Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 53

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
Улсын яллагч: П.Ганбаатар  
Хохирогч: С.Эрдэнэ-Очир
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Заан овогт Самбуугийн Уртнасанд холбогдох эрүүгийн 201603000211 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 04 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Эрчимийн 1-1 тоотод оршин суух, 1989 оны 01 сарын 11-ний өдөр Архангай аймгийн шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Заан овогт Самбуугийн Уртнасан /РД:АР66041510/

Шүүгдэгч С.Уртнасан нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10-11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг “Хаан” банк дотор иргэн С.Эрдэнэ-Очир нь иргэн С.Уртнасангаас өр авлага нэхэж, хувийн таарамжгүй харьцаанаас болж яллагдагч С.Уртнасан нь хохирогч С.Эрдэнэ-Очирыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    Шүүгдэгч С.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй болсон зүйл бүгд үнэн гэв.

    Хохирогч С.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёрын хувьд 10 жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд насаараа л нэг нутагт амьдарч байгаа юм. Бид хоёр бага зэрэг үл ялиг зүйл буюу харилцааны эвгүй байдлаас болоод л ийм байдалд хүрчихлээ. Энэ хэргийг шүүх хурал гэхгүйгээр шийднэ гэж бодож байсан боловч миний хувьд сонгуулийн ажил мөн хувийн ажилтай учраас завгүй байсаар Уртнасантай уулзаж чадахгүй байсаар ийм байдалд хүрчихлээ. Уртнасан бид хоёр энэ нутагтаа цаашдаа амьдарна, мөн найзууд учраас энэ байдлыг харгалзан үзээд Уртнасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна. Миний хувьд хохирол төлбөр авсан, нэхэмжлэх зүйлгүй гэв.   

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Эрдэнэ-Очирын: “...би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10-11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Хаан банкин дотор Уртнасантай таарч улмаар надаас зээл авсан байсан мотоциклийн аккумлъятор, мотоциклийн дугуйны мөнгө болох 65.000 төгрөгийн өр нэхэхэд С.Уртнасан мөнгийг чинь өгнө гэхээр нь чи өгөхгүй бараг 2 жил боллоо гэж хэлэхэд С.Уртнасан би аккумлъяторын мөнгө өгнө дугуйны мөнгийг чинь өгсөн. Ганцхан аккумлъяторын мөнгөний төлөө сүртэй юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргаж маргаан ширүүсэхээр нь за би чамаас өр авахгүй гэхэд чи манай ангиас хамгийн өөдгүй гэсэн. Би С.Уртнасанд чи Эрдэнэмандал сумаас хамгийн хуншгүй нь гэж хэлэхэд за тэгвэл энд ярихгүй гадаа яръя гээд намайг дагуулж гарахаар нь намайг цохиж зодож магадгүй гэж бодоод өөрийнхөө машинд суухад хамт суусан бөгөөд надтай учраа олох байх гэж бодоход С.Уртнасантай учраа ололгүй мотоциклийн дугуйны мөнгө төгрөг өгсөн, өгөөгүй гэж хоорондоо маргаж байтал С.Уртнасан миний уруул руу гараараа 3 удаа цохиж, хоолой боож, цээж рүү 4 удаа, гэдэс рүү 3 удаа цохиод гарч явахдаа чамайг 10 залуугаар алуулна гэж хэлээд явсан. Ийм асуудал болсон болохоор би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан юм. Миний уруул язарч хэгзэрсэн, хоёр шүд хөдөлсөн, цээж, гэдэс хөндүүртэй эмзэглэлтэй байсан одоогоор миний бие хэвийн байна. Тухайн үед Хаан банкинд хүмүүс байсан. Би чухам хэн хэн байсан талаар санахгүй байна. Зөндөө хүмүүс байсан. С.Уртнасан намайг цохиж зодох үед хажууд хүн байгаагүй, бид хоёроос өөр хүн байгаагүй. Би С.Уртнасангаас мотоциклийн дугуй, аккумлъятоорын мөнгө 65.000 төгрөгөө авсан бөгөөд Улаанбаатар хот явж эрүүл мэндийн төвд шинжилгээ өгсөн. Эмчилгээ хийлгэсэн, эм тарианы мөнгө, ирсэн явсан замын зардал, Шүүх эмнэлэгт очиж гэмтлийн зэрэг гаргуулсан төлбөрүүд 698.375 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн нэг шүдээ авахуулсан бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх , хиймэл шүд хийлгэх шаардлагатай байх тул цаашид Улаанбаатар явах, ирэх зардал мөнгөө бодож нэмж 2.000.000 төгрөг нэхэмжилж нийт 2.698.375 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд гомдолтой байна. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй.
Миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би С.Уртнасангаас мотоциклийн аккумлъятор, дугуйны мөнгө 65.000 төгрөг бэлнээр авсан. Мөн эмчилгээний зардалдаа 675.000 төгрөг бэлнээр авсан. Одоогоор би С.Уртнасангаас 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Учир нь би хиймэл шүд хийлгэх, зардал мөнгө орох талаар тооцож үзсэн бөгөөд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-14-15, 16х/   

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Ганбатын: “...би С.Эрдэнэ-Очир, С.Уртнасан нарыг сайн танина ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10-11 цагийн үед Эрдэнэмандал сумын Хаан банкин дотор мөнгө тушаах санаатай оочирлон зогсож байхад миний араас С.Уртнасан зогсож байхад С.Эрдэнэ-Очир хүлээлгийн сандал дээр суучихсан С.Уртнасан чи нөгөө мөнгөө өгөөч гэж хэлж байсан. Би ч дансанд мөнгө тушаачихаад гараад явхад тэр хоёр хоорондоо маргаад байх шиг байсан. Би С.Уртнасан, С.Эрдэнэ-Очир хоёрын зодоон цохио хийсэн талаар хараагүй. Хаан банкны зааланд хүмүүс байсан хэн хэн байсныг мэдэхгүй. С.Эрдэнэ-Очир, С.Уртнасан нар уг нь арван жилд нэг ангид сурч байсан. Хоорондоо ямар харьцаатай өс хонзонтой талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-18х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Лханоровын: “...би С.Уртнасан, С.Эрдэнэ-Очир нарыг сайн танина ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10-11 цагийн үед Эрдэнэмандал сумын Хаан банкин дотор тээврийн хэрэгслийн татварын мөнгийг тушаах санаатай оочирлон зогсож байтал С.Эрдэнэ-Очир гэх хүн хүлээлгийн сандал дээр суучихсан С.Уртнасан чи нөгөө мотоциклийн дугуй, аккумлъяторын мөнгөө хэзээ өгөх вэ гэж уурлангуй дуугарсанд С.Уртнасан өгнөө би дугуйны чинь мөнгийг өгсөн одоо аккумлъяторын мөнгө үлдсэн байгаа хө гэхэд С.Эрдэнэ-Очир битгий худлаа хэлээд бай хэзээ чи өгсөн юм гээд маргаж тэр хоёр хамт гарч яваад удалгүй орж ирсэн. Би зөрөөд явсан. Ийм асуудал болсон. Би тэр хоёрыг зодоон цохион хийсэн талаара хараагүй. Надтай зөрөхөд нь анзаарч хараагүй. С.Эрдэнэ-Очир, С.Уртнасан нар уг нь арван жилд нэг ангид сурч байсан. Хоорондоо ямар харьцаатай, өс хонзонгийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-20х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Мөнхбатын: “...би С.Эрдэнэ-Очир гэх хүнийг ерөөсөө танихгүй. Надад С.Эрдэнэ-Очиртой ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Миний тээврийн хэрэгсэлд С.Эрдэнэ-Очир гэх хүн 2016 оны 05 дугаар сарын 14-15-ны хооронд зорчиж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул зах дээр зогсож байхад Эрдэнэмандал сум явна гарахдаа аваарай гэж хэлээд утасны дугаараа орхиод явсан. Тэгээд би дагуур руу нь ярьж Монос эмийн сангийн тэндээс суугаад надтай хамт ирсэн. Би тухайн хүнийг Эрдэнэмандал сумын Сансар дэлгүүрийн үүдэнд буулгаад 30.000 төгрөгийн зардал авч буулгасан. Тэгтэл надаас гучин мянган төгрөгийн зардал авсан нь үнэн гэж бичүүлээд машины дугаар гар утасны дугаар бичүүлээд гарын үсэг зуруулж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-22х/

  * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Г.Мөнхзулын: “...би С.Эрдэнэ-Очирыг танина нэг нутгийн хүмүүс бөгөөд төрөл садангийн холбоо байхгүй. Би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын эрүүл мэндийн төвд албан үүрэг гүйцэтгэж байхад тус сумын Өлзийт багийн иргэн С.Эрдэнэ-Очир бусдад зодуулсан гэж орж ирсэн. Би С.Эрдэнэ-Очирын биед эмчийн үзлэгийг хийхэд зүүн гарын шуунд 0.5х0.2 см шалбартай, баруун хөхний дээд хавирга эмзэглэлтэй, дээд уруул хавдсан, дээд үүдэн 21, 22 дугаар шүд хөдөлсөн, хамар уруул хэсэгтээ бага зэрэг улайсан, амин үзүүлтүүд хэвийн байсан. Доод үүдэн шүд онгорхой байсан. Би өвчин намдаах Ибупорпин, амохцилин эм бичиж өгөөд уруул дээрээ хүйтэн жин тавих талаар зөвөлгөө өгч гаргасан...” гэх мэдүүлэг /хх-24х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагчаар С.Уртнасангийн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 10-11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкин дотор С.Эрдэнэ-Очиртой таарсанд олон хүмүүсийн дунд Уртнасан чи новшийн пизда байлаа гэхээр нь яасан хө гэхэд чи өр төлбөрөө өгч чадахгүй байж гэхээр нь чамд дугуйны мөнгийг чинь тухайн үед өгсөн харин аккумлъяторын мөнгө үлдсэн гэхэд чи өгөөгүй гээд бид хоёр хоорондоо маргаж гадаа гаръя гэж дагуулан гарч С.Эрдэнэ-Очирын машинд сууж чи олон хүний дэргэд муухай шүү дээ гэхэд яадаг юм олон хүний дэргэд хэргээр тэгсэн юм өгөхгүй байвал олон хүний дэргэд ямар байна гэж хэлэхээр нь уур хүрч эхлээд цээж рүү нь нэг удаа гараараа цохиод, зүүн талын шанаанд нь нэг удаа мөн гараараа цохисон. Тэгээд чи амаа хамхиж яв гээд хошууг нь гараараа базагдсан асуудал болсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй бөгөөд С.Эрдэнэ-Очирт би 65.000 төгрөг өгөх байсан. Тэр 65.000 төгрөгөө бэлнээр С.Эрдэнэ-Очирт өгсөн байгаа. Хаан банкинд миний санаж байгаагаар Л.Лханоров, Ганбат нар байсан бөгөөд машинд сууж С.Эрдэнэ-Очирыг цохиж зодоход хэн ч байгаагүй. Би зодож цохисон буруугаа хүлээж байна. Би С.Эрдэнэ-Очирын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон асуудлыг хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би С.Эрдэнэ-Очирт гарсан эмчилгээ сувилгааны зардал мөнгөний талаар мэдсэн байгаа. Би гарсан зардал мөнгийг нь гаргаж өгөх арга хэмжээг авч байна. 
Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Миний өмнө өгсөн сэжигтний байцаалт үнэн зөв. Би ялыг зөвшөөрч байна. миний өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би С.Эрдэнэ-Очирт мотоцикоийн дугуй, аккумлъяторын мөнгө 65.000 төгрөг бэлэн өгсөн. мөн 675.000 төгрөг бэлнээр нийт 740.000 төгрөг өгсөн. С.Эрдэнэ-Очир бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би С.Эрдэнэ-Очирт Улаанбаатар явсан, ирсэн зардал эмчилгээний төлбөрт нь 675.000 төгрөг өгсөн. Би С.Эрдэнэ-Очирт 2.000.000 төгрөг өгч чадахгүй өгөх боломжгүй. С.Эрдэнэ-Очир дээр олон удаа очиж уучлалт хүсэн эвлэрэх гэсэн боловч надтай эвлэрэхгүй гээд байгаа. Би уг нь С.Эрдэнэ-Очирыг дургүй хүргээд байхаар нь зүүн шанаанд нь 1 удаа гараараа цохисон. Цээж рүү нь 1 удаа гараараа цохисон, тэгээд амаа хамхиж яв гээд гараараа базагдсан ийм асуудал болсон. Тэгтэл С.Эрдэнэ-Очир намайг хэн хэдэн удаа цохисон гэж худал мэдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг  /хх-44, 47-48, 49х/ 

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай дүгнэлтэд: “...1. С.Эрдэнэ-Очирын биед эмчийн тодорхойлолтонд тусгагдсанаар хэсэгр газрын үзлэгт: Дээд уруул хавдсан, хөхөрсөн, үүдэн 2 шүд нь хөдөлсөн гэж бичигдсэн нь тодорхой бус, ойгомжгүй байна. 2. Шинжлүүлэгч өөрийн биеэр ирж үзүүлэх шаардлагатай. 3. Зүүн гарын 0.5х0.2 см хэмжээтэй жижиг зулгарал гэмтэл учирчээ. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар биеийн ний гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-29-30х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 200 дугаартай дүгнэлтийн нэмэлтэд: “...1. С.Эрдэнэ-Очирын биед 41-р шүд унасан, 22-р шүд хөдөлсөн, дээд уруулд цус хуралт, зүүн гарын шуунд жижиг зулгаралт гэмтэл учирчээ. /22-р шүд хөдөлсөн тул хажуугийн шүдтэй нь бэхэлж чиг тавьсан, 41-р шүд хэт суларсан тул шүдний эмчээр авахуулсан байна/. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын шууны жижиг зулгаралт нь 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтмол алдагдуулна. /41-р шүд/...” гэх дүгнэлт /хх-38х/
    * Гэрэл зургийн үзүүлэлт /хх-27х/
    * Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Сум дундын эмчийн тодорхойлолт /хх-28х/
    * Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн а/1808 дугаартай тодорхойлолт /хх-54х/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57, 58х/
    * Хохирлын баримт /хх-59-72х/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Уртнасан нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10-11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг ХААН банк дотор иргэн С.Эрдэнэ-Очир нь иргэн С.Уртнасангаас өр авлага нэхэж, тус банкны гадаа С.Эрдэнэ-Очирын машин дотор хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан хохирогч С.Эрдэнэ-Очирыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч С.Эрдэнэ-Очирын “...С.Уртнасан миний уруул руу гараараа 3 удаа цохиж, хоолой боож, цээж рүү 4 удаа, гэдэс рүү 3 удаа цохиод гарч явахдаа чамайг 10 залуугаар алуулна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Ганбатын “...С.Эрдэнэ-Очир хүлээлгийн сандал дээр суучихсан С.Уртнасан чи нөгөө мөнгөө өгөөч гэж хэлж байсан. Би ч дансанд мөнгө тушаачихаад гараад явхад тэр хоёр хоорондоо маргаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Лханоровын “....С.Уртнасан өгнөө би дугуйны чинь мөнгийг өгсөн одоо аккумлъяторын мөнгө үлдсэн байгаа хө гэхэд С.Эрдэнэ-Очир битгий худлаа хэлээд бай хэзээ чи өгсөн юм гээд маргаж тэр хоёр хамт гарч яваад удалгүй орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнхзулын “...С.Эрдэнэ-Очир бусдад зодуулсан гэж орж ирсэн. Би С.Эрдэнэ-Очирын биед эмчийн үзлэгийг хийхэд зүүн гарын шуунд 0.5х0.2 см шалбартай, баруун хөхний дээд хавирга эмзэглэлтэй, дээд уруул хавдсан, дээд үүдэн 21, 22 дугаар шүд хөдөлсөн, хамар уруул хэсэгтээ бага зэрэг улайсан, амин үзүүлтүүд хэвийн байсан. Доод үүдэн шүд онгорхой байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №200 тоот шинжээчийн дүгнэлт /хх-29-30х/, шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №200 тоот шинжээчийн дүгнэлтийн нэмэлт /хх-38х/, шүүгдэгч С.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Уртнасанг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Уртнасан нь 1989 оны 01 сарын 11-ний өдөр Архангай аймгийн шүүхийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /хх-52-53х/ ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар түүний ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. 
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна
Хохирогч С.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Самбуу овогтой Уртнасан нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уртнасан бид хоёр эвлэрсэн тул С.Уртнасанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэснийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, хохирогчтэй эвлэрсэн  гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд С.Уртнасан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Эрдэнэ-Очиртой эвлэрсэн, хохирлыг барагдуулсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Уртнасанг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Заан овогт Самбуугийн Уртнасанг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар С.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар С.Уртнасанг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
4. Шүүгдэгч С.Уртнасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Уртнасанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР