| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0476/и |
| Дугаар | 00642 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, “Буурал” овогт Бямбын Тогтохбаяр /РП-62101206/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 17-07 тоотод оршин суух, “Башгид” овогт Бямбын Цогзолмаа /РЮ-60011706/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Тогтохбаяр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1982 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагаан-Уул сумынхаа улсын тэжээлийн фондод ачигч, буулгагчаар анх ажилд ороод 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад, Цагаан-Уул сумын Бадрал нэгдэл тэжээлийн бригад гэж нэртэй болж 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдэг бүрэн биш зэргээс ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага болсон.
Иймд Б.Тогтохбаяр миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын улсын тэжээлийн фондод 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар, Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн тэжээлийн бригадад 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогзолмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Тогтохбаяр нь миний төрсөн дүү ба шүүхэд би түүнийг төлөөлж өмнөөс нь итгэмжлэл хийлгэн шүүх хуралдаанд оролцож байна. Б.Тогтохбаяр нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын улсын өвсний тэжээлийн фондод 1982 оноос 1983 оны 9 дүгээр сар хүртэл ачигч, буулгагчаар ажиллаж байгаад, тус сумын Бадрал нэгдлийн Атар бригадын тэжээлийн цехэд 1983 оноос 1986 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан юм билээ. Одоо тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан.
Иймд Б.Тогтохбаярыг Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын улсын өвс, тэжээлийн фондод 1982 оны 5 дугаар сарын 01-нээс 1983 оны 8 дугаар сарын 25-н хүртэл, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн “Атар” бригадын тэжээлийн цехэд 1983 оны 8 дугаар сарын 26-ноос 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тогтохбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын улсын өвс, тэжээлийн фондод 1982 оны 5 дугаар сарын 01-нээс 1983 оны 8 дугаар сарын 25-н хүртэл, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн “Атар” бригадын тэжээлийн цехэд 1983 оны 8 дугаар сарын 26-ноос 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаартай “....Б.Тогтохбаярыг 1983 оны 8 дугаар сарын 26-наас тэжээлийн бригадын ажилчнаар томилон ажлуулсугай....” гэх хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Б.Цоождуламын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....Б.Тогтохбаяр нь 1982 оноос 1983 оныг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын тэжээлийн фондод ачигчаар ажилладаг байсан. 1984 оноос Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Атар гэж байгуулагдан 1986 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Цагаан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “....Б.Тогтохбаяр 1982 оноос 1983 оныг дуустал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн тэжээлийн фондод ачигч буулгагч хийдэг байсан. 1984 оноос Атар гэж байгуулагдаж 1986 оныг ачигч буулгагчаар ажилласан юм. Аймгийн төвөөс ирсэн будаа, тариаг зөөж буулгаж, ачдаг ажил хийдэг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ““Буурал” овогт Бямбын Тогтохбаяр /РП-62101206/-ыг Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын улсын өвс, тэжээлийн фондод 1982 оны 5 дугаар сарын 01-нээс 1983 оны 8 дугаар сарын 25-н хүртэл, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдлийн “Атар” бригадын тэжээлийн цехэд 1983 оны 8 дугаар сарын 26-ноос 1986 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Тогтохбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ