Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/530

 

 

 

 

 

 

2021      08         04                                             2021/ШЦТ/0530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0532/Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Д-д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч П.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
  • Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 08 цагийн орчим гэрээсээ гараад циркийн хажуугаар алхаад, Баянгол зочид буудал, Скайтелын автобусны буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Тухайн үед би гар утсаа зүүн талын халаасандаа хийгээд чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Тэгээд дөнгөж зам гараад утсаа үзтэл байхгүй байсан. Эргээд хартал нэг эгч зогсож байсан бөгөөд хажуу талын залуу руу заагаад “утсыг чинь энэ хүн авсан” гэж хэлэхээр нь би заасан залууг барьж авсан. Ингээд хажууд байсан унадаг дугуйтай залуу цагдаа дуудсан. Алдсан гар утас iphone 7 plus маркын хар өнгөтэй, гадуураа саарал гэртэй, 359472085593356 имэй дугаартай байсан. Гар утасаа бүрэн бүтэн хүлээж авсан учираас гомдол санал байхгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/
  •  “Дамно” ХХК-ийн  хөрөнгө үнэлгээний тайлан: “iphone 7 plus загварын гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлэв.. гэх тайлан \хх- 17-18 тал\ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 Шүүгдэгч П.Ды хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч П.Ды иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 тал/,
  • Шүүгдэгч П.Ды оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 31 тал/,
  • Шүүгдэгч П.Ды иргэний хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт  /хх-ийн 32 тал/,
  • Шүүгдэгч П.Ды өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /хх-ийн 33 тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35 тал/,
  • Шүүгдэгч П.Ды иргэний дэлгэргүй лавлагаа, зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа /хх-ийн 36-37 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч  нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нь өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч П.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр төв номын сангийн автобусны буудлын явган хүний гарц дээр хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч П.Д нь хохирогч Б.Зд 550.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Зд  гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Ды үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Зын эзэмшлийн iphone 7 plus маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлье ” гэснийг харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж энэ шийтгэх тогтоолоор 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийн урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь өмнөх ял нь дууссаны дараа эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Д бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсээгт  зааснаар шүүгдэгч П.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ