Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/639

 

 

 

 

 

 

 

 

        2021          10         05                                    2021/ШЦТ/639

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч *******-

хохирогч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2103000000205 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 9  дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “” ХХК-нд тавилгын үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо тоотод оршин суудаг, урьд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 679 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн, /РД:/,  О  овогт *******-.

 

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

        *******- нь “хоёр хүний  унтлагын модон ор захиалгаар хийж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Б-Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45 дугаар байрны 11 тоот гэртээ байхад нь 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, нийт 1.800.000 залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “ Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Баасандорж ахын хохиролд 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн 1.300.000 төгрөгийн хохирлыг хоёр сарын хугацаанд хоёр хувааж төлж өгнө гээд хохирогчтой тохирсон байгаа.  Намайг хөнгөн шийтгэж өгнө үү.”гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б- мэдүүлэхдээ “Миний хохирлоос 500.000 төгрөгийг *******- өгсөн. Үлдсэн 1.300.000 төгрөгийг надад хоёр сарын хугацаанд хувааж төлж өгнө гэсэн болохоор би итгэж байна. Энэ хүнийг бас шоронд явуулчихмааргүй байна.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдлийг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *******- “хоёр хүний унтлагын модон ор захиалгаар хийж өгнө” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  хохирогч С.Б-Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45 дугаар байрны 11 тоот гэртээ байхад нь 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр 900.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 900.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Хохирогч С.Б- мөрдөн байцаалтанд “Манай хуучин байрны 8 давхарт амьдарч байсан Б.*******- гэх залуу байдаг. Уг залуутай байрны ах, дүүгийн холбоотой байдаг байсан. *******-ын аав Эрдэнэжаргал ах мебель кардоны үйлдвэрт ажилладаг, манай дээд давхрын айл байсан учир сайн мэддэг байсан.  2019 оны 8 дугаар сард *******-тай тааралдаж хаана юу хийж байгаа талаар асуухад Модны 2-т тавилгын үйлдвэртэй болсон гэж хэлж байсан.Тухайн үед би гэртээ унтлагын ор хийлгүүлэх бодолтой байсан ба *******-аас унтлагын өрөөний ор ойролцоогоор хэдэн төгрөг болох бэ гэж асуухад хамгийн сайн чанартай материалаар таны хүссэн загвараар хийхэд 2.500.000 төгрөг болно гэж хэлээд салцгаасан.  Үүнээс хоёр хоногийн дараа *******- нь манай гэр болох Баянгол дүүргийн 20-р хороо 45-р байрны 11 тоотод хүрч ирээд унтлагын ор болон хийсэн тавилгуудынхаа зургийг харуулж дундаас нь хоёр хүний унтлагын ор сонгож энэ загвараар хийлгүүлнэ гэж хэлсэн. *******- нь хэлэхдээ 7-14 хоногт гарна урьдчилгаа 900.000 төгрөгөө надад бэлнээр өгчих гэж хэлэхээр нь тэр өдрөө манай эхнэр Солонго 900.000 төгрөгийг  бэлнээр *******-т өгсөн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа *******- дахин залгаж ахаа материалын мөнгө  хүрэхгүй байна та 1.000.000 төгрөг шилжүүлээч ээ гэж хэлэхээр нь *******-ын Хаан банкны 5166017996 дугаарын данс руу шилжүүлсэн. 7-14 хоногийн дараа *******- руу залгаж дуусаж байна уу  гэж асуухад ахаа би хөлөө гэмтээсэн эмнэлэгт хэвтэж байна 7 хоног хойшиллоо гэж хэлсэн. Ингээд би 7 хоногоо хүлээгээд 20 хоногийн дараа залгаж асуухад *******-ын утас холбогдохгүй байсан. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон...”гэсэн мэдүүлэг /хх-28-29, 34-35/

 

Гэрч Я.Солонго мөрдөн байцаалтанд “ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай гэр болох БГД-ийн 20 дугаар хороо Өнөр хотхон 45-байр 11 тоотод манай нөхөр С.Б-той *******- гэх залуу утсаар ярьж байгаад манайд ирсэн. Манай нөхөр С.Б- тухайн *******- гэх эрэгтэйтэй  ярилцаж байгаад унтлагын өрөөндөө хоёр хүний  ор  хийлгэхээр  болсон.  Тэгээд энэ өдрөө *******- нь надаас 900.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тухайн үедээ би манай нөхөр Баасандорж *******- хоёрыг юу гэж ярьж тохиролцсон талаар  би  сайн мэдэхгүй байна. Тэгээд *******- нь манайхаас гараад явахдаа үлдэгдлийг нь дансаар шилжүүлээрэй гэж хэлээд явсан. Би *******-аас буцааж ямар ч мөнгө аваагүй.  Нөхөр бид хоёр *******-  гэх  эрэгтэйд өгсөн 1.800.000 төгрөгөө буцааж авмаар байна.Өөр гомдол санал байхгүй…”гэсэн мэдүүлэг /хх-38-39/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байрны 7-р орцны 245 тоотод амьдардаг байсан. Тухайн байранд амьдрах хугацаандаа Баасандорж гэх хүнийг таньдаг болсон. Би 2019 оны 9 сарын үед Бааска ахын гэр болох Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиж уулзсан. Бааска ах надаар унтлагын ор хийлгүүлмээр байна гэж ярьж байсан. Бид хоёр тухайн өдрөө үнэ мөнгөн дээр тохиролцоод 2.600.000 төгрөг болно гэж тохирсон. Би  Бааска ахад унтлагын ор хийж өгөхөөр болсон. Урьдчилгаа  мөнгө болох 1.800.000 хийчих гэж хэлсэн. Гэтэл Бааска ах, ахад нь одоогоор 900.000 төгрөг байна гэж хэлж байсан.Тухайн үедээ Бааска ахаас 900.000 төгрөг авсан. Би Бааска ахад  унтлагын ороо 14-өөс 21 хоногийн дотор хийж өгнө гэж хэлж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Бааска ах над руу яриад ах нь чиний 5166017996 дугаарын дансанд 900.000 төгрөг хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Бааска ахаас урьдчилгаа болох 1.800.000 төгрөгийг авч байсан. Тухайн үед  миний хөлөн дээр юм гараад тууралт үүсч алхаж чадахгүй байсан. Тэгээд удалгүй хөл гайгүй болсон. Тэрний дараа  нэг тавилгын компаниас тавилга хийх үү манайд ажлаач гэж тухайн компаниас  хоёр өрөө байр амлаж надад ажлын санал тавьсан тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн компанид ажиллахаар болсон. Би тэгээд Бааска ахын тавилгыг хийж чадахааргүй болсон. Тэгэхээр нь өөрийн төрсөн ах болох Түмэндэмбэрэл гэх хүнд Бааска ахад 2.600.000 төгрөгөөр ор хийж өгнө гээд урьдчилгаа болгоод 1.800.000 төгрөг авчихсан  байгаа та тэрийг орыг хийгээд өгөөч би амжихааргүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгсэн манай ах за гэж хэлж байсан. Тухайн үе ажил ихтэй байсан  болохоор ахад найдаад хийгээд өгчих байх гэж бодоод нэг их тоохгүй яваад байсан. Тэгээд би энэ асуудлыг болчихсон байх гэж бодоод яваад байсан. Миний төрсөн ах болох Түмэндэмбэрэл саяхан бурхан болчихсон. Баасандоржид хийж өгөх байсан тавилгынхаа бараа материалыг авсан. Мөн заримыг нь ахуйн хэрэглээндээ ч зарцуулсан байгаа. Би Баянголын цагдаагийн 2-р хэлтэс дээр залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдэхгүй явж байсан.Саяхан л над руу цагдаагаас яриад би мэдсэн. Би  Бааска ахтай холбогдоод хэсэг шалтаг тоочиж байгаад тоохгүй хаячихсан юм. Би тухайн үедээ Бааска ахаас санаа зовоод хэлээгүй. Энэ бол миний буруу Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Бааска ахад учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. Би одоо Гранд мебель гэх тавилгын үйлдвэрт  сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Баасандоржид учруулсан хохирол болох 1.800.000 төгрөгөө төлнө, нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

*******- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр “хоёр хүний унтлагын ор хийж өгнө” гэж худал хэлж, танилын харилцаатай хохирогч С.Б-ийн гэрт очиж тавилгын урьдчилгаанд 2019 оны дүгээр сарын 05-ны өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авсан,  2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 900.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

      

            Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******-т шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******-т урьд нь  2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  679  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж ” шийдвэрлэсэн байна.

  

Дээрх тэнссэн хугацаанд *******- шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэлгүй, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авсан,  2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 900.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 1.800.000 төгрөг залилах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг мөн хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд шүүгдэгч  *******-т  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  679  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар  тэнссэн уг шийтгэх тогтоолын 2 дахь заалтын *******-т холбогдох хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

 

Шүүгдэгч *******-т өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож эдлээгүй 6 сарын хугацаагаар хорих ялыг  энэ тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн...”эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг баримтлан түүний биечлэн эдлэх ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоов.

 

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-ын үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч С.Б-ид 1.800.000 төгрөгийн хохирол учруулснаас 500.000 төгрөг нөхөн төлөгдсөн, төлөгдөөгүй үлдсэн 1.300.000 төгрөгийг нийт хоёр сарын хугацаанд хоёр хувааж төлөхөө шүүхийн өмнө илэрхийлсэн тул түүнийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

 

        Иймд шүүгдэгч *******-ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч *******-ын 1 жил  6 сарын хугацаагаар  хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн буюу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив. 

 

        *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

        Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-т анхааруулав.  

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Олхонууд  овогт *******-ыг “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

         3.  *******-т урьд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын  хугацаагаар тэнссэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 679 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

        4. *******-т өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

        5.  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

        6. Шүүгдэгч *******-т оногдуулсан хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

        7. *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  анхааруулсугай.  

 

        9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас нийт 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-ид олгосугай.

 

        10. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ