Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1151

 

 

 

 

 

 

 

 

 

“Эко Алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэртэй, “Эко Алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Вагнер ази лизинг” ХХК/-д ,

 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 тоот тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эко Алт” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бөгөөд бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй хуулийн этгээд юм.Тус компанийн үйл ажиллагаа явуулж эзэмшин ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэдэг газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүс ирж компанийн эрх, ашгийг ноцтой зөрчин хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, 8 нэр төрлийн машин механизмыг “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг үүрэг болгож, тухайн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, эд зүйлсийн хэвийн байдлыг алдагдуулж дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож, хадгалалт хамгаалалтыг “Сонор харуул” ХХК-д хариуцуулсан нь “Эко Алт” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн.

Тус компанийн хувь эд хөрөнгөө битүүмжлүүлэх, үйл ажиллагаа зогсоох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээх нөхцөл байдалд ороогүй. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК болон төлбөр авагч “Вагнер Ази Групп” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00009 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж анхааруулахгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломж олгохгүй хүчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчсөн.

Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргийг “Эко Алт” ХХК-д хүлээлгэн, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэж байгаа нь Компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрх ашигт ноцтойгоор нөлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Тухайн өдөр компанийн байнгын харилцагч Худалдаа хөгжлийн банкны хүмүүс хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хэлцэл хийхээр ирсэн байсан ба уг үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, цаашдын үйл ажиллагаа, бизнесийн түншлэлд сөргөөр нөлөөлсөн.

Түүнчлэн өндөр хүчин чадлаар ажиллах машин механизмд тогтмол засвар үйлчилгээ хийгдэх, техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч, ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, түрээсийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг үргэлжлүүлэх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүсэх учир гомдол гаргаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн явуулсан ажиллагааг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрээр бусад төлбөргүй “Эко Алт” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Алтайн хүдэр” ХХК-иас 8 756 277 768 төгрөгийг гаргуулж “Вагнер Ази лизинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг тус алба хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах” зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан тул төлбөр авагчаас “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн “Вагнер Ази лизинг” ХХК-д бүртгэлтэй 8 нэр төрлийн машин механизм “Эко алт” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан.

Дээрх эд хөрөнгө нь төлбөр авагчийн нэр дээр бүртгэлтэй нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд “Эко алт” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжпэх болон үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Вагнер Ази лизинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь “Алтайн Хүдэр” ХХК-иас 8 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Улмаар гүйцэтгэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлснээр ажиллагаа явагдаж байна.

“Алтайн Хүдэр” ХХК-ийн Санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан техникүүд нь Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын ам дахь уурхайд “Эко Алт” ХХК ашиглаж байгаа ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хуулийн дагуу явагдаж буй ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд гомдол гаргасан. Тэрхүү техникүүд “Вагнер ази лизинг” ХХК болон “Алтай Хүдэр” ХХК-ийн хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшигдэж байгаа нь бичгийн баримтуудаар нотлогдсон.

Тухайн техникүүд “Вагнер ази лизинг” ХХК-ийн өмчлөлд байгаа. Гэтэл “Эко Алт” ХХК өөрсдийн эд зүйлийг битүүмжилсэн мэт шүүхэд нэхэмжлэл гарган, хавсралтаар Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээг өгсөн боловч энэ нь “Алтай Ложистик” ХХК болон “Эко Алт” ХХК-ийн хооронд байгуулагдсан байна. Гэтэл “Вагнер ази лизинг” ХХК нь “Алтай Ложистек” ХХК, “Эко Алт” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй учир дээрх компаниуд өмчлөгч “Вагнер ази лизинг” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэх, ашиглах үндэслэлгүй.

Дээрх машин механизмууд “Алтайн Хүдэр” ХХК, “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны СТГ/12-123, СТГ/12-164, СТГ/12-201, СТГ/12-202, СТГ/12-204, СТГ/12-214, СТГ/12-158, СТГ/12-160 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр “Вагнер Ази Лизинг” ХХК-ийн өмчлөлд байгаа нь тогтоогдоно.

Мөн гэрээ тус бүрийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Түрээслэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож түрээсийн зүйл буюу гэрээний 2.1.1-д тодорхойлсон эд хөрөнгийг барьцаалуулах буюу өмчлөх эрхийг түрээслүүлэгч талд хадгалуулахыг хүлээн зөвшөөрсөн ба барьцааны эрх нь энэ гэрээний хуваарьт төлбөрийн зарим хэсэг хуваарийн дагуу төлөвлөгдөөгүй бөгөөд уг төлбөрийн үүргээс түрээслэгч чөлөөлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйлсийг бүхэлд нь хамаарч хэрэгжинэ гэдгийг түрээслэгч хүлээн зөвшөөрч байна” гэж, 4.2-д “Түрээслэгч тал нь барьцаалж буй эд хөрөнгийг энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд бусдад худалдах, түрээслэх, бэлэглэх, өр төлбөрт хураалгах, эрх залгамжлалаар шилжүүлэх, түүгээр батлан даалт гаргуулах, өөр үүргийн барьцаанд тавих, битүүмжлэх зэрэг эрхийг хэрэгжүүлэх эрхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн болно” гэж тус тус заажээ.

Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д “Түрээслэгч тал нь энэхүү гэрээний үүргээ биелүүлэх баталгааг түрээслүүлэгч талд гаргана” гэж заасан бөгөөд хавсралтын 4 дүгээр зүйлд “Алтайн Хүдэр” ХХК нь “... тоот гэрээний төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс “Вагнер ази лизинг” ХХК нь гэрээний дагуу түрээсийн зүйлийн ашиглалтыг түр зогсоох, эргүүлэн татах, хураан авч гэрээг цуцлах, хураан авсан түрээсийн зүйлийг худалдан борлуулж өөрт учирсан хохирлыг барагдуулах үйл ажиллагааны аль нэгийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад тотгор хийхгүй байх” гэсэн үүрэг хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч “Эко Алт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн болон бодит үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар “Эко Алт” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16/01 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эко Алт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9068 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр гуравдагч этгээдээс хэрэгт хавсаргасан 64 хуудас баримтыг хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан. Уг баримтууд хэрэгт огт хамааралгүй, зохигчдын шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотолж чадахгүй баримтууд байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, хянан шийдвэрлэсэн захирамж гаргаагүй, тус захирамжид гомдол гаргах хянуулах эрхийг эдлүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн тул гомдолтой.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримт хасуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасан үндэслэлээр гаргасан бөгөөд шүүхээс хянан шийдвэрлэсэн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, хянуулах зэрэг хуульд заасан эрхтэй. Мөн шүүх хуралдааныг цахилгааны хязгаарлалт хийгдсэн, удаан хугацаагаар тасарсан байхад харанхуй нөхцөлд гар утасны гэрэл тусган, шүүх хуралдааны явцын талаар бичлэг хийгдэх боломжгүйгээр хянан шийдвэрлэсэн нь дээрх нөхцөл байдлыг үүсгэсэн.

Шүүх эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг гүйцэтгэх эрхтэй этгээд гэж үндэслэлгүй дүгнэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчин Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хариуцан ажиллагаа явуулах харъяаллыг 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалган тогтоол үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.

Шүүх нэхэмжлэгч компанийг тухайн тоног төхөөрөмжүүдийг хуулийн дагуу эзэмшээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч “Алтай Ложистик” ХХК-ийн хооронд байгуулсан Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан ч талууд гэрээний нөхцөлөөр цаашид хамтран ажиллах талаар тохиролцсон, түрээсийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд гэрээг дуусгавар болгоогүй.

Шүүх талуудын хүсэл зориг болон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа байдал зэргийг анхаарч үзэлгүй зөвхөн гэрээнд бичигдсэн хугацааг харж тус компанийг хуулийн дагуу тоног төхөөрөмжийг эзэмшээгүй гэж дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Эко Алт” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дугаар тогтоолын дагуу эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” Шүүгчийн захирамжаар “Алтайн хүдэр” ХХК нь “Вагнер Ази лизинг” ХХК-д 8 756 227 768 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 000-2 000 000 төгрөг төлж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6 904 995 352 төгрөгөөс татгалзах нөхцлөөр зохигчдын эвлэрснийг баталсан байна. /хх 39-40/

Шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас бичиж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн  явуулж, төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16/01 тогтоолоор төлбөр авагчийн өмчлөлийн 8 нэр төрлийн машин механизмыг “Эко-Алт” ХХК-ийн эзэмшилд ашиглагдаж байсныг битүүмжилсэн үйл баримт тус тус тогтоогджээ. /хх 37,38, 41, 44, 52/ 55-56/

Нэхэмжлэгч “Эко Алт” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “бусдад төлөх өр төлбөргүй байхад хариуцагч байгууллага нь компанийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулан, 8 нэр төрлийн машин механизмыг битүүмжилж эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар тодорхойлж, хариуцагч тал “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй” гэж мэтгэлцсэн байна.

Хариуцагч нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 8 нэр төрлийн машин механизмыг битүүмжилсэн нь төлбөр авагч “Вагнер Ази лизинг” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан техникийн тодорхойлолт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус бүрээр тогтоогджээ. /хх 69-76/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1. “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах” үндэслэлээр битүүмжлэх заалтад нийцэж байна.

Түүнчлэн төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслүүдийг санхүүгийн түрээсийн гэрээг үндэслэн эзэмшиж байсан, харин нэхэмжлэгч “Эко-Алт” ХХК-ийн хувьд “Алтайн ложистик” ХХК-тай байгуулсан уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх гэрээний дагуу ашиглаж байсан боловч уг гэрээний хугацаа дууссан, дахин сунгасан баримт хэрэгт авагдаагүй нь эзэмшил хууль ёсны гэж үзэхгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. /хх 10-13/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дээрх ажиллагаа  төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд байгаа эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах, энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарах талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч “Эко Алт” ХХК-ийн эзэмшил ашиглалтад байсан машин механизмыг битүүмжилэхдээ тус компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан хуульд заасан ажиллагааг явуулжээ.

Иймд бусдад өр төлбөргүй, үйл ажиллагаа хэвийн явагдах боломж алдагдуулсан, улмаар бизнесийн түншлэлд сөрөг нөлөө үзүүлж, компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Эко Алт” ХХК нь гуравдагч этгээд “Вагнер Ази лизинг” ХХК-ийн гаргасан нотлох баримтыг хасуулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрт энэ талаар тусгаагүй гэж давж заалдах гомдлоо үндэслэжээ.

Шүүх уг хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4405 дугаартай, шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. /хх 222,223, 235-236/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх эрхтэй этгээд гэж үзэхгүй гэж гомдолдоо дурдсан байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар тухайн албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгджээ. /хх 41/

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол тус бүрийн үндэслэлийг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэвэл анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эко Алт” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эко Алт” ХХК-ийн төлөөлөгч С.Эрдэнэжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА