Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 26ы өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

*улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй,* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхнэрийн хамт *хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Г /*/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газраас зөвшөөрөлд заасан зориулалтыг зөрчин шинэс төрлийн 6 метрийн урттай 9 ширхэг нойтон мод бэлтгэж, сумын ойн санд 557,236.12 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Г нь 2020 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газраас зөвшөөрөлд заасан зориулалтыг зөрчин шинэс төрлийн 6 метрийн урттай 9 ширхэг нойтон мод бэлтгэж, тээвэрлэн  сумын ойн санд 557,236.12 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь:

-2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газар шинэс төрлийн 32 ширхэг, 6 метрийн мод хууль бусаар бэлтгэсэн байна” гэх гомдол мэдээллийг бүртгэж авсан цагдаагийн байгууллагын тэмдэглэл /ХХ-ийн 3 дугаар хуудас/,

-2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын Ар гэдэг газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн тайрсан модыг би адуундаа явж байгаад харсан юм. Зарим нь унанги мод, зарим нэг нь босоо мод тайрсан байсан. Тухайн моднууд нь шинэс төрлийн мод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/,

-Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 31-ний өглөө эргүүл шалгалтаар явж байхад Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газар ойгоос мод бэлтгэсэн бололтой 3-4 тооны хожуул, бас унанги мод бэлтгэж авч явсан бололтой унанги модны тайрсан үзүүр зэрэг нь байсан. Уг моднуудыг 2020 оны намар бэлтгэсэн байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/,

-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын дундуур би амралтаа авчихсан хөдөө малаа төллүүлж байсан. Тухайн үед хониндоо явж байхад Аргалантын арын модонд хэдэн мод унагачихсан, нилээд урт тайрдас чирж цагаалахаар болгоод бэлдчихсэн тийм мод байсан. Босоо мод 3-4 ширхэг байх шиг байсан, голдуу унанги мод тайрсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/,

-Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хадам аавтай хамт хадам аавын бэлтгэсэн гээд модон дээр очиход 4 билүү 5 ширхэг мод унагаагаад 6 метрээр тайрчихсан байсан. Тэр унагасан байсан модноос нь дээшээ 200 орчим метр яваад дээр дээрээсээ давхралдаад уначихсан байсан их хэмжээний мод байсан. Тэр унанги модноос нэлээд хэдэн мод тайраад бэлдчихсэн байсан. Унагасан байсан 4, 5 мод нь нойтон мод байсан. Дээшээ яваад бэлтгэсэн байсан унанги моднууд нь бас нэлээд чийгтэй мод байсан. 2021 оны 5 дугаар сарын сүүлээр хадам аав сумын төвөөс трактортой ирээд манай баз болох П бид 3 тухайн модыг ачсан. Тэр трактор манай хадам аавын трактор. Намайг хүргэн болох үед л хадам аавд байсан. ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,

-Шүүгдэгч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газраас мод бэлтгэхдээ нийт 4 ширхэг нойтон босоо мод унагасан. Миний унагасан 4 ширхэг модны нэгээс нь 6 метрийн урттай 2 мод гарч байсан. Миний нойтон мод унагасан газраас дээш 100 орчим метрийн зайд шуурганд унасан бололтой үндсээрээ уначихсан маш олон тооны чийгтэй мод байсан. Тухайн унанги модноос заримаас нь 2, заримаас нь 1 мод аваад 6 метрийн урттай 32 ширхэг мод бэлтгэсэн. Би мод бэлтгэхдээ модоо ганцаараа тайрч унагаад, 6 метрээр тайрчихаад маргааш нь өөрийн хүргэн болох Б-ийн хамт мориор чирж уулын бэл хүртэл цагаалсан. Би анх модоо бэлтгэхдээ ойд цэвэрлэгээ хийх журмаар мод бэлтгэнэ гэдгийг ойлгоогүй. Модоо бэлтгэснийхээ дараа мод бэлтгэх эрхийн бичгээ үзтэл ойн цэвэрлэгээ гэчихсэн байсан. Тэгээд бэлтгэсэн байсан нойтон модоо сумын төв рүү оруулчихвал асуудал үүснэ гэж айгаад нэг жил өнжөөчихсөн юм. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын сүүлээр сумын төв рүү оруулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Э.Д-н  2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай: “Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, ойгоос мод бэлтгэх журмыг зөрчсөн байна. Энэ газар нь дан шинэс төрлийн залуу модтой бөгөөд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн огтлолт явуулах боломжгүй газар. Энэ мод нь шинэс төрлийн мод бөгөөд 7,18 м3 цаашид амьдрах чадвартай босоо нойтон залуу мод байна. Мод бэлтгэсэн газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд  ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн нойтон модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээний нийлбэр 369,436 төгрөг хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр 1.8, 7,18Х1,8369436=4,774,590 төгрөгийн хохирол учруулсан. Энэ мод нь түлээний модны стандартаас урт, тэгш шулуун, яр багатай зэргээс харахад хэрэглээний мод байна. Модны хэмжилтийг Асгат сумын БОХБайцаагч Б-тэй хамтран мод бүрийг хэмжиж үнэлгээг гаргасан болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 67-68 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-н 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай: “...БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтооход шинэс модны 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нойтон модонд 168,655 төгрөг, тууш модны итгэлцүүр болох 1,4-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 236,117 төгрөг, бэлтгэсэн 2,36 м3 нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 557,236.12 төгрөг болж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 72 дугаар хуудас/,

-Шүүгдэгч О.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... 2020 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг Аргалантын ар гэх газраас 7.18 м3 шинэс мод бэлтгэсэн бөгөөд үүний 2.36 м3 нь эрхийн бичигт заагдаагүй нойтон мод байсныг хүлээн зөвшөөрнө. Зөвшөөрөлд заасан зориулалтыг зөрчин шинэс төрлийн 6 метрийн урттай 9 ширхэг нойтон мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мод бэлтгэж, тээвэрлэхдээ өөрийн эзэмшлийн хөрөө, морь, трактор зэргийг ашигласан. Байгаль орчинд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү. Мөн мод тээвэрлэхдээ ашигласан трактор нь миний эзэмшлийнх хэдий ч эвдрээд сэлбэгт өгсөн учир үнийг нь улсын төсөвт төлүүлж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Асгат сумын иргэн О.Г-ын эзэмшлээс мод бэлтгэхдээ ашигласан, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй дружба маркийн хөрөөг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын дагуу О.Г-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЮИЗ-6 маркийн трактор 1 ширхэг, нас гүйцсэн адуу зэргийг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 25-28 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын дагуу О.Г-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэж олсон 6 метрийн урттай 9 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд О.Г-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

  Шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул О.Гыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч О.Г-ын гэмт үйлдэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт буюу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан хорих  ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зохицуулсан боловч эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулах боломжгүй, харин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч О.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч түүнтэй ял тохиролцсон байх бөгөөд, тохиролцсон торгох ял нь зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ялд тооцогддог учир 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгч О.Г-д торгох ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч О.Г-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Асгат сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохиролын нөхөн төлбөр болох 1,677,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч О.Г нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн дружба маркийн цахилгаан хөрөө, зөв гуяндаа нэмэх тэмдэгтэй, нар тамгатай, нас гүйцсэн морь зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-81 улсын дугаартай трактор нь эвдэрч, сэлбэгт өгсөн талаар шүүгдэгч нь шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул уг тракторын үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Г нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж  6 метрийн урттай, 9 ширхэг нойтон шинэс модыг бэлтгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Г-ыг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон 6 метрийн урттай 9 ширхэг, нойтон, шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн дружба маркийн цахилгаан хөрөө, зөв гуяндаа нэмэх тэмдэгтэй, нар тамгатай, нас гүйцсэн морь болон 41-81 ЗАА улсын дугаартай тракторын үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон 6 метрийн урттай 9 ширхэг, нойтон, шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зөв гуяндаа нэмэх тэмдэгтэй, нар тамгатай, нас гүйцсэн морь зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх хохирол, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН