| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ч |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, жолооч мэргэжилтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл-3, * оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.Г /РД:*/
Шүүгдэгч Б.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Х-ын биед “гэртээ харъя” гэж хэллээ гэсэн шалтгаанаар халдаж баруун хөл рүү нь 2 удаа өшиглөж, зүүн хацар руу нь 2 удаа алгадаж, архины шилээр цохихоор далайхад хохирогч Д.Х- нь биеэ хамгаалан архины шилнээс нь барьж авснаар зүүн гарын 2 ба 3 дугаар хурууны салаанд шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Х-ын биед “гэртээ харъя” гэж хэллээ гэсэн шалтгаанаар халдаж, баруун хөл рүү нь 2 удаа өшиглөж, зүүн хацар луу нь 2 удаа алгадаж зодсон, түүнчлэн архины шилээр цохихоор далайхад нь хохирогч Д.Х- нь биеэ хамгаалан архины шилнээс нь барьж авснаар зүүн гарын 2 ба 3 дугаар хурууны салаанд шарх гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хамтран амьдрагч нөхөр болох Г- маань 89000000 дугаараас миний 89000000 дугаар луу залгаад “Гадаа сайхан байна, хоол аваад ир гэж” надтай утсаар ярьсан. Намайг очих үед хамтран амьдрагч Г- нь нэг нөхөртэй хамт архи уучихсан согтуу байсан. Г-ийг гэр лүүгээ явъя гэж хэлж байх үед хамт архи уусан гэх хүн машинаа унаад яваад өгсөн. Би гэр лүүгээ явъя гэж нэлээн хэлсний учир тухай үед Г- түүнээс болоод намайг зодсон гэж бодож байна. Г- намайг зодож байхад Г- ах болиоч гэж хэлэхээр нь Г- ахын хажууд очсон. Тэгэхэд Г- ах машинд суу гэхээр нь суугаад Улаантолгойн хяналтын постонд очиж цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн гар луу газар байсан архины шилийг аваад цохих оролдлого хийх гээд байхаар нь гараас нь барих үед зүүн гараа зүссэн. Тэр үед миний баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн, зүүн хацар луу 2 удаа алгадсан. Өөр намайг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
-Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн хооронд Идэрийн гол руу өөрийн машинтай очсон юм. Тэр үед голын захад Г- болон түүний эхнэр Х нар загас бариад зогсож байсан. Би тухайн хоёр хүмүүсээс голын доод хэсэгт хувинд ус хийгээд юм угаагаад дуусаад голын дээр эрэг рүү харах үед Г- нь эхнэрээ хөөж яваад, эхнэрээ зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би юмнуудаа аваад өөрийн машинаа асаагаад өмнөөс нь хар усны эрэг дээр очих үед тэр хоёр надаас 100 метрийн зайтай байсан. Тэндээсээ би тэр хоёрыг нааш ир гэж хэлээд машиндаа хүлээж, машинаа зогсоогоод байж байтал түүний эхнэр Х нь Г-ээс зугтаагаад миний машинд суусан юм. Тэр үед Г-ийн эхнэрийг харахад гарнаас цус гоожчихсон, нүд хэсгийн доод хэсэг болох хацар нь хөхөрчихсөн байсан, зүүн талын хацар нь цус болсон байсан. Тэгээд би Хаас юунаас болоод ингэсэн юм бэ? гэхэд Х хот явах гэж байснаас болоод намайг ингэж удаа дараа зодсон юм. Г- уухаараа намайг зоддог гэж надад хэлсэн юм. Тэгээд би Хыг машиндаа суулгаад тухайн газраас шууд хөдөлж Улаантолгойн хяналтын постон дээр ирээд ийм юм боллоо гэж тухайн цагдаагийн алба хаагчид мэдэгдээд тэндээсээ гэр лүүгээ хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-н 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 000000218 дугаартай: “...Д.Х-ын биед гэмтэл учирсан байна. Ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн гарын 2 ба 3-р хурууны салаанд шарх, хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун дунд чөмөгний урд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Д.Х-ын биед учирсан зүүн гарын 2 ба 3-р хурууны салаанд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Х-ын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Б.Гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналтандаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН