Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0497

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0866 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Анхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, А.А, Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч А.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2022/0301/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0866 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо:

3.1.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохуйц дүгнэлтүүд хийсэн талаар:

Хэдийгээр анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй ч нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болохыг энд онцгойлон дурдах нь зүйтэй. Учир юу гэвэл анхан шатны шүүхийн эдгээр дүгнэлтүүд нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэхүйц дүгнэлтүүдийг хийсэн ... Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтнүүдээс авч үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гэсний 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүх энэ үндэслэлийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангана гэдэгт итгэлтэй байна.

3.1.2. Анхан шатны шүүхийн өөр хоорондоо зөрчилдөөнтэй хийсэн дүгнэлтийн талаар:

... анхан шатны шүүх дээрх дүгнэлтийнхээ хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ бичээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл энэхүү дүгнэлт нь мөн хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа юм. Анхан шатны шүүхийн шүүгч илт хууль бус үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн үндэслэлээ ямар учраас хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах өөр шаардлагын хүрээнд дүгнэгдэх үндэслэл болох мэтээр шийдвэрийнхээ үндэслэлд бичсэн нь ойлгомжгүй бөгөөд дээр дурдсанаар хууль зөрчиж байна.

3.1.3. Анхан шатны шүүхийн хууль зүйн болон бодит үндэслэлгүй дүгнэлтүүдийн талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх тухайд бол “Т” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгохдоо гэр хороолол бүхий суурьшлийн бүсд морин спортын зориулалтаар газар олгосон нь илэрхий хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан шижтэй юм. Өөрөөр хэлбэл, гэр хороолол дундуур морь уралдуулахыг шаардсан, бусад гуравдагч этгээдүүдийн эрхийг зөрчсөн шинжтэй “Туурхайн төвөргөөн” ХХК-ийг хууль бус үйлдэл хийхийг шаардсан шинжтэй байгаа юм. Дээрх нөхцөл байдал нь мөн хуулийн 9.1.6-д заасан “нитийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн” гэдэгт хамаарч байгаа. Гэр хорооллын дээгүүр давхардуулан газар эзэмшүүлж байгаа нь нийтийн ёс зүйн хэм хэмжээнд огт хийцэхгүй юм. Дээрх байдлаар “Б” ХХК нь нийслэлийн Засаг даргын захирамжид заасан байршилд, төсөл сонгон шалгаруулалт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газрын зориулалт нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэйгөө нийцсэн, тухайн газарт орон сууцны хороолол бүтээн байгуулах тухай гэрээ хэлэлцээртэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг нь “Б” ХХК-д 25 га газар эзэмших эрх олгох үйл явца, шийдвэр нь анхнаасаа Газрын тухай хууль боло бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж ирснийг илтгэж байна.

“Т” ХХК-ийн кадастрын зургийг нь эрх бүхий албан тушаалтнууд болох Кадастрын хэлтсийн мэргэжилтэн С.Баярхүү, Кадастрын хэлтсийн дарга М.Дугармаа нар огт батлаагүй буюу гарын үсэг зураагүй байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, шүүхээс хийсэн дүгнэлтүүд зэргээр хангалттай тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ,

3.2. Гуравдагч этгээд “Туурхайн төвөргөөн” ХХК-ийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо:

3.2.1. Нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй байсан тухайд:

Шүүх нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргасан. Тус тохиолдолд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд ... нэхэмжлэл гаргана” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамж хүчингүй болж үйлчлэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамж нь мөн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай зориулалт өөрчлөх тухай” 908 тоот захирамжийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

3.2.2. Шүүх өмнө шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч “Б” ХХК өмнө нь шүүхэд хэд хэдэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсны дотор “Т” ХХК болон “Б” ХХК-ийн эзэмшил газрыг давхардуулан олгосон үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага багтсан. Тус нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлалаар тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх Монгол Улсын дээд шүүхээр дүгнэгдэж шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

3.2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг хуульд нийцээгүй тухайд:

Шүүхээс аливаа маргааныг шийдвэрлэхдээ юун түрүүнд маргаж буй акт ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй холбоо хамааралтай эсэхийг дүгнэж байж тус зөрчил нь хууль ёсных эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу маргаж буй захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж буй нэхэмжлэгчид чиглэгдэж байж тус захиргааны акт нэхэмжлэгчийн хувьд захиргааны акт болно ... “Т” ХХК-д 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар эзэмшүүлэх захирамж, 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 511 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Буянт-Ухаа цогцолбор хороолол бариулахаар эзэмшүүлсэн газартай байршлын хувьд ч давхцалгүй, цаг хугацааны хувьд ч гуравдагч этгээдэд түрүүлж үүссэн гэдэг нь өмнө энэ асуудлаар шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон. Иймд маргаж буй нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамж нэхэмжлэгчийн хувьд захиргааны акт биш юм. Үүгээр нэхэмжлэгчийг хамгаалах бус харин эсрэгээрээ гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүхийн шийдвэр гаргаж шүүх зорилгоо урвуулан ашигласан байна.

3.2.4. Нотлох баримтад тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/615 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг мөн дурдаагүй. Тус албан бичигт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурылн 2006 оны 267 тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд нийт 60 газарт орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор зураг төсөл баталсан. Уг тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Б” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 25 га газрыг эзэмшүүлсэн байна ... “Буянт-Ухаа” хорооллыг тус газар дээр нь 2016 онд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ барьж ашиглалтад оруулж, 2016/01 улсын комиссын актаар хүлээж авсан байна гэж дурдсан.

Тус албан бичгээр нэхэмжлэгч нь эзэмшил газартаа гэрээний дагуу ажлаа хийгээгүй улмаас гэрээний үүрэг зөрчигдсөн тул нийслэлийн Засаг даргын зүгээс тус газрыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т эзэмшүүлж “Буянт-Ухаа” хорооллыг тус газар дээр нь 2016 онд барьж улсын комисст өгсөн гэх бодит үйл баримтыг шүүх огт дүгнэлт өгсөнгүй. Үүгээр нэхэмжлэгч нь эзэмшил газартаа гэрээний дагуу барилгаа бариагүй харин бусдын эзэмшил газар, газар эзэмших эрхтэй маргаан үүсгэж явж буй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тодорхой дүгнэгдэхээр байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.1. Анхан шатны шүүхээс “... хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2006 оны 568 дугаар захирамжаар “Т” ХХК-д 140 га газрыг эзэмшүүлэхээр олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн зарим зохицуулалтад нийцээгүй боловч уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг 5 жилийн хугацаагаар “Т” ХХК-д, мөн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд 25 га газрыг “Б” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна.

3.1. Улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 908 дугаар захирамжаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

3.2. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 908 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулсугай” гээд 3 дахь хэсэгт “Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт байршил өөрчлөгдсөн ... 2006 оны 568 дугаар захирамжийн “Т” ХХК-д ... хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

3.3. Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар энэ хэргийн гуравдагч этгээд болох “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутагт “Морин спорт” гэх зориулалт зааж,140 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” мөн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар захирамжаар хүчингүй болгож, энэ 908 дугаар захирамжаар “Т” ХХК-ийн эзэмших газрын байршлыг “...Хан-уул дүүргийн 8 дугаар хороо” гэж, газар эзэмших зориулалтыг “орон сууцны цогцолбор, худалдаа” болгон өөрчилжээ.

3.4. Нэхэмжлэгчид анх 2007 онд, гуравдагч этгээдэд 2006 онд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжуудыг захиргааны байгууллага сүүлд гаргасан захирамжуудаар хүчингүй болгосон байх тул шүүхээс маргааны үйл баримтыг зөвхөн хүчин төгөлдөр байгаа “Б” ХХК-ийн 2013 оны А/975, “Т” ХХК-ийн 2011 оны 908 дугаар захирамжуудын хүрээнд дүгнэх нь зөв юм.” гэж дүгнэсэн байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдож буй захиргааны акт нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон байх тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Гагцхүү хүчингүй болсон захиргааны актын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой бөгөөд харин уг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон захиргааны акт нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүчингүй болсон, эсхүл бусад байдлаар хэрэгжээд дууссан захиргааны актад хамаарна.

4.3. Харин энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамж нь мөн Засаг даргын 2011 оны 908 дугаар захирамжаар хүчингүй болсон тул хуулийн дээрх заалтаар нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу байна.

4.4. Нэгэнт маргаан бүхий захиргааны акт хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон байх тул нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянах эрх зүйн үндэслэлгүй. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Мөн түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дүгээр захирамжаар “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д тус тус заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх 108 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул гуравдагч этгээдийн “... газар болон давхцалын асуудлаар Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолд “... Маргаж буй байршилд нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын холбогдох захирамжуудад заагдсан газрын байршил өөр байгааг нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болно ... “Б” ХХК-д дээрх төслийн хүрээнд газар эзэмшүүлэхдээ байршлыг Наадамчдын гудамж, төв аймгийн замын уулзварын “зүүн урд талд” гэж өөр байрлал заажээ. Эндээс үзвэл “Б” ХХК нь өөрт заагдсан байршлаас өөр газарт буюу гуравдагч хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газартай давхцуулан маргаан үүсгэсэн гэж үзэхээр байна ...” гэж дүгнэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэсний дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

5.3.  Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.3-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0866 дугаар шийдвэр хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд “Т” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ