Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 747

 

МАГАДЛАЛ

 

2018.8.09                                                  Дугаар 747                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ш.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

            шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Ц.Энхболд,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгчийн Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Эд холбогдох 1711010480193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бамбан овгийн Шаравын Ш.Э, Дархан-Уул аймагт 1971 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нефтийн лаборант мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-Эхийн 41 дүгээр гудамжны 2075 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../;

 

Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Авто Молл” худалдааны төвийн гадаа Л.Хаданхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын 3 дугаар хурууг мушгин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

             

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгчийн Ц.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Ш.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах талыг барьж, хэргийг тал бүрээс нь мэтгэлзэх зарчим дээр шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Ш.Э нь хохирогч Л.Хаданхүүтэй огт маргалдаагүй, хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулаагүй болох нь тодорхой байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлгээр хурууг нь мушгин гэмтээсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шинжээч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “хүний гараар мушгих, эсвэл цүнхний оосорт орооцолдон татагдах үед аль алинд үүсэх боломжтой” гэжээ.

Ш.Э мэдүүлэхдээ “би Хаданхүү эгчээс мөнгө авсан нь үнэн. Л.Хаданхүү уурлаад шүүхээс гарч ирээд... буудал хүргэж өгөх гээд явтал зууралдаад 2 цаг гаран зогссон. Тэгээд би ажилтай явъя гэхэд, миний цүнхний араас барьж байсан. Би цүнхээ таттал оосор нь тасарсан. Би гарт нь хүрээгүй. Ингээд дахин сугадаж аваад Ялалт кино театр хүрээд, дахин буудал орсон. Тэр болтол гар өвдлөө гэж огт хэлээгүй” гэдэг. Иймд хохирогчид хөнгөн гэмтлийг Ш.Э учруулаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Эг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Авто молл” худалдааны төвийн гадаа Л.Хаданхүүтэй өр, зээлний асуудлаар маргалдах явцдаа баруун гарын 3 дугаар хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Хаданхүү /хх-5-6/, шинжээч эмч Ц.Нандинцэцэг /хх-52/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13094 тоот дүгнэлт /хх-11/, Ш.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Ш.Эд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Хохирогч Л.Хаданхүү нь Цагдаагийн байгууллагад хандаж “Ш.Эгийн цүнхнээс барьж байхад баруун гарын дунд хуруу гэмтээсэн” гэж өргөдөл гаргаж /хх-3/, “цүнхнээс нь бариад автал... Ш.Э хурууг маань хойш нь мушгисан” гэж мэдүүлсэн /хх-5/, Ш.Эг гэрчээр байцаахад “... Хаданхүү эгч надтай зууралдаад... явуулахгүй миний цүнхний оосороос бариад байхаар нь тавиач гээд цүнхээ таттал цүнхний оосор тасарсан...” /хх-8/, яллагдагчаар байцаахад “... цүнхээ татах үед хурууг нь гэмтээсэн гэдгээ мэдэхгүй, хараагүй...” /хх 56/  гэж мэдүүлсэн, шинжээч эмч Ц.Нандинцэцэг “... гараар мушгих, цүнхний оосорт татагдах үед үүсэх боломжтой гэмтэл ...” /хх 52/ гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд болон хохирогч өөртөө гэмтэл учруулсан, эсхүл өөр хүчин зүйлээр гэмтэл учирсан байж болзошгүй үндэслэл хэрэгт тогтоогдоогүй, хохирогч тухайн өдрөө цагдаагийн байгууллагад хандаж гомдол, мэдээлэл гаргасныг дагуу шинжилгээ мөн өдөр хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд хохирогч Л.Хаданхүүгийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.Эгийн үйлдлээр үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэл бүхий болжээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ... ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл энэ гэмт хэрэг санаатай, болгоомжгүй аль ч хэлбэрээр үйлдэгдэж болохоор байх тул “... Ш.Э цүнхээ татахад оосор нь тасарсан, гарт нь хүрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн өмгөөлөгч Ц.Энхболдын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.  

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН