| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01548/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01729 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01729
| 17 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01729
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 14А-р байрны өргөтгөлийн “Ти ти энд Би” ХХК-ийн холбогдох 627 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд “36 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-07 дугаартай гэрээг “Ти Ти энд Би” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулан “Ти Ти энд Би” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компанийн санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 600 000 000 төгрөгийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажпыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 600 000 000 төгрөгийн санхүүжилтийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “Ти Ти энд Би” ХХК-нд 2014 онд 510 000 000 төгрөг, 2015 онд 60 000 000 төгрөг, нийт 570 000 000 төгрөгийн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт хийсэн юм. “Ти Ти энд Би” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтийг эргэн төлөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-д “ ... барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй, санхүүжилтийг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны төлөх” нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилтийг буцаан төлөөгүй тул дахин 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Хариуцагч компаниас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2-т заасны дагуу санхүүжилтиийн 10 хувьтай тэнцэх 57 000 000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Ти Ти энд Би” ХХК-иас гэрээний санхүүжилт 570 000 000 төгрөг, торгууль 57 000 000 төгрөг, нийт 627 000 000 төгрөгийг гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ти Ти энд Би” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Канад модон барилгын технологиор барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Канад модон барилгын технологиор 12 айлын 3 ширхэг орон сууцыг ашиглалтанд орүүлахаар төлөвлөж, аймгийн ЗДТГ-тай 2014 оны 10-р сарын 13-ны өдөр ӨМ2014/Т-07 тоот гэрээ байгуулан 570 000 000 төгрөгний санхүүжилт авсан. Бидний төлөвлөгөөгөөр дээрх авсан санхүүжилтээр эхний 12 айлын орон сууцыг бүрэн дуусган борлуулалт хийж, уг борлуулалтаар хоёр дахь 12 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар байсан боловч, орон сууц худалдан авах иргэд ипотекийн зээл олгохыг хүлээх, орон нутгийн банк, санхүүгийн байгууллагууд канад модон барилгыг барьцаа хөрөнгөөр авахгүй байх зэрэг асуудлууд тулгарч, урт хугацааны санхүүгийн хүндрэлд ороод байна. Уг 12 айлын 1 орон сууцны төсөвт өртөг нь 627 сая төгрөг бөгөөд бид барилгын м.кв талбайн үнийг 1 250 000 төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байсан боловч аймагтай гэрээлсэн үүргийн дагуу 1 050 000 төгрөг буюу түүнээс доош үнээр худалдан борлуулж байгаа болно. Манай компани аймгийн ЗДТГ-аас гаргасан нэхэмжлэлд заагдсан нийт санхүүжилт 570 000 000 төгрөг болон гэрээний 2.1.2-т заасны дагуу нийт санхүүжилтийн 10 хувь болох 57 000 000 төгрөгний торгуулийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар аймгийн ЗДТТ-тай хугацаа тохирч эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Ти Ти энд Би” ХХК-д холбогдох 627 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Ти Ти энд Би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 627 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 627 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Ти Ти энд Би” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Ти Ти энд Би” ХХК-иас 1 646 475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА