Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1644

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 06 сарын 07 өдөр     Дугаар 181/ШШ2017/01644         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байр 27 тоотод оршин суух, Баяндээрх овогт Нямдоржийн Мэндсайхан /РД:УЕ82042338/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Хайр Тохой байрны 3 давхарт байрлах, “Редпаф Монгол” ХХК /РД:2841134/-д холбогдох, 

 

Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, С.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, нарийн бичгийн даргаар Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Мэндсайхан нь “Редпаф Монгол” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан, гагнуурчны албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн байдаг.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 17-нд “Редпаф Монгол” ХХК-аас Н.Мэндсайханд хандан “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар гагнуурчны албан тушаалыг тань цомхотгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн мэдэгдлийг ирүүлсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай “Редпаф Монгол” ХХК-ийн ажил олгогчдын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл бий болоогүй буюу гагнуурчны албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад орон тоогүй болсон гэдгээр ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан нь огт үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнээс хойш тус компанийн хүний нөөцийн менежерийн 2017 оны 3 сарын 24-ны өдрийн 25/05/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 буюу ажилтны өөрийн санаачилгаар гэж үндэслэн Н.Мэндсайханыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан нь огт үндэслэлгүй гэж үзэж байна.

Н.Мэндсайханд өөрийн санаачилгаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зориг, шаардлага байгаагүй, Н.Мэндсайхан нь хамт ажиллагч болон удирдлагын хавчлагаас болж өөрөө өөрийнхөө эсрэг зүйл болох өргөдөл бичиж, өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж буй мэт ойлголтыг компанийн гадаад удирдлагад төрүүлсэн байдаг.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхтэй” гэж заасан байхад түүнд цалинг нь 2 дахин бууруулсан ажлын байрыг монгол захирал болон хуулийн зөвлөхөөс нь санал болгож, ажилтны хувьд мэргэжлийн болон сахилга, хариуцлагын алдаа гаргаагүй сайн хийж байсан ажлын байраа сайн дураараа өөрөө чөлөөлж өгөхийг тулган шаардсан байсан.

Мөн Н.Мэндсайханыг сэтгэцийн өвчтэй хүн мэт буруу ойлгон, өөрсдөө онош тогтоон, эрүүл мэндийн шалтгаантай гэж ар гэрт нь хэлж тайлбарласан нь хүний нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдан гутаан доромжилсон үйлдлийг хийсэн байдаг.

Компаниас гаргасан мэдэгдэл болон 2017 оны 3 сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь тус тус хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд үүнийг нотлох CD-ны ярианы бичлэг, бусад холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байгаа.

Н.Мэндсайхан нь ажиллаж байх хугацаандаа тус компанийн дотоод дүрэм журам, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ үнэнч шударга, сайн гүйцэтгэдэг байсан төдийгүй, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн ухамсар, сэтгэл зүрхээрээ хувь нэмрээ оруулж, Баянзүрх дүүргийн 13, 28 дугаар хороонуудад амьдардаг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд ахуйн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдээр тогтмол бодитой тусламж үзүүлж, мөн “Шинэ үе” МСҮТ-ийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу 3 сурагчийн сургалтын төлбөрийг төлдөг байна. Түүний энэ хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэлийг үнэлэн хувь хүмүүс болон “Шинэ үе” МСҮТ-с талархлын бичгүүдийг компанид нь хүртэл ирүүлсэн байдаг.

“Редпаф монгол” ХХК нь Монгол улсын хууль тогтоомж, хүний эрх эрх чөлөөг зөрчин, өөрийн давуу байдлаа ашиглан Н.Мэндсайханыг ямар ч үндэслэлгүй бусдын хувийн хандлага үзэмжээр ажлаас нь халсан тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

 “Рэдпаф Монгол” ХХК-ийн удирдлагын шийдвэрээр гагнуурчны орон тоог цөөрүүлсэн тул компанийн зүгээс Н.Мэндсайханд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийнх нь ажиллаж буй гагнуурчны орон тоог цөөрүүлсэн тухай мэдэгдлийг гардуулан өгсөн. Уг мэдэгдэлдээ компанийн зүгээс Н.Мэндсайханд тусалж, дэмжиж болох нөхцөл байдлыг бүрдүүлж ажилласан.

Тодруулбал, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгох, улсын нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах тухай заавар, ажил байдлын тодорхойлолт зэрэг шаардлагатай бүхий л бичиг баримтыг гаргаж өгнө гэдгээ дурдсан байдаг. Түүнчлэн, компанийн бизнесийн хамтран ажиллагч “Зэт Эм И” ХХК-д Н.Мэндсайханыг санал болгож, гагнуурчны ажлын байр олж өгч санал болгож байсан.

Энэхүү орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор түүнд гардуулсан мэдэгдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-т заасантай бүрэн нийцсэн болно.

Н.Мэндсайхан орон тоог цөөрүүлсэн мэдэгдлийг хүлээн аваад ажил олгогчид дараах өргөдлүүдийг өөрийн гараар бичиж, сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн байдаг.

1. 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр цомхтголоор хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг хүлээн зөвшөөрч буй тул 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж, 1 сарын цалин олгож өгнө үү, уг цалин болон тэтгэмжийг нэг дор бөөнөөр нь авах хүсэлтэй байна, миний зүгээс хуулийн байгууллагад хандах үндэслэл байхгүй учраас тэтгэмж болон цалинг маань олгож өгнө үү гэх агуулгатай өргөдөл,

2. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ахин компанид хандан 1 сарын цалин болон 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг өнөөдөр олгож өгнө үү гэх агуулгатай өргөдөл,

Компанийн зүгээс дээрх өргөдлүүдийг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэж байгаа ба нэг cap дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тэтгэмж болон цалинг олгох боломжтой болохыг тайлбарласан. Энэ тухай Н.Мэндсайханд олгосон мэдэгдэлдээ мөн дурдаж өгсөн билээ.

Түүний дараа 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Н.Мэндсайхан яаралтай цалин, тэтгэмжээ авах шаардлагатай байна гэж ирсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс өөрийн саналаар гарах өргөдлөө өгсөн тохиолдолд өнөөдөр олгох болно гэж хэлсэн. Үүний дараа Н.Мэндсайхан тэгвэл өргөдлөө бичиж өгье гэж хэлээд өргөдлөө бичиж өгөөд түүний дараа 3 сарын тэтгэмж авсан байдаг. Бид түүнд 3 сарын тэтгэмж олгохгүй байх бүрэн үндэслэлтэй боловч аль болох Н.Мэндсайханд туслах гэсэн компанийн өгөөмөр шийдвэрийг гаргасан. Уг өргөдлийг гараар бичиж өгсөн бөгөөд тэтгэмж олгож байгаад талархаж байгаагаа дурдсан.

Н.Мэндсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хамт ажиллагч болон удирдлагын хавчлагаас болж өөрөө өөрийнхөө эсрэг зүйл болох өргөдөл бичүүлсэн” гэж дурдсан байна. Уулзалтын ярианы бичлэгийг уулзалтанд оролцож байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр нууцаар хийж, түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь илтэд үндэслэлгүй, хууль бусаар олж авсан нотлох баримт гэж үзэж байна.

Ажил олгогчид өөрийн хүсэлтээр өргөдөл бичиж өгч, 10,550,314 төгрөгний тэтгэмж авсны дараа нууц бичлэг хийж, олон нийтэд худлаа мэдээлж тус компанийн ажилтнуудыг айлган сүрдүүлж дарамталж байгаа нь ёс зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжид нийцэхгүй. Уулзалтаар Н.Мэндсайханд орон тоо цөөрүүлж байгаа нөхцөл, шалтгааныг тайлбарлаж өгсөн бөгөөд түүнийг дарамталсан, зүй бус шаардлага тавиагүй болохыг онцгойлон дурдаж байна. Чухам ямар яриаг шахалт гэж үзэж байгаа нь нэхэмжлэлд дурдагдаагүй ба ийм нотлох баримт байхгүй болно.

Нэхэмжлэгчийн энэхүү бичлэг хийсэн үйлдэл нь Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан хууль бус, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж тусгайлан шалгуулах болно.

“Рэдпаф Монгол” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/05/17 тоот тушаал нь Н.Мэндсайханы сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг үндэслэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дугаар зүйлд заасантай бүрэн нийцэж байна.

Иймд, Н.Мэндсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мэндсайхан нь хариуцагч “Редпаф Монгол” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан тул шүүх гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

“Редпаф Монгол” ХХК-ийн хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/05/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 43 дугаар зүйлийн 43.1, тус Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09/05/157 тоот тушаалыг үндэслэн Н.Мэндсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг “Редпаф Монгол” ХХК-ийн гагнуурчны ажлаас чөлөөлсөн байна.

 

Тус компанийн гүйцэтгэх захирлаас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 09б/05/17 тоот тушаалаар хүний нөөцийн менежер Э.Шүрэнцэцэгт хөдөлмөрийн харилцаатай холбоотой аливаа асуудлаар ажил олгогчийг төлөөлөн шийдвэр гаргах, эдгээр шийдвэрийг гаргахад шаардлагатай үйлдлийг гүйцэтгэх, гэрээ байгуулах, цуцлах, тушаал гаргах зэрэг эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон баримт хэрэгт авагдсан байх тул шүүх түүний гаргасан тушаалыг ажил олгогчийн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй. 

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар “Редпаф монгол” ХХК нь Н.Мэндсайханы ажиллаж байсан гагнуурчны албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар цомхотгогдох болсон үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдахыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, энэ тухай мэдэгдлийг түүнд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан, мэдэгдэлд заасан хугацаанаас өмнө 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрүүдэд Н.Мэндсайхан нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон учир 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, 1 сарын цалин яаралтай шийдүүлэх болон цомхотголоор хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл хүлээн авсан, зөвшөөрч байна гэх агуулга бүхий хүсэлт, өргөдлийг 3 удаа гаргасан, улмаар уг өргөдөлд үндэслэн хариуцагч ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, тэтгэмжид 10,550,314.90 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, өргөдлийг хариуцагчийн шахалтаар бичсэн, өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл сонирхол байгаагүй гэж тайлбарлаж, үүнийгээ нотлох зорилгоор ярианы бичлэг бүхий Си Ди-г шүүхэд гаргасныг шүүх хариуцагч талын хүсэлтээр үзлэгээр бэхжүүлсэн.

 

Хариуцагч нь дарамталсан зүйлгүй, цомхотголд орохоосоо өмнө компанийн удирдлагуудтай тохирч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, 1 сарын цалин авсан, сонголтыг өөрөө хийж өргөдлөө бичиж өгсөн тул тушаал үндэслэлтэй гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл үүссэн эсэх асуудал тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөр тул шүүх энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс гаргасан харилцан ярианы бичлэг бүхий Си-Ди-г үзлэгээр бэхжүүлэх ажиллагаа хийсэн боловч тухайн бичлэгийг үйлдэх явц нь хуульд нийцсэн гэж үзэхээргүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул тухайн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэргийн бусад баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар анхнаасаа өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт зориг нэхэмжлэгч Н.Мэндсайханд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэлд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгохоор заасан 3 сарын  дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, 1 сарын дундаж цалин хөлсийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр буюу заасан хугацаанаас 25 хоногийн өмнө авах зорилгоор өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах замаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор ажил олгогчтой тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, эсхүл ажил олгогч гаргаснаар гэрээ цуцлагдах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг бөгөөд ажилтан санаачилсан гэх үндэслэлд ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт хамаардаг байна.

 

Сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдөл, хүсэлт гэдэгт хөдөлмөрийн гэрээ цуцлах саналыг анхлан гаргаж байгаа ажилтны өөрөөс шалтгаалсан нөхцөл байдалд тулгуурлан гаргасан түүний хүсэл зоригийн илэрхийллээс гадна ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой үүссэн тухайн нөхцөл байдалд тохируулан гаргасан хүсэл зориг мөн энд хамаарах үндэслэлтэй.

 

Манай тохиолдолд гагнуурчны ажлын байр цомхотгогдох болсонтой холбоотой ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл авсан ажилтан нь ажлаас халагдсаны тэтгэмж болон ажилласнаар тооцож олгох цалинг хугацаанаас нь өмнө олгох тухай ажил олгогчоос гаргасан саналыг хүлээн авч, зөвшөөрснөө илэрхийлж 2017 оны 3 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон үндэслэлээр 4 сарын тэтгэмжийг нэн даруй, яаралтай олгохыг хүссэн агуулга бүхий 3 хүсэлтийг гаргасан, энэ хүсэлтэд үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх тул шүүх талуудын хооронд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох тул талууд ийнхүү тохиролцсоноор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, ажилтан нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, үүнээс бусад төрлийн гэрээ, хэлцэлд Иргэний хуулийн ерөнхий үндэслэл хэрэглэгддэг /ИХ-ийн 369.3/ тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг мөн хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Талуудын тохиролцоо буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохигчдын хооронд хийгдсэн хэлцлээр ажилтан Н.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргах, ажил олгогч “Редпаф Монгол” ХХК нь хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасны үндсэн дээр түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үүргийг хүлээсэн ба нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан, хариуцагч тушаал гаргаж, тэтгэмжийг олгосон болох нь тогтоогдсон.

 

Зохигчид ийнхүү хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж, хэлцлээр тохирсноос өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, зохигчдын хооронд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах замаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зорилгоор хийсэн хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтын дагуу үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч хэлцлээр хүлээсэн үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар шударгаар гүйцэтгэх үүрэгтэйн хувьд одоо хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Ажил олгогч “Редпаф Монгол” ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийн үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр ажилтан Н.Мэндсайханыг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-д заасанд нийцсэн тул шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд “Редпаф Монгол” ХХК-ийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Мэндсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “Редпаф Монгол” ХХК-ийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Мэндсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Мэндсайханы нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА