Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/652

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуяа хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2111005021134 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД: / *******-.

 

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

         *******- нь Ц.О-“Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөг, хохирогч Ц.О- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол  45-1-58 тоотод байхдаа 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөг дансаар тус тус шилжүүлсэн мөнгийг авч, 3 удаагийн үйлдлээр нийт 20.000.000 төгрөгийг залилж хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Намайг уучлаарай.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч *******- хохирогч Ц.О-“Оюу Толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг,  2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөг дансаар тус тус шилжүүлж 3 удаагийн үйлдлээр нийт 20.000.000 төгрөг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч  Ц.О- мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын эхээр би Хөвсгөл аймгаас ирээд Улаанбаатар хотод төрсөн дүүгийнхээ гэрт амьдарч байхдаа  “Оюу толгой” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр ажилладаг засвар механизмын чиглэлээр ажилладаг байгууллагуудад ярилцлаганд ороод ажилд орох эсэх талаар хариу гарах хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй дүүгийнхээ гэрт хүлээгээд байж байх хугацаандаа өмнө би өөрийн нагац эгч *******гаас ******* эгчийг “Оюу толгой” ХХК-д хүн оруулж  өгдөг хүн таньдаг гэж сонсож байсан болохоор би  өөрийн гар утсаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдардаг ******* /*******/ гэх эгчтэй холбогдоод *******- гэдэг хүнтэйгээ намайг холбоод өгөөч ээ гэхэд за яахав би ерөнхийдөө сайн мэдэхгүй байна ямар ч байсан утасны дугаарыг нь чамд өгье би асуудалд ямар ч хамаагүй чи өөрөө утсаар холбогдоод асуудлаа шийдээ гэж надад хэлсэн. Үүний дагуу *******- гэгчийн /*******/ дугаарын утсаар холбогдоход ******* эгчийн ярьсан хүүхэд байна та “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгч чадах уу гэхэд миний таньдаг сайн найз “Оюу толгой” ХХК-нд  ажилладаг хүн байгаа чи надад 20.000.000 төгрөг өгчихөө би тэгээд Оюу толгойн үндсэн ажилтны механикчаар оруулаад өгье  мөнгөө одоо шууд өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир 7 хоногийн  дараа өгье гэж хэлээд өөрийн танил хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж аваад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах уг хүний ажлын байр гэх хашаанд нь яваад очиход *******- гэгч нь ганцаараа байсан тэгээд би *******- гэх хүнд нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг хуулбар, ажлын үнэмлэх буюу сургууль төгссөн гэрчилгээний хуулбар зэргийг өгч тухайн үед  миний дансанд байсан 10.000.000 төгрөгийг хашаанд нь байхдаа *******-ийн хажууд би утасныхаа мобайл банкийг ашиглаж эхнэрийнхээ Хаан банкны 00 дугаарын данснаас *******- гэгчийн Хаан банкны 00 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн тэгээд үлдсэн 10.000.000 төгрөгийг нь би мөнгө олж байгаад шилжүүлье гэхэд мөнгө чинь ороод ирвэл 14 хоногийн дотор ажилд орох асуудал чинь шийдэгдэх болно гэсэн. БГД-ийн 20 дугаар хороо Өнөр хороолол 45-1-58 тоотод дүүгийнхээ гэрт байхдаа гар утасныхаа интернэт банкийг ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөн эхнэрийн данснаас *******- гэгчийн данс руу 3.000.000 төгрөг мөн БГД-ийн 20 дугаар хороо Өнөр хороолол 45-1-58 тоотод дүүгийнхээ гэрт байхдаа гар утасныхаа интернэт банкийг ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн эхнэрийн данснаас *******-ийн данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлж нийт 20.000.000 төгрөгийг нь богино хугацаанд өгсөн. Тэгээд *******-тэй утсаар ярихад одоо хүлээж бай удахгүй бүх асуудал чинь шийдэгдэх болно гэж  надад хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хүлээгээд л байсан энэ хооронд утсаар ярихад асуудал чинь шийдэгдэх болно тэвчээртэй хүлээж бай гэсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард утсаар ярихад одоо сар орчим хүлээх байхаа гэхээр нь би тухайн үед 10 хоног самарт уул руу яваад ирье гэхэд за тэгээ  яваад ирэхэд чинь асуудал  болчих байхаа гэсэн. Тэгээд би явж  ирчхээд *******- гэгчтэй утсаар ярих гэхэд /98110802/ дугаарын утас нь холбогдохгүй байсаар байгаад Улаанбаатар хотод цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон. 2021 оны 3 дугаар сарын 10-ны үеэр байхаа *******- гэгч нь над руу залгаад чи тэвчээртэй хүлээж бай би мөнгийг чинь нэг найздаа өгсөн байгаа тэгсэн чинь надад буцаагаад өгнө гэж хэлсэн өгөхөөр нь чинь эхнэрийн данс руу хийе гэж хэлсэн. Тэгж хэлээд одоог хүртэл утас нь холбогдохгүй байгаа болохоор нь би цагдаад хандсан юм. *******- нь өөрийгөө модоор хувиараа  байшин барьдаг хүн гэж хэлсэн. Надад миний найз Оюу толгой хүний нөөцийн ажилтан гэж хэлсэн нэрийг Болор хэн ч гэлээ нэрийг сайн санахгүй байна нэг Болортой нэр хэлж байсан. Тэрнээс өөр яг хэнд хандаад хэзээ ажилд оруулах нь тодорхойгүй байсан. Надад *******-  нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзахдаа бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм. Гэхдээ тухайн үед надад энэ мөнгийг чинь би авахгүй надад ямар ч хамааралгүй  чамайг залуу хүн гээд тусалж байгаа юм шүү гээд миний өгсөн мөнгийг Болор гэх хүнд өгнө би одоо ингээд данс руу нь хийчихнэ тэгэхээр уг хүн цаашаагаа ажилд оруулах хүмүүстэйгээ ярилцаад хэд хэдэн хүн мөнгийг чинь хувааж өгдөг юм шүү гэж надад хэлж байсан...Гэрийн хаяг нь хаана байдаг талаар би мэдэхгүй. Анх ажлынхаа байран дээр гэх хашаанд л ганц удаа уулзсан тэрнээс өөр дахин бие биеэ  хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

Хохирогч Ц.О- дахин байцаалтаар “...******* эгч надтай утсаар ярихдаа 20.000.000 төгрөг хэрэгтэй гэж ерөөсөө хэлж байгаагүй. Би *******  гэх хүнтэй 2020 оны 9 дүгээр сард утсаар ярьснаас хойш ерөөсөө биеэр уулзалдаагүй. Би *******-тэй 1 удаа уулзаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тасганы овоо гэх нэртэй газар уулзаад 10.000.000 төгрөгийг эхнэр Цэнгэлмаагийн 00 дугаарын Хаан банкны данснаас *******-ийн  00 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлж байхдаа уулзаж байсан. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч О.Д-мөрдөн байцаалтанд “Би Ц.О-ын төрсөн эх Батцэнгэлийн төрсөн дүү. Ц.О- миний нагац дүү  байгаа юмаа. Ц.О- нь  “Оюу толгой” ХХК-нд ажиллаж байгаад ажлаасаа гараад Солонгос улс руу нэг жил орчим явж ажиллаж байгаад ирсэн. 2020 оны 8, 9 дүгээр сарын үеэр Ц.О- надтай утсаар  яриад Хөвсгөл аймагт байна би Улаанбаатар хот орно буцаад “Оюу толгой” ХХК-нд ажиллах хүсэлтэй байна танд таньж мэддэг хүн байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь надад юу байхав дээ таньдаг мэддэг хүн байгаа эсэх талаар хүмүүсээс асууя гэж хэлсэн. Тэгээд 1978 онд Улаанбаатар хотод Холбооны сургалтын төвд хамт сурч төгссөн Хөвсгөл аймагт Холбооны газар хамт ажиллаж байсан сайн найз ******* найзтайгаа 2020 оны 9 дүгээр сард утсаар ярьж байхад манай найз ******* Өмнөговь аймагт ач нараа харж байна гэсэн. Мөн  ******* нь манай нагац дүү болох Ц.О-ыг муугүй таньдаг юм. Тэгэхээр нь би *******тэй утсаар ярьж байхдаа Ц.О- буцаад “Оюу толгой” ХХК-д ажилдаа орох гэж байгаа таньж мэддэг хүн байна уу, гэж асуухад ******* надад хэлэхдээ манай нэг хуурай дүү байдаг юм тэр “Оюу толгой” ХХК-д хүн таньж магадгүй би яриад үзье гэж хэлсэн. Тэгээд би ******* найздаа Ц.О-ын утасны дугаарыг өгөөд энэ 2 хоорондоо ярьж учраа олсон байхаа. *******, Ц.О- хоёрыг хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй. ******* надад хэлэхдээ нөгөө хуурай дүүтэйгээ танилцуулсан ямар ч байсан нөгөө 2 чинь  Улаанбаатар хотод хоорондоо уулзалдахаар болсон гэж хэлсэн. Тэрнээс хойш Ц.О- надад хэлэхдээ ******* эгчийн найз нь намайг ажилд оруулж өгөхөөр болсон мөнгө өгсөн гэж хэлж байсан тэгээд сүүлд хэлэхдээ надад уг хүн нь утсаа авахгүй байна гэж ярьж байсан тэгээд сүүлдээ цагдаагийн байгууллагад хандсан гэж надад хэлж байсан. Ямар хүн байдаг талаар  мэдэхгүй *******ээс сонсоход Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат гэж л сонсож  байсан. Би огт танихгүй.  Энэ талаар би юу ч хэлээгүй *******, Ц.О- хоорондоо мөнгөний талаар ярьсан байж магадгүй...’’ /хх-ийн 20/

Гэрч Ц.Х-мөрдөн байцаалтанд “Би Ц.О- гэгчийн нагац эгч болох *******гийн төрсөн эгч болох Цэнгэлийн хүү байгаа юм. Би харин *******тай 1978 оноос хойш найзалж байгаа сайн найзууд байгаа юмаа. Ц.О- нь багаасаа л эгч *******гийн хамт манай гэрээр ирдэг байсан болохоор би сайн мэднэ. 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр найз ******* надтай утсаар ярьсан харин тухайн үед  би Өмнөговь аймгийн Ханбогд суманд  байсан тэгсэн чинь ******* надад чиний таньдаг хуурай дүү чинь “Оюу толгой” ХХК-д хүн таньдаг билүү дүү Ц.О-ыг ажилд оруулж өгөөч ээ гээд гуйгаад байсан гэсэн. Тэгэхээр нь би юу ч гэсэн уг хүнтэйгээ яриад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оноос хойш таньдаг болсон манай аавын гэрээр орж гардаг байсан хүүхэд болох *******-тэй утсаар яриад миний найзын нэг дүү маань өмнө “Оюу толгой” ХХК-нд ажиллаж байсан туршлагатай хүүхэд байна тэгээд уг Ц.О- гэгч залуу нь буцаад ажилд орох гэж байна тиймээс таньдаг хүн байна уу, ярьж өгөөч гэж хандахад за эгч би нөгөө хүнтэйгээ яриад хариу өгье гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа над руу яриад эгчээ болох юм шиг гэхээр нь чи Ц.О- гэх хүүхэдтэй өөрийн биеэр уулзаа тиймээс  чиний дугаарыг Ц.О-т өгчихье тэгээд та хоёр хоорондоо уулзаад учраа олоо гэж хэлсэн чинь *******- надад за тэгье гэж хэлээд би Ц.О-тай утсаар яриад  *******-ийн 98110802 гэсэн утасны дугаарыг нь өгөөд чи өөрөө утсаар яриад, хаана байгаа газар нь очоод нүүр нүүрээ хараад өөрсдөө  уулзаа  гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр хүнийг холбож өгсөн. *******- надтай утсаар ярихдаа Ц.О- гэгчтэй утсаар ярьсан мөн өөрийн биеэр уулзсан гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтын хуулбарыг нь авсан мөнгөний талаар надад хэдэн төгрөг авсан талаар хэлээгүй. Надад хэлэхдээ Ц.О-ыг ажилд оруулах талаар нэг хүнтэй ярьсан, мөн бичиг  баримтыг нь дамжуулж өгсөн хэд хоногоос ярилцлаганд оруулж ажилд авна гэж байна гэж надад хэлсэн тэрнээс хэнд хандсан талаар нь би мэдэхгүй. Тэгээд үүнээс хойш 14-15 хоногийн дараа байхаа  над руу *******- залгаад “Оюу толгой” ХХК-нд короно гарсан гээд ажилчдадаа солихгүй, шинээр хүн нэмж авахгүй гацчихаад байна гэхээр нь наад талаараа Ц.О-т хэл та 2 хоорондоо учраа ол гэж хэлсэн. *******- нь Хөвсгөл аймгаас байшингийн торх бэлдэж оруулж ирж худалдаж борлуулдаг юм. Тэгээд 2020 оны зун би аавын гэрт байж байхад  *******- нь аавын гэрт ирээд хоол унд идээд явах хооронд бид 2 тухайн үед ярьж байхад би өөрийн хүүгээ “Оюу толгой” ХХК-ийн гүнийн уурхайд инженерээр ажилд орж байгаа манай хүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум руу шилжиж байгаа гэж ярьж байсан болохоор би Ц.О-ыг ажилд оруулж өгөөч ээ гэж хандаж байсан...Ц.О-ыг ажилд оруулах зорилгоор *******-д  хандсан юм.’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч Д.Ж-мөрдөн байцаалтад “2005 онд  *******-тэй гэр бүл байсан миний нөхөр байгаа юм. Одоо би нөхөр болон 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-407 тоотод амьдарч  байгаа. Уг дансыг одоогоос 2 жилийн өмнө байхаа өөрийн төрсөн охин Анударь гэх хүүхдэд нээлгэж байсан данс байгаа юм. Уг дансыг одоо хүртэл манай охин ашиглаж байгаа. Карт нь охинд байдаг юм. Би 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уг дансны эзэмшигч болохоор би дансны хуулгыг хараад мөнгө шилжиж орсон талаар мэдсэн уг мөнгийг манай охин аавыгаа утсаар ярихаар нь шилжүүлсэн байхаа тэрнээс манай охин зарцуулсан юм байхгүй. Ц.О- гэгчийг би танихгүй харин 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байж байхад буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-407 тоотод Ц.О- нь ирээд манай нөхөр *******-ийг байгаа юу гэж асууж байсан тухайн үед манай нөхөр *******- нь Хөвсгөл аймаг руу явсан байсан тэгээд тухайн үед Ц.О- гэгч нь миний утасны дугаарыг тэмдэглэж авч үүнээс хойш над руу залгаж байна *******-ийг ирсэн үү гэж асуудаг байсан. Энэ талаар би огт мэдэхгүй  байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд“...Манай ахтай ажилладаг байсан ******* нь 2020  оны 9 дүгээр сарын сүүлээр надтай утсаар холбогдоод манай нэг дүү байдаг юм. “Оюу толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар оруулаад өгөөч ээ гэхээр нь эргээд яръя гэж хэлсэн. Тэгээд  дараа нь Ц.О- надтай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-407 тоотод ирж уулзсан тэгэхээр нь “Оюу толгой” ХХК-нд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгсэн  Ц.О- надад хэлэхдээ ******* эгч 20.000.000 төгрөг гэж  надад  хэлсэн та надад дансны дугаараа өгчих гэхээр нь өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 00 гэсэн дансны дугаараа өгсөн. Тэгээд над руу 3 удаагийн шилжүүлгээр 20.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд  би эргээд ярья гэж хэлсэн. “Оюу толгой” ХХК-нд таньж мэддэг хүн байхгүй. Мөн ажилд оруулахаар хөөцөлдсөн зүйл байхгүй. Харин уг мөнгийг Хөвсгөл аймгаас дүнзэн байшингийн бэлдэц мод авахад ашигласан юм. Уг хүнээс шилжүүлэн авсан мөнгийг би хувьдаа зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрчээр *******- дахин байцаалтаар “2020 оны 9 дүгээр сарын сүүлээр миний танил болох нутгийн эгч ******* нь миний 98110802 гэх дугаар руу яриад манай хуурай дүү Ц.О- гэх эрэгтэй “Оюу толгой” ХХК-д ажилд орох гээд байгаа юм чамд таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар ч байсан хүнтэй яриад үзье гэж хэлж байсан. Тэгээд ******* миний утасны дугаарыг Ц.О- гэх дүүдээ өгчихсөн байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр Ц.О- гэх хүн над руу утсаар яриад би ******* эгчийн яриулсан хүн байна та намайг “Оюу толгой” ХХК-д  ажилд  оруулж өгч чадах уу гэхэд за би юу ч гэсэн хүнээс асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сард надтай утсаар ярьж байгаад манай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-407 тоот хашаанд ирж уулзсан. Тэгэхэд нь би “Оюу толгой” ХХК-д  ажилд ороход  20.000.000 төгрөг хэрэг болно гэж хэлж байсан.  2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.О- дахиж манай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 30-407 тоот гэрт ирж надтай уулзсан тэгэхдээ 10.000.000 төгрөгийг Цэнгэлмаа гэх хүний 00 гэх Хаан банкны данснаас миний Хаан банкны 00 дугаарын данс руу шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Цэнгэлмаагийн 00 гэх данснаас 3.000.000 төгрөг миний 00 данс руу, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэлмаагийн 00 дугаарын данснаас 7.000.000 төгрөг  миний 00  данс руу тус тус шилжүүлсэн. Ингээд нийтдээ 20.000.000 төгрөг Ц.О- нь над руу шилжүүлсэн. Тэгээд би тухайн үедээ Ц.О-ыг ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж зөндөө хүлээлгээд ажилд оруулж өгч чадаагүй. Надад “Оюу толгой” ХХК-д таньдаг ажилд оруулж өгөх тийм эрх бүхий албан тушаалтан хүн ерөөсөө байхгүй. Би Хөвсгөлөөс дүнзэн байшингийн мод оруулж ирж зардаг ажил хувиараа эрхэлдэг. Тэгээд өөрийнхөө  ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ц.О-ын надад  өгсөн 20.000.000 төгрөгийг Хөвсгөлөөс мод оруулж ирэх ажилдаа зарцуулчихсан юм. Дараа нь мөнгийг нь буцаагаад өгчихнө гэж бодож байсан.  Би ганцаараа 20.000.000 төгрөгийг ажилдаа зарцуулчихсан юм. Одоогоор би төлж барагдуулаагүй байгаа. Би 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 20.000.000 төгрөгөө төлөөд дуусгачихна. Ц.О-ыг ямар ч хохиролгүй болгоно. Хохирлын мөнгө нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би 2020 оны 9 дүгээр сард Ц.О-ыг “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж 20.000.000 төгрөг авч, залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Яллагдагчаар  *******-  мөрдөн байцаалтанд “...Би Хөвсгөлөөс дүнзэн байшингийн мод оруулж ирж зардаг. Тэгээд өөрийнхөө  ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ц.О-ын надад  өгсөн 20.000.000 төгрөгийг Хөвсгөлөөс мод оруулж ирэх ажилдаа зарцуулчихсан юм. Би 2020 оны 9 дүгээр сард Ц.О-ыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж худлаа хэлж 20.000.000 төгрөг авч, залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, *******-ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-68/,  *******-ийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 69/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******- нь  “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

   *******- нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр, худал хэлж “Оюу толгой” ХХК-д хохирогчийн ажилд орох хүсэл сонирхолыг далимдуулан 2020 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр Хаан банкны 00 дугаарын өөрийн дансаар нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

 

Шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-ийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******- залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.О-т учруулсан 20.000.000 төгрөгийн хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлсөн байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч *******-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг нь  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 07 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив. 

 

Шүүгдэгч *******- өмнөх буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж 6 хоног цагдан хоригдсон.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдэлсэнд тооцон хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг  06 сар 24 хоногийн хугацаагаар тогтоов.

 

*******-ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-д анхааруулав.    

    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. *******-ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т  зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдэлсэнд тооцож, *******-ийн зорчих эрхийг хязгаарлах ялын  хугацааг  6 сар 24 хоногоор тогтоосугай.

6. *******-ийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  анхааруулсугай.  

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ