Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00643

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1959 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2 охины хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух “Хозана” овогт Сэдэдийн Мөнхжаргал /ЧП-59050761/-ын хүсэлттэй,

Нас барсан нөхөр Б.Гэрэлт-Очтой хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь талийгаач нөхөр Б.Гэрэлт-Очтой хамт амьдарч байх хугацаанд охин Г.Ануу-Үжин маань төрсөн. Нөхөр Б.Гэрэлт-Оч нь 2008 онд ослын улмаас нас барж би охины хамт үлдсэн. Нөхөртэйгөө гэр бүлээ батлуулаагүй байсан боловч охиноо эцгээр нь овоглож төрсний гэрчилгээг нь авсан байсан юм. Гэтэл 2008 оноос Г.Ануу-Үжин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдаж байтал халамжийн байцаагчаас уг тэтгэмжид хамрагдах бичиг баримтын бүрдэлд өөрчлөлт орсон та Б.Гэрэлт-Очтой гэрлэлтээ батлуулаагүй байх тул хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгож байж охин тань цаашид тэтгэмжинд хамрагдах боломжтой гэсэн шаардлага тавьсан тул шүүхэд хандсан болно.

Иймд Б.Гэрэлт-Очтой хамтын амьдралтай байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь талийгаач Б.Гэрэлт-Очтой хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор насанд хүрээгүй охин Г.Ануу-Үжинд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Б.Гэрэлт-Очтой хамтын амьдралтай байсан болох нь Тухайлбал;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/67 дугаартай “....тус сумын иргэн С.Мөнхжаргал нь нөхөр Б.Гэрэлт-Оч, охин Ануу-Үжингийн хамт амьдарч байгаад 2008 оны 4 дүгээр сард нөхөр Б.Гэрэлт-Оч нь нас барсан тул одоо охин Ануу-Үжингийн хамт амьдарч байна....” гэх тодорхойлолт,

2002 оны 3 дугаар сарын 20-ний өдөр төрсөн охин Гэрэлт-Очийн Ануу-Үжин /УП-02212101/-нд Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн улсын бүртгэлээс Г № 494 дугаартай нээж олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Талийгаач “Сорс” овогт Батсүхийн Гэрэлт-Оч /МО-75062811/-ийн 2008 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нас барсныг 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 дугаарт бүртгэж нас барсны №10 дугаартай гэрчилгээний хуулбар,

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 15 дугаартай “....Гэрэлт-Оч овогтой Ануу-Үжин нь Улаанбаатар хотын 2-р амаржих газарт 2002-01-21-нд төрсөн одоо 15 настай эсэн мэнд өсөж бойжиж байна....” гэх тодорхойлолт,

Гэрч Ц.Цэенпилийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....миний охин С.Мөнхжаргал нь нөхөр болох Гэрэлт-Очтой 1998 онд нэг гэр бүл болж Улаанбаатар хотод амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас нэг охин Г.Ануу-Үжин төрсөн. Гэрэлт-Оч, С.Мөнхжаргал нар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2007 амьдрахаар нүүж ирсэн ба нөхөр Гэрэлт-Оч 2008 онд зуурдаар өөд болсон....” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Отгонбаатарын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....манай эгч С.Мөнхжаргал нь нөхөр болох Гэрэлт-Очтой 1998 онд нэг гэр бүл болж Улаанбаатар хотод амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас охин Г.Ануу-Үжин 2002  онд төрсөн. Би хот орох болгондоо эгчийндээ очдог байсан. 2006-2007 оны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдрахаар нүүж ирсэн ба нөхөр Гэрэлт-Оч 2008 онд зуурдаар өөд болсон. Түүнээс хойш С.Мөнхжаргал нь охин Г.Ануу-Үжингийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт амьдарч байна.…” гэх мэдүүлэг, фото гэрэл зургууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхний  хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар “Хозана” овогт Сэдэдийн Мөнхжаргал /ЧП-59050761/-ыг, талийгаач “Сорос” овогт Батсүх Гэрэлт-Оч /МО-75062811/-той 1999 оноос 2008 оны 4 дүгээр сарын 06-н хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭРДЭНЭБАТ