч Б.Б-мөрдөн байцаалтанд “Би Гачууртаас гэр рүүгээ ирж байхад 17 цагийн үед над руу ээж 9...... гэсэн дугаараас нөгөө хүн ирээд хаалга нүдээд байна. Чи ирэх болж байна уу гэхээр нь би энэ гэрийн хаягаа өгсөн. Би сайн мэдэхгүй. Ээж С.Ч-ыг 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй манай ээжийг хэл амаар доромжлоод цохиод, мөн гар утсыг нь булаагаад явсан байсан. Дахин асуудал үүсгэж зодолдож магадгүй гэж бодсон учир дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/

 

        Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р  хороо Нуурын 12-р гудамж 192 тоот хашаанд байх нийтийн байран дотор байж байгаад 15 цаг 30 минутын үед нөхөр С.Бгийн ......... дугаар руу залгаж хаана байгаа юм бэ ирэх болж байгаа юм уу гэж асуусан чинь чи юм аа хийгээд байж бай би удахгүй яваад очно гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би 17 цаг 30 минутын үед нөхрийн дугаар руу залгасан чинь утас нь холбогдохгүй болсон байсан. Би тэндээс яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Дэнжийн 100 зах дээр явж очоод хүнээс нөхрөө асуусан чинь, нөхрийн чинь машинд С.Ч- суугаад явсан гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн дугаар руу залгасан чинь холбогдохгүй байсан. 21 цагийн үед Баянгол дүүргийн 05 дугаар хороо 80А байрны гадаа нь очоод хүлээж байсан чинь С.Ч- байрныхаа гадаа халамцуу хүрч ирсэн. Би С.Ч-аас манай нөхөр хаана байна та хоёр хамт явсан юм уу гэж асуусан чинь үгүй би хамт яваагүй гэж хэлэхээр нь би С.Ч-д хандаж манай нөхөртэй хамт явсан бичлэг чинь надад байна гэж хэлсэн чинь би хамт яваагүй, дандаа нөхөртэйгөө хардах юм би хиамаа тараачихаад ирж байна гэж хэлсэн чинь түүний гар утас руу хүн залгаад С.Ч- утсаар яриад зогсож байснаа надаас зугатах гэхээр нь түүнийг барьж аваад гар утсыг нь булааж аваад  толгой хэсэг рүү нь гараараа цохисон чинь зугтаагаад яваад өгсөн. Би С.Ч- гэх эмэгтэйг нөхөртэйгөө хардсан. Би өмнө нь түүний биед халдаж байгаагүй. Би түүний гар утсыг хүлээлгэж өгсөн. С.Ч- гэх эмэгтэй нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манай нөхөр С.Бтэй дотно харилцаатай байгаа. Б, С.Ч- хоёр үе үе алга болчихдог юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6544 дугаартай “С.С.Ч-ын биед тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, духны гол дээд хэсэг, хамрын хянга, зүүн хөмсөгний гадна үзүүрээс доош хацар хүрсэн, эрүүнд оочны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/

 

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 06/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

 

Шүүгдэгч *******- 2021 оны 7 дугаар сарын 17-нд  Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80а байрны гадна хохирогч С.Ч- өөрийн нөхөр н.Бтэй хардсаны улмаас бие махбодид нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ийн “...С.Ч- утсаар яриад зогсож байснаа зугатах гэхээр нь түүнийг барьж аваад гар утсыг нь булааж аваад  толгой хэсэг рүү гараараа цохисон чинь зугтаагаад яваад өгсөн. Би С.Ч- гэх эмэгтэйг нөхөртэйгөө хардсан...” гэсэн мэдүүлэг /хх-ин 38-39/, хохирогч С.С.Ч-ын “...Наранчимэг миний Самсунг А51 маркийн гар утсыг булааж аваад миний нүүр хэсэг рүү утас барьсан гараараа 2-3 толгой, хоёр нүд, хамар, хацар, нүүр хэсэгт цохиод нүүр хэсгийг самардаад миний гар утсыг өгөлгүй цаашаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, шинжээчийн 13095 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/, хохирогч С.С.Ч-ын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 06/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  

          шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

         Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно. 

 

           Шүүгдэгч *******- нь нөхөр С.Бг хохирогч С.С.Ч- хардсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа  хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн,  урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

         

        Хохирогч С.С.Ч-ын хохиролтой холбогдох хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан  501.680 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудаас нийт 340.350 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Харин “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамрын дүрс оношилгоо 130.000 төгрөгийн баримт нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэлтэй хамааралтай, мөн эм тарианы холбогдолтой 31330  төгрөгийн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлж нийт 161.330 төгрөгийг  шүүгдэгч *******-ээс гаргуулж хохирогч С.С.Ч-д олгохоор шийдвэрлэв.

         

       Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

         5. Хохирогчийн нэхэмжлэлээс 340.350  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 161.330 төгрөг гаргуулж хохирогч С.С.Ч-д олгосугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ