Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Я.О, П.Н нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Алтанчимэг

            Хохирогч                                                        С.А

            Шүүгдэгч                                                       Я.О

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Я.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Я.О, П.Н нарт холбогдох 1712001810063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Сансар хороололд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Яын О

 

Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт баг, Төв хорооллын 1-1 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, Б овогт Пгийн Н

 

Я.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Хавчиг гэх газраас иргэн С.Аийн 3 тооны адууг хулгайлж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан, П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Я.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас П.Над холбогдуулан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Өөлд овогт Яын Оыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх 22 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Я.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ болох 600.000 төгрөгийг гаргуулан хохиролд нөхөн төлүүлэхээр хохирогч С.Ад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Я.Оаас 19.000.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багт оршин суух С.Ад /регистрийн дугаар АИ79021015/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, хар өнгийн ногт 2 ширхэг, хутга 1 ширхэг, сүх 1 ширхэгийг тус тус устгаж, шүүгдэгч Я.От  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс тоолж, шүүгдэгч П.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээдүүд  давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 07 дугаар саоын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Я.О нь 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Хавчиг гэх газраас иргэн С.Аптангэрэлийн 3 тооны адууг хулгайлж, 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч П.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой иргэн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас Я.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан, П.Ныг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 121 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.О, П.Н нарт холбогдох хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Я.Оыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал, маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Засаг дарга ажилтай, шүүгдэгч П.Н нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүйгээр холбогдох журмыг зөрчин хөнгөмсгөөр найдаж, Я.Оын гуйлтаар, түүний хулгайлсан 3 тооны адууг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, бодит байдалтай нийцээгүй, малын гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Н нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон шууд санаатай үйлдэл байхыг шаарддаг.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Над холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Я.О, П.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүгдэгч Я.Оын гаргасан давж заалдах гомдолд:

“Я.О би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний хувьд хийсэн гэмт хэрэгтээ их гэмшиж, гэм буруу, болсон үйлдэл дээр маргах зүйлгүй. Миний бие 2017 онд зам тээврийн осолд орж биедээ маш хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Одоо 6 хавирга дашраараа хугарсан, хөлөндөө төмөр хадаас суулгах хагалгаа хийлгэсэн. Хөл хавантай, шилэн хүзүү хөшиж амьсгал давчиддаг, зүрх дэлсдэг, даралт тогтворгүй, тархиар байнга хатгуулж өвддөг болсон. Сумын эрүүл мэндийн төвийн байнгын хяналтанд байдаг, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон группт байдаг. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, төлөв томоотой байж чадна. Миний биеийн эрүүл мэндийн байдал 2 жил ял эдлэхэд хүнд байна. Одоо цагдан хоригдсоноос хойш байнга бие өвдөж хөл хавагнаж даралт ихсэх боллоо. Я.О би гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 19 000 000 төгрөгийг 4 жилийн дотор төлж хохирогч С.Аийг хохиролгүй болгож чадна. Өмгөөлөгч Д.Насанжаргал нь 2 жилийн хугацаанд ялаа эдлээд гараад ирэхээр чи 19 000 000 төгрөгийн хохирол төлөхгүй гэж надад ойлгуулсан учраас хохирол төлбөр төлөхийн учир холбогдлыг ойлгоогүй юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд эдлэх ялыг хөнгөрүүлэн тэнсэж өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Б.Алтанчимэгийн хамт оролцоно.”гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч П.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Шүүгдэгч Я.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй. Я.Оын хувьд 2017 оны 03 сарын 18-ны өдөр зам тээврийн осолд орж Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Одоогийн байдлаар 6 хавиргаа хадуулсан, хөлдөө төмөр хадаас суулгасан, хүзүүгээр нь хөших, даралт нь ихсэх, бөөр нь өвдөх, зүрх нь дэлсэх, даралт ихсэх, зүрхээр хатгуулж өвддөг. Сумынхаа эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтанд байнга байдаг. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан группт байдаг. Я.Оын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарч байгаа. Эрүүл мэндийн хувьд 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэхэд маш хүнд байна. Цагдан хоригдсоноос хойш байнга бие нь өвдөж хөл нь хавагнаж сууж зогсож чадахгүй болсон. Хохирогчид хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн үйлдэлтэйгээ маргадаггүй, биеийн эрүүл мэндийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Я.Оын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад П.Над холбогдох  хэргийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

П.Н нь тухайн үед Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал, маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгох эрхтэй байсан байна.

 

Дээрх эрхийг хэрэгжүүлэхдээ П.Н нь хууль, журамд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Аливаа эрх олгосон баримт бичиг нь хэлбэр болон агуулгын хувьд үндэслэл бүхий үнэн зөв мэдээллийг агуулсан хууль, журамд заасны дагуу үйлдэгдсэн тохиолдолд хууль ёсны гэж үзнэ.

 Гэтэл П.Нын 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Я.От 3 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн бичиг нь хэлбэрийн хувьд хууль ёсны боловч агуулгын хувьд бодит байдлаас зөрүүтэй байгаа нь эрх олгосон баримт бичгийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.

 

              Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

   Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

   Шүүгдэгч Я.О,П.Н нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол П.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Я.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Я.От цагдан хорих, П.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                               Д.БЯМБАСҮРЭН

                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ