Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б, С.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Мээпам

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               М.Алтанчимэг

            Шүүгдэгч                                                       Д.Б

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Д.Б, С.Л нарт холбогдох 1712000730024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Хүннүйн гол гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ын Б

 

Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Шилийн дөрвөлж гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б С-ын Л

 

Д.Б нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Хүннүйн гол гэх газарт иргэн С.Лтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

С.Л нь Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б овогт Дын Бийг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан, Б овогт С-ын Л-г худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000  төгрөгөөр  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр, С.Л нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Д.Б, С.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх уг тогтоолоор Д.Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял халдаасныг эс зөвшөөрч байна. 2017 ны 06 сарын 30-нд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Хүнүйн гол гэх газар С.Тэрбишийнд байхдаа хохирогч С.Л нь шүүгдэгч Д.Бийг элдэв үгээр өдөж, хэрүүл маргаан үүсгэн босож ирж түүнийг гараараа 1 удаа цохиж түүнийг салгахад дахин босож ирж шанаан тус газарт нь өшиглөж авсан байдаг. Улмаар гэрээс гарая гэж гэрт боож унаган авч гарч Д.Бийн нүүрэн хэсэгт 1 удаа гараараа цохиход тэрээр хариу үйлдэл болгон С.Лгийн толгойн тус газарт 1 удаа гараараа цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг аргагүй хамгаалалтыг бусдын  хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэжээ. Гэтэл хохирогчийн хууль бус довтолгоо гэрт байхад эхэлж, гэрийн гадаа үргэлжилж байна. Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа аюултай хууль бус довтолгоо бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой бөгөөд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэг шаардлага эрүүгийн хуульд тусгагдаагүй байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн бие махбодид хүнд хохирол учруулсан Д.Бийн санаатай, идэвхитэй үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит утгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт юм. Иймд түүнд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг улсын яллагчийн зүгээс эсэргүүцэж байна. Учир нь Д.Б нь С.Лгийн толгойн тус газар нь цохиж биеийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Л нь мөрдөн байцаалтын шатанд санаатай худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Д.Б, С.Л нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Хуульд заасны дагуу торгуулын ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зааж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарт дурдагдаж байгаа хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан, хоорондоо маргалдсан гэж ярьдаг. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тухайн цаг үед тухайн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогддог. Тухайн үед маргалдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн тодорхой буруутай үйл ажиллагаа байсан тул харьцангуй хөнгөн ял оногдуулж шийдвэрлэсэн гэж дүгнэж байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан байгаа аргагүй хамгаалалт байсан уу гэдгийг тухайн үед гаргасан хүсэлтийг дэлгэрэнгүй тайлбарлаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл өөрийнх нь эсрэг тэр довтолгоо дууссаны дараа Д.Б үйлдлээ хийж хохирогч С.Лгийн биед хүнд гэмтэл учруулсан байгаа юм. Тийм учраас Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Прокурор хохирогчийн довтолгоо дууссаны дараа Д.Б үйлдэл хийсэн гэж ярьж байна. Довтолгоо дууссан юм уу, дуусаагүй юм уу гэдгийг нотлох гэрч байхгүй. Гэрт байсан гэрч Тэрбиш хэлэхдээ тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Удаагүй араас нь би Батхолбоогийн хамт гэрээс гарсан гэж мэдүүлдэг. Удалгүй гарсан гэдэг нь гэрт удсан асуудал байхгүй. Гарахад С.Л газар хэвтчихсэн, Д.Б хажууд нь байсан гэж мэдүүлсэн байдаг. Удалгүй гарсан гэдгийг 2 шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгээр үнэлэлт дүгнэлт өгөхгүй бол өөр харсан хөндлөнгийн гэрч байхгүй. Шүүх хуралдаанд ярихдаа би эхэлж гараад цохиж авсан гэдгээ хохирогч өөрөө хэлдэг. Д.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд ярихдаа намайг эхлээд цохиод авсан гэдэг. Цохиулаад, боолгоод гаргаад нэг удаа цохисон байдаг. Ямар ч хүн ийм үед хариу үйлдэл хийнэ. Иймд довтолгоо дууссан гэж хажууд нь байсан юм шиг бид нар таамагласан дүгнэлт хийх боломжгүй. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзвэл довтолгоон үргэлжилж байх үед нь хариу үйлдэл хийсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Тийм учраас эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэсэн өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, С.Л нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Бийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд, С.Лгийн худал мэдүүлэг өгсөн үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Д.Бд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “торгох” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байдал, хувийн байдал зэрэгт, С.Лд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “торгох” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт  тус тус тохирсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бийн санаатай, идэвхитэй үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит утгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт юм. Иймд түүнд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал С.Л, Д.Б нарын хоорондын маргаан гэрч С.Тэрбиш гэх айлд эхэлсэн бөгөөд уг маргааныг тухайн үед нь гэрч С.Тэрбиш таслан зогсоосон болох нь тогтоогдож байна.

 

Харин гэрч С.Тэрбишийн гэрээс гарсны дараа С.Л нь Д.Бийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо бодитой хийсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрч С.Тэрбишийн гэрт С.Лгийн Д.Бийн эсрэг хийсэн хууль бус довтолгоо нь төгссөн байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                               Д.БЯМБАСҮРЭН

                                                               В.ЦЭЦЭНБИЛЭГ