Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1177

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бат-Оршихын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00881 дугаар шийдвэртэй, Б.Бат-Оршихын нэхэмжлэлтэй, хариуцагч “Их баян тамир” ХХК-д холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээний хохиролд буюу барьцааны зүйлийн үнэ 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Бат-Орших,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Их баян тамир” ХХК-ийн ломбардаас 2016 оны 10 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ байгуулж 250 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай зээлж, “Samsung” загварын зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан. Хугацаа дуусах бүрт очиж сунгалтаа хийж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барьцаанд тавьсан эд зүйлээ авахаар очиход, “Dell” загварын зөөврийн компьютер гаргаж ирсэн. Иймд миний нөүтбүүк байхгүй болсон учир нөхөн төлүүлэх буюу 700 000 төгрөгийг Их баян тамир ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Бат-Орших нь тус компанийн ломбардад 2016 оны 10 дугаар сарын 28-нд хуучин “Samsung” i3 загварын зөөврийн компьютер барьцаалж 250 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус ломбард барьцааны эд зүйлийг хадгалахдаа зээлдэгчээр гарын үсэг зуруулж, номер тавьж хадгалдаг. Манай ажлын байр дохиолол хамаагаалалттай, барьцааны эд зүйл хадгалах агуулахтай. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох гэж ирээд миний зөөврийн компьютер биш гэж маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь дахин шалгаж үзэхэд зээлдэгч Б.Бат-Оршихын зурсан гарын үсэг, номер таарч байсан.

Тус компанийн зүгээс зээлдэгчийн эд зүйлсийг солих ямар ч шаардлага байхгүй гэдгээ тайлбарласан. Б.Бат-Орших гар утсаараа “Samsung” загварын зөөврийн компьютерын зургийг явуулаадах гэхэд гар утсанд нь нөгөө “Samsung” i3 загварын компьютерын зураг ирсэн. Үүнийг хараад их гайхлаа, сольж авсан бол баримт дээр тэмдэглэл хийгээгүй нь бидний буруу болох байх. Б.Бат-Орших нь барьцаанд тавьсан хуучин “Samsung” загварын зөөврийн компьютерийн үнийг 2 дахин илүү үнэлж, нэхэмжилсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Зах зээлд ижил үзүүлэлт бүхий нөүтбүүк 300 000 төгрөгийн ханштай байгаа бөгөөд тус ломбардаас авсан 250 000 төгрөгийг хүүгийн хамт өгвөл нэхэмжлэгчтэй тохиролцож болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Их баян тамир” ХХК-иас 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Их баян тамир” ХХК-иас 21 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хэлэлцсэн мэтээр шийдвэрт тусгасан. Мөн үнэлгээ хийсэн нотлох баримтуудаар маргаж буй эд зүйлийн үнийг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгчээс зохиомол байдлаар гаргаж өгсөн баримт байхад түүнийг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт хэмээн үнэлж шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой. Тухайлбал, барьцааны зүйлийг солиогүй, солих тохиолдолд баримт, тэмдэглэл үйлддэг гэж хариуцагч мэдүүлсэн. Барьцааны хөрөнгийг сольсон байх гэж гуйвуулж нэхэмжлэгч талд ашигтайгаар бичсэн.

Маргаж буй эд зүйлийг 2013 онд 499 еврогийн үнэтэй байсан. Ашигласан зөөврийн компьютер 299,95 ам доллар гэсэн дундаж үнэ зохиож түүнийгээ тодорхой ханшийн мэдээлэлгүйгээр 700 000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Орших нь “Их баян тамир” ХХК-иас барьцаат зээлийн гэрээний хохиролд буюу барьцааны зүйлийн үнэ 700 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, хариуцагч “Их баян тамир” ХХК нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр зээлийн гэрээний үүрэгт төлөгдөх 300 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож, зөөврийн компьютерын үнээс 300 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21 000 төгрөг, нийт 621 000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч Б.Бат-Орших нэхэмжлэлийн шаардлагын 100 000 төгрөгөөс татгалзахаар тохиролцож, бичгээр баталгаажуулсан гэрээг байгуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00881 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Бат-Орших нь нэхэмжлэлийн шаардлагын 100 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Их баян тамир” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн үүргийг харилцан тооцож, нийт 621 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 21 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                            Т.ТУЯА