Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1150

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэртэй, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Гастросервис” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 182 047 359 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн, өмгөөлөгч П.Сарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гастросервис” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус банктай ЗГ-RCC2013110114-1 тоот зээлийн гэрээ, БГ-RCC2013110114-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, иргэн Г.Цэрэнчимэг ЗГ-RCC2013110114-1-2 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулж 200 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. “Гастросервис” ХХК үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн 000185452 тоот бүртгэлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206020676 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 76-5 тоот 198 м.кв таван өрөө орон сууцыг зоорийн давхрын 5, 6 тоотын тус бүр нь 18 м.кв зогсоолуудын хамт барьцаалсан.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буйг сануулж, төлбөр төлөх бодит боломж олгон, хугацаа өгсөн боловч үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээг зөрчиж байгаа учир зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр банк нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 15-ны байдлаар зээлдэгч үндсэн зээл 40 769 191 төгрөг, хүү 94 667 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 583 243 төгрөг тус тус төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 159 230 808 төгрөг, зээлийн үндсэн хүү 19 554 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 239 769 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 22 000 төгрөг, нийт 182 047 359 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл авсан нь үнэн. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан тооцоог үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тооцоонд маргаантай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, ойлгомжгүй гарсан ч бид дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргахгүй. Харин шинжээчийн зардалд маргаантай байгаа тул Монгол банктай уулзалт зохион байгуулж, учраа олох тул шүүхийн зардлыг энэ удаа хуваарилахгүй, жич шийдвэрлэхээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан “Гастросервис” ХХК-аас 182 047 359 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Гастросервис” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Цэрэнчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206020676 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 76-5 тоот, 198 м.кв 5 өрөө орон сууц, зоорийн давхарын 5, 6 тоотын тус бүр нь 18 м.кв зогсоол зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 291 001 төгрөгөөс 1 068 186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 222 814 төгрөгийг улсын орлогоос, 1 068 186 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан “Гастросервис” ХХК-аас шинжээчийн зардалд 615 000 төгрөгийг гаргуулж Монгол банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Худалдаа хөгжлийн банк гэрээний хугацаа дуусаагүй байхад манай компаниас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж, 182 047 359 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

“Гастросервис” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн зээлийн төлбөрийг үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байсан шалтгаан нь төлөгдсөн дүнгээс хэдийг үндсэн зээлд, хэдийг зээлийн хүүд, хэдийг нэмэгдүүлсэн хүүд ямар аргачлалаар тооцож хуваарилсан нь тодорхой бус байсан тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжаар томилогдсон Монгол банкны шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, төлбөрүүдийн дүнг багцалж үргэжилсэн үгээр гаргасан, нэхэмжилсэн шинжээчийн ажлын хөлсийг тооцсон үндэслэлийг тайлбарлаагүй байсан тул маргаж Монгол банкинд гомдол гаргасныг шүүхэд хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэрт “шинжээч дүгнэлтдээ “Гастросервис” ХХК нь үндсэн зээл 40 469 191 төгрөг, зээлийн хүү 94 667 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 583 243 төгрөгийг төлсөн байна, Худалдаа хөгжлийн банк тус зээлийн өрийн үлдэгдэлд зээлийн хүүг 19,2 хувиар бодож 105 135 682 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс 0,32 хувиар бодож 3 016 886 төгрөг гэж тооцсон нь гэрээнд заасан хүүгийн 20 хувиас хэтрээгүй гэж дүгнэсэн ба энэхүү дүгнэлтийг талууд үгүйсгэж маргаагүй”, “хариуцагчийн тухайд шинжээчийн зардлын хэмжээнд маргаантай байгаа нь тогтоогдож байх боловч шүүх зардлыг хуваарилахгүй орхих хууль зүйн үндэслэлгүй” хэмжээн зааж “Гастросервис” ХХК-иас 615 000 төгрөг гаргуулж Монгол банкинд олгохоор шийдвэрлэв.

Гэтэл бид Монгол банкны нэхэмжилсэн шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс үндэслэлгүй, хэт өндөр, үнийн дүн нь хийсэн ажлын хэмжээнд огт нийцэхгүй гэж маргаж байхад шүүх энэ зардлыг хуваарилж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Гастросервис” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 182 047 359 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Гастросервис” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ-RC2013110114-1 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.32 хувиар тооцох, зээлдэгч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх баталгаа болгож БГ-RC2013110114-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 74-р байрны 05 тоот орон сууцыг, автозогсоолын хамт барьцаалж, гэрээ тус бүрийг нотариатаар гэрчлүүлж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 8-11, 12-13/

 

Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг  үндэслэлтэй гэж үзнэ.

 

Зохигчид дээрх гэрээ тус бүрийг байгуулсан эсэх, тэдгээрийн хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрт төлсөн үнийн дүн зэрэгт маргаагүй, харин хариуцагч тал зээлийн гэрээний тооцоо үнэн зөв эсэхэд маргана гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч “Гастросервис” ХХК гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээл, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл гэх баримтуудаар тогтоогдсон тул зээлийн гэрээний 10.2, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлдүүлэгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болсон байна.

/хх26-37, 72-73, 179-181/

 

Улмаар гэрээнд заасан хугацаанд зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Гастросервис” ХХК зээлийн төлбөрийн тооцоололд эргэлзэж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг, шүүх хүлээн авч Монгол банкийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон зээлдэгчийн төлсөн төлбөр тооцоонд тулгуурлан дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн шаардсан хэмжээтэй тохирсон, хариуцагч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул шүүх уг дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх104, 106-116/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин хариуцагч “Гастросервис” ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдол, түүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “шинжээчийн ажлын хөлс хэт өндөр, хийсэн ажлын хэмжээнд нийцэхгүй гэж маргаж байхад шүүх хариуцагчаар төлүүлэхээр хуваарилж шийдвэрлэсэнд гомдолтой” гэжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан учраас шинжээчийн зардалд 615 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь дээрх зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

 

Энэ нь хэргийн оролцогчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... “Гастросервис” ХХК-иас ...” гэснийг “... “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                                            

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА