Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/631

 

 

 


 

 

 

 

2021         10          04                               2021/ШЦТ/631

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Цогтгэрэл

        “Мак цемент” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Х.Ч-

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2002005730147 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Дархан-Уул аймагт төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, 3-5 насны хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:/ *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******- нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг нэр бүхий ажилчдаас хууль бусаар худалдан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума сервис" ХХК-ийн хашаанд түрээсийн байранд байнга тогтвортойгоор “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан дээрх үнсийг хольж хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэж, “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иудад худалдсаны улмаас “Оршил” констракшн ХХК-нд 15.864.831 төгрөгийн, “Ай Би Эс” групп ХХК-нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие бага насны хоёр хүүхэд буюу Б.Ө- 7 настай, Б.А-3 настай нарын хамт амьдардаг. “Ай Би Эс групп” ХХК-нд 7.200.000 төгрөгийг төлсөн. “Оршил” констракшн ХХК-ийн 15.864.831 төгрөгөөс 2.600.000 төгрөг нөхөн төлж 13.864.831 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоогоор би ажилгүй байгаа тул ажилд орж байгаад үлдсэн хохирлоо төлнө.” гэв.

    

“Мак цемент” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Х.Ч-“ Манай байгууллагын хувьд *******-ээс нэхэмжлэх зүйлгүй. Харин *******- хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна.” гэв.

 

            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

  Шүүгдэгч *******- 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг нэр бүхий ажилчдаас хууль бусаар худалдан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума сервис" ХХК-ийн хашаанд түрээсийн байранд байнга тогтвортойгоор “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан дээрх үнсийг хольж хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэж, “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иудад худалдсаны улмаас “Оршил” констракшн ХХК-нд 15.864.831 төгрөгийн, “Ай Би Эс” групп ХХК-нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 “Ай Би Эс” группын хууль ёсны төлөөлөгч Д.Б-мөрдөн байцаалтанд “Манай Ай Би Эс групп ХХК...*******-ээс нийт 87 тонн цементийг авахаар тохирч бартераар 96-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөхөөр болсон. *******-ийн хувьд машин аваад манай компанид 20 орчим тонн МАК-ын цемент, ногоон, цэнхэр өнгийн ууттай 10 орчим цемент өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж  байхдаа 50 орчим ногоон болон цэнхэр өнгийн цементийг өгсөн байдаг. Машин авах үед өгсөн Мак цементийг килограммлаж үзэхэд 41-42 кг байсан. Тэгэхлээр нь *******-ийн өгсөн 30 тонн цемент нь хуурамч, үнстэй хольж өгсөн байж болзошгүй юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-66/

   

“Мак цемент” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Х.Ч-мөрдөн байцаалтанд “МАК-ЦЕМЕНТ ХХК нь Оюуны Өмчийн газарт барааны тэмдэгтээ бүртгүүлсэн байгаа. Уг сав баглаа боодлын ашиглах эрхтэй этгээд зөвхөн Мак-Цемент ХХК юм. Манайх уг цементийн уутыг Хятад улсаас загварын дагуу үйлдвэрлэсэн уутыг бөөнөөр нь татаж авдаг. 2019, 2020, 2021 онд импортоор оруулж ирсэн МАК цементийн уутны тоо хэмжээг гаргасан судалгааг гаргаж өгч, тэмдэглэлд хавсаргаж байна. Цементийн орц найрлагыг өөрчлөх нь бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөнө.  Манай үйлдвэрийн цементүүд нь орц найрлагын хувьд Барилга архитектур корпорацийн тохирлын гэрчилгээгээр баталгаажсан байдаг. Уг бараа бүтээгдэхүүний орц найрлагыг өөрчилж байгаа нь худалдан авч ашиглаж байгаа иргэдийг мөн түүгээр барьсан барилга байгууламж зам тухайн цементийг ашиглаж хийж байгаа бүхий л зүйлийн чанарт муугаар нөлөөлж түүнийг хэрэглэгч нар, цаашлаад чанаргүй материал борлуулж манай байгууллагын бүтээгдэхүүний нэр хүнд, байгууллагад ашиг орлогод хохирол учруулж байна. Хуурамч цементийн ямар хэмжээтэй үйлдвэрлэж, ямар хэмжээгээр худалдан борлуулж байгаагаас хохирлын цар хүрээ тооцогдох байх гэж бодож байна. Манай байгууллагад учирсан бодитой мөнгөн төлбөрөөр хэмжигдэх хохирол байхгүй. Харин бүтээгдэхүүний болон компанийн нэр хүндийг хохироосон эдийн бус хохирол учирсан, үүнтэй холбоотой олох ёстой байсан орлого багассан гэж үзэж байна. Цаашид ийм хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, байгууллагын бараа бүтээгдэхүүний болон нэр хүндэд хохирол учруулах хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-70/

 

“Оршил” констракшны ХХК-ний хууль ёсны төлөөлөгч О.Э-мөрдөн байцаалтанд “Оршил” констракшн ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би уг компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай компани  нь Бөхийн өргөөний ард талд Ус Сувгийн Удирдах Газрын урд байрлалтай 17 давхар 1 блок, үйлчилгээтэй нийтийн орон сууцыг 2018 оноос хойш барьсан юм. Одоо ашиглалтад орсон байгаа. Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол, Токиогийн гудамж, 26 дугаар байрыг 2020 оны намар улсын комисс орж хүлээн авсан. 2020 оны 12 дугаар сарын 28-нд улсын комиссын акт гарсан. Уг ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч компаниуд тодорхой ажлуудад гүйцэтгүүлдэг. 6-16 давхрын хар шал цутгах ажилд “Бидний ололт” ХХК-ийг оруулж ажлаа гүйцэтгүүлсэн юм. Манайх ажлаа гүйцэтгүүлэхдээ бараа материалаа өөрсдөө сонгож аваад туслан гүйцэтгэгчээр зөвхөн ажлыг гүйцэтгүүлдэг. Өмнө мэдүүлэгт дурдсан хүнээс 2020 оны 5 дугаар сарын сүүлчээр авсан 20 тонн цементээр гүйцэтгэсэн 10-11 дүгээр давхрын ажил шаардлага хангахгүй болж бүтэн хуулж  дахиж хийж байсан юм. Манай компанийн нярав бараагаа хүлээж аваад, тухайн ажил гүйцэтгэж байгаа компанид шаардах хуудсаар ерөнхий инженерийн цохолтоор олгодог. Уг шаардах хуудсанд тухайн барааг яг барилгын аль хэсэгт ямар зориулалтаар ашиглах нь тодорхой тусгагддаг. Тухайн хүнээс худалдан авсан цементийг шаардлага хангахгүй ажил болсон 10-11 дүгээр давхрын хар шал цутгах ажилд зарцуулсан юм. Тухайн үед цемент олдохгүй маш хомс байсан. Ажил гүйцэтгэсэн компанитай зуурлагын орц найрлагыг тохируулаагүй байна гэж маргаан үүсгэж байсан. Орцыг нь бага хийсэн ч тухайн цементээр хийсэн зуурмагийн марк нь буурдаг болохоос бүр хүний хөлөөр бутарч шороо болох хэмжээнд хүрдэггүй. Уг цементээр хийсэн ажил нь үнэхээр шаардлага хангахгүй, хөлөөр үрэхэд шороо болж бутраад байсан. 10-11 дүгээр давхрын хар шалыг бүрэн хуулж, уг ажлыг дахиж хийж гүйцэтгэсэн. Дахиж хийж гүйцэтгэхэд зарцуулах материалын зардлыг манай байгууллага бүрэн гаргасан. Тухайн үед цементийн найрлагаас шалтгаалсан болохыг мэдээгүй, ажил хийж гүйцэтгэсэн компанийн алдаа гэж үзээд дахиж хийж ажлын хөлс зардлыг “Бидний ололт” ХХК өөрөө хариуцсан. Тухайн үйл ажиллагаанаас шалтгаалаад шууд болон шууд бусаар нэлээдгүй хохирол учирсан. Тухайлбал 10-11 дүгээр давхарт орсон материалыг дахин худалдаж авсан зардал, шаардлага хангахгүй шалыг хуулсан хогийг цэвэрлэх, тээвэрлэж хаях, ажилчдын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, барилгын ажил хойшлогдох гээд нэлээдгүй зардал гарсан. Манай байгууллагын зүгээс бодитой учирсан хохирол буюу тухайн ажлыг дахиж гүйцэтгэхэд шаардагдсан материалын зардлыг нэхэмжилж байна. 10-11 дүгээр давхрын хар шалны ажлыг дахин гүйцэтгэхээс өөр сонголтгүй болсон юм. Дахиж гүйцэтгэхгүйгээр паркетан шалны ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан бол бүр хэд дахин илүү зардал гарах байсан юм. Тэгээд инженерүүдийн шийдвэрээр шалыг бүрэн хуулж, дахиж хар шалыг цутгасан юм. Уг ажлыг гүйцэтгэхэд манай байгууллагаас бараа материалын зардлыг бүрэн хариуцаж, тухайн ажлыг дахин гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээс ажиллах хүчний зардлыг гаргасан юм. Хар шалны ажлыг 1кв-ыг нь 7.500 төгрөг байдаг. Хуулж дахиж хийж гүйцэтгэсэн болохоор мкв-ыг нь 10.000 төгрөгөөр тооцож бүтэн 2 давхар 1.144 мк талбайн ажлыг дахиж хийж гүйцэтгэсэн зардал 11.440.000 төгрөг гэж тооцож, манай компанийн бодит хохирол дээр нэмж оруулсан юм. Уг туслан гүйцэтгэгчтэй олон жил хамтран ажиллаж байгаа, уг цементийн чанарын шаардлагаас шалтгаалан тухайн байгууллагын ажиллах хүчинд ч нэлээдгүй зардал гарч хохирол учирсан болохоор нийт зардалдаа нэмж оруулсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-99/

 

Гэрч Г.Т-мөрдөн байцаалтанд “Би Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад 21 жил ажиллаж байна. Манай эхнэр Ч.Авирмэд мөн станцад үйлчлэгч ажилтай. Надад Хаан банкны данс байдаггүй юм. Тийм болохоор эхнэрийн дансыг ашигладаг байсан юм. Ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дулааны станцын хаягдал үнсийг хүмүүст зардаг байсан. Нөгөө слесарь мониторуудтай холбогдож үнс худалдаж авах хүн хайж байгаад зардаг байсан. Худалдаж авах хүнтэй утсаар ярьж байгаад олж холбогдож зардаг байсан. Задгай цемент ачдаг тусгай зориулалтын машины жолооч олж үнээ тохироод станцад оруулж үнсээ ачуулдаг. Түүний төлбөрийг худалдаж авах гэж байгаа хүнээс эхнэрийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Тэр мөнгөнөөс жолоочдоо 200.000 төгрөг, харуулдаа 200.000 төгрөг,  үлдэгдлийг нь монитор, гэрээттэйгээ хувааж авдаг. Нэг удаагийн ачилтын төлбөр нь 1 сая орчим төгрөг байдаг. Тэгэхээр надад үлдэгдэл 200.000 орчим төгрөг үлддэг. Түүнийг ойр зуурын ахуйн хэрэглээнд зарцуулдаг. Байгууллагад зарлагын баримтгүй бол үнс ачсан тээврийн хэрэгслийг харуул оруулж гаргадаггүй юм. Зарлагын баримтыг зөвхөн үнс худалдаж авах гэрээ бүхий аж ахуйн нэгжид бичиж өгөөд түүнийг үндэслээд байгууллагын дансанд төлбөр нь төлөгддөг. Би зарлагын баримт бичдэггүй байсан. Зарлагын бичвэл төлбөр нь байгууллагын данс руу ордог. Зарлагын баримт бичихгүйгээр үнс худалдаж авах гэрээгүй иргэдэд зарж, төлбөрийг нь эхнэрийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Манай эхнэр энэ талаар сайн мэдэхгүй. Эхнэрийн дансаар мөнгө орж ирж байгаа болохоор эхнэрт станцын гэрээтэй үнс борлуулсны төлбөрийг хүлээж авдаг гэж тайлбарласан. 2020 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэд хэдэн удаа борлуулсан. 7 дугаар сард амралтаа аваад 8 дугаар сард мөн хэд хэдэн удаа борлуулсан Механикийн слесарь /засварчин/, станцаас гарч байгаа үнс гадагшлуулах, пункерийн засвар, шник зэргийг хариуцдаг. Борлуулалтын алба гэж тусдаа алба хариуцдаг. Надад төлбөр тооцоо хүлээж авах, зарж борлуулах эрх хэмжээ байхгүй. Зарлагын баримт бичих, үнс ачих, төлбөр тооцоо хүлээн авах асуудал нь тусдаа хүмүүс байдаг. Зарлагын баримтыг үндэслэн үнс худалдан авах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүд нь байгууллагын данс руу төлбөр тооцоогоо хийдэг. Би үнс худалдаж авах иргэдтэй холбогдож, зарлагын баримтгүй өөрийн эхнэрийн дансаар төлбөрийг хүлээн авдаг болохоор зарлагын баримтгүй үнстэй машин гаргасны хариуд тухайн үед гарч байсан харуул, монитор зэрэгтээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг байсан. Тэгэхгүй бол байгууллагад хэл ам гардаг...Уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллагын холбогдох хүмүүс үнсийг хаягдал гэж үзэж байгаа. Нүүрс шатааж, дулаан, цахилгаан үйлдвэрлэх явцад гарч байгаа хаягдал юм. Түүнийг хаягдах замд нь 7 ширхэг бункерт хуримтлуулж дүүрэхээр нь тодорхой хэмжээгээр зарж борлуулдаг. Зарж борлуулагдаагүй бункер дүүрсэн үед үнс нь усаар зайлуулагдаад үнсэн сангийн далан буюу хаягдал цуглуулах санд хаягддаг. Би үнс борлуулаад олсон орлогоосоо тээврийн зардлыг жолоочид өгч байсан. Мөн хяналт шалгалтгүйгээр гаргахын тулд зарим хүмүүст тодорхой хэмжээний мөнгө төлж байсан. Үлдэгдэл мөнгийг ойр зуурын хэрэглээнд зарцуулсан. Жолооч нарыг хөлсөлж ачуулж, төлбөрийг нь төлж байсан болохоор тэд нарт мэдэх зүйл байхгүй байх.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 145-150/,

 

Гэрч Ж.Х-мөрдөн байцаалтанд “Би Баянсангийн далай ХХК-д тогооч ажилтай. Гурвалжингийн гүүрнээс урагшаа Нисэх Яармаг явах замд бензин колонкийн эсрэг талд байдаг хашаанд байдаг. Албан ёсны хаягийг нь би мэдэхгүй. Надад монголоор дууддаг нэр байхгүй. Монголд 2015 оноос хойш амьдарч байгаа. Эхнэр хүүхэд Хятад улсад байдаг. Өвөлдөө ажил багатай үед Хятад улс руу буцдаг байсан. Ж.Х-гэж миний дууддаг нэр. Манай компани арматур худалдаалдаг компани юм. Цементтэй холбоотой худалдаа үйлчилгээ явуулдаггүй.  Манай эгч Эрээнд төрөлжсөн уутны худалдаа эрхэлдэг. Тэндээс нааш нь уут явуулаад би энд худалдан борлуулсан. Цемент гэдэг хятад бичигтэй уут байсан. 1 уутыг 400-500 төгрөгөөр худалдаж байсан. Нэрийг нь мэдэхгүй. Ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. Нэг худалдаж авахдаа 200-аас дээш ширхэг шуудай худалдаж авдаг. Уг шуудайнуудыг түлээ, түлш, тэжээл, гахайн тэжээл, элс зэргийг хийх зорилгоор оруулж ирсэн. Мөн уурхайн чулуу хийх зориулалттай 1 тонн хэмжээтэй уут бас байдаг. 10,000 тонн орчим цемент орж ирсэн. Бүгд зарагдаад дууссан. Одоо байгаа нь том хэмжээтэй, мөн бичиггүй, хог хийдэг, тэжээл хийдэг саарал уут бага зэрэг үлдсэн. Юунд ашигладаг талаар мэдэхгүй. Мод, түлээ, хог, тэжээл хийх боломжтой юм байна гэж оруулж ирж худалдсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163-164/

 

Гэрч Ф.Лмөрдөн байцаалтанд “Би Баянсангийн далай ХХК-ийн захирал ажилтай. Хан-Уул дүүргийн 2-р хороо, 03 тоот Гурвалжингийн гүүрний Яармаг явах замын хажууд байдаг хашаанд арматур оруулж ирж борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Надаас гадна Хятад улсын Ж.Х-гэж нэг ажилтан байдаг. Би 2020 оны 01 дүгээр сард цагаан сарын өмнө Хятад улсын Эрээн хот руу яваад 2020 оны 11 дүгээр сарын эхээр буцаж Монгол улсад орж ирсэн. Би 2007 оноос хойш байнга оршин суух зөвшөөрлөөр хугацаагаа сунгуулан оршин сууж байна. Намайг хүмүүс Баатар гэж дууддаг. Би урдаас цемент оруулж ирж зардаг байсан. Сүүлд Монголд том том цементийн үйлдвэр байгуулагдсанаас хойш би цементийн худалдаа эрхлэхээ больсон. Би 2020 онд ихэвчлэн Хятад улсад байсан. Манай Ж.Х-гэдэг ажилтан Хятадаас уут оруулж ирж зарсан гэж сонссон. Манай хашаанд байдаг манай хамтран ажилладаг ажилтан болохоор хүмүүс намайг уут зарсан гэж ойлгосон гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165-166/

 

Гэрч Т.Ж-мөрдөн байцаалтанд “Би дотоодын цэргийн 05 дугаар ангид 2011 оноос хойш харуулчаар ажиллаж байна. Дулааны 4 дүгээр цахилгаан станцад 2019 оны 12 сараас харуулын үүрэг гүйцэтгэж байгаа. 8 дугаар постонд 2020 оны 7 сарын эхнээс гарч эхэлсэн. 24 цаг гараад 48 цаг амардаг. Шалган нэвтрэх цэгээр хүн, тээврийн хэрэгслийг шалгаж орох, гарах зөвшөөрөл олгодог. Орох гарах хөдөлгөөнийг бүртгэж, байгууллагын ажилчдтай уулзахаар ирсэн тохиолдолд холбогдох хүнд нь мэдэгдэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Үнс худалдан авч байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг орох гарахад бүртгэж, гарахад нь падааныг нь шалгаад, авч үлдээд гаргадаг. Аж ахуйн нэгжүүдийн үнс худалдаж авдаг машинуудыг ороход нь бүртгэж, гарахад нь зарлагын баримтыг нь хураан авч гаргадаг. Надтай ээлжинд хамт гардаг станцын хэдэн ажилчид үнс ачих машиныг бүртгэхгүй оруулаад, гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж өгөх талаар надаас гуйсан. Надад хариуд нь нэг тээврийн хэрэгсэл гаргахад надад 150.000-200.000 төгрөг өгдөг. Одоо уг хэрэгт холбогдоод Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Уугаа буюу Ууганбаяр, Дүгэрээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх станцын үнсний пункерт ажилладаг хүмүүсийн зарж байгаа үнсний машиныг бүртгэхгүй, зарлагын баримтыг шалгахгүйгээр гаргадаг байсан. Би хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна, 1 машин гаргаад надад 150.000-200.000 төгрөг өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-180/

 

Гэрч Ш.Б-мөрдөн байцаалтанд “Би 2015 оны 5 дугаар сараас хойш Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчаар ажиллаж байна. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын харуулаар 2019 оны 12 дугаар сард томилогдож, түүнээс хойш тэнд үүрэг гүйцэтгэж байна. Ээлжийн амралттай алба хаагч хүн хүчнээс шалтгаалаад ажлын цагийн хуваарь янз бүр байдаг. Объектын аюулгүй байдлыг хангах, халдлагаас хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Орж гарч байгаа хүн ба тээврийн хэрэгслийг бүртгэж, шалгаж нэвтрүүлдэг. Хаягдал үнсийг хаана зардаг болохыг нь сайн мэдэхгүй. Харуулаар ажиллаж байхад бид нараас гуйгаад гаргадаг байсан. Одоо санаж байгаагаар Дүгэрсүрэн, Ууганбаяр гэж хүмүүс байдаг. Төрөө гэж нэг ах байдаг байсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Орохдоо бүртгүүлж, гарахдаа цагаа бүртгүүлж, зөвхөн үнс худалдах гэрээ хийсэн компанийн нэртэй зарлагын падааныг үзүүлж, түүнийгээ гарахдаа харуулд хураалгаж гардаг. Станцын зарим ажилчид бид нараас гуйгаад үнс ачихаар ирсэн тээврийн хэрэгслийг ороход нь бүртгэхгүй, гарахад нь зарлагын баримтыг шалгахгүй, зарлагын баримтгүйгээр гаргадаг байсан. Түүнийхээ хариуд надад 100.000-200.000 төгрөг шилжүүлдэг байсан. Энэ асуудалд тусгай субъектэд шалгуулж байгаад одоо Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэж надад мэдэгдсэн. Станцын ажилчдын гаргаж байгаа үнсийг зарлагын баримтгүйгээр гаргаж байсан. Нэрийг нь тодорхой санахгүй байна. Яг хэн хэнээс хэдэн төгрөг авч байснаа санахгүй байна. Зарлагын баримтгүй үнс ачсан тээврийн хэрэгслийг гаргасны дараа утсаар яриад миний данс руу мөнгө шилжүүлчихдэг байсан. Хэдэн удаа ямар хэмжээний мөнгө авч байснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 181-182/

 

Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд “Би хоёр хүүхдийн хамт гэртээ амьдардаг юм. Өмнө нь цемент зардаг байсан юм. Дараа нь хар замаск хийх тоног төхөөрөмж, хэрэглэх материалыг урдаас аваад хар замаскийн үйлдвэр байгуулахаар болсон юм. 2020 оны 6 дугаар сараас “Пума сервис” ХХК-тай түрээсийн гэрээ хийж байранд нь үйл ажиллагаа явуулахаар тохирсон. Өмнө нь уг байр нь замаскийн үйл ажиллагаа явуулдаг байсан гэж хэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй. Хийсэн хар замаскын сорьцыг “Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори”-д 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шинжилгээнд өгөөд 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарсан. Шаардлага хангаж байгаа тухай хариу гарсан байсан. Өөрсдөө компанийнхаа лого хийж, шошго, уут савныхаа баглаа боодлыг бүрдүүлээд явж байгаа. Замасканд орох 3 төрлийн найрлага ордог. Түүн дээр нэмэгдээд цемент, үнс гэх бодис ордог юм. Эдгээрийг төхөөрөмждөө хийж хар замаскийг савладаг юм. Энэ бүтээгдэхүүнээ одоогоор худалдан борлуулсан зүйл байхгүй байгаа. 388 ширхэг хар замаск гэх 25 кг ууттай зүйлүүд нь манай бүтээгдэхүүн мөн. Эхний үйлдвэрлэсэн 4 тонн гаруй нь элсний найрлага нь ихдээд шаардлага хангахгүй байгаа. Монгол хүнээс дээрх уутыг аваагүй. Манай үйлдвэрт манай хамаатны хүмүүс ажилладаг юм. Нэрийг нь дэлгэрэнгүй хэлмээргүй байна. Энэ төхөөрөмжийг 2020 оны 6 дугаар сарын сүүлээр Хятад улсаас оруулж ирсэн. Монгол мөнгөөр 4.500.000 төгрөгөөр оруулж ирсэн. Хуурай хольцын үйлдвэрийн зориулалттай савлагч юм. Хар замаск, цагаан замаск, блокны цавуу, плитаны цавуу зэргийг үйлдвэрлэх боломжтой. Хүчин чадлын хувьд 380 вольтоор ажиллаад өдөрт 10 тонн хуурай хольц үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг. Багтаамж 1 тонн хэмжээтэй. Орцуудаа хийгээд 1 цаг орчим ажиллуулаад савладаг. “Өсөх аялгуу хөгжил” ХХК-ийг 2020 оны эхээр байгуулсан юм. Барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Барилгын материал үйлдвэрлэх зөвшөөрөл одоогоор байхгүй байна. Орц найруулгыг тохируулах мэргэжилтэн байхгүй, төхөөрөмжөө худалдаж авахдаа хятад хүнээс заавар зөвлөмж авсан юм. “Мак евро цемент” гэсэн цементийг хар замаск үйлдвэрлэхдээ ашигладаг юм. Уг цементүүдийг үйлдвэр дээрээс нь авч байсан юм. Төхөөрөмж худалдан авсан баримт, ажлын байрыг түрээсэлсэн баримт, Мак цемент-ын үйлдвэрээс цемент авсан баримтууд байгаа. Жижиглэнгээр зарж борлуулж байсан цементийн баримтууд байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183-185/

 

Гэрч Д.Ц-мөрдөн байцаалтанд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад 2017 оны 3 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тушаал гарч “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж байгаа. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэрээт засварчин ажил эрхэлж байсан. Би дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байхдаа Даваа, Бямбаа гэх хүнтэй утсаар ярьж үнс өгч байсан. Ээлжийн засварчнаар ажиллах хугацаанд станцаас гардаг хаягдал үнсийг орж ирсэн тээврийн хэрэгслүүдэд ачилт хийж зарлагын баримт үйлддэг байсан. Утасны дугааруудыг нь сайн санахгүй. Ээлжийн ажилчдын ашигладаг дотоод групп чат байдаг. Түүн дээр ачилт хийх хувиар тавигддаг. Түүний дагуу орж ирсэн тээврийн хэрэгсэлд ачилт хийж зарлагын баримт үйлддэг. Уг баримтын дагуу байгууллагаас аж ахуйн нэгж рүү нь нэхэмжлэх явуулж, төлбөрийг нь байгууллагын данс руу шилжүүлдэг. 5953050075 тоот данс нь миний эзэмшлийн хаан банкны данс мөн байна. *******- гэх нэрээр нь санахгүй байна. Даваа гэх хүнтэй утсаар холбогдож үнс зарж төлбөрийг нь дансаараа шилжүүлж авч байсан юм. Өдрийг нь сайн санахгүй байна. Холбогдож байсан утасны дугаарыг нь санахгүй байна. Нэг ачилтын мөнгө нь 1.000.000 төгрөг байдаг. Зарлагын баримт үйлдэхгүй бол харуул гаргахгүй болохоор өмнө нь үнс худалдаж авах гэрээ бүхий аж ахуйн нэгжийн нэрээр хуваарьт оруулж зарлагын баримт үйлддэг. Тэгээд тэр аж ахуйн нэгжийн төлөх төлбөрийг нь хувь хүнд зарж олсон мөнгөнөөсөө татварын төлбөрийг нь нэмээд 500.000 төгрөг шилжүүлдэг. Үлдэгдэл мөнгийг нь үнс ачсан тээврийн хэрэгслийн жолооч, хамт үүрэг гүйцэтгэдэг хүнтэйгээ заримдаа хуваадаг. Заримдаа өөрөө авдаг. Заримдаа баримт үйлдэхгүйгээр харуулаа аргалж гарах тохиолдол байдаг байсан. Хэзээ хэзээ хэдэн удаа үнс зарж борлуулж байснаа санахгүй байна. Энэ хавраас барилгын ажил эхлэх үеэс эхэлж холбогдож үнс зарж байсан. Станцын ээлжийн слесарь ах нараар дамжуулж холбогдсон. Танкер байхаа задгай цементийг машинд ачдаг. Зарлагын баримт бичихдээ 27 тонн гэж бичдэг. Үнсээ хуримтлуулж байгаа пункер дүүрэхээр машин орж ирэхээр ачиж хоосолдог юм. 7 пункерээс зуухны ажиллагаанаас шалтгаалаад 1-4 нь ашиглагддаг. Нэг нь засвартай үед үнс гарахгүй, хуримтлагдахгүй. Нэг машинд 24-27 үнсийг машины ачааны тагийг онгойлгож дээрээс нь гоожуулж ачдаг... Хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна. Дансны мэдээлэлд байгаа орлогын гүйлгээгээр мэдэгдэнэ. Бэлнээр мөнгө авч байгаагүй. Эхлээд харуулыг нь гуйгаад тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч машин оруулж гаргаж байсан. Тэгээд сүүлд нь гэрээтэй аж ахуйн нэгжийн нэрээр тээврийн хэрэгсэл оруулж, зарсан мөнгөнөөсөө тухайн аж ахуйн нэгж рүү төлбөрийг нь шилжүүлдэг болсон. Би гэрээтэй аж ахуйн нэгжийн нэрээр машин оруулж үнс ачаад утсаар ярьж захиалсан хувь хүнд 1.000.000 орчим төгрөгөөр зараад 500.000 төгрөгийг нь Үйлст нэртэй 5429194107 тоот данс руу шилжүүлдэг байсан. Тэгэхгүй бол аж ахуйн нэгж нь үнсээ аваагүй мөртлөө ТЭЦ-4 үнс зарсан зарлагын баримт үйлдэгдээд ТЭЦ-4-т өртэй гэж гараад ирнэ. Үлдэгдэл 500.000 төгрөгөөс нь тээврийн хэрэгслийн зардал, мөн хамт гардаг хүнтэйгээ хувааж авах байдлаар зарцуулдаг байсан. Дансны хуулгаас харахад 25 удаа 12.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр энэ төлбөр бол байгууллагын данс руу зарлагын баримт үндэслээд байгууллагад төлөгддөг байсан гэсэн үг. 71 удаагаас 25 удаагийн төлбөр нь байгууллагад төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 191-196/

 

Гэрч Ч.Д-мөрдөн байцаалтанд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын Зуухан цехийн ээлжийн засварчнаар 2019 оны 7 дугаар сараас хойш ажиллаж байна. *******- гэх хүнийг нэрээр нь танихгүй. 5022372387 тоот данс нь миний хаан банкны данс мөн. 95114018 дугаарын утсаар нэг эмэгтэй хүн надтай холбогдож станцын хаягдал үнснээс худалдаж авсан юм. Нэг машин үнсийг 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Он сарыг нь сайн санахгүй байна. Бямбаа өмнө нь надаас үнс худалдаж авч байсан юм. Утасны дугаар нь ойролцоо 95114017 дугаарын утастай. Ижил дугаартай болохоор сайн санаж байгаа юм. Гэхдээ энэ хоёр хүнийг ямар харилцаатай болохыг сайн мэдэхгүй. Бямбаа болон *******- гэх хоёр хүнтэй огт уулзаж байгаагүй. Утсаар ярьж байсан. Намайг ээлжтэй байх үед асууж сураглаад үнс худалдаж авдаг байсан. Би заримдаа ээлжтэй үедээ үнс худалдаж авах уу, гэж холбогдоод үнсээ худалдаж төлбөрийг нь өөрийнхөө дансаараа шилжүүлэн авдаг. Манай үнсийг бетон зуурмагийн үйлдвэр, хөнгөн блокийн үйлдвэрт ашигладаг. *******- нь юунд ашигласан талаар би сайн мэдэхгүй байна. Задгай уутлаагүй цемент ачдаг битүү солонгос ачааны автомашинууд байдаг. Янз бүрийн жолоочоор ачуулж байсан. Заримдаа үнс худалдаж авах гэж байгаа хүн нь над руу машинаа явуулдаг. 1 машинд 26-27 тонн задгай үнс ордог.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 197-198/

 

Гэрч Г.У-мөрдөн байцаалтанд “ТЭЦ-4 компанид 2017 онд гэрээтээр ажилд ороод эхний жил засварчнаар ажиллаж байгаад 2018 оны 3 сараас үнс ачих ажилд шилжин томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа. Ажлын гүйцэтгэх үүрэг нь үнс ачих хуваарь тогтоодог Нямдаваа гэх хүн нь тухайн өдөр үнс авах тээврийн хэрэгслийн хуваарийг тогтоож үнс ачигч нарт мэдээлдэг. Уг хуваарийн дагуу орж ирсэн тээврийн хэрэгсэлд 27 тонны багтаамжтай 7 ширхэг пункэрт хуримтлагдсан үнснээс ачдаг. Ажилладаг 8 зуухны үнс нь уг пункерүүдэд хуримтлагдаж, 8 цагийн хугацаанд дүүрдэг. Одоо зуны цагаар 4 зуух ажилладаг. Гэхдээ зуухны ачааллаас шалтгаалаад пункерүүд нь хурдан удаан янз бүрийн хугацаанд дүүрдэг. Уг үнсийг Нямдаваагийн гэрээт ажилтан нарт өгсөн хуваарийн дагуу орж ирсэн тээврийн хэрэгсэлд ачиж, станцаас өгсөн тамгатай падааныг бичиж, жолоочид өгдөг. Жолооч падааны нэг хувийг нь станцын харуулд өгөөд үлдсэн хувийг нь өөрөө авч явдаг. Станцын харуулаар дотоодын цэргийн алба хаагч ажилладаг. Би Д.Ууганбаяр гэх слесарь ахтай, мөн монитор Батням гэх хоёр хүнтэй хамт гардаг. Долоо хоногт өдөр нь 2 удаа, шөнө 2 удаа гардаг. 2 хоног өдөр гарахдаа дараалсан 2 өдөр 8 цагаар ажиллаад амарч байгаад орой 8 өглөө 8 цаг хүртэл шөнө гардаг. “Цуут тосон” ХХК, “Жи ти эл” ХХК, “Материал трейд” ХХК-ний нэр дээр үнс ачдаг 6246 серийг нь сайн мэдэхгүй байна тээврийн хэрэгсэлтэй Жамъяан гэх өвгөн орж ирж ачаад гарахад нь харуулд ачилт хийгдээгүй хоосон гарч байгаа гэж хэлээд падаангүй гаргаж байсан. Түүний мөнгийг нь манай ээлжийн Ууганбаяр авч бид хоёр хуваадаг байсан. Хаана аваачиж нийлүүлдэг байсныг нь би сайн мэдэхгүй. Үнсээ хэдэн төгрөгөөр зардаг болохыг нь мэдэхгүй. Надад 150.000 төгрөг өгдөг. Падаан бичээгүй тохиолдолд харуул гаргадаггүй юм. Ачаа ачаагүй хоосон гарч байгаа гэж харуулд хэлж, падаан бичихгүйгээр 2-3 удаа гаргаж байсан. 6246 дугаартай Жамъяан өвгөн өөр компанийн нэрээр нэлээд хэдэн удаа орж падаан бичиж өгч байсан. Падаан бичиж гаргасан тохиолдолд уг падааны дагуу захиалсан компани нь гэрээний дагуу станцын дансанд мөнгө тушаадаг. Үнс ачаагүй гээд падаан бичихгүй гаргаад үнсний төлбөрийг Ууганбаяр бид хоёр хувааж авдаг байсан. Хаана аваачиж буулгадаг талаар би мэдэхгүй. Ууганбаярт хэн захиалж үнс худалдан авч байгаа талаар надад ерөөсөө хэлж байгаагүй. Гэрээт 4 ажилтан байдаг. Энэ байдлаар падаан бичихгүй гаргадаг эсэхийг сайн мэдэхгүй. Би бусад хүнд үнсийг ингэж падаан бичихгүй гаргадаг талаараа яриагүй. Нямдаваад хоосон, ачилт хийсэнгүй гаргалаа гэж хэлдэг байсан. Ухарч чадахгүй, хий тавьдаг шланк, зэрэг зүйл байхгүй болохоор ачилт хийсэнгүй гэж хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 203/

 

Гэрч С.Г-мөрдөн байцаалтанд “Би 44 дээр вагон ирэхээр буулгаж ачих ажил хийдэг. Миний ажилладаг арьс ширний үйлдвэр нь өвөл ажиллаж эхэлдэг. Тэгэхээр би зундаа грушик хийдэг юм. 8 сард 0505-аар төгссөн юнителийн дугаартай нэг эмэгтэй хүн залгаад Алтай хотхоны ард цемент савлах ажил байна гэж хэлсэн юм. Дугаарын эхний орныг нь санахгүй байна. Тэр эмэгтэй хүнтэй уулзаж байгаагүй, ажил дээрээ ч ирж байгаагүй. Тэнд ажилласны хөлсийг шилжүүлсэн байх гэж бодож байна. Би бас тэнд байсан цементийг ачиж өгч хөлс авч байсан юм. Төхөөрөмжийнх нь эд анги нь эвдрээд засварын мөнгө шилжүүлж авч байсан. Яг хэдний өдөр хэдэн шилжүүлэн авч байснаа санахгүй байна. Би хүү Хонгорзаяатай ажиллаж байсан юм. Манай хүү одоо Халх голын цэргийн ангид алба хаахаар 10 сард цэрэгт явсан. Би хаягийг нь нэрлэж мэдэхгүй. Алтай хотхоноор ороод хойшоогоо шороон замаар яваад, зүүн гар тийш эргээд засмал замаар орж хэсэг яваад замынхаа хойд талд нэг хашаан дотор нэг жижиг байшин байсан. Тэнд ууттай Мак цемент, ногоон ууттай хужаа цемент, баруун талд блокоор тусгаарласан хэсэгт задгай үнс хананы тал орчим хэмжээтэй, тусгаарласан хананы хажууд байшингийн голд нь цахилгаанаар ажилладаг төхөөрөмж байсан. МАК-ын ууттай цементээс 10-11 уутыг хийгээд, 5 тэрэг үнс хийгээд холиод 20 орчим уут болгож савлаж байсан. 1 тонн цемент 8.000 төгрөгөөр тооцож хөлс авч байсан. 20 тонн илүү хэдэн уут цемент савлаж 160.000 орчим төгрөг хөлсөнд нь авсан. Олон удаа очиж ажиллаж байгаагүй.

Тэр төхөөрөмжийн баруун талд нь үнс, цементээ хийдэг нэг дөрвөлжин зүйл залгаатай байсан. Тэр рүү нь үнс, цементээ хийгээд ажиллуулахад дээш нь пункер рүүгээ татаж аваад холиод савлах зориулалтын хошуугаар савлаж байсан. Тэр хошуу нь тусдаа хааж нэг их зориулалтын хаалттай байсан. Яаж савлаж, яаж холих тухай надад утсаар ярьж зааварлаж өгч байсан. Миний 88149541 дугаарын утас руу холбогдож зааж өгч байсан юм. Над руу дараа нь хэд хэдэн удаа залгаж асууж завтай байна уу, ажиллах уу гэж байсан. Уг уут нь буландаа тэр савлах хошуу орох зориулалтын нүхтэй байсан. Уг нүхээр хошууг нь углаж байгаад нээгээд уутаа дүүргэдэг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 204-205/

 

        Гэрч Б.Д-мөрдөн байцаалтанд “Машины  эзэн Хадаа, Очироо хоёр өглөө ирээд 10 тонн цемент ачуулах гэсэн юм гэхээр нь хаана вэ гэхэд ойрхон гэж хэлсэн. Тэгээд заавал хийх шаардлагатай юм уу гэхэд зөөхгүй гэхээр нь 1 тонныг 5.000 төгрөгөөр тохирч очиж өгөхөөр тохирсон. Тэгээд Очиртой Алтай хотхоны ард “Пума сервис” ХХК-ны хашаанд орж байшингаас цемент ачиж байхад цагдаа нар ирсэн. Би *******- гэх хүнийг танихгүй, харж байгаагүй. Өмнө нь энэ хүний цементийг зөөж байгаагүй. 44 дээр 10 жил орчим болж байна. Тэнд цемент зөөдөг юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206-207/

 

         Гэрч Б.Ж-мөрдөн байцаалтанд “Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст Барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар ажилд орж тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оноос Нийслэлийн 6 дүүрэг, алслагдсан 3 дүүргийн барилгын материалын үйлдвэрүүдэд барилгын техникийн чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Барилгын материалын чанарт хяналт тавьдаг. Нэг орон тоотой ажиллаж байна...Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт ус, урьдчилан сэргийлэх тандалт, судалгаа гэсэн чиглэлээр хяналт шалгалтыг хийдэг. Төлөвлөгөөт шалгалт бол тухайн жилдээ өмнөх жилдээ эрсдэлтэй гарсан объектод төлөвлөгөөт шалгалтыг хийдэг. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч, иргэдийн гомдол мэдээллээр төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Урьдчилан сэргийлэх болон тандалт судалгааг үүрэг даалгавраар болон жилийн хүрээнд удирдамж гарган хяналт шалгалт хийдэг. Аж ахуйн нэгж байгууллага нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхдээ барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагаас, технологийн заавартай, тухайн бүтээгдэхүүнээ хөндлөнгийн лабораторид өгч байгаа эсэх, бүтээгдэхүүний шинжилгээ нь тухайн бүтээгдэхүүний чанарт нийцэж байгаа эсэхийг шалгадаг. Нийслэлийн хэмжээнд цемент болон цемент савлах хууль ёсны 3 үйлдвэр байдаг. Налайх дүүрэгт “Налгар түшиг”, Сонгино хайрхан дүүрэгт “Эм Жи Эл цемент”, “Монцемент” гэх гурван үйлдвэр ажилладаг. МАК болон Хөтөлийн Нийслэлд савлагаатай оруулж ирдэг. Цементийн орцонд голлох түүхий эд нь гөлтөгөнө гэх түүхий эд байдаг. 2 төрлийн стандартын цемент үйлдвэрлэгддэг. 42,5 марк, 32,5 марк гэдэг 2 төрөл иргэдэд ихэвчлэн ашигладаг. 52,5 маркийг захиалгаар үйлдвэрлэдэг. Уг маркийн хаягийг үндэслэж бусад түүхий эдтэй хольж эцсийн бүтээгдэхүүн болох өрлөг, шавар, бетон зуурмаг, хуурай хольц хар, цагаан замаск зэрэгт ашигладаг. Ямар маркийн цемент вэ гэдгээс хамаараад хольцоо элс, хайрга тохируулж, зуурмаг, болон шаврын маркаа тохируулж, өрлөг бусад зүйлсэд ашиглахаар тооцдог. Тэгэхээр савлагаанд дээр байгаа хаяг чухал юм. Уг хаяг савлагааны цементэн бүтээгдэхүүнийг өөрчлөн доторх найрлагыг нэмж өөрчлөх байдлаар хуурамч бүтээгдэхүүн хийх нь барилгын чанар байдалд нөлөөлнө. Дээрх стандартын цемент үйлдвэрлэх норм стандарт, орц найрлагыг тогтоосон олон улсын стандарт, эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг. Замаск үйлдвэрлэхэд мөн барилгын материал үйлдвэрлэх зөвшөөрөл шаардлагатай. Чанар стандартын хувьд мөн барилгын норм журамтай. Хуурай хольц нь дотроо хөөсөнцрийн хар замаск, плитаны цавуу гэж тусдаа байдаг. Түүнд орох орц найрлага нь мөн тогтсон стандартын дагуу байх ёстой. Барилгын материалын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүний жижиг оврын лабораторитой, орц найрлагыг тохируулдаг материалын чанарт хяналт тавих дотоод хяналттай, технологич инженерийн  албан тушаалтантай байх шаардлагатай.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-210/

 

Гэрч Б.О-мөрдөн байцаалтанд “...би Хадбаатарын кантер маркийн машиныг гурвалжингийн гүүрний-44 дээрээс ачаа ачдаг Далайхүү гэдэг залууг аваад Хадбаатарын очих газрыг заалгаад Алтай хотхоны баруун хойно нэг хашаанд ирсэн. Тэгээд складнаас 10 тонн шуудай цементийг ачсан. Тэгээд ачаад байж байтал цагдаа нар ирээд шалгасан...” гэсэн мэдүүлэг /1х-ийн 212/

 

Гэрч О.М-мөрдөн байцаалтанд “*******- нь манай аав болох Б.Бямбацогтын хуучин эхнэр байгаа юм. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Хар замаск хийдэг гэдэг утгаар нь танина. Уулзаж байсан. Би Хадаа гэж нэг жолооч ахтай холбогдоод *******- эгчээс  10 тонн цемент очоод ачаад ав гэж хэлээд утасных нь дугаарыг өгсөн. Би үйлдвэрийг нь хаана байдаг болохыг нь мэдэхгүй. Хадаа ах ямар машинаар өөрөө очиж юм уу, өөр хүн очиж авсан юм уу, сайн мэдэхгүй байна. *******- эгчээс би өөрөө 10 тонн 170.000 төгрөгөөр тооцож худалдаж аваад 1.000.000 төгрөг *******- эгчийн данс руу шилжүүлсэн. 2020 оны 10  сарын 18-наас 19-ний өдөр гэж санаж байна. Яг аль өдөр болохыг тодорхой санахгүй байна. Нэг барилгын компанид  10 тонн цементний төлбөрт өгсөн юм. 99106315 дугаарын утсаар холбогдож өгсөн. Юунд зарцуулсаныг нь сайн мэдэхгүй байна. Шалны дор дэвсэх цемент гэж авч байсан. Хужаа ногоон ууттай цемент байна гэж авсан хүн нь хэлж байсан. Анх авахад *******- эгч хужаа ногоон ууттай цемент байгаа хэлж байсан. Би хаанаас ачсан болохыг нь мэдэхгүй байна. Жолоочдоо *******- эгчийн дугаарыг өгөөд очиж ачаад буулгаад өгчих гэж хэлээд явуулсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 215-216/

 

Гэрч Н.Х-мөрдөн байцаалтанд “Би 6512 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сард ахтайгаа мөнгөө нийлүүлж худалдаж аваад сар гаруй засаж янзлаад нэг жолооч аваад ажилд явуулдаг байсан. Түүнээс хойш хэд хэдэн жолооч ажилд авч ажиллуулсан. Би 44 дээр зогсоод ажил олдохоор нь машинаа явуулж ачуулдаг байсан. Миний утас руу хүмүүс залгаж, ачуулах зүйл, үнэ хөлсөө тохироод би хаяг, утсыг нь жолоочдоо хэлээд явуулдаг. Би жолооч нарыг өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлж ачаанд явуулдаг байсан. Тээврийн хөлс бол тухай ачааны хэмжээ болон зайнаас шалтгаалан өөр өөр байдаг. Би *******- гэх хүнтэй уулзаж байгаагүй. Утсаар ярьж ачаа ачуулдаг байсан. Миний дансаар ачааны мөнгө шилжүүлдэг байсан. Хэзээ ачаанд явсан өдрүүдийг тодорхой санахгүй байна. *******-ийн үйлдвэр дээрээс би өөрийн жижиг тэрэг 1451 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 10 тонн цементийг 2 удаа зөөж яармагийн гүүрний ойролцоо барилга дээр буулгаж, 150.000 төгрөг грушикийн мөнгөтэй нийлүүлж авсан. Хаягийг нь өөртэй нь утсаар ярьж заалгаж очиж байсан. Далангийн зам, зуурмагийн том агуулахын хажуу талд дотроо хаалганы үйлдвэртэй гэж заалгаад очиж ачиж байсан. Мөн Амгалангийн ойролцоо байдаг замаскийн үйлдвэр дээр 6512 УНЗ машинаа жолоочтой явуулж 10 тонн цемент буулгаж байсан. 150.000 төгрөгөөр ачиж өгч байсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр над руу яриад 10 тонн цемент ачих хэрэгтэй байна гэхээр нь би машинаа жолоочтой явуулаад ачуулж байхад цагдаа ирсэн байсан. Урд шөнө нь миний утас руу 10 тонн цемент ачуулъя гэсэн мессеж бичсэн байсан юм. Уг ачааны хөлсөнд миний данс руу 120.000 төгрөг шилжүүлсэн. 6512 УНЗ тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн ачааны төлбөрийг 5166362400 тоот Хаан банкны дансанд орлого хийдэг юм. Манай эхнэрийн нэр дээр байдаг данс байгаа юм. Мөн заримдаа би өөрийнхөө дансаар ачааны хөлсөө авдаг. *******- гэх хүнээс би ажлын хөлсний мөнгийг л дансаараа шилжүүлэн авч байсан. Өөрөөр мөнгө төгрөг өгч, авах төлбөр тооцооны зүйл байхгүй. Яг хэдэн удаа цемент ачиж зөөж өгч байснаа санахгүй байна. Одоо хаана юу хийдэг болохыг мэдэхгүй байна. Жолооч нараар өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлж машинаа бариулдаг байсан юм. Хэд хэдэн жолооч миний машиныг барьж байсан. Хөлсөө голдог юм уу, өөр ажилтай болоод больдог юм уу, сайн мэдэхгүй байна. Болдоо, Амраа, Мөнхөө, Жагаа гэх хүмүүс барьж байсан. 44 дээр ажилладаг крушикүүдээр ачуулдаг байсан. 1 тонныг нь 5.000-6.000 төгрөгөөр тохирч олдсон ачигч нарыг ачаанд явуулдаг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 222-223/

 

Гэрч Н.Т-мөрдөн байцаалтанд “*******- гэж нэрийг бол сайн санахгүй байна. Манай ойрын төрөл хамаатан садангийн хүрээнд *******- гэх хүн байхгүй. 9696 УАЕ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын сүүлчээр би нэг эмэгтэй хүнээс худалдаж авсан юм. Одоо уг тээврийн хэрэгслийг би эзэмшиж байгаа. Өмнө нь би приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй байж байгаад түүнийгээ зараад хэдэн төгрөг нэмээд уг машиныг худалдаж авч байсан юм. Төлбөрийг нь би өөрийнхөө 5025994677 тоот Хаан банкны данснаас 18.900.000 төгрөг шилжүүлж, Баянзүрх дүүргийн авто тээврийн төвд орж нэр дээрээ шилжүүлж авч байсан юм. Надад хэлэхдээ уг машиныг барилгын компанид цемент өгөөд төлбөрөө төлөхгүй, энэ машиныг өгсөн. 20.000.000 төгрөгийн өрөнд авсан юм гэж ярьж байсан. Мөнгөний хэрэгтэй болоод зарах хэрэгтэй байна гэж байсан. Энэ машиныг зарах тухай зар дээрээс хараад утсаар яриад, очиж уулзаад ярьж хөөрч байгаад хямдруулаад авсан юм. Гэрчилгээг нь харахад тэр эмэгтэй өөрийнхөө нэр дээр шилжүүлээд удаагүй байсан. Одоо нэрийг нь би сайн санахгүй байна, гэрчилгээнд байсан нэр гарч ирж байсан санагдаж байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/

 

Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хууль ёсны төлөөлөгч С.А-мөрдөн байцаалтанд “...манай байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар станцын хаягдал хуурай үнсийг гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд тогтоосон үнэ тарифын дагуу худалдан борлуулдаг. Байгууллагын өмчөөр бол бүртгээгүй. Хаягдал гэж тооцдог. Станцын үйл ажиллагаанаас их хэмжээгээр ялгарч, усаар түрэгдэж үнсэн санд хаягддаг. Хаягдахаас өмнө бункерт тосч аваад түүнийг тогтоосон тарифаар аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулдаг. Учирсан хохирлын хэмжээг нь тодорхойлох боломжгүй байна. Зарж борлуулах тэр шат дамжлагаас нь авч худалдаж ашиг олж байсан бол хууль бус үйлдэл болоод байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95-96/

 

         Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би хятад цемент хольсон. МАК-ийн цемент үйлдвэрлэсэн гэж бичсэн байна. Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл авахдаа өөрөө цемент үйлдвэрлэж өгөөгүй. Мягмарсайханаас 20 тонн ногоон ууттай хужаа цемент авч өгсөн. Үлдэгдлийг нь ориг 44-өөс вагоноос авч өгсөн. Үлдэгдэл 8 тонн цементийг Цайз захаас МАК-ийн цемент авч өгсөн. Шалгагдаж эхэлсний дараа 40 тонн цементийг нөхрөөсөө авч өгсөн. Өмнө нь 10 тонн цементийг авч өгсөн байсан. Тэгээд нийтдээ нөхрөөсөө 50 тонн цемент өгсөн.  10 тонн цемент хольж хийж байгаад Ёолкод өгөх гэж байгаад цагдаад шалгуулсан. Тэрнээс биш  80 тонн цементийг бүтнээр нь хуурамчаар хийж, машин худалдаж аваагүй юм. Цементийг хүнээс бөөндөж авч өгдөг байсан. Тэрнээс би өөрөө хийсэн зүйл байхгүй. МАК цемент нь ориг хулхи эсэхийг би мэдэхгүй. Хулхи нь арай хямд болохоор нь 44 дээрээс худалдаж аваад зарсан. Доторх нь ямар болохыг мэдэхгүй. Гансүхийн хүүхдээр хийлгэсэн нь хар замаск хийлгэж байсан юм. Тэгээд буруу гараад чанаргүй болж байсан. Элс нь ихэдсэн байсан. Гансүхийн хүүхдүүдээр цемент хуурамчаар үйлдвэрлүүлээгүй. Би 3 нас 6 сартай, 7 нас 2 сартай, хүүхдүүдтэй...Өрх толгойлсон эмэгтэй. Буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99-100/

 

       2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Пума сервис” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг *******-ийн эзэмшлийн агуулахад үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 16-27/

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл *******-ийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1 хх-ийн 28-32/,

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 33-34/

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 35-39/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 40-41/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 42/

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 44/

Барилгын Хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 0005240, 0005628, 0005242, 0005241, 0005629, 0005630, 0005851, 0005853, 0005636 дугаартай дүгнэлтүүдэд Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн холбооны дүгнэлт /2хх-ийн 06-29/

“Пума сервис” ХХК болон *******- нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /2хх-ийн 134-135/

  “Мак Цемент” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн 01/380 дугаартай албан бичиг /1хх-ийн 83/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 “Барааны тэмдэг” гэдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” ойлгоно.

 

         Энэхүү гэмт хэргийн объектив талын шинж нь Барааны тэмдэг эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан идэвхтэй үйлдэл бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэвэл,

шүүгдэгч *******- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч буй хуурай үнсийг нэр бүхий ажилчдаас хууль бусаар худалдан авч, “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглан үнс хольж хуурамч цементийг худалдах зорилгоор тээвэрлэхдээ барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, лицензийн гэрээгүйгээр “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бүтээгдэхүүнийг ашиглаж өөрийн бараа, сав баглаа боодол, ажил үйлчилгээнд ашиглах зорилгоор бусдад худалдаж байгаа нь хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр хэрэглэгчийн Барааны тэмдэг эзэмшигч болох “Мак цемент” ХХК-ний эрхийг зөрчиж, “Оршил” констракшн ХХК-нд 15.864.831 төгрөгийн, “Ай Би Эс” групп ХХК-нд 7.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг “Бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг байнга үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пума сервис" ХХК-ийн хашаанд түрээсийн байранд бусдын барааны тэмдэг ашиглан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу байнга тогтвортой үйлдсэн гэх шинжээр нь зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

          Байнга  тогтвортой үйлдсэн гэдэг нь  үйлдвэрлэлийн шинжтэй, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгоно.

 

          Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,  

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-ийг хуульчилсан байх ба уг хуулийн 9.2-т “ Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “ *******-ийн үйлдсэн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамааруулж өгнө үү” гэсэн санал хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал дүгнэлтийг энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь олон нийтийн аюулгүй байдал хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх хүлээн аваагүй болно.

 

            Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

 

            *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч *******-ийн урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

  Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч *******-ийн бага насны хүүхэд болох 2018 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн Б.А-/охин, РД: /, 2014 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн Б.Ө- /хүү, РД: /  нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

         Хохирол, бусад асуудлын талаар.

          Шүүгдэгч *******-ийн дээрхи хууль бус үйлдлийн улмаас  “Оршил” констракшн ХХК-д 15.864.831 төгрөгийн, “АЙ БИ ЭС” ХХК-нд 7.200.000 төгрөгийн буюу бусдад нийт 23.064.831 төгрөгийн хохирол учирсанаас  “Оршил” констракшн ХХК-нд 2.600.000 төгрөг,  “АЙ БИ ЭС” ХХК-нд 7.200.000 төгрөг нөхөн төлсөн байна.  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 13.864.831 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага болох “Оршил” констракшн ХХК-нд олгох нь зүйтэй.

       “МАК ЦЕМЕНТ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотойгоор 714.900 төгрөгийг  *******-ээс нэхэмжилсэнийг прокурорын шатанд төлсөн байна.  

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа эд зүйлсээс чанарын шаардлага хангасан  /хуурай хольц замаск/  хятад бичигтэй 25 кг ууттай 388 ширхэг, хятад улаан бичигтэй 50 кг савлагаатай 237 ширхгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мак евро цемент гэх савлагаатай 50 кг савлагаатай 68 ширхэг, ашиглаагүй хятад бичигтэй хуурай хольц замаскний 25 кг-ийн хэмжээтэй уут 189 ширхэгийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд даалгах нь зүйтэй.

          Шүүхээс хорих ял шийтгэгдсэн *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорив.

 

         Энэ хэргээс хяналтын прокурор  2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай  дугаартай тогтоолоороо Д.Цогдэгмэд, Ч.Дүгэрсүрэн, Г.Т-нарт холбогдох хэргийг тусгаарласан байгааг дурьдаж  байна. /4хх-ийн 46-47/

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                    ТОГТООХ нь:

          1. *******-ийг “Бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. *******-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

         5. Шүүгдэгч *******-ийн бага насны хүүхдүүд болох 2018 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн Б.А-/охин, РД:/, 2014 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн Б.Ө- /хүү, РД:/  нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 13.864.831 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага “Оршил” констракшн ХХК-нд олгосугай.

 

         7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа *******-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуурай хольц замаск/  хятад бичигтэй 25 кг ууттай 388 ширхэг, хятад улаан бичигтэй 50 кг савлагаатай 237 ширхгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвөөс шилжүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа Мак евро цемент гэх савлагаатай 50 кг савлагаатай 68 ширхэг, ашиглаагүй хятад бичигтэй хуурай хольц замаскний 25 кг-ийн хэмжээтэй уут 189 ширхэгийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвд даалгасугай.

 

        9. Энэ хэргээс хяналтын прокурор 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор 2002005730147 дугаартай хэргээс Д.Цогдэгмэд, Ч.Дүгэрсүрэн, Г.Т-нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурьдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ийг цагдан хорьсоныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ