Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э-р хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.А,

Хохирогч О.Б /онлайнаар/,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* улсын иргэн, *төрсөн, 00 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, малчин, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Т /регистрийн дугаар: */.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хужир тохой гэх газарт иргэн О.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн О.Быг модоор цохилоо гэсэн шалтгааны улмаас түүний гар болон толгойн хэсэгт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Т нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Хужир тохой гэх газарт иргэн О.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн О.Быг модоор цохилоо гэсэн шалтгааны улмаас түүний гар болон толгойн хэсэгт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Т.Т намайг машины хажууд байж байгаад доошоо тонгойх зуур миний толгой руу банзаар цохих гээд далайх үед би зүүн гараараа толгойгоо хамгаалсан. Толгойгоо зүүн гараараа хамгаалах үед миний зүүн гарын шууны хэсэгт банзаар 2 удаа цохисон. Дараа нь миний толгойны арын хэсэгт нэг удаа банзаар цохисон юм. Толгой руугаа цохиулаад толгойн арын хэсэгт 2 оёдол тавиулсан. Зүүн гарын богтос яс хугарсан байсан. Тосонцэнгэл сум болон Улиастай сум орж нэгдсэн эмнэлэг болон шинжээч эмчид үзүүлсэн. Одоогоор надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-27 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай аав О.Б нь Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн Хужир тохой гэх газарт тус багийн иргэн болох Б гэх айлыг нүүлгэх гээд Сүдэтийн эрэг гэх газраас 10 цагийн орчим гэрээсээ мотоциклтой явсан. Тэгээд би гэртээ ээж охин хоёртойгоо байж байтал Б ах манайд 12 цагийн үед ирээд танай аав чинь Т-той муудалцаад толгойноос нь цус гараад байна. Толгойг нь хага цохисон юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

-Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянтэс сумын Хачиг багийн нутаг Сөдөт гэх газраас нүүж Хужир толгой гэх газарт ирсэн юм. Надтай хамт явсан Ө.Б бид 2 гэрээ машин дээрээс буулгаж байтал Ч.Б  гэх залуу бид 2 дээр ирж гэр буулгалцсан. Тэгж байтал удалгүй манай эхнэр Ё.М- О.Б-ын хамт мотоциклоор ирсэн. Тэгээд бид хэд гэрээ буулгаад бараг дуусч байтал Т.Т гэх залуу бидэн дээр ирж машин дээрээс гэр буулгахад тусалсан. Тийг бид Түүдэг гэж дууддаг юм. Удалгүй О.Б, Т.Т хоёр хоорондоо муудалцаад О.Б нь Т.Тийг гэрийн унины модоор цохих гээд хөөгөөд явж байсан. Тухайн унь нь хугарсан байсан. Т.Т нь зугтааж байгаа харагдсан. Дараа нь тэр хоёр бие биенийхээ гараас барьсан зогсож байсан. О.Б нь Т.Тийг монгол гэрийн унины модоор яг хаана нь цохисон гэдгийг би хараагүй. Би тухайн үед гэрийнхээ юмыг янзлаад машины тэвшин дээр байж байсан юм. Тэр хоёрыг муудалцаад байхаар нь би машины тэвш дээрээс бууж О.Быг барьж аваад машиныхаа хажууд авч очоод та нар шинээр бууж байгаа газарт хэрүүл маргаан хийж унь хугаллаа гэж О.Бт хэлсэн. Т.Т миний үгэнд ороод цаашаа холдоод явчихсан юм. Тэр хоёрыг салгачхаад би машинаа асаагаад хөдлөх гэтэл миний машин дотор манай зурагт, халуун сав зэрэг зүйлүүд байхаар нь Бид авч өгөөд байж байтал манай эхнэр Ё.М- хүн аллаа хурдан салгаач гээд орилохоор нь машинаа унтраагаад буугаад иртэл О.Быг Т.Т банзаар цохисон бололтой О.Б нь газарт унасан байсан. Т.Т О.Бын цаад талд 2 метр орчим зайд банз барьчихсан, царай нь цонхийгоод сонин болчихсон байсан. Яг хаана нь цохисон гэдгийг би хараагүй. Т.Тийн барьсан байсан банз нь манай монгол гэрийн хаалганы доор ивээс болгон тавьдаг байсан мод. Тэр банзыг манайх олон жил хэрэглэж байгаа. 1 метр орчим урттай, 10 орчим см өргөнтэй мод байсан.Тэгээд О.Б нь газарт уначихаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь наад хүнээ босгоод сэгсэр гэж хэлтэл Т.Т О.Б дээр очоод цээжнээс нь маягтай, 2 гарнаас нь сугадаж босгосон. Тухайн үед О.Бын толгойн арын дагз хэсэг, мөн зүүн чихний урд шанаа хавиас цус гарч байсан. О.Б газарт унаад 5 орчим секунт болоод босч ирсэн бөгөөд газраас босч ирээд газарт байсан унь авах гээд гараараа тэмтрээд байсан. Тэгэхээр нь би Тийг чи одоо хурдан яв, Б чамайг хараад улам уурлана шүү гээд түүнийг явуулсан... О.Б нь Т.Тид хандан чи намайг утсаар ярьж ална гэж хэлсэн байсан гэхэд Т.Т нь би таныг ална гэж утсаар яриагүй ш дээ, та худлаа яриад бай гэхэд чи үнэнээ хэлээрэй гээд О.Б нь Т.Т руу дайраад байснаас тэр 2-ын хооронд миаргаан үүссэн. Намайг машинаа асааж байтал О.Б нь Т.Тид хандан нэг юм хэлээд байсан. Яг ямар үг хэлснийг анзаараагүй. О.Б нь Т.Тийн уурыг хүргэсэн үг хэлсэн байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

-Гэрч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр  Баянтэс сумын Хачиг багийн нутаг Сөдөт гэх газраас Хужир толгой гэх газарт нүүж ирсэн Г.Бийн гэрийг барилцахаар 12 цагийн орчим тэдний бууж байгаа газарт очсон. Тэгж байтал удалгүй Г.Бийн эхнэр Ё.М- О.Бын мотоциклоор ирсэн. Тэгээд гэрийг нь буулгаад бараг дуусаж байтал Т.Т гэх залуу ирж туслалцсан. Т.Т ирээд хүмүүстэй мэндэлсэн. Удалгүй Б Тийг гар утсаар манай эхнэр хүүхэд рүү ярьсан байсан гэхэд Т би утсаар яриагүй ш дээ, таньтай ойрд таараагүй ш дээ гэж хэлж байсан. Тэгсэн О.Б ах чи утсаар ярьсан, үнэнээ хэлээрэй гээд Т руу дайраад байсан.  Тэгсэн О.Б ах хажуудаа байсан гэрийн унины мод аваад Тийн нуруу руу 1 удаа цохисон чинь унь хугарсан. Хугарсан униараа дахин Т-ийг цохих гээд цохиж чадаагүй.Т.Т зугтаагаад холдчихсон байсан... Т.Т бид хоёр гэрийн хана дугуйлж барихаар хана бариад зогсож байтал Т.Т О.Б ахын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд О.Б ахыг доошоо тонгойх үед ханын хажууд байсан гэрийн хаалган доор ивдэг банзаар О.Б ахын толгойн ар хэсэгт нэг удаа цохисон. Энэ үеэр 2 Б машинаас юм зөөж байсан. Г.Бийн эхнэр Ё.М- хүн аллаа шүү гээд орилсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

-Гэрч Ө.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.Б ахын машин дотор байсан халуун сав, зураг, буу зэрэг зүйлүүдийг аваад байж байтал Ё.М- хүн аллаа, хурдан салгаач гээд орилохоор нь юу болов гээд хартал О.Б ах газар унаж байсан. Тэгэхээр нь би гүйгээд О.Б ах дээр очиход толгойны дагз хэсгээс нь цус гарчихсан байсан. Т ах цээжнээс нь өргөөд сэгсрээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,

-Гэрч Ё.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг гол руу усанд явж байхад Т.Т ирж байгаа харагдсан. Намайг усаа аваад ирэхэд О.Б, Т.Т нар хоорондоо муудалцаад байсан. Тэр хоёрыг муудалцаад байхаар нь манай нөхөр Г.Б О.Б ахыг гараас нь бариад машин руу явсан. Ч.Б , Т.Т хоёр хана бариад зогсож байсан. О.Б ах Т.Тид хандаж нэг үг хэлсэн. Тэгсэн Т барьж байсан ханаа орхиод Б ах руу гүйж очсон. О.Б ах Т.Тийг хөөж байгаад газарт байсан гэрийн модон унь авахаар доошоо тонгойтол түүний толгойн ар дагз хэсэг рүү нь Т.Т нь банзаар цохисон. О.Б ахын толгойн дагз хэсгээс цус гарч байгаа харагдсан. Би хүн аллаа ш дээ гэж орилтол Ө.Б, Т 2 Б ах дээр очиж өргөж босгоод сэгсэрсэн..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/,

-Гэрч Р.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр дуудлагаар очиход иргэн О.Б газар суучихсан байсан. Даралтыг нь үзэхэд өндөр байсан, тархинаас гарсан цус тогтсон, амин үзүүлэлтүүд хэвийн. Зүүн гар бугуйгаар хавдсан, баруун нүд хавдсан, зүүн хөмсөг халцарсан байдалтай, толгойны ар хэсэгт 1,5-2 см урттай зүсэгдсэн шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 53 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 000000187 дугаартай: “...Иргэн О.Б-ын биед зүүн гарын богтос ясны хугарал, дагзны ар хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Иргэн О.Б-ын биед учирсан зүүн гарын богтос ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дагзны ар хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтэл үүссэн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,

-Хохирогч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Т-той урьдны тааламжгүй харилцааны улмаас муудалцсан. Т.Т-ийг униар цохисон маань үнэн. Мөн Т нь намайг банзаар цохисон нь ч үнэн. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдэгтэй маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүгдэгч Т.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... О.Б-ыг банзаар цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Т.Т нь хохирогч О.Б-т хохиролд бэлэн 500,000 төгрөгийг 1 тооны хонины хамтаар өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүдээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан бөгөөд Т.Тийн дээрх үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар нь үйл баримт болон гэмт буруугийн талаар маргаагүй болно.

Иймд Т.Тийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Тид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Т.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Т-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байх ба харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Т-д хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид төлөх хохиролгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэгт заасны дагуу прокурорын санал болгосон хэмжээгээр торгох ял  оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэвч Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан бөгөөд уг хуулиар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан тул шүүгдэгч Т.Т-д оногдуулах торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Т нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Мөн шүүгдэгч Т.Т нь хохирогч О.Б-т хохиролд бэлэн 500,000 төгрөгийг 1 хонины хамтаар өгснийг шийтгэд тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогч О.Б нь шүүгдэгч Т.Тийн гэмт үйлдлийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй учир энэ шийтгэх тогтоолоор уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн ... хүн ... ий үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй учир хохирогч О.Б-н цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоох нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгчээс битүүмжилсэн эд зүйлгүй бөгөөд түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч О.Б-г цохисон гэх 95 см урттай, 10 см өргөнтэй банзыг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг банзыг устгах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Т.Т-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Т-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.Т нь хохирогч О.Б-т 500,000 төгрөг, 1 хонийг хохиролд төлснийг дурдаж, хохирогч О.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжилсэн болон шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Монгол гэрийн хаалган доор ивээс болгон тавьдаг 95 см урттай, 10 см өргөнтэй банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг заасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН