Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг 03-01 тоотод оршин суух “Хотгойд” овогт Нацагийн Цэцэгдулам /РЖ-66072309/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н.Цэцэгдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Цэцэгдулам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1984 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 10 дугаар ангиа төгсөөд Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт нэг жил ажиллаад ар гэрийн гачигдлын улмаас Их-Уул сумандаа буцаж ирээд Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1985 оноос 1989 оны 10 дугаар сар хүртэл кассчинаар ажиллаж байсан юм. 4 хүүхэд төрүүлсэн үндэслэлээр тэтгэвэрт орох болзол хангасан тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл кассчинаар ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Цэцэгдулам нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл кассчинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн  даргын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №316558 дугаартай МХЗЭ-ийн гишүүний Бат илэрхийлэл,

Гэрч Г.Батжаргалын “....Н.Цэцэгдулам нь Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл кассчин байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эрдэнэдагвын: “....Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл кассчин байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Н.Цэцэгдуламд холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 10/248 дугаартай “....тус аймгийн Их-Уул сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт байхгүй тул Н.Цэцэгдуламд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3/239 дугаартай ”....тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Худалдаа бэлтгэл ангийн баримт бичиг байхгүй....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хотгойд” овогт Нацагийн Цэцэгдулам /РЖ-66072309/-ыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэцэгдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ