Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00446

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/0919 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар магадлалтай,

Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

М.Л-д холбогдох,

Гэм хорын хохиролд 2.221.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Л-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө буюу 22 цагийн үед Мижиг овогтой Лханаагийн Suzuki swift маркийн 1479 ОРО машинд сууж яваад машин осолдож зам тээврийн осолд орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархи доргилттой, хамрын таславч муруйсан, зөөлөн эдэд цус хуралтай гэсэн дүгнэлт гарсан ба нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамрын яс хугаралттай гэж гарсан. Осолд орсноос хойш толгой байнга өвддөг болсон ба 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд М.Л- миний биеийг асууж нэг ч удаа холбоо бариагүйд маш их гомдож байна. Осолд орсноос хойш гарсан зардал: Мажаа эмнэлэгт 380.000 төгрөг, Хөтөл унаа 21.000 төгрөг, Бэст массаж 20.000 төгрөг, Медипас эмнэлэгт рентген 180.000 төгрөг, эмчийн үзлэг 20.000 төгрөг, Барагшуун 2 хайрцаг 100.000 төгрөг болон бусад эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Одоо яаралтай хамрын хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны төлбөр 1.500.000 төгрөг нийт 2.221.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.                                                  

Хариуцагч шүүхэд тайлбараа ирүүлээгүй болно.

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/0919 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.Л-гаас 622.000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.599.000 /нэг сая таван зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.486 /тавин мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Л-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 19.310 /арван есөн мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.080 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Л- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-09-27-ны өдрийн 142/ШШ2018/0919 дугаартай шийдвэр,Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-11-15-ны өдрийн 133 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь Орхон аймаг дахь " МАЖАА"дотрын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөрт 330.000 төгрөг төлсөн гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж ямар эмчилгээ хийлгэсэн,хэд хоног хэвтсэн,өөрөө эмчийн мэргэжилтэй ажил хийдэг гэсэн байх бөгөөд 10 хоног эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн хуудсаар хэдэн төгрөг авсан болох нь нотлогдохгүй байхад шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40-р зүйлийн 40.2-т зааснаар 2 шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийсэнгүй. Хавтаст хэргийн 45-р талд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлттэй тахилцахад:ДҮГНЭЛТ гэсэн хэсэгт Н.Б-ийн биед Хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байна гэсэн болохоос түүний тархи доргисон тухай байхгүй байна. Хавтаст хэргийн 20-р талд:Чих хамар хоолойн кабинетэд 20.000 төгрөгөөр үзүүлсэн баримт, Унааны зардал 21.000 төгрөг нийт 41.000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй. Эмийн жороор болон эм авсан баримтууд, "Мажаа эмнэлэгт хэвтсэн,толгойгоо бариулсан,толгойн зургаа авахуулсан зэрэгт төлсөн 581.000 төгрөгийг хариуцан төлөх үндэслэлгүй байна.

Иймд:дээрх шийдвэр,магадлалд М.Л- надаас 622.000 төгрөг гаргуулж гэснийг 41.000 төгрөг гаргуулж Н.Б-т олгох гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.  

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч М.Л-гаас 2.221.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Хариуцагч М.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүзүки Свивт маркийн 14-79 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Н.Б-ийн  биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогджээ /хэргийн 6-16, 31  дүгээр тал/.  

Гэмтлийн улмаас нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлж, улмаар дүрс оношилгоо хийлгэх зэрэгт 622.000 төгрөгийн зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардал нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч М.Л- гэм буруутай болох нь тогтоогдсоноос гадна нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/0919 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.Л-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 18.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ