Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00444

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2265 дугаар магадлалтай,

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

“Ү” ХХК-д холбогдох,

40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,  нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би гоо сайхны өндөр зэрэглэлийн салон ажиллуулахаар Баянгол мед ХХК-тай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулж АНУ-д үйлдвэрлэгдсэн Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 33.000 ам.доллараар, Франц улсад үйлдвэрлэгдсэн Integral орыг 41.000 еврогоор тус тус худалдан авсан. Эрүүл мэндийн байдлаас болж гоо сайхны салоноо ажиллуулах боломжгүй болсон. Иймээс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ү ХХК-тай гэрээ байгуулж Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратыг 40.000.000 төгрөгөөр, Integral орыг 55.000.000 төгрөгөөр, нийт 95.000.000 төгрөгөөр үнэ бууруулан, эрхийн болон биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжүүдийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагч Ү ХХК-ийн захирал Б.Дэлгэрмаад шилжүүлж хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан хуваарийн дагуу Ү ХХК нь Collagen Jet 02 Pot аппаратын үнэ болох 40.000.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, Integral гоо сайхны аппарат болон LPG орны үнэ болох 55.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдан авагч Integral гоо сайхны аппарат болон LPG орны төлбөр 55.000.000 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүй ч 2015 онд төлж дуусгасан. Харин Collagen Jet 02 Pot гоо сайхны аппаратын үнэ 40.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй хохироож байна. Иймд “Ү” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Ү” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Эй Би Эйч ХХК-ийн захирал гэх Д.Ц- нь өөрийн салоныг ажиллуулах боломжгүй болчихлоо, өндөр үнэтэй аппарат учраас бусад салон авахгүй байна. Танайх л энэ аппаратыг ашиглах боломжтой учраас авчих хэмээн удаа дараа гуйж байсан. Манай компани уг аппаратыг анх хүлээн авахдаа гурав дахь салбараа нээсэн бол худалдан авч төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр ярьж тохиролцож авсан. Гурав дахь салбараа нээгээгүй тул аппаратыг худалдан авах болзол биелээгүй, ашиглах хэрэгцээ гараагүй. Анх Collagen Jet 02 Pot, LPG гэсэн хоёр аппаратаас LPG аппаратыг авахаар зөвшөөрсөн бөгөөд Collagen Jet 02 Pot-ыг авахгүй гэдгийг хэлсэн. Учир нь Collagen Jet 02 Pot гэсэн аппаратыг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Тухайн үед манайх шинээр баригдаж байсан Шангри-Ла төвд гурав дахь салбараа нээхээр ажиллаж байсан бөгөөд хэрэв гурав дахь салбарыг нээвэл Collagen Jet 02 Pot аппаратыг 40.000.000 төгрөгөөр, LPG аппаратыг 55.000.000 төгрөгөөр авна гэж тохирч, эхний ээлжид аппаратын үнийг харилцан батлаад, худалдаж авах тухай тохиролцоог гэрээнд оруулахаар ярилцсан. Гэвч 2016 онд салбараа нээж чадалгүй Түмэн төвд байсан салбараа Шангри-Ла төв рүү нүүлгэсэн. Иймээс уг аппаратыг авах тухай тохиролцсон болзол биелээгүй бөгөөд аппаратаа авахыг удаа дараа хэлсэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт Эй Би Эйч ХХК нь Баянмонгол мед ХХК-тай 06а/06/2012, 08а/05/2012 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан дээрх тоног төхөөрөмжийг худалдан авсан байх ба нэхэмжлэлд дурдсан LPG аппарат, Collagen Jet 02 Pot аппарат нь Д.Ц-гийнх биш, харин Эй Би Эйч ХХК-ийн өмчлөлийнх болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү ХХК-иас 40.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2265 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 7-ны өдрийн 2265 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгч иргэн Д.Ц-тэй буюу хувь хүнтэй аппарат худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин “Эй Би Эйч” ХХК-тай “Гүрав дахь салбараа нээсэн тохиолдолд” тухайн аппаратыг худалдан авах” болзолтойгоор гэрээг байгуулсан юм. Маргаан бүхий LPG аппарат, collagen jet 02 pot  аппаратыг “Эй Би Эйч” ХХК нь Баянмонгол мед ХХК-тай 06а/06/2012, 08а/05/2012 дугаар “Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ” байгуулан худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгө нь “Эй Би Эйч” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байх тул Д.Ц- нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Гэвч анхан шатны шүүхээс collagen jet 02 pot аппарат нь Д.Ц-гийн, эсхүл “Эй Би Эйч” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө эсэхэд ямар ч дүгнэлт өгөөгүйгээс гадна Д.Ц- нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулаагүй болно. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд “Эй Би Эйч” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, “Эй Би Эйч” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлт тус тус гаргасан боловч анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангалгүйгээр шийдвэрлэсэн. Маргаан бүхий аппарат нь иргэн Д.Ц- эсхүл компанийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тодруулах үүднээс “Эй Би Эйч” ХХК-ийг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах, Компанийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах тухай, Collagen jet 02 pot аппаратыг гүрав дахь салбараа нээсэн тохиолдолд худалдан авахаар тохирсон”, болзол хангагдаагүй тул тухайн эд хөрөнгө анхны байдлаараа хадгалагдаж байгааг нотлуулахын тулд эд хөрөнгө байгаа агуулахад үзлэг хийх хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэвч шүүх хариуцагчийн эдгээр хүсэлтийг хүлээж авалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан дүгнэлт хийж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэнчлэн “collagen jet 02 pot” аппаратыг манай байгууллага нэг ч минут ашиглаагүй, 2014 оноос одоо хүртэл баглаа боодолтойгоо ХУД-ын 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Жүр Үр ХХК-ийн байрны хажууд байрлах агуулахад хадгалагдаж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичигдсэн “collagen jet 02 pot" аппаратыг хариуцагч байгууллага өөрийн салондоо ашиглаж, цаг тутамд 89,600 төгрөг олдог, ийнхүү ашиглаж буй нь ямар нэг болзолгүйгээр худалдах худалдах авах гэрээ байгуулсан, хадгалах нөхцөл тохироогүйг нотолно” гэх үндэслэлийг няцаах зорилгоор, ХУД-ын 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Жүр Үр ХХК- ийн байрны хажууд байрлах агуулахад үзлэг хийлгэж тухайн аппарат баглаа боодолтойгоо байгаа эсэх, ашиглаж байсан эсэхийг тогтоолгох ач холбогдолтой байсан хэдий ч шүүх хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 181 /ШШ2018/01904 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 7-ны өдрийн 2265 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч “Ү” ХХК-с 40.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа худалдсан аппаратны үнэ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...худалдаж аваагүй, түр хадгалж байсан” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс SPA аппаратыг 40.000.000 төгрөгөөр, LPG аппаратыг 55.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөр төлөх хуваарийг тохирчээ /хэргийн 16 дугаар тал/.

Хариуцагч LPG аппаратны үнийг төлсөн, энэ талаар маргаагүй, харин  SPA аппаратыг  худалдан авсан эсэх, үнийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд тусгайлан заагаагүй бөгөөд хариуцагч төлбөр төлөх хугацааг бичгээр тохиролцож, маргааны зүйл болох аппаратыг хүлээн авсан, энэ тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “...аппаратыг хадгалахаар авсан, ...гуравдагч салбараа нээсэн тохиолдолд худалдан авахаар тохиролцсон” гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан төлбөр хийх хуваарь гэх баримтад “Ү” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Дэлгэрмаа,  нэхэмжлэгч нар  гарын үсэг зурсан байх тул Д.Ц- нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Маргааны зүйл болж буй аппарат өөрийнх нь эзэмшилд байгааг хариуцагч үгүйсгээгүй тул анхан шатны шүүх үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзахдаа хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

Түүнчлэн Эй Би Эйч ХХК нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-г зөрчөөгүй ба гэрч асуусан тэмдэглэлд шүүгч гарын үсэг зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2265 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ