| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2018/0116/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 29
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ж.Од холбогдох 1812001120102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн 14-А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ж ийн О
Ж.О нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Баруун өвөр гэх газарт Л.Хтай “Малын бэлчээрт малаа бэлчээлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б овогт Жийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оээс 35.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Хад олгож түүний нэхэмжилсэн 1.965.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.”
Шүүгдэгч Ж.Оийн гаргасан давж заалдах гомдолд: “Миний бие Ж овогтой О нь 1989 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, архи тамхи хэрэглэдэггүй, дээд боловсролтой, 2018 оны 02 дугаар сарын 16-ны буюу цагаан сарын шинийн нэгний өдөр согтуу Хад өөрийн өмчлөлийн малын хашаан дээрээ зодуулсан. Гэтэл уг хэрэг Хын талд шийдэгдсэн учир маш их гомдолтой байна. Үүнд: 1. Хад зодуулсан болоод эмчлүүлсэн гэх ул мөр гараагүй. 2. Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Х.Отгонжаргал буруу дүгнэлт гаргасан, өөрт нь хэлтэл өрөөнөөс зайл гээд хөөж гаргасан. 3. Иргэн Хад зодуулахдаа уруулсан дээл манай сүргээс хулгайлсан сэтэртэй хөх эр хонь, энэ хооронд наашаа цаашаа явсан тээврийн зардал болон эмнэлэгээр явсан зардалаа гаргуулна. 4. Л.Хын гэрчүүдийн мэдүүлэг маш зөрүүтэй, худал мэдүүлэг байсан. Мөн өөрийнх нь мэдүүлэг худлаа байсан. 5. Мөрдөгч Бат-Эрдэнэ үзлэг шинжилгээ хийж нүүр амны шарх нурууны хөхрөл, уруулсан дээл болох эд мөрийн баримтуудыг алга болгож өөрөө алга болсон. Үүнд маш их гомдолтой байна. 6. Би улсын 1 дүгээр эмнэлэгт биеэ үзүүлсэн. Үүнд нурууны 5 дугаар нугалаан дээр incalus 2 талдаа хугарсан, энэ гэмтэл Х гэх хүнээс болсон гэж үзэж байна. Мөн элэгний B, D вирустай, эмчилгээгүй намайг зодсонд гомдолтой байна. Х гэх хүн 2 жилийн өмнө нутгийн хоёр залуугаас тус бүр 2 200 000 төгрөг авсан байдаг. Уг авсан мөнгө нь Хын гэртээ хүүхэд гаргасан охиноор дамжуулан авсан байдаг. Нэг хүүхэд нэг эцэгтэй гэдгийг тогтооно уу. Энэ хүн худал ярьж бусдаас мөнгө авч сурсан хүн байгаа юм. Анхан шатны шүүхээр Ж.О намайг буруутгаж 300 цагийн албадан ажил, 35 000 төгрөг төл гэж тогтоосон. Үүнд гомдолтой байна. Ийм учраас шүүх үнэн мөнийг нь олж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж овогтой Оээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол үндэслэлгүй байх тул тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Оийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ж.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ж.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхээс Ж.Од түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нь Хад зодуулсан болоод эмчлүүлсэн гэх ул мөр гараагүй, шүүх эмнэлэгийн шинжээч эмч Х.Отгонжаргал буруу дүгнэлт гаргасан, өөрт нь хэлтэл өрөөнөөс зайл гээд хөөж гаргасан,иргэн Хад зодуулахдаа уруулсан дээл манай сүргээс хулгайлсан сэтэртэй хөх эр хонь, энэ хооронд наашаа цаашаа явсан тээврийн зардал болон эмнэлэгээр явсан зардалаа гаргуулна,Л.Хын гэрчүүдийн мэдүүлэг маш зөрүүтэй, худал мэдүүлэг байсан. Мөн өөрийнх нь мэдүүлэг худлаа байсан, мөрдөгч Бат-Эрдэнэ үзлэг шинжилгээ хийж нүүр амны шарх нурууны хөхрөл, уруулсан дээл болох эд мөрийн баримтуудыг алга болгож өөрөө алга болсон, би улсын 1 дүгээр эмнэлэгт биеэ үзүүлсэн. Үүнд нурууны 5 дугаар нугалаан дээр incalus 2 талдаа хугарсан, энэ гэмтэл Х гэх хүнээс болсон гэж үзэж байна. Мөн элэгний B, D вирустай, эмчилгээгүй намайг зодсонд гомдолтой байна. Х гэх хүн 2 жилийн өмнө нутгийн хоёр залуугаас тус бүр 2 200 000 төгрөг авсан байдаг. Уг авсан мөнгө нь Хын гэртээ хүүхэд гаргасан охиноор дамжуулан авсан байдаг. Нэг хүүхэд нэг эцэгтэй гэдгийг тогтооно уу гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлавал Ж.О нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, тухайн үед түүний биед шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Ж.Од Л.Хаас хохирол гаргуулах нөхцөл байдал үүсээгүй, хохирогч гэрч нарт худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан ба тэдгээрийн мэдүүлгийг худал гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 123 тоот дүгнэлтэнд Ж.О нь гомдол гаргаагүй, Л.Хын биед дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг тухайн үед гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Мөн Ж.О нь бусдын хүүхдийн эцэг хэн болох талаар шалгуулах хүсэлт гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд эцэг тогтоох асуудал нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.
Ж.О нь эд мөрийн баримт алга болгосон тухай, өөрийн биед дүгнэлт гаргуулах зэрэг гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шалгуулах боломжтой бөгөөд уг хүсэлтүүдийг шийдвэрлэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ