Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/633

 

                             

 

 

 

 

 

 

 

2021            10           04                                     2021/ШЦТ/633

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анударь хөтлөн

улсын яллагч  Ж.Энхжаргал

хохирогч Ц.Я-

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2103000000092 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 20-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , охины хамт,  Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо  байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД: / *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

*******- нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, ГССҮТ-ийн арын зам “Сайн” ломбардын урд талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Я-  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Нийт 5.401.000 төгрөг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн. 4.918.000 төгрөг нь Эм Би Жи  эмнэлэгт эмчилгээнд зарцуулагдсан ор хоногийн мөнгө юм. Нүд, шүд гэх зэрэг гэмтлээс шалтгаалсан нүүрний хагалгаа мөн хийгдсэн. Дансаар 483.000 төгрөг өгсөн байгаа энэ нь кальци, памперс зэрэг бусад эмчилгээнд нь зарцуулсан зардал. Ослын дараа гэмтлийн эмнэлэгт ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. “Хаппи Веритас” эмнэлэгт томографи зураг авхуулсан төлбөрийг мөн төлсөн. Аарцаг ясны хугарал, баруун нүдний булан ясны хугарал гээд 2 томографи  авхуулсан. Яг нийтэд нь бодсон учир сайн мэдэхгүй байна. Хохирогч нь 2 удаа томографи зураг авхуулахад 350.000 төгрөгийг нөхөн төлсөн. Би гэмтлээс шалтгаалсан эмчилгээний зардлыг цаашдаа нөхөн төлнө.” гэв.

 

Хохирогч Ц.Я-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар би бариа засал 280.000 төгрөгөөр хийлгэсэн, цаашид дахин 280.000 төгрөгөөр бариулах ёстой нийтдээ 560.000 төгрөг болно. Цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээр гаргуулмаар байна. Шүүгдэгч нь 5030597989 гэсэн Эм Би Жи эмнэлгийн дансаар 70.000 төгрөг ковидын шинжилгээ өгсөн. 860.000 төгрөг ор хоногийн мөнгө, 3.960.000 төгрөг хагалгааны зардлыг төлсөн. Би нийтэд нь бодоогүй байгаа. 260.000 төгрөгөөр томографи зураг авхуулсан. 130.000 төгрөгийг үе мөчний томографи зургийг тус тус авхуулсан. Кальци авч уусан 120.000 төгрөг. Эдгээр нь төлбөр төлөгдөөгүй. 520.860 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг нотариатаар батлуулаад гаргаж өгсөн. 260.000 төгрөгийн баримтаа би биччихсэн байгаа. 260,000 төгрөгөөр томографи авхуулсан, дахиад 130,000 төгрөгөөр томографи баримтуудаас 130,000 төгрөгийн баримт нь хэрэгт хавсаргасан. Шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт дунд хавсаргасан байгаа. Бариа хийлгэсэн 560.000 төгрөгөөс би 280.000 төгрөгийг төлчихсөн байгаа. Цаашид дахин 280.000 төгрөгөөр бариа хийлгэнэ. Баримт байхгүй байгаа.” гэв

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 00 минутын орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, ГССҮТ-ийн арын зам “Сайн” ломбардын урд талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Я- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

      

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-18/

    

Хохирогч Ц.Я-мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би Баянгол  дүүргийн -р хороо гэмтлийн эмнэлгийн ард байх  давхар улаан тоосгон нийтийн байрны  тоотод 2 хүүхдээ үлдээгээд гарсан. Гэмтлийн эмнэлгийн ард байх Голомт банкны АТМ орж мөнгө аваад хоол хүнсний зүйлс авах гэж гэрээсээ гарсан. Гэмтлийн эмнэлгийн арын Сайн ломбардын урд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд явж байтал хурдтай машин ирээд зүүн тал руу мөргөсөн. Миний санаж байгаагаар нэг автомашинд гар өргөөд явсанаа л санаж байна. Би 2 хүүхэдтэй, том нь 7 настай хүү, бага нь 5 настай охин. Би уг нь үсчин хийдэг байсан. Короно гараад үсчин хийхээ болиод гэртээ хүүхдүүдээ хараад, нийтийн байр цэвэрлээд онлайнаар бүтээгдэхүүн авч зардаг байсан. Ослын улмаас гэмтлийн эмнэлэгтэй 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хэвтэн эмчлүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс MBG эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

     

Гэрч И.Г-мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед цагдаагаас яриад эхнэр Ц.Я- зам тээврийн осолд орсон талаар хэлж , эхнэрийг зам тээврийн осолд орсоныг мэдээд гэмтлийн эмнэлэгт очсон. Ослын талаар мэдэхгүй. Намайг өглөө ажилдаа явахад манай эхнэр 6 настай хүү Анхбаяр,  5 настай охин Я.Ариунгэрэл нартай гэртээ үлдсэн.  Манайх хорооллын эцэс гэмтлийн эмнэлгийн нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг. Эхнэрийн аарцаг яс хугарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

 

Гэрч Г.Д-мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 55 минутын орчим би найз *******-ын хамт, түүний приус 30 маркийн улсын дугаартай автомашинтай, автомашиныг *******- жолоодон би хажуугийн урд суудал дээр суугаад гэмтлийн эмнэлгийн арын “Сайн” ломбардын урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ чиглэлд явж байгаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөж, улмаар замын голын хэсэг рүү орж зогссон. Тухайн үед *******- бид хоёр бичил хорооллоос Москва хороолол руу явж байсан. Осол болохын өмнө 3-р эгнээгээр явж байтал гэнэт баруун гар талаас буюу хойд талаас хүн гараад ирсэн. *******- харсан даруйдаа зүүн гар тийш дарсан боловч уг хүнийг автомашины баруун урд хэсгээр мөргөж газар унагаасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн Тоёота приус- 30 маркийн 37-48 УБЦ улсын дугаартай автомашинтай, автомашиндаа найз Г.Даваанямын хамт  бичил хорооллоос гараад Москва хороолол руу хорооллын эцсийн гэмтлийн эмнэлгийн арын Сайн ломбардын урд талын замаар зүүнээсээ баруун тийшээ замын 3-р эгнээгээр 30-40 орчим км/цаг хурдтай явж байсан. Тухайн үед нар жаргах гээд нар баруун талд очсон, нарны гэрэл хурц тусаад гялбаад байхаар нь салхины шилний гялбаанаас хамгаалдаг саравчийг буулгаад явж байсан, тэгсэн ертөнцийн зүгээр хойд, миний баруун гар талаас эмэгтэй хүн гэнэт тулаад ороод ирсэн би харсан даруйдаа зүүн гар тийшээ буюу урд зүг рүү жолооны хүрдээ дараад хүнийг гаргах гэж оролдсон боловч явган зорчигчийг мөргөөд замын голын хэсэг рүү орсон. Би сандрахдаа тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа хальт гишгэсэн. Явган зорчигчийг автомашины урд хэсгээр биеийнх нь зүүн хэсэг рүү нь мөргөсөн, мөргүүлээд автомашины салхины шилийг бие хэсгээрээ дахин мөргөөд баруун урагшаа шидэгдэж зам дээр унасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3160 дугаартай “Ц.Я-биед баруун гайморын хөндийн урд, арын хана, баруун нүдний ухархайн урд, доод, дотор ханын хугарал, этмойд хөндийн цус хуралт, аарцаг ясны баруун талын далд хугарал, 2 шүдний сулрал, 3 шүдний хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хацрын төвгөр, уруул, баруун өвдөгний зөөлөнд эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 591 дугаартай “2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3160 дугаартай шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн улмаас Ц.Я-биед баруун хоншоорын хөндийн урд болон ар хана, баруун нүдний ухархайн доод болон дотор хана, баруун хацар ясны нийлмэл цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийд цус хуралт,  зүүн талын аарцагны дэлбэн яс, умдаг ясны доод салаа, суудал ясны дээд, доод салааны далд хугарал, 41-42- шүдний сулрал, 12, 13, 14-р шүдний хугарал баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, баруун хацар ясны цөмөрсөн хугарлыг хэлбэржүүлж засах мэс ажилбар /2021.04.16/ гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь осол болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.Я-биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 215-220/

 

Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлд“...Бичлэгийн баруун дээд буланд он, сар, өдөр, цаг, минут, секунд харагдана, 2021 оны 4 дүгээр сарын 04-ний 18:27:37-18:28:57 цагийн хооронд 1 минут 19 секунтын бичлэг байлаа. Осол болсон явган хүний гарцыг баруун урд талаас нь бичсэн байсан ба замын урд, хойд талаар баруунаасаа зүүн, зүүнээсээ баруун тийшээ явж байгаа автомашинууд, явган хүний замаар, гарцаар явж байгаа хүмүүс зэрэг харагдана. Явган зорчигч Ц.Я-18:28:14 цагт замын хойд талаас уруудаад явган хүний гарц руу очоод, явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд гарах гэж ороод зүүн гараарай нэг дүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн ачааны автомашинд гар өргөж зогсоогоод хоёр дугаар эгнээнд орох үед нь зүүнээсээ баруун тийшээ замын хоёр дугаар эгнээнд явж байсан цагаан өнгийн Тоёота приус маркийн 37-48 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай, хурдаа хасалгүй 18:28:15 цагт мөргөж замын голын хэсэг рүү орно, явган зорчигч Ц.Я-зам дээр шидэгдэж замын 3-р эгнээнд унаж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 23/

 

Авто тээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр “Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ,зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, нэг болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ нь стандартын шаардлага хангаж байна. Авто тээврийн хэрэгслийн урд салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч хагарсан, баруун гар талын гэрлийн гадна шил болон гэрэл ойлгуур хагарсан, урд гупер баруун гар талын хэсэгтээ хагарч булан байхгүй болсон, урд гупер доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын холын гэрэл асахгүй, зүүн гар талын толины гадна хавтас байхгүй зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Урд салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч хагарсан, баруун гар талын гэрлийн гадна шил болон гэрэл ойлгуур хагарсан, урд гупер баруун гар талын хэсэгтээ хагарч булан байхгүй болсон, урд гупер доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын холын гэрэл асахгүй, зүүн гар талын толины гадна хавтас байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй. Урд салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч хагарсан, баруун гар талын гэрлийн гадна шил болон гэрэл ойлгуур хагарсан, урд гупер баруун гар талын хэсэгтээ хагарч булан байхгүй болсон гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Урд гупер доод хэсгээрээ будаг халцарсан, зүүн гар талын холын гэрэл асахгүй, зүүн гар талын толины гадна хавтас байхгүй зэрэг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой. Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй байна. Авто тээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйлгүй. Шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй авто тээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-63/

 

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 20/, Явган зорчигчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/, хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч  *******- “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Я- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тооцогдоно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч *******-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн  санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч *******-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж чанар,  урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-ын үйлдсэн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

        Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

        Шүүгдэгч Б *******-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээ сувилгааны болон бусад зардлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч *******-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Хохирол хор уршгийн тухайд шүүгдэгч *******- нь хохирогчийн эмчилгээний зардалд / эмнэлгийн ор хоног, кальци, памперс, шинжилгээ, томографи /нийт 5.401.000 төгрөг төлсөн байна.  Шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Янжинлхамаас гаргасан хохирлын баримтаас энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд эмчилгээний зардалтай холбоотой нийт 336.771 төгрөг, бариа заслын нийт 280.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******-аас нийт 616.771 төгрөг гаргуулж хохирогч Ц.Я-олгохоор шүүх шийдвэрлэснийг шүүгдэгч *******- шүүх хуралдааны явцад хохирлын 616.771 төгрөгийг хохирогч Ц.Я-данс руу шилжүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      

Харин хохирогч Ц.Я-цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ сувилгааны  үнийн дүн тодорхой бус зардлыг нэхэмжилнэ гэх боловч холбогдох нотлох баримтгүй тул шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодох боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон болно.

 

Хохирогч Ц.Я-цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ сувилгааны  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******-аас нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Б овогт *******-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

        4. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******-ын 1028174 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

6. Хохирогч Ц.Я-цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ