| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Ч |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, малчин. * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н.Ч /РД:*/
Шүүгдэгч Н.Ч нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 7 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Нам даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 2,1889 метр куб шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж ойн санд 664,504 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ээс 02-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Нам даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний 2,1889 метр куб шинэс төрлийн шургааг модыг бэлтгэж ойн санд 664,504 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр М.А-с цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Их-Уул сумын Зарт багийн иргэн Н.Ч нь 2021 оны 7 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Их-Уул сумын Зарт багийн нутаг “Улаан даваа” гэх газрын ойгоос 150 ширхэг шургааг модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-01 дүгээр хуудас/,
-2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Халуун усны нам даваа гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-10 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 67-59 ЗАН улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 2013 онд Монгол улсад орж ирсэн гаалийн бичигтэйгээр 2014 онд хуралдан авч өөрийн нэр дээр шилжүүлэн одоог хүртэл жолоодож яваа тээврийн хэрэгсэл юм. Анх авахдаа 6,500,000 төгрөгөөр авч байсан. Одоо машин алсаараа муудсан учир 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Би Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутгийн Нам даваа гэх газраас гэрийн үүдэнд хүртэл нь 150 ширхэг шургааг модыг Ч-д тээвэрлэж өгсөн юм....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
-Гэрч Р.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Н.Ч нь 2021 оны 7 дугаар сарын 01, 02-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Нам даваа” гэх газраас 2,20 метрийн урттай 100 гаран тооны шургааг моднуудыг бэлтгэсэн юм. Манай нөхөр Н.Ч тухайн шургааг моднуудыг бэлтгэхдээ ямар нэгэн гоожин эрхийн бичиг аваагүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,
-Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүүхэд Н.Ч нь хөдөө гэрийнхээ хойд талын гарам гараад цөөн тооны хэдэн ширхэг нарийхан шургааг модыг 2021 оны 7 дугаар сарын эхээр Зарт багийн иргэн М гэх залуугийн машинаар буулгаж байсан юм. Надад манай хүүхэд Н.Ч 2021 оны 7 сарын эхээр 1 удаа ярихдаа шургааг моднууд бэлтгэнэ, Л ахад худалдана, мод бэлтгэхдээ гоожин авах юм яриад байсан. Гэхдээ гоожин эрхийн бичиг авсан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/,
-Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2021 оны 7 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө бэлтгэх эрхийн бичгийг авч ойн сан руу орох эрх үүснэ. Түүнээс мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж түүний дараагаар ойгоос мод бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40 дугаар хуудас/,
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2021 оны 7 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Зарт багт албан ажлаар явж байх үед Н.Ч-нд очиход гэрийн ойролцоо гэрийнхээ хойд талд гармын тэнд 2,20 метрийн урттай, шинэс төрлийн 100 гаран тооны хуурай, нарийхан шургааг моднуудыг бэлтгэсэн байсан. Ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад Н.Ч нь тухайн моднуудыг Зарт багийн нутаг Нам даваа гэх газраас 2021 оны 7 дугаар сарын эхээр бэлтгэсэн мод, бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,
-Гэрч Ц.В-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз Н.Ч 2021 оны 7 дугаар сарын 01, 02-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт надтай таарч уулзаад Нам даваа гэх газраас хэдэн ширхэг шургааг бэлтгэх гэсэн чинь ганцаараа болчхоод байна. Чи надад туслаад хамт хэдэн ширхэг шургааг хийлцээч гэж гуйсан. Миний хувьд ямар нэгэн байдлаар хөрөө барьж мод бэлтгэсэн асуудал байхгүй. Тухайн үед Н.Ч нь ойгоос шинэс төрлийн 2,20 метрийн урттай 150 орчим ширхэг хуурай шургааг модыг бэлтгэж байсан юм ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/,
-Гэрч Д.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Ч 2021 оны 7 дугаар сарын эхээр 03, 04-ний үеэр над руу хэд дахиж залгаад хэдэн ширхэг шургааг бэлтгэчихлээ гээд хэлэхээр нь чамд гоожин байгаа юм уу гэж асуухад гоожин байхгүй гээд хэлэхээр нь тэгвэл гоожин байхгүй мод авахгүй гэж хэлээд өнгөрч байсан юм. Миний зүгээс өөртөө болон Н.Ч-н нэр дээр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-н 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай: “...Иргэн Н.Ч-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нарийн шургааг мод байна. Уг моднууд нь 2,1889 метр куб хэрэглээний нарийн шургааг хуурай мод байна. Мод бэлтгэсэн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Нам даваа” гэх газар ойн сангийн 1-р мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Н.Ч ойгоос бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг, бэлтгэсэн 2,1889 1м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 664,504 төгрөг болж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/,
-Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07-04-328-09 дугаартай “...Н.Ч нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн 2,1889 1м3 хэрэглээний хуурай, бөөрөнхий шинэс модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-н тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээ 664,504 /зургаан зуун жаран дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөг болж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтын үндэслэн 1,993,512 /нэг сая есөн зуун ерэн гурван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг нөхөн төлбөр тавив...” гэсэн нөхөн төлбөр тавих тухай улсын байцаагчийн акт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/,
-2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Н.Чийн эзэмшлээс БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон, хөх, улаан өнгийн цахилгаан хөрөө, 1 ширхэг мяндсан уяа зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 19-20 дүгээр хуудас/,
- 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Н.Чийн эзэмшлээс нар, саран тамгатай, хээр зүсмийн, нас гүйцсэн морь битүүмжилсэн, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Н.Ч-ийн эзэмшлээс 2,20 метр урттай 150 ширхэг шургааг мод битүүмжилсэн тэмдэглэлүүд /ХХ-ийн 12-18 дугаар хуудас/,
-Улсын хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн Завхан аймагт 2021 оны 8 дугаар сарын байдлаар “Портер” маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээг 3,000,00 /гурван сая/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Улсын хөрөнгийн үнэлгээчин Х.С-н “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн Завхан аймагт 2021 оны 8 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 1 тооны морины үнэлгээг 800,00 /найман зуу/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч Н.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би 2021 оны 7 дугаар сард Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Нам даваа” нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2,1889 м.куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь үнэн болно. Гэмт хэрэг үййлдэхдээ өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө, нас гүйцсэн морь, мяндсан уяаг болон Г.Б-н эзэмшлийн машиныг ашигласан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Н.Ч-н дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Ч-г Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Ч-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Их-Уул сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохиролын нөхөн төлбөр болох 1,993,512 төгрөгийг төлж барагдуулсан байх ба түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Н.Ч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон, хөх, улаан өнгийн цахилгаан хөрөө, 1 ширхэг мяндсан уяа, нар, саран тамгатай, хээр зүсмийн, нас гүйцсэн морь, иргэн Г.Б-н эзэмшлийн 67-59 ЗАН улсын дугаартай портер маркийн машиныг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшлийн хөрөө болон морийг биетээр улсын орлого болгож, харин бусдын эзэмшлийн машины үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, уяаг устгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Ч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж 2,1889 1м3 хуурай шинэс модыг бэлтгэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөн тул улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Чийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-н гэмт хэрэг үйлдэж олсон 2,20 метрийн урттай 150 ширхэг шургааг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон, хөх, улаан өнгийн цахилгаан хөрөө, нар, саран тамгатай, хээр зүсмийн, нас гүйцсэн морь, болон 67-59 ЗАН улсын дугаартай “Портер” маркийн автомашины үнэ болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6-д заасныг баримтлан Н.Ч-с гаргуулж улсын орлого болгох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч-н эзэмшлийн 2,20 метрийн урттай 150 ширхэг шургааг мод болон нар, саран тамгатай, хээр зүсмийн, нас гүйцсэн морь битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан уяаг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ч-д анхааруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН