Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1001

 

 

 

 

    2021       09        15                                   2021/ШЦТ/1001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Г нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1706 00100 1138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ч Л.Г нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт худалдагч хийж байсан С.Цэдэнбалын бэлэн мөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон,

Шүүгдэгч Д.Ч нь хүч хэрэглэн довтлохдоо С.Цэдэнбалын толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд           нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р            хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд-2 ломбардад Б.Чинзоригийг ажиллаж байхад нь “зарах гар утас байна уу” гэж үзэж байгаад Самсунг эс-6 эдж загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, зугтаан 150.000 төгрөгийн,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд-2 ломбардад П.Сүхбаатарыг ажиллаж байхад нь “зарах гар утас байна уу” гэж үзэж байгаад Самсунг Нөт-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, зугтаан 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад дүгнэхэд:

1. Шүүгдэгч Д.Ч Л.Г нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.Ч нь хүч хэрэглэж дотлохдоо хохирогч С.Цэдэнбалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Цэдэнбалын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хулан нэртэй хүнсний дэлгүүр дээрээ 18 цагийн үед худалдагч хийгээд байж байх үед 20 орчим насны цагаан өнгийн цамцтай үсээ хоёр тийш нь хуваасан, бор царайтай, туранхай залуу манайд өмнө нь орж ирдэг байсан ба намайг хог асгаад эргээд явахад араас чулуугаар цохисон. Мөн араас нь хар өнгийн цамцтай залуу дагаж орж ирсэн. Цагаан өнгийн цамцтай залуу миний дээр гараад хоолой боосон. Намайг орилох гэхэд нөгөө хоёр залуу гараад гүйсэн. Хаашаа гүйсэн талаар нь би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, 

 

Хэргийн газарт 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн: “...хэрэг учрал болсон гэх түргэн үйлчилгээний цэгийн үүд хэсэг хоёр талаасаа ордог шаттай байх ба бор өнгийн төмөр хаалга ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан онгорхой байдалтай байх ба үзлэгийг цагийн зүүний дагуу үзэхэд зүүн талд цэнхэр өнгийн шилэн хөлдөөгч, хананы тавиур дээр гоо сайхны бараа, оо, саван, угаалгын нунтаг, үзэг бал, хөзөр зэрэг эд зүйл , цэнхэр өнгийн хөлдөөгчийн баруун урд хэсэгт шилэн тавиур, хананы тавиур дээр хүнсний бараа, бэлэн  гоймон, ус ундаа зэрэг эд зүйл байх ба үзлэгийг цааг үргэлжлүүлэхэд  баруун хана хэсэгт Витафит хөргөгч, хананы  тавиур дээр тос, будаа, өндөг, зурагт, ус буцалгагч хайрцаг сав зэрэг эд зүйл байх ба хохирогч  С.Цэдэнбал нь намайг цохисон гэх чулуу 10x8 хэмжээтэй саарал өнгийн цементэн чулууг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн цохисон гэх цементэн чулууг 4 дугаараар тэмдэглэн Витафит нэртэй хөргөгчөөс 25-30 см зайд шал нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлийг хусаж шинжээч Нямдаваа цагаан өнгийн даавуунд дээж болгон бэхжүүлэн авав. Эд мөрийн баримтаар чулуу 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйл, хэргийн газрын үзлэгийн бэхжүүлэн кадр зураг авч үзлэгийг бэхжүүлэв” гэх тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 21, 22-24/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8628 дугаартай:

“С.Цэдэнбалын биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн:

“Уг камерын бичлэгийг нээхэд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 07 минут 50 секундээс бичлэг эхлэх бөгөөд цагаан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, үсээ толгойныхоо дагз хэсэгт шууж боосон этгээд нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 07 минутад Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нд зогсож байх бөгөөд цамцныхаа дотор талд гараараа биет зүйл нуугаад зогсож байх ба цаад талд нь хохирогч С.Цэдэнбал зогсож байна. Тухайн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 08 минут хэсэгт хохирогч С.Цэдэнбал нь ТҮЦ-ныхаа хаалганы хажууд тал руу хог хаясан ба эргээд лангууныхаа ар руу орох явцад 18 цаг 08 минут 11 секундэд цагаан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй үсээ толгойныхоо дагз хэсэгт шууж боосон этгээд нь цамцныхаа дотор талд нууж байсан чулуу мэтээр хохирогч С.Цэдэнбалын толгой руу шидэхэд хохирогч С.Цэдэнбал газарт унасан ба тухайн этгээд дээрээс нь гарахад дэлгүүрийн хаалгаар хар өнгийн цамц, хөх өнгийн шорттой, үсээ тийш хувааж самнасан этгээд орж ирээд мөн дээрээс нь дарж 18 цаг 08 минут 27 секундэд буцаад гарч явж байгаа нь бичигдсэн байсныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх-ийн 53/,

 

Шүүгдэгч Д.Чий мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 07 дугаар сарын 02-оос 2017 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Гын ажил буюу Гүүд гайм нэртэй цахим тоглоомын газарт хоноод 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Гыг манай гэрт очиж хоол идье гэж хэлээд хамт явсан. Манай гэрт орохоосоо өмнө ТҮЦ орж тамхи авсан. Тэгээд 48 дугаар сургуулийн хажуу талын шүдний эмнэлгийн хажуу талын шатан дээр тамхи татаад сууж байх үед ТҮЦ-ийн өвөө гарч ирэхдээ энгэрийн халаасандаа мөнгө хийсэн байсан. Тэрийг хараад тоглох мөнгө олчихлоо гэж хоорондоо ярилцсан. Тэгээд орж мөнгийг нь авахаар болоод би түрүүлж орсон ба орохдоо газраас чулуу аваад орсон. Чулууг зугтахад хэрэгтэй гэж бодож авсан. Г 48 дугаар сургуулийн хажуугаас алхаж ирсэн. Яахаа мэдэхгүй сандраад чулуугаа дэлгүүрийн өвөө рүү шидэхэд тэр өвөө аймар орилохоор нь чимээгүй болгох гэж амыг дарсан. Тэр үед Галаа гаднаас орж ирээд энгэрийн халааснаас мөнгийг нь авах гээд тэмтэрч байсан. Тэгэхээр нь би наад чинь хөгшин хүн байна, хоёулаа больё гэж хэлээд дэлгүүрээс түрүүлээд гараад гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

Шүүгдэгч Л.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 07 дугаар сарын 02-оос 2017 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Ч манай ажил дээр ирж хоносон. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ч манай гэрт очиж хоол идье гэж хэлэхээр нь хамт явсан. Чий гэрт орохоосоо өмнө ТҮЦ орж тамхи аваад гэрт нь орж хоол идээд үдэш хойш гарсан. Өвөөгийн ТҮЦ орж тамхи аваад замын эсрэг талд тамхиа татаад сандал дээр сууж байх үед өвөө гарч ирсэн. Ч саяны өвөөг харсан уу, энгэртээ мөнгө хийсэн байна гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хариулсан. Тамхиа татаж дуусаад Ч ганцаараа ТҮЦ рүү орсон. Удалгүй түс тас хийсэн чимээ гарахаар нь би ороход Ч лангууны цаана өвөөгийн дээр гарсан амыг нь тагласан байсан. Би гарыг нь татаж аваад Чийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

 

 - хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, прокурорын хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол, мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол /хх-ийн 01-16/,

- гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/,

- хохирогчийн эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлын баримт /хх-ийн 41-43/, зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Д.Ч нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, зугтаан 402.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ байж байх үед гаднаас үл таних 20 орчим насны залуу орж ирээд зарах утас байна уу гэж асуухаар нь нөт 5, эс 6 эджи, эс 6 плас гар утас зэргээс үзэж байгаад эс 6 плас гэх гар утсыг аваад зугтаасан. Араас нь гарахад алга болсон байсан. Тэр залуу өмнөх өдөр нь орж ирээд зарах утас асууж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 109/,

 

Хохирогч С.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 05 сараас Андууд салбар дээр ээлжийн ажилтан Б.Чинзориг манай компанид ажиллаж орсон юм. Тухайн өдөр Андууд салбар 1 ломбаранд ээлжид ажиллаж байх үед нэг хүн гар утас авна гэж хэлээд Самсунг эс 6 эджэ плас маркийн гар утсыг аваад зугтаасан байсан. ...Б.Чинзориг гар утас алдсан гэж цалингаас нь суутгаагүй. Цагдаагийн байгууллагаар шийдүүлэхээр өргөдлөө өгсөн. ...Уг гар утсыг 8 дугаар сарын 15 хавьцаа зарагдах нөхцөл нь бүрдсэн байсан. ...Самсунг галакси эс 6 маркийн гар утас нь тухайн үед 350.000-400.000 төгрөгийн ханштай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 112/,

 

Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн БЗД2-20-602 дугаартай:

“Самсунг эс 6 эджи маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 115-116/,

Шүүгдэгч Д.Чий мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 08 дугаар сард 07 дугаар хороонд байрлах Bluebird нэртэй караокены үүдэнд байрлах ломбардад орж зарах утас байна уу гэж асуухад надад Самсунг эс6 эджэ плас маркийн гар утас үзүүлсэн. Би тэр гар утсыг нь аваад зугтаасан. Маргааш нь гар утсыг фэйсбүүкийн зар тавихад нэг эрэгтэй хүн 180.000 төгрөгөөр зарсан. Фэйсбүүк хаягаар зар тавьж зарсан учир тэр хүнээ танихгүй, одоо ямар хүнд зарснаа мэдэхгүй байна. Гар утас зарсан мөнгөөрөө game arena гэх нэртэй цахим тоглоомын газар тоглосон циркийн хажууд байдаг салбар дээр нь хэд хонож тоглоод үлдсэн мөнгөөр нь идэж уух юм аваад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 113/,

 

- Прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 86/,

- хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх-ийн 87/, 

- мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай тогтоол /хх-ийн 88-101/,

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 106/,

- Назарин-Андууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 120-122/,

 

Хохирогч П.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд нэртэй ломбардад ажил дээрээ байх үед 18-22 орчим насны 180 сантиметрийн өндөртэй, туранхай шөвгөр бор царайтай, хар өнгийн малгай өмссөн залуу орж ирээд надаас зарах гар утас байна уу гэж асуухаар нь би ноте 5 маркийн гар утсыг үзүүлэхэд аваад зугтаасан. Тухайн гар утсыг 550.000 төгрөгөөр зарах гэж байсан юм. Өмнөх өдөр нь 17-18 цагийн үед орж ирээд надаас зарах гар утас байна уу гэж асууж байсан хүүхэд мөн байсан. Алдсан ноте 5 маркийн гар утсыг 550.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 157/,

 

Хохирогч С.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Уг гар утсыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хавьцаа зарагдах нөхцөл нь бүрдэж зарахаар гаргасан байсан. Манай ломбардад тавьсан эд зүйлийн хугацаа дууссан тохиолдолд эхлээд мессеж бичнэ. Дараагаар нь хүлээлтийн хугацаа дуусах үед тэмдэглүүлсэн дугаар руу залгаж хугацаа дууссан байна гэдгийг мэдэгдэнэ. Нийтдээ 3 удаа мессеж бичиж, 3 удаа сануулдаг. Самсунг Галакси эс 6 маркийн гар утас нь тухайн үед 650.000-700.000 төгрөгийн ханштай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 160/,

 

Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн БЗД2-20-577 дугаартай:

“Самсунг ноте 5 маркийн гар утсыг 252.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 164-165/,

 

Шүүгдэгч Д.Чий мөрдөн байцаалтад өгсөн:

“2017 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах нэрийг мэдэхгүй ломбардад орж гар утас байна уу гэж асуухад надад Самсунг ноте 5 маркийн гар утсыг үзүүлсэн. Би гар утсыг аваад зугтаасан. Маргааш нь авсан гар утсаа фейсбүүк зар дээр тавьж 200.000 төгрөгөөр зарсан. Нэг эмэгтэй хүн худалдаж авсан. Би ямар хүн авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 189-190/,

 

- прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол, мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хугацаа сунгах тухай тогтоол /хх-ийн 131-150/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 152-153/,

- Назарин-Андууд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 169-170/,

- хохирогч  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Л.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/,

шүүгдэгч Д.Чий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 173/, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 182/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 183/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоо эхэлснээр үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь тэдний хохирогчийн бие махбодод халдсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж чулуугаар цохиж амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.

 

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар эд зүйлтэй болох санаа зорилготой байсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх талаар урьдаар тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хэн хэнийхээ гэмт үйлдлийн санаа зорилгыг бүрэн ухамсарлаж уг үйлдэлд хамтран оролцсон байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодод хүч хэрэглэн халдаж, өөрийнх нь үйлдлийн улмаас хохирол учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд санаатайгаар үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар  хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн болох нь тэдгээрийн мэдүүлгээр, гэмт хэрэг үйлдэж байгаа нь камерын бичлэгээр тус тус хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ч, Л.Г нар нь бүлэглэн иргэн С.Цэдэнбалын бэлэн мөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ч нь хүч хэрэглэн довтлохдоо С.Цэдэнбалын толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч Д.Чийг хоёр ширхэг гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, зугтаан 150.000 төгрөг, 252.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Түвшинтөгс буюу Андууд-2 ломбардад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн болох нь хас банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба хохирогч С.Цэдэнбалын гэмт хэргийн улмаас учирсан 158.000 төгрөгийн хохирлоос 100.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирлын үлдэгдэл 58.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч Л.Г, Д.Ч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчим хүч хэрэглэн довтлохдоо С.Цэдэнбалын толгойд чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Дээрх гэмт хэрэг гарснаас хойш 2 жил 10 сар 04 хоног хугацаа өнгөрсний дараа 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан байна.

 

Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Ч, Л.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир тэдгээрт оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг тэдний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Шүүгдэгч нар хэргийн учир 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэргийн учир цагдан хоригдсон байх тул уг хугацааг тэдний оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас 1 хоногоор тооцож хасаж эдлэх ялыг тогтоолоо. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Дий Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Зн овогт Лийн Гыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Чийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Л.Гыг тус тус шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож тус тус дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Л.Г нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч Д.Чд 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Л.Гад 2 жилийн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Л.Г нараас 58.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч С.Цэдэнбал /иэ44091112/-д олгосугай.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч нар, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ