Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1055

 

                                                                                                                      

 

   2021        10         15                                   2021/ШЦТ/1055

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02681 1873 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 04 дүгээр байрны 01 дүгээр орцны гадна хохирогч Б.Баянмөнхийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.                                                              

                                                                                  /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 02681 1873 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Б.Баянмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

... гэр рүүгээ ирэхэд араас байрны ах Н дуудахаар нь очиход өөр танихгүй 4 хүнтэй хамт зогсож байсан. Надаас “за юу байна” гэхээр нь “юмгүй дээ ах аа” гэж хариулахад “чи ер нь яаж яриад байна аа” гэж хэлээд миний хамар руу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад найзууд нь Нг болиулаад аваад явсан гэх мэдүүлэг /хх 09/,

 

Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

... тэр үед Баянмөнх нь Нтай юм яриад бид нараас холхон зогсож байсан. Тэр үед Баянмөнх, Н нарын дуу чангарч хоорондоо маргалдаж эхэлсэн. Н, Баянмөнхийн хамар руу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Баянмөнх нь хамар хугарчихлаа шүү дээ гэж орилохоор нь бид нар гэрэл тусгаад харахад Баянмөнхийн хамраас цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх 16/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7403 дугаартай:

“Б.Баянмөнхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 18-19/,

 

Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...тухайн үед бид нарын хажуугаар нэг машинтай хүмүүс орилоод зөрсөн ба өнгөрч зогсоод тухайн автомашинаас манай хорооллын хуурай дүү болох Баянмөнх бууж над дээр ирээд “юу байна ах” гэж мэндэлсэн. Бид хоёр ойр зуурын сонин сайхан ярьж байгаад ам зөрж маргаан үүссэн. Баянмөнх бид хоёрын дундах маргааныг болиулах гэж манай найз нар салгаж байх үед би Баянмөнхийн хамар руу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Баянмөнх доошоо тонгойгоод миний хамар хугарчихлаа гэж орилоод байсан гэх мэдүүлэг /хх 12/,

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх 01/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах хугацаа сунгах тухай тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02-03/,

- мөрдөгчийн 2021.08.09-ний өдрийн ...Батдэлгэрийн Баянмөнх нь хамар, ам, хацар хэсэг нь цус болсон байдалтай, хамрын үеэр овойж хавдсан байдалтай ирсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичиж, нотломжийг гэрэл зургаар бэхжүүлэн хавсаргав гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 04/,

- ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлгийн хамар дайвар хөндийн КТГ, хохирлын баримт /хх 22-26/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, оршин суух газрын тодорхойлолт /хх 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 31/, шүүгдэгчийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 50/ зэрэг нотлох баримтыг судлав.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Н нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Нгийн хохирогч Б.Баянмөнхийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Баянмөнхийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөгийг төлж бараглуулсан байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Ц.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ц.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ