| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01610/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01551 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01551
| 2017 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01551 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Их тойруу 68-1 Логос төвд байрлах Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Чингүнжавын гудамж өөрийн байранд байрлах Үлэмж ХХК-д холбогдох 579 333 921 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа Үлэмж ХХК нь 2015 оноос 2017 оны хооронд ажиллагсаддаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 386 222 614.29 төгрөгийн өр хуримтлуулан үүсгэсэн байна. Тус компанид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөх тухай удаа дараа анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд “Үлэмж” ХХК нь тус компанид ажиллаж буй даатгуулагчдын эрх ашгийг удаа дараа хохироож, тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хүндрэлтэй бйагаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 386 222 614.29 төгрөг, түүнд ногдох алданги 193 111 307.15, нийт 579 333 921.44 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстийн нэхэмжлэлтэй хариуцагч Үлэмж ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 579 33 921 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай байгууллага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 185 386 855 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 393 947 069 төгрөгийг хариуцагч Үлэмж ХХК нь 2017 оны 6-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 59 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 58 724 452 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-нд 56 22 617 000 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 30-нд 55 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Үлэмж ХХК-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 386 22 614 төгрөг, хугацаа хэтэрүүлсэнд ноогдуулсан алданги 193 111 307 төгрөг бүгд 579 333 921 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2017 оны 5-р сарын 25-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 579 333 921 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 393 947 069 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 6-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 55 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 59 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 58 724 452 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-нд 56 22 617 000 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 30-нд 55 000 000 төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болон хариуцагч Үлэмж ХХК нь 579 333 921 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 393 947 069 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 12-р сарын 30-ний дотор төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Үлэмж ХХК-иас 563 842 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА