| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/01259/И |
| Дугаар | 183/ШШ2017/01359 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2017/01359
| 2017 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2017/01359 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 372 тоотод оршин суух Бичээч овогт Магсарын Цогтгэрэл /РД: ЧК63011673/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох,
ажилгүй байсан хугацааны олговор 21.887.400 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гансүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн /0-376/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цогтгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: М.Цогтгэрэл нь 1981 оноос МИАТ компанид, 2003 оноос ИНЕГ-т ахлах мэргэжилтэн, менежер, газрын дарга зэрэг ажлуудыг хийж насаараа энэ байгууллагад зүтгэж яваа хүн юм. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/594 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үндэслэл нь зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу орон тооны цомхотгол хийсэн гэсэн болно. М.Цогтгэрэл нь энэхүү тушаалыг хууль тогтоомж зөрчсөн үндслэлгүй тушаал гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр М.Цогтгэрэлийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорт 10.985.335 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь авахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 тоот тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй тул сарын дундаж цалин 2.138.740 төгрөгийг ажилгүй байсан 10 сараар тооцон 21.387.400 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулал цалин 500.000 төгрөг, нийт 21.887.400 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Цогтгэрэлийг урьд эрхэлж байсан Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний албан тушаалтай адилтгах албан тушаалд томил гэсэн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр иргэний нисэхийн ерөнхий газраас удаа дараа санал тавьсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саналыг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд М.Цогтгэрэлийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэншинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Солонгод мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй атлаа шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2017/06599 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд санаатай саад учруулж байна гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч М.Цогтгэрэл нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 21.887.400 төгрөг шаардаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсчээ.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 20.841.770 төгрөгийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба үлдсэн 1.035.630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М.Цогтгэрэлийг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/594 тоот тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзээд түүнийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.985.335 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 дугаар тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн бодлого зохицуулалтын мэргэжилтнээр ажилд эргүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч М.Цогтгэрэлийн 2015 оны 7, 8, 9 дүгээр сард авсан цалингийн дундаж 2.138.740 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 22.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 95.055 төгрөгөөр тогтоов.
Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 95.055 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 214 хоногоор тооцоход 20.341.770 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 1.035.630 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Мөн нэхэмжлэгчийн 2015 оны үр дүнгийн урамшууллын цалин 500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/867 дугаар тушаалаар байгууллагын жилийн эцсийн ажлын үр дүнг харгалзан Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба, салбаруудын үндсэн орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудад 500.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх тул М.Цогтгэрэл нь ажлаас хууль бусаар халагдаагүй тохиолдолд дээрх урамшууллыг авах боломжтой байсан гэж үзэж, хариуцагч байгууллагаас 2015 оны үр дүнгийн урамшуулал 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Цогтгэрэлийг урьд эрхэлж байсан Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний албан тушаалтай адилтгах албан тушаалд томил гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газраас удаа дараа санал тавьж байсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саналыг хүлээн авахаас татгалзсан гэж хариу тайлбартаа дурдсан боловч дээрх байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгуулагаас ажилгүй байсан хугацааны олговор 20.841.770 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 267.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ноогдох тэмдэгтийн хураамж 262.159 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 20.841.770 /хорин сая найман зуун дөчин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цогтгэрэлд олгон, үлдсэн 1.035.630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Цогтгэрэлийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 262.159 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР