Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч Б.Б ,

Шүүгдэгч С.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , С.Б  нарт холбогдох 2124000000000 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

*улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б , регистрийн дугаар *,

* улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.Б , регистрийн дугаар *,

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Б.Б , С.Б  нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Тэвхний энгэр гэх газраас иргэн Б. Ш-ын хоёр тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б , С.Б  нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Тэвхний энгэр гэх газраас иргэн Б. Ш-ын хоёр тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр өдөр 15 цагийн үед намайг гэртээ байж байтал манай аав Д.Б нь Нөмрөг сумын Баянзүрх багийн төв дээр очиж сонгуулийн санал өгчихөөд гэр рүүгээ буцаж явж байх замдаа өөрийн халиун азрагатай адуу бэлчээрлэж байсан газар болох Нөмрөг сумын нутаг Тэвхний энгэр гэх газар руу дурандаад сууж байтал манай халиун азрагатай адууг нэг нь цагаан шарга дээлтэй нөгөөх нь хөх саарал өнгийн дээлтэй, шаргал өнгийн мотоциколтой хоёр хүн тууж хашаанд адууг хашиж байгаад манай адуун дотороос хоёр адуу бариад хөтөлөөд явчихлаа гэж сандарч тэвдэнгүй ирж надад хэлсэн юм. Тэгэхээр би тэр даруй тосож барьж авах санаатай Дээд шивээтийн Ихэрийн дөрөлж рүү явсан юм. Тухайн хулгайд алдагдсан адуунууд нь нас гүйцсэн хүрэн халзан зүсмийн эр адуу, Шар хээр зүсмийн нас гүйцсэн эр адуу байсан. Шар хээр зүсмийн нас гүйцсэн адуу нь зөв талын хаа, гуя хоёр дээрээ хүрээтэй хас тамгатай, нөгөө хүрэн халзан адуу нь зөв талын гуяан дээрээ тамгатай байсан ба  яг ямар тамга байсныг нь санахгүй байна. Тэр хоёр адуу хоёулаа миний адуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 61-67-р хуудас/, 

эрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр Баянзүрх багийн төв дээр очиж сонгуульд саналаа өгчихөөд буцаад гэр рүүгээ явж байх замдаа гэрийнхээ зүүн талын уул Эрээний орой гэх газар зогсоод тэр уулан дээрээс ийш тийш мал амьтан дурандаад сууж байтал манай халиун азрагатай 15-аас 16 тооны адууг 2 мотоциклтой хүн Хөндлөн хамрын уг гэх газрын өвөлжөө рүү туугаад ороод ирсэн. Тэгэхээр нь энэ хүмүүс яагаад манай адууг тууж явдаг билээ гэж дотороо бодоод дурандаад сууж байтал тэнд байдаг өвөлжөөний хашаа руу хашсан. Хараад сууж байтал манай адуунаас 1 хүрэн халзан нас гүйцсэн морь, бас 1 шар хээр зүсмийн нас гүйцсэн 2 морь барьж аваад шар хээр морин дээр маань зайдлаж мордоод, нөгөө хүрэн халзан морийг маань хөтлөөд Ташуу гэх газрын арын мод руу яваад орсон. Тэгэхээр нь би за энэ нэг л биш боллоо гээд хүүхэд рүүгээ утасаар ярих гэтэл өглөө гэртээ гар утасаа цэнэглээд орхисон байснаа санаад шууд мотоциклоо асааж унаад гэртээ ирсэн. Тэр үед 15 цаг болж байсан байх. Миний бодлоор тухайн асуудал 14 цагийн үе болов уу гэж бодож байна. Тэгээд гэртээ ирээд хүү Шад хэлсэн Манай хүү Ш шууд цаад талыг нь тосож хүлээхээр Ташуугийн цаад талын Тэргэлийн даваа руу явсан Тэгээд тэндээ баригдсан байна лээ…” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 71-72-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад сумын төвөөс хүргэн С.Б ын хамт Нөмрөг сумын Хөдрөг багийн нутаг руу Мустанг 5 маркийн мотоциклоор явсан. Тэгээд явсаар байгаад Хөдрөг багийн Нарийн амны өвөлжөөнд очиход адуу мод руу орчихсон байхлаар нь өвөлжөөний хажууд байсан Батаа гуайн адууг өвөлжөөний хашаан дотор хашиж 2 морь барьж аваад би нэг морийг хөтлөөд уулын арын мод руу орсон. Харин С.Б  миний хойноос мотоциклоор дагаад явсан. Тэгээд модны захад очоод мотоциклоо орхичхоод 2 мориор явах гэсэн нэг морь нь булгиад мордуулахгүй байхлаар нь би С.Б ыг уулын хяраар очоод адуугаа доош нь дар гэж хэлээд би өөрөө нэг морийг нь унаад нөгөө морийг нь модны захад уяж орхичхоод адуу руугаа явсан. Тэгээд модон дотор адуутай хөөцөлдөөд адууг модны зах руу гаргаж ирээд өөрийн өвөлжөөний арын мод руу адуугаа морь болон мотоциклоор хөөж оруулчихаад модны зах руу оруулж 2 морио уячихаад хэвтэж байтал Ш бид хоёр дээр мотоциколтой ирээд манай адуу харагдана уу гэж асуухлаар нь танай адуу өвөлжөөний хажууд байсан гэж хэлсэн чинь 2 морь дутуу байх шиг байсан чи харсан уу гэж асуухаар нь би хараагүй, мэдэхгүй гээд хэлчихсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р хуудас/, 

-Шүүгдэгч С.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Бид хоёрын явсан газраар адуу нь байхгүй байхлаар нь модон дотор орсон байх гээд уулын мод руу явж байтал Халиун зүсмийн азаргатай 20 гаруй тооны адуу таарсан. Тэгээд бид хоёр тэр адууг тууж ойролцоо өвөлжөөний хашаа руу оруулаад шар хээр болон хүрэн халзан зүсмийн 2 тооны морь барьж аваад би мотоциклоо унаад мод руу яваад, аав хойноос шар хээр зүсмийн морийг нь унаад, нөгөө морийг нь хөтлөөд миний хойноос ирсэн. Тэгээд бид хоёр мотоциклоо орхиод цаашаа явах гэтэл хүрэн халзан зүсмийн морь ааштай бололтой мордуулахгүй байхлаар нь бид 2 мотоциклоор явахаар болоод нөгөө хоёр морийг модон дунд оруулж уячихаад цаашаа явж адуугаа харчихаад нөгөө хоёр морь руу явж байтал мотоциклтой хүн ирж явахаар нь тэр хүнтэй очоод уулзсан чинь манай адуу харагдана уу гэж ааваас асуусан чинь аав адууг нь байсан газрыг хэлсэн чинь тэр хүн дахиад шар хээр морь, хүрэн халзан морь  хоёр харагдав уу гэж асуухлаар нь аав хараагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-9-р хуудас/, 

-Хурд-Од ХХК-ийн шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай: “...Нас гүйцсэн буюу 6 настай адуу нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, 2 тооны адуу 2,600,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 81-р хуудас/, 

-Хулгайлагдсан гэх 2 тооны адууны гэрэл зураг /ХХ-ийн 31-32-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Б , С.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бусдын 2 тооны адууг буюу олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Б.Б , С.Б  нарын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Тодруулбал,

 Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн явдал байдаг бөгөөд шүүгдэгч Б.Б , С.Б  нар нь хохирогч Б.Ш-ын 2 тооны адууг эзэн нь буюу өмчлөгч болох этгээдэд нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, нууцаар, хууль бусаар авч, модон дотор оруулан уяж нуусанаар өөрсдийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авсан байх тул мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Олон тооны мал гэж ...хоёр бод...ыг ойлгоно” гэж заасан тул шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн машин механизм гэж хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмыг ойлгох ба гэмт үйлдлийг хөнгөвчилөхөд ашиглагдсан байдаг бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хөнгөвчлөх буюу хохирогч Б.Ш-ын адууг хөөж хаших зорилгоор шүүгдэгч С.Б-н өмчлөлийн мотоциклийг ашигласан байх тул мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Б , С.Б  нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б , С.Б  нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байх ба харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б , С.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай маргахгүй. Харин шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу өршөөлд хамруулж өгнө үү...” гэсэн бөгөөд шүүх өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй ч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаарх хуулийн зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй учир хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд хуулийн уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Нөгөөтэйгүүр 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ялыг бүрэн өршөөх зохицуулалт байхгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Б, С.Б  нарт хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид төлөх хохиролгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих талаар хуульчилсан тул шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь Завхан аймгийн Нөмрөг суманд байнга оршин суудаг талаарх баримтууд хэрэгт авагдсан байх тул тэдэнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгч Б.Б , С.Б  нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба тэдэнд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Б.Б, С.Б  нар нь хохирогч Б.Ш-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх бөгөөд хохирогч Б.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, шүүгдэгч С.Б-ын өмчлөлийн мотоциклийг улсын орлого болгож, шүүгдэгч Б.Б-ын өмчлөлийн 2 ширхэг ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, С.Б  нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б, С.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б, С.Б  нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , С.Б  нарт шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Б , С.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гааргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б , С.Б  нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг улсын орлого болгохоор тогтоож, уг мотоциклийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 21-ний  өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Б.Б-ын өмчлөлийн цагаан өнгийн олс болон эрээн цоохор өнгийн цулбууртай хөх өнгийн эрмээнэн ногт /2 ширхэг/-ыг устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг заасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН