Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0555

 

 

                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “И” ХХК

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лх, Б.Ч, А, Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н

 

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 542 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “И” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/263 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02-04 дугаар дүгнэлтийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ерөнхий гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Х болон түүний өмгөөлөгч Д.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. Манай компанийн тендерт санал болгосон 42 чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын цахим системээс шалгахад 16 тавцант чиргүүл, 26 тэвш чиргүүл байгаа нь шаардлагад нийцэхгүй байна гэж татгалзсан байдаг. Бодит нөхцөл байдалд манай компанийн тендерт санал болгосон 21 ширхэг чирэгч толгой нь стандарт шаардлагыг хангасан, 42 ширхэг чиргүүл нь бүгд тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгслүүд бөгөөд Техникийн тодорхойлолт заасан шаардлагыг бүрэн хангасан чиргүүлүүд байсан учираас тэдгээрийн тендерт санал болгосон байдаг. Иймд шүүх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас харахад тендерт санал болгосон 42 чиргүүлээс 16 нь тавцант чиргүүл гэж бүртгэгдсэн байна гэж дүгнэсэн байна. Бусад 26 чиргүүлийг шүүгч бүгд тэвш чиргүүл гэж ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар хагас чиргүүл гэсэн бүртгэл авагдсанаас тэвш чиргүүл гэсэн бүртгэл огт хийгдээгүй, тийм үг үсэг огт байхгүй байдаг. 1-р Хавтаст хэргийн 245 дугаар хуудсанд байх Монгол улсын стандарт МNS 6889:2020 дугаар Ачааны автомашин ба чиргүүлийн хэрэгсэл, Ачааны авто машины чиргүүл ба хагас чиргүүл Техникийн ерөнхий шаардлагад чиргүүлийн төрлийг тодорхой заасан байдаг. Стандартын С хавсралт тэвштэй чиргүүлийн төрөл, тавцант чиргүүлийн төрлийг тодорхой ангилан заасан байдаг. Үүнийг манай компанийн санал болгосон тээврийн хэрэгслүүдийн жагсаалт, бодит зураг, Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар, гэрчилгээгээр тэвш чиргүүлүүд биш болохыг хангалттай тодорхой нотлож байгаа. Үүнээс үзвэл тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт заасан шаардлагад тэвш, тавцан чиргүүл гэж тусгайлан авч үзэх боломжгүй, тэвш чиргүүл нь тавцан чиргүүлтэй нэгэн адил тавцан түүн дээр нүүрс тээвэрлэх зорилгоор үүрмэг ачихад зориулагдсан bох буюу хайрцаг, чингэлгийг тавьж тээвэрлэлтийг Эрдэнэс “Таван толгой” ХК-д нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй бүхий л тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа. Гэтэл бодит байдалд тээврийн хэрэгслийг үзээгүй, зөвхөн Авто тээврийн үндэсний төвийн системд бүртгэгдсэн мэдээлэлд тавцан л гэж бичээгүй бол бусад нь хагас чиргүүл гэж бүртгэгдсэн бай бүгд тэвштэй чиргүүл гэж буруугаар ойлгож тендерт ирүүлэх ёстой тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, тендерээс татгалзал нь үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасан байна. Үүнийг шүүх хүлээн авч зөвтгөж шийдвэрлэж байгаа нь өөрөө үндэслэлгүй.

2.2. Тендерээс Тэвш нэршлээр хасагдсан 26 чиргүүл нь “Э” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглагдах тээврийн хэрэгслийн техникийн шаардлагын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулагдсан Багц-4-ийн техникийн шаардлага болох тавцан чиргүүл гэснийг бүрэн хангаж байгаа. Гэтэл "Э" ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах" төсөл, арга хэмжээний Багц-4-ийн "Т-Г чингэлэг тээврийн терминал чиглэлийн тээвэр /240 км/-1" тендер шалгаруулалтын техникийн шаардлагыг хангахгүй байна гэж татгалзан тээврийн хэрэгсэл, тэр дундаа нүүрс тээврийн хэрэгсэл, чиргүүл түүний үндсэн ойлголтыг мэдэхгүй улмаас тендерээс татгалзаж, манай компанийг хохироож байна. Тендерийн баримт бичгийн бүрдүүлэх ёстой 20 шаардлагыг манай компанийн зүгээс бүрэн хангасан бөгөөд тавцант чиргүүл бүхий 21 ширхэг чирэгч толгой, 42 ширхэг тавцан чиргүүлийг санал болгоход лавлагаа дээр нь хагас чиргүүл гэж бүртгэгдсэн байгаа учраас татгалзаж, Монгол улсын Ачааны автомашин ба чиргүүлийн хэрэгсэл, Ачааны авто машины чиргүүл ба хагас чиргүүл Техникийн ерөнхий шаардлагыг огт баримтлаагүй хууль бус шийдвэр гаргасныг зөв гэж үзсэнийг зөвтгөж шүүх шийдвэрлэсэн үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлагыг хангасан байна гээд 11.1.1-т "...тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох; 11.1.2-т "...үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх..." гэж заасан байхад уг хуулийн заалтыг баримтлахгүй шийдвэр гаргаад байгаа нь хууль бус. Мөн хариуцагч тайлбартаа өмнө техникийн тодорхойлолтой холбогдуулж зөвлөгөө авахгүй яасан юм бэ? гэж тайлбарлаад байгаа нь өөрөө мөн хуулийн 11.2-т "...Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно..." гэдэгтэй нийцэхгүй тайлбарыг хэлээд байхад шүүх түүнийг зөвтгөөд байгаа нь хууль бус шийдвэр гаргаж хуулийг зөв хэрэглэсэнгүй.

2.3. Монгол Улсын Сангийн яаманд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хандахад гомдлыг хянаад 11/676 тоотоор хариу ирүүлэхдээ "...“И” ХХК 16 тавцанд чиргүүл санал болгосон байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-ын 21-д "Тээврийн хэрэгсэл, чиргүүлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан санал болгоно...", Техникийн тодорхойлолт нь 21-ээс доошгүй тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна..." гэсэн шаардлага хангаагүй байгаа тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж гэдэг. Сангийн яамны ирүүлсэн тайлбараас нь харвал Сангийн яам ч тавцан, тэвш чиргүүлээ ялгахгүй, тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагаа ч ялгаж чадахгүй, ойлгохгүй байна. Манай компанийн тендерт оролцсон 42 чиргүүлийн 16 нь тавцант чиргүүл, тендерийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа. 26 тавцант чиргүүлийг тэвш чиргүүл гэж бүртгэл байгаа учраас татгалзсан гээд байхад Сангийн яам 16 тавцант чиргүүл чанал болгосон нь 21-ээс доошгүй тавцанд чиргүүлтэй тээврийн хэрэгсэл байх ёстойг хангаагүй гэж, ойлгомжгүй, үндэслэлгүй тайлбарыг ирүүлсэн байна. Үүнээс үзвэл Төрийн худалдан авах ажиллагааны газар ч тэр, Сангийн яам ч тэр чиргүүлийн бүртгэлийг буруугаар ойлгож, тавцан, тэвш чиргүүлүүд нь Монгол улсын стандартаар бүгд хагас чиргүүл гэж бүртгэгдэж явдаг болох нь тайлбарлагдаж, нотлогддог бөгөөд хариуцагч байгууллага яриад байгаа шиг тавцан гэж бичээгүй л бол хагас чиргүүл гэж бүртгэл нь өөрөө тэвш гэж буруу ойлгож, улмаар тендерээс татгалзсан хууль бус. Үүнийг шүүхэд шүүх хуралдаан дээр хангалтай тайлбарлаж, шүүхэд хариуцагч тайлбар гаргахдаа бид тавцан гэж бичээгүй бол тэвш юм гэж ойлгоод тендерээс татгалзсан гэдэг тайлбараас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан. Мөн шүүхэд тайлбар гаргахдаа бид танай компани танилцуулга дээрээ тавцан, тэвш чиргүүлүүдтэй гэж бичсэн учраас татгалзсан гэж ямар ч үндэслэлгүй тайлбарыг хэлж байгаа нь өөрөө энэхүү техникийн шаардлагыг бүрэн ойлгоогүйг илтгэнэ. Түүнчлэн 21-ээс доошгүй тавцан чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй байна гэдгийг буруугаар ойлгож шүүхэд тайлбар өгөхдөө зөвхөн чирэгч толгой 1 ширхэг, тавцант чиргүүл 1 ширхэг байна гэж тайлбарлаж байгаагаас харахад ерөөсөө энэхүү тендерийн техникийн шаардлагыг ойлголгүйгээр энэ төрлийн бараа ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг анх удаа явуулсан учраас алдаа гаргасан нь тодорхой харагдаж байна. Үндсэндээ бол 1 чирэгч толгой 2 тавцант чиргүүлийг чирч байж өнөөдөр Эрдэнэс таван толгойн тээвэрт үйл ажиллагаа явуулж байхад 1 чиргүүлтэй байвал болох мэтээр маргаж, мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.19-ны өдрийн 0542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл хуралдсан хуралдаанаар нэхэмжлэгч компанийн тендерт санал болгосон тээврийн хэрэгслүүдийн талаарх мэдээллийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгахад 21 зүтгүүр, 16 тавцант чиргүүл, 26 тэвш чиргүүл байгаа нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ 12.1/ё/-д нийцээгүй гэж үзэж тендерээс нь татгалзах нь зүйтэй гэж үзжээ.

2. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газар нь захиалагчийн хувьд дээрх Үнэлгээний хорооны хурлын дээрх дүгнэлтийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/263 дугаар мэдэгдлээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах төсөл арга хэмжээний Багц 4: Т-Г чингэлэг тээврийн терминал чиглэлийн тээвэр /240 км/-1 үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер” шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч компанийн тендерийг Тендерийн баримт бичигт заасан “техникийн тодорхойлолт”-ын шаардлага хангаагүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар татгалзаж байгаагаа мэдэгджээ.

3. Анхан шатны шүүх хариуцагч нарыг тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийх, шаардлага хангасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох эрх олгож, өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох чиг үүрэг бүхий “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим системд бүртгэгдсэн мэдээллээр нэхэмжлэгч компанийн санал болгосон 42 чиргүүлээс 16 нь “тавцант чиргүүл” байгаа нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 12.1/ё/-д заасан “21-ээс доошгүй нь тавцант чиргүүл байна” гэснийг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзсан дээрх шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.4-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг  хангасан байна.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан болох нь 42 чиргүүлийн фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаагаар хангалттай нотлогдсон байхад 26 нь “тэвш чиргүүл” байгаа нь шаардлагад нийцэхгүй гэж татгалзсан нь хууль бус. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, техникийн хэрэгслийн гэрчилгээгээр тухайн 26 чиргүүлийг “тэвш чиргүүл” гэж бүртгэсэн бүртгэл байхгүй байхад шүүхээс хэрэгт авагдсан баримтууд, фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүх хуралдаанд гаргасан  тайлбарыг анхаарч үзэлгүй “16 тавцант, 26 тэвш чиргүүл” байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзсэнийг зөвтгөж шийдвэрлэн хохироож байна” гэжээ.

5. Хэрэгт авагдсан /86-127 дугаар хуудас/ тендерийн баримт бичигт нэхэмжлэгчээс ирүүлсэн Авто тээврийн үндэсний төвийн 42 чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаанд “Төрөл” гэсэн хэсэгт 24 нь “Хагас чиргүүл” гэж, 2 нь “Гурван голт чиргүүл” гэж, 16 нь “Тавцант чиргүүл” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “Тэвш чиргүүл” гэж бүртгэгдсэн нэг ч чиргүүл байхгүй байхад хариуцагч болон шүүхээс “26 нь тэвш чиргүүл” гэж  үзсэн нь буруу гэж маргасан нь үндэслэлтэй байна.  

6. Гэвч уг 26 чиргүүлийг Тендерийн баримт бичгийн  ТОӨЗ-ны 12.1 /ё/ хэсгийн 12-д “... 21-ээс доошгүй нь Тавцан чиргүүл байна... ” гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч компанийн захирал Ц.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Гагнаастай тэвш байсныг аваад үйлдвэрт өөрчлөлт хийлгээд уурхайгаас чингэлэг ачиж ашиглах боломжтой болгосон. Үүнийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй. Тухайн ачааг төрөл дотроо тоноглол хийж чингэлгээ ачаад явж болно, тэвшээ тавиад явж болно. Тавцантай чиргүүл дээр хайрцаг тавиад түгжээгээр нь түгжээд явж байгаа. Ачааны төрөл дотор тоноглол хийвэл заавал мэргэжлийн байгууллагаас дахин зөвшөөрөл авдаггүй ...” гэх тайлбар, фото зургаас үзвэл бодит байдалд тухайн чиргүүлүүдийг өөрчилж тендерийн шаардлагад нийцүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэхгүй боловч уг бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг зохих журмын дагуу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т зохих стандарт, техникийн аюулгүй байдал зэргийг хянуулан бүртгүүлээгүй байхад “Хагас чиргүүл” гэсэн бүртгэлтэй чиргүүлүүдийг “Тавцан чиргүүл” гэж үнэлээгүй гэж Үнэлгээний хороо болон захиалагчийг буруутгах үндэслэлгүй байна.

8. Учир нь хэрэгт авагдсан Тендерийн баримт бичгийн /Си Ди/  ТОӨЗ-12 /ё/ хэсгийн 18-д “Тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдсан байна. Тендерт материал хавсарган ирүүлэх шаардлагагүй. Санал болгосон тээврийн хэрэгслийн мэдээллийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын цахим мэдээллийн сангаас шалгана” гэж тодорхой заасан.

9. Мөн Авто тээврийн тухай хуулийн  171 дүгээр зүйлийн 171.2-т заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”[1]-ын дагуу тээврийн хэрэгслийн бүртгэл, түүнд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр заасан байна.

Уг журмын 2 дугаар зүйлийн 2.2-т “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна: ... 2.2.3. авто тээврийн хэрэгслийн техникийн бүртгэлийн мэдээллийн өөрчлөлт” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Авто тээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлтөд дараах өөрчлөлтүүд хамаарна. Үүнд: 5.1.1-д “авто тээврийн хэрэгслийн зориулалтын өөрчлөлт” гэж, 5.3-д “техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: ... 5.3.3. техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт“ гэж,  5.6-д “Авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сүлжээнд мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай бүртгэгдсэн мэдээллийг дараах баримт бичгийг үндэслэн өөрчилнө” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь зохих баримтаа бүрдүүлэн “Тавцан чиргүүл” гэж бүртгэгдээгүй бусад чиргүүлийнхээ бүртгэлийн мэдээллийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хандаж, өөрчилж бүртгүүлээгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

10. Иймд Үнэлгээний хороо болон захиалагчийг нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн материалыг буруу үнэлж, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 20.11.30-ны өдрийн

4913 дугаарт бүртгэгдсэн.