Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 808

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “ДМНН” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (цаашид “ТББ” гэх)-ын нэхэмжлэлтэй, МУ-ын ЕС-д холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “ДМНН” ТББ нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ :

“...2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн МУ-ын ЕС Ч.С нь “О т н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” 27 дугаар захирамжийг, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Ажлын хэсгийн хэлэлцээ хийх удирдамж батлах тухай” 94 дүгээр захирамжийг, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус ажлын хэсэгт “О т н төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг олгох тухай” 99 дүгээр захирамжийг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрх олгох тухай" 123 дугаар захирамжуудыг тус тус гаргасан байдаг. Эдгээр захирамжууд дээр үндэслэн О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд Засгийн газрыг төлөөлөн Б.Б 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримт бичиг нь “ОТ” ХХК-тай холбогдуулж өмнө нь байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн, цаашлаад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. 

Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн шинж чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Ерөнхий сайд Засгийн газрын дотоод, гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхдээ Засгийн газрын гишүүд, түүний дотор уг асуудлыг эрхэлсэн гишүүнтэй санал солилцсон буюу баримтлах бодлогоо тэдгээрт урьдчилан мэдэгдсэн байвал зохино” гэж, 8 дугаар зүйлийн 8.7-д “Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна” гэж тус тус зохицуулсан байдаг.

Дээрх заалтууд нь үндэсний баялаг, төрийн өмчийг захиран зарцуулах тухай асуудал нь Засгийн газрын бүрэн эрх болох тухай, МУ-ын ЗГ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа танхимын зарчмаар ажиллах буюу Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаар хамтран хэлэлцсэний үндсэн дээр шийдвэр гаргах зарчмуудыг тус тус зохицуулсан байх ба Ерөнхий сайд нь зөвхөн нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар шийдвэр гаргах боломжтой байна.

Харин МУ-ын ЕС-ын гаргасан захирамжууд нь нэг удаагийн чанартай биш байсан нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудаас харагдаж байна. Тухайлбал, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамжид "О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсүгэй" хэмээн дурдсан бол 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийн 2-т мөн адил “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсүгэй” хэмээн дурдсан байдаг. Түүнчлэн тус асуудал шуурхай бус байсан нь адил харилцааг зохицуулсан тусдаа захирамжууд хоорондоо нэг сарын зөрүүтэй байгаагаар харагдаж байна. Түүнчлэн, ОТ ХХК-тай холбогдох асуудлаар Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон асуудлаар өмнө нь Засгийн газрын тогтоолууд гарч байсан жишиг байна. Үүнд Засгийн газрын 2009 оны 61 дүгээр тогтоол, 2009 оны 308 дугаар тогтоол, болон 2011 оны 164 дүгээр тогтоолыг дурдаж болно.

Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Засгийн газар асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно” гэж заасан байдаг. Өөрөөр тодорхойлбол, МУ-ын ЕС нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заагдсан шалгуурыг зөрчин, Засгийн газар хуралдан хэлэлцэж гаргах шийдвэрийг гаргасан бөгөөд тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу Засгийн газар олонхоор шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцохоор зохицуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” тохиолдолд илт хууль бус болохоор зохицуулсан байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болохтой холбогдох нэхэмжлэлд тус хуулийн 14.1-14.5-д заасан хугацаа үл хамаарна” гэж зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, МУ-ын ЕС-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бусад тооцож өгнө үү.” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч “ДМНН” ТББ нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ : 

Нэхэмжлэлийн агуулга: Ерөнхий сайдын захирамжуудыг хүчингүй болгосноор манай төрийн бус байгууллагын болон нийтийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх талаар: 

Манай байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт бид Монгол улсын нутаг, байгаль, экологи, эдийн засагтай харшлах бүхэнтэй тэмцэнэ” гэж заасан үндсэн чиглэлд шүүхэд гаргасан бидний нэхэмжлэл нийцнэ гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан Ерөнхий сайдын захирамжаар эрх олгогдон Дубай хотод байгуулагдсан “О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (Дубайн гэрээ) гэгч бичиг баримт нь Монгол улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус. амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчихөд хүргэж, Монголын бүх ард түмний эрх ашигт харшилсан бичиг баримтад гарын үсэг зурах нөхцөл бүрдүүлсэн байна. 

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө байгуулагдсанаар Монгол улсын 34 хувьд ногдох ногдол ашиг хүртэх хугацаа 2050 он хүртэл хойшилсныг ОТ ХХК албан ёсоор зарлаад байна. Энэ талаарх албан баримт хариуцагч буюу Засгийн газарт бий. Энэ нь Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдөж, байгалийн баялаг нь нийт ард түмний мэдэлд биш гадны компани тухайлбал Рио Тинто компанийн бүрэн мэдэлд очсон байна.

Манай байгууллагын судалгаа, тооцоогоор Ерөнхий сайдын захирамжуудаар гарын үсэг зурах эрх олгогдсоноор дор хаяж 20 гаруй тэрбум долларын эдийн засгийн хохирол Монгол улс, Монголын ард түмэнд учрах болсон. Үүнд: 

2013 оны Засгийн газрын яамдын шалгалтаар илэрсэн 3 орчим тэрбум долларын зөрчлийг хүлээн зөвшөөрсөн (Дубайн гэрээний 4.5 заалт) 

2011 оноос эхэлсэн хүлээн зөвшөөрч болохгүй Хувь нийлүүлэгчдийн зээл, хүүгийн хамт 10 тэрбум доллар (Дубайн гэрээний 4.4 заалт )  

2009 онд МУ-ын ЗГ хөрөнгө оруулагч талтай хийсэн Хөрөнгө Оруулалтын Гэрээгээр Монголчуудын өмч байгалийн баялгийг баялгийг хямд үнээр борлуулж, борлуулсан орлого нь Монгол улсад орж ирэхгүйгээр тохирсныг Дубайн гэрээгээр үргэлжлүүлсэн байна. Зөвхөн энэ хохирол жилд 1 тэрбум орчим доллар юм. 

Далд уурхайн санхүүжилтийг нийт 6 тэрбум доллараар тохирч, үүнийг гадаадын 20 банкны зээлээр санхүүжүүлэх болсон нь жилд 500 орчим сая долларын хүүгийн төлбөрт Монголын ард түмний баялаг өгөөжгүй сул урсах бололцоог хангасан (Дубайн гэрээний 5.5 заалт) 

Манай байгууллагын судалгаа, тооцоогоор О т төслийн үйл ажиллагаа нь санхүүгийн эрсдэлтэй, Монголын тал хүртэх ногдол ашиг 2050 он хүртэл байхгүй, Монголын ард түмний, улмаар орлого нь орж ирдэггүйгээс гадна нэхэмжлэлд хүчингүй болгуулахаар дурдсан Ерөнхий сайдын захирамжийн хор уршгаар О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд гадны 20 банк, Дэлхийн банканд газар нутгаа барьцаанд тавьсан байгааг тогтоогоод байна. (Албан ёсны мэдээллийг хариуцагчаас гаргуулах)

Дубайн гэрээний 8.4-т зааснаар Монгол хэл дээр үйлдэгдэж талууд гарын үсэг зурах ёстой байтал Монгол хувилбар байгаагүй, сүүлд орчуулсан (Ерөнхий сайд Ч.С-ийн УИХ дээр өгсөн хариулт)

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Дэлхийн банкны МIGА байгууллагын эрсдэлийн даатгалаас аваад Монгол улсын эрх ашигт нөлөөлсөн бүх төрлийн барьцааг УИХ-д мэдэгдэх нь бүү хэл Засгийн Газрын хуралдаанаар ч оруулаагүй. О т компанитай холбоотой төслийн зээл авахад зориулж, барьцааны нийт 34 төрлийн гэрээ хийгджээ. (Албан ёсны мэдээллийг хариуцагчаас гаргуулах) 

Улсын Их Хурлын ажлын хэсгийн дүгнэлтийн төслийн 29-р хуудсанд дурдсан “Засгийн газрын тогтоол биш Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан”, 193-р хуудсанд “...манай улсын 1 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг дүйцэхүйц санхүүгийн том шийдвэрийг Монгол улсад үзүүлэх үр нөлөө нь асар их бөгөөд ... Гэтэл энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчит компанийн 2 захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг” гэсэн дүгнэлтүүд Д.Т ахлагчтай 2018 онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гарснаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан Ерөнхий сайдын захирамжуудыг хууль зөрчсөн гэдгийг хариуцагч Засгийн газар өөрөө дүгнэсэн байна. (Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ, Засгийн газраас гаргуулах) 2013-2018 онд нийт 6 тэрбум долларын баялаг гаргаж борлуулсан О т н уурхайн ашиггүй ажиллагааг цаашид олон жилээр үргэлжлүүлэх нөхцөлийг Ерөнхий сайдын захирамжууд олгожээ. (ОТ ХХК-ийн жил бүрийн санхүүгийн тайланг Засгийн газраас гаргуулах) 

Дээрх нөхцөлүүдээс дүгнэхэд манай байгууллагын дүрэм, үйл ажиллагааны зорилгод тусгасны дагуу Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хохироосон Ерөнхий сайдын захирамжуудыг хүчингүй болгох нэхэмжлэл нь манай байгууллагын болон Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалах зорилгод нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хохирогчдын өмчлөх эрх болон эдийн засгийн эрх ашиг сэргэх, олон нийтийн өмчийг хамгаалах үр дүнтэй гэж үзэж байна. 

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухай: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 03 өдрийн 128/Ш32018/8034 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахаар дараах материалуудыг хүргүүлж байна. Үүнд: 

Нэхэмжлэлд дурдсан хүчингүй болгуулах шийдвэр гаргуулах Ерөнхий сайдын захирамжууд нь Монгол улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д заасан "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна." гэсэн нийт ард түмний зарчмын эрх ашигт харшлах үндэслэл бий болгож, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дубай хотноо "О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" гэгч бичиг баримтад Монгол улсыг төлөөлж нэр бүхий хүмүүс гарын үсэг зурах боломжийг олгосон талаарх тайлбар, баримтууд. 

Манай байгууллага үүсэн байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан талаар зарим баримтууд Гурав. Манай байгууллага нь үүсгэн байгуулагдсан үеэс жил бүр Төрийн бус байгууллагын хуулийн дагуу үйл ажиллагааныхаа тайланг улсын бүртгэлийн хариуцсан албанд гаргаж ирсэн. Улсын бүртгэлийн газрын тодорхойлолтыг тус газраас энэ 7 хоногт гаргаж өгөхийг мэдэгдээд байна. 

Тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа манай байгууллагын бичиг хэргийн ажилтан байгууллагын Удирдах зөвлөлийн даргын нэрийг “Д.Даш” гэж техникийн алдаа гаргасныг “Удирдах зөвлөлийн дарга Д.Д ” гэж залруулж байна. Д.Д ын иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргав. Иймд бид шүүхээс шаардсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан гэж үзэж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: 

2.1.Хариуцагч МУ-ын ЕСын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа :

“...“ДМНН” ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч МУ-ын ЕС-д холбогдох “МУ-ын ЕС-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох" (цаашид “Нэр бүхий захирамжууд” гэх) тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид “ЗХШХШТХ” гэх)-ийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг ...илт хууль бус болохыг тогтоолгох ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан байх ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэр бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхой боловч түүний үндэслэл нь тодорхой биш байна.

Тодруулбал, ЗХШХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ...холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэл гэдэг нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас 1. нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эсхүл 2. нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд гаргасан хоёр төрлийн өргөдлийг ойлгохоор байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох нэр бүхий захирамжууд буюу захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэгч “ДМНН” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй талаарх үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй буюу нэр бүхий захирамжууд нь нэхэмжлэгч уруу чиглэсэн захиргааны шийдвэр биш байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох нэр бүхий захирамжууд нь ЗХШХШТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан нийтийн ашиг сонирхлын аль төрөлд хамрагдах нь тодорхой биш бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түүнийг үндэслэл бүхий байдлаар тодруулаагүй байна. Нэр бүхий захирамжууд нь “О т ” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн баримтлах удирдамж болон гэрээ байгуулах эрх олгосон байна. Үүнээс үзвэл, нэр бүхий захирамжуудын дагуу байгуулагдсан гэрээ нь агуулгын хувьд ЗХШХШТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан нийтийн өмч эсхүл хүрээлэн буй орчин эсхүл нийтийн эрүүл мэнд эсэх нь тодорхой биш бөгөөд хэрвээ аль нэгт хамрагдахаар бол ямар үндэслэлээр, хэрхэн яаж тухайн төрөлд хамрагдах болохыг үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой болно. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага болох нэр бүхий захирамжууд нь нийтийн ашиг сонирхлын аль төрөлд хамрагдах болохыг тайлбарлаагүй буюу тодруулаагүй.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “ДМНН” ТББ нь ЗХШХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.3, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчид тавигдах хууль ёсны шаардлагыг хангахгүй байгаа учир нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

Иймд нэхэмжлэгч “ДМНН” ТББ-ын хариуцагч МУ-ын ЕС-д холбогдох нэр бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхээс дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч “ДМНН” ТББ-аас “МУ-ын ЕС-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь ханган шийдвэрлэв:

Нэхэмжлэгч ТББ-аас Ерөнхий сайдын 4 захирамжийг “Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах, Засгийн газрын тогтоол гарган хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд захирамж гаргаж, дангаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн илт хууль бус захиргааны актууд” гэж маргажээ. 

Хариуцагч талаас “нэр бүхий захирамжууд нь нэхэмжлэгч уруу чиглэсэн захиргааны шийдвэр биш, нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлын аль төрөлд хамрагдах нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.” гэж маргажээ. 

Нэг.Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухайд: 

“ДМНН” ТББ нь “Үндэсний язгуур эрх ашиг дор эвлэлдэн нэгдэж, Үндэсний аюулгүй байдлыг хангахад өөрсдийн оюун ухаанд, хүч нэмрээ оруулах” зорилготойгоор 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан байна. Уг зорилгоо хэрэгжүүлэхдээ “Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг дор эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын …эдийн засаг,…байгаль…-д харшлах бүхэнтэй тэмцэх”-ээр дүрэмдээ заажээ. 

Мөн нэхэмжлэгч ТББ-аас нэхэмжлэлдээ “…манай байгууллагын дүрэм, үйл ажиллагааны зорилгод тусгасны дагуу Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хохироосон Ерөнхий сайдын захирамжуудын илт хууль бусыг тогтоолгох нь манай байгууллагын болон Монгол нийт ард түмний эрх ашгийг хамгаалах зорилгод нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар хохирогчдын өмчлөх эрх болон эдийн засгийн эрх ашиг сэргэх, олон нийтийн өмчийг хамгаалах үр дүнтэй…” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч ТББ нь нэхэмжлэл гаргах үед 4 жил гаруй хугацаанд дүрмийн зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгч ТББ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь …, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж байгаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэлийг анхан шатны шүүхээс хянан үзээд хоёр удаа захирамж гаргасан, эдгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан үзэж тогтоолууд гарсан байгааг дурдах нь зүйтэй. 

Хоёр.Маргааны үйл баримтын тухайд (үйл явдал болсон он дарааллаар):

Анх УИХ-ын “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтын Нэг дэх хэсгийн “Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд” гэсэн хэсгийн 1.3-д “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах”-ыг Засгийн газарт хариуцуулжээ. 

Үүний дараа Ерөнхий сайдын маргаан бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж -аар “О т ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулжээ.

Ажлын хэсэгт ахлагчаар “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “ЭМ” ХК-ийн ерөнхий эдийн засагч, “ЭОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “ЭОТ” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “ЭМ” ХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “ЭОТ” ХХК-ийн Захиргаа, хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү захирамжид Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд гарын үсэг зурсан. 

Улмаар УИХ-ын “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтын “Хоёрдугаар чиглэл. Эдийн засгийн өсөлтийг дэмжих Богино хугацаанд үр дүн гарах арга хэмжээ гэсэн 6 дахь хэсгийн 6.1-д “О т төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” ажлыг 2015 оны 2 дугаар хагас жилд хийхийг Монгол Улсын сайдад хариуцуулан, Хүрэх үр дүн нь 2016 оны эцэст 1.2 тэрбум ам доллар” гэж тусгажээ. 

Үүний дараа Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлд “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, холбогдох төлөвлөгөө баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах...”-аар тусгажээ. 

Мөн энэ өдөр Ерөнхий сайдын маргаан бүхий “Удирдамж батлах тухай” 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж -аар О т н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн удирдамжийг хавсралт ёсоор баталжээ. Энэхүү захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. 

Уг захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсгийн удирдамж нь дор дурдсан 7 хэсгээс бүрджээ:

“Үүнд: 

1. О т төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болох үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан О т төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (2010 он)-д ордыг ашиглах нийт хугацаанд төслөөс олох үр өгөөжийн харьцаа (нэрлэсэн үнэ цэнээр МУ-ын ЗГ 53%, Хөрөнгө оруулагч 47%) тусгасан болно. Тус харьцааг төслийн бүх хугацаанд хэвээр хадгалах;

2. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд цаашид шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөөг боловсруулах;

3. 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох  байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх;

4. Хууль, эрх зүй, төсөл, санхүү, эдийн засгийн асуудлаар зөвлөгөө авах зорилгоор олон улсын хөндлөнгийн, нэр хүнд бүхий зөвлөхүүдийг авч ажиллуулах;

5. “ОТ” ХХК нь татвар, төлбөр, хураамжийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа жишгийн дагуу төлөх нь Хөрөнгө оруулагч талын гэрээгээр хүлээсэн үндсэн үүргүүдийн нэг гэж авч үзэн холбогдох арга хэмжээг авах;

6. Хэлэлцээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон ТЭЗҮ-ийн хүрээнд хийх, Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх;

7. Хэлэлцээний явц, Хөрөнгө оруулагч талаас тавьж байгаа санал, нөхцөлийн талаар Засгийн газарт тухай бүр танилцуулж, холбогдох чиглэлийг авч байх.”

Дээрх удирдамж баталсан маргаан бүхий захирамжийн дараа Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэлд “О т төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, түүний санхүүжилттэй холбоотой асуудлаар Хөрөнгө оруулагч талтай хийж байгаа хэлэлцээний явц, үр дүнг хэлэлцээд Засгийн газар болон Хувь нийлүүлэгч талыг төлөөлж О т төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн тохирох...”-оор тусгажээ. 

Үүний дараа Ерөнхий сайдын маргаан бүхий “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж -аар Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт” зөвшөөрсөн байна. Уг захирамжид Ерөнхий сайд болон Уул уурхайн сайд гарын үсэг зуржээ.

Дээр дурдсан шийдвэрийн дараа Ерөнхий сайдын маргаан бүхий “Эрх олгох тухай” 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамж  гарсан. Уг захирамжийн эхний хэсгээр Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг Ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт даалгаж,

Хоёр дахь хэсгээр, Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч,

Гурав дахь хэсгээр, Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 тоот хамтарсан тушаалаар байгуулсан Ажлын хэсгийг татан буулгасантай холбогдуулан “ОТ” ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Э-д тус тус даалгажээ. Энэхүү захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан байна.

Уг маргаан бүхий захирамжийн дараа “О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г МУ-ын ЗГ, “ЭОТ” ХХК, ТХРЛТЭА ОТ ЛТД, ОТ НБиВиРТ ИХЛ болон “ОТ” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулжээ.   

Маргааны үйл баримтаас дүгнэхэд, маргаан бүхий 4 захирамж нь Монгол Улсын гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн хүндрэлээс гарах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, богино хугацаанд үр дүн гаргах зэрэг Улсын Их Хурлаас төлөвлөсөн арга хэмжээний нэг болох “О т төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” арга хэмжээ

ний хүрээнд Улсын Их Хурлаас Засгийн газар, Монгол Улсын сайдад өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байна. 

Эдгээр захирамж нь хөрөнгө оруулалтын гэрээний бэлтгэл ажлыг хангах, тооцоо судалгаа гаргах, гэрээнд гарын үсэг зурах эрх олгохтой холбоотой цогц бөгөөд үргэлжлэн гарсан шийдвэр гэдэг нь тогтоогдож байна.

О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын гэрээ байх бөгөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, санхүү, эдийн засаг, татвар, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого зэрэг бодлогын асуудлуудтай холбоотой гэдэг нь тогтоогдож байна. 

Мөн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, татвар, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлогын асуудал эрхэлсэн сайд, яамнаас ороогүй, мөн захирамжуудыг гаргахдаа уул уурхай бодлогын асуудал эрхэлсэн сайдаас бусад санхүү, эдийн засаг, татвар, эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого эрхэлсэн сайдад урьдчилан мэдэгдэж, санал солилцсон талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас энэ талаар үгүйсгэсэн тайлбарыг гаргаж маргаагүй.

Үүнээс гадна маргаан бүхий 4 захирамж нь холбогдох хуулийг үндэслэж гараагүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Гурав. Ерөнхий сайд захирамж гаргах хуульд заасан хүрээ хязгаарын тухайд:

Ерөнхий сайдын маргаан бүхий 4 захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхийн тулд юуны өмнө хуульд зааснаар Ерөнхий сайд ямар хүрээ хязгаарын дотор, ямар асуудлаар, ямар үндэслэлээр захирамж гаргах бүрэн эрхтэй талаар шүүхээс шалган тогтоож, дүгнэлт өгөх шаардлагатай байна. 

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3-д “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.”, Дөчин тавдугаар зүйлийн 1-д “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3-д заасны дагуу Засгийн газрын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /1993/-иар зохицуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газрын шийдвэр” гэсэн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.” гэж заажээ.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзэхэд Засгийн газрын шийдвэр нь 1-рт Засгийн газрын тогтоол, 2-рт Ерөнхий сайдын захирамж байх бөгөөд нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд захирамж гаргана, бусад асуудлаар Засгийн газрын тогтоол тус тус гарна гэж ойлгогдож байна.  

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-д зааснаар Засгийн газрын шийдвэр нь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж аль нь байхаас үл хамааран Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайдаас гадна тухайн Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж ойлгоно.

3.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нэг удаагийн чанартай эсвэл шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бүрэн эрхийн асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах бүрэн эрхтэй тул шүүхээс маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлийг тогтоохын тулд “нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудал” гэдэгт ямар асуудал хамаарах талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 

А) Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллана.”, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “буюу” гэдэг үг нь “эсвэл” гэдэг үгтэй утга, агуулга адил талаар дурджээ. 

Тиймээс хуулийн заалтад “буюу” гэсэн зэрэгцүүлэн холбоосыг өгүүлбэр зүйн хувьд хэрэглэсэн нь “нэг удаагийн чанартай” асуудлыг “шуурхай” асуудлаас тусгаарласан, заагласан үүрэгтэй гэж ойлгохоор байна. 

Тодруулбал, “нэг удаагийн чанартай” эсвэл “шуурхай” шийдвэрлэх Засгийн газрын бүрэн эрхийн асуудлаар Ерөнхий сайд захирамж гарган шийдвэрлэх бүрэн эрхтэй. 

Б) Харин “нэг удаагийн чанартай”, “шуурхай асуудал” гэдэгт ямар асуудал хамаарах, хуульд заасан Ерөнхий сайдын захирамж гэдэгт юуг ойлгох, Засгийн газрын тогтоолоос ямар ялгаатай талаарх ойлголтыг хууль зүйн хувьд нь дүгнэхэд маргаан бүхий захирамжууд гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар тогтоосон хэм хэмжээ, зарчимтай холбон авч үзэх шаардлагатай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасан. 

Хуулийн энэ заалтад зааснаар захиргааны актыг 1-рт тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан захирамжилсан шийдвэр, 2-рт эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа, 3-рт захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэж ангилдаг байхаар заасан. 

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.6.1-д “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлэхээр заажээ. 

Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зохицуулсан Ерөнхий сайдын захирамж нь “нэг удаагийн чанартай”, “шуурхай” байх шинжээрээ “үйлчлэл нь байнга давтагдах” шинжтэй захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй, өөрөөр хэлбэл Ерөнхий сайд захиргааны хэм хэмжээний акт гаргахгүй гэж ойлгоно. 

Харин тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан үйлчлэл нь нэг удаагийн шинжтэй гадагшаа болон дотогшоо чиглэсэн захирамжилсан шийдвэр буюу захиргааны актыг захирамжийн хүрээнд Ерөнхий сайд гаргах эрхтэй гэж ойлгохоор байна. 

Тухайлан хэлбэл, Ерөнхий сайдаас Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд, мөн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш болон дотогш чиглэсэн захирамжийг амаар буюу бичгээр гаргах эрхтэй байна.

В) Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар нь үйл ажиллагаандаа асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллах зарчмыг баримтлахаар зохицуулжээ. 

Уг хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг МУ-ын ЕС тэргүүлнэ.”, 3-д “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.”, 4-т “Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.” гэжээ. 

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 3-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.”, 23 дугаар зүйлийн 3-д “Ерөнхий сайд Засгийн газрын дотоод, гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхдээ Засгийн газрын гишүүд, түүний дотор уг асуудлыг эрхэлсэн гишүүнтэй санал солилцсон буюу баримтлах бодлогоо тэдгээрт урьдчилан мэдэгдсэн байвал зохино.”, 24 дүгээр зүйлийн 6-д “Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.” гэж тус тус заажээ. 

Дээр дурдсан хуулийн заалтуудын агуулгаас үзэхэд, Ерөнхий сайдаас захирамж гаргах бүрэн эрх нь Засгийн газрын бүрэн эрх болон өөрийн эрхлэх асуудлын хүрээний “нэг удаагийн чанартай” буюу “шуурхай” шийдвэрлэх бүхий л асуудалд хамаарахгүй, Ерөнхий сайдын захирамж гаргах бүрэн эрхэд хуулиар хязгаарлалт тогтоосон гэж ойлгохоор байна. 

Тодруулан хэлбэл, Ерөнхий сайд нь Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай, Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцэх болон хууль тогтоомжоор эрх олгоогүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй, цаашлаад эдгээр асуудлаар захирамж гаргах бүрэн эрхгүй байхаар тусгажээ. 

Үүнээс үзвэл, Ерөнхий сайдаас Засгийн газрын бүрэн эрхийн болон өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бүхий л асуудлаар тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан үйлчлэл нь нэг удаагийн шинжтэй гадагшаа болон дотогшоо чиглэсэн захирамжилсан захирамжийг гаргах бүрэн эрхтэй гэж хавтгайруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж ойлгохоор байна. 

Дүгнэхэд, хуульд зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газрын бүрэн эрх болон өөрийн бүрэн эрхэд хамаарах Засгийн газрын хамтын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоогүй, Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцэх шаардлагагүй, хууль тогтоомжоор түүнд эрх олгосон, Засгийн газрыг төлөөлөх түүний эрхэд хамаарах “нэг удаагийн чанартай” эсвэл “шуурхай” шийдвэрлэх асуудлаар, мөн тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамааралтай бол эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцсоны үндсэн дээр захирамж буюу захиргааны акт гаргах эрхтэй байна. 

Г) Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газрыг тэргүүлнэ. 

Мөн Ерөнхий сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасан хүрээний асуудлыг хариуцан гүйцэтгэнэ.

Өөрөөр хэлбэл, эрхлэх асуудлын хүрээндээ Ерөнхий сайд нь бусад сайдын нэг адил асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй. 

Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд эрхлэх асуудлаараа хэрхэн, ямар хэлбэртэй шийдвэр гаргах талаар тусгайлан заагаагүй байх тул Засгийн газрын гишүүнд эрхлэх асуудалтай нь холбогдуулан хуулиар олгосон бүрэн эрх Ерөнхий сайдад нэгэн адил үйлчилнэ гэж ойлгохоор байна. 

Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6-д “Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.” гэсэн заалт мөн Ерөнхий сайдад өөрийнхөө эрхлэх асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх тохиолдолд хамааралтай. 

Дөрөв. Маргаан бүхий 4 захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Харин Ерөнхий сайдын маргаан бүхий захирамжууд нь Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөхөөс өмнө гарсан байгааг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2016 оны) хуульд хууль буцаан хэрэглэх талаар заагаагүй. Харин уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ...” гэсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан.

Тиймээс маргаан бүхий захирамжуудын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөхдөө тухайн захирамж гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 оны)-ийг баримталсан (хэрэглэсэн) болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь тус хуулиар захиргааны актын ойлголт болон түүнийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлийг зохицуулсан байна.

4.2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”захиргааны акт” гэж “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр...”- гэж ойлгохоор зохицуулжээ. 

Маргаан бүхий 4 захирамж нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн буюу “О т н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх” ажлыг хариуцан ажиллах бүрэлдэхүүн, уг бүрэлдэхүүний ажиллах удирдамж, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг олгож, зөвшөөрсөн.

Мөн “ОТ” ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгах зэрэг тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар Ерөнхий сайдаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрт хамаарахаар байна. 

4.3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан ёсоор ...хууль дээдлэх явдал мөн.” гэжээ.

“Хууль дээдлэх” зарчим нь Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагаа буюу шийдвэр нь хуульд үндэслэх, хуулийг зөрчсөн ямарваа нэгэн үйлдэл хийх болон хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглож, хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газар, Ерөнхий сайд шийдвэр гаргах агуулгыг илэрхийлнэ.

Гэтэл хуулийн заалтыг үндэслэлгүйгээр маргаан бүхий 4 захирамжийг гаргасан хариуцагчийн үйлдэл нь “хууль дээдлэх” зарчимд нийцээгүй байна. 

4.4. Маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий 4 захирамж гарснаар “О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд санхүү, эдийн засаг, татвар, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн хөгжлийн зэрэг бодлогын олон удаагийн асуудлуудтай холбоотой гэдэг нь тогтоогдсон.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого”, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлага; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; татварын бодлого”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “эрдэс баялгийн бодлого; геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт; ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого” хамаарахаар байна.

Мөн хуульд зааснаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд “орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого”, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд “эрчим хүчний үйлдвэрлэлтийн бодлого” зэргийг тус тус хамааруулсан.

Иймээс маргаан бүхий 4 захирамжид дурдсан асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмаар, тухайн асуудлуудад хамааралтай эрхэлсэн сайд нарт урьдчилан мэдэгдэж, санал солилцож, тэдгээрийг болон харьяалах яамнаас Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, хамтарсан шийдвэрээр тодруулбал, Засгийн газрын тогтоол гаргахаар байсан гэж үзэхээр байна.

Гэтэл маргаан бүхий захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, татвар, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл, орон нутгийн хөгжлийн зэрэг бодлогын асуудал эрхэлсэн сайд, яамнаас ороогүй, мөн захирамжуудыг гаргахдаа уул уурхай бодлогын асуудал эрхэлсэн сайдаас бусад санхүү, эдийн засаг, татвар, эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлсэн сайдад урьдчилан мэдэгдэж, санал солилцсон талаарх нөхцөл байдал маргааны үйл баримтаар тогтоогдоогүй.

Үүний учир маргаан бүхий 4 захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3-д заасан Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай холбоотой дээрх хуулийн заалтуудад нийцээгүй байна. 

Тиймээс эдгээр захирамжууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “... дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан...” гэж заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй. 

4.5. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх ... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.” гэжээ.

Мөн хуулийн 20.2-т “МУ-ын ЕС-ын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.” гэж 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хуулиар өөрчлөлт оруулжээ.

Уг өөрчлөлт орохоос өмнө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.” гэж зохицуулсан байжээ.

Ерөнхий сайдын маргаан бүхий “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж -аар “хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт” зөвшөөрсөн. 

Энэхүү захирамж нь тухайн үед (2015.04.16-ны өдөр) мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай ... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. 

Учир нь “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө” нь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт тул уг гэрээг төрийн өмчит компанийн захирал бус Засгийн газар, эсвэл хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т зааснаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. 

Тиймээс уг хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар хөрөнгө оруулалтын асуудлаар Ерөнхий сайд өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь хуульд нийцнэ.

Харин Засгийн газрын гишүүнээс өөр бусад этгээдэд эрх олгох замаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох эсэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бүрэн эрхээ Засгийн газрын гишүүн нь бусад этгээдэд итгэмжлэн шилжүүлж болох талаар хуульд заагаагүй байна.  

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан “хууль дээдлэх” зарчмын агуулга нь зөвхөн хуулиар зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхий сайд, сайд бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлнэ. 

Иймээс энэхүү маргаан бүхий захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 он) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй бол” гэж заасан үндэслэлд хамаарах илт хууль бус захиргааны акт байна. 

4.6. Ерөнхий сайдын “Эрх олгох тухай” 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамж -ийн эхний хэсгээр “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг Ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэгт даалгаж”, Хоёр дахь хэсгээр МУ-ын ЗГ буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “ЭОТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрчээ. 

Энэхүү захирамжийн заалтууд мөн тухайн үед (2015.05.15 өдөр) мөрдөгдөж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай ...үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.”, мөн хуулийн 20.2-т “МУ-ын ЕС-ын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна. 

Учир нь О т төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт тул уг гэрээг төрийн өмчит компанийн захирал бус Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.   

Гэтэл Ерөнхий сайд маргаан бүхий захирамжаараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын гишүүнд олгоогүй харин төрийн өмчийн компанийн захирлуудад олгосон. 

Тиймээс хуулиар олгогдоогүй эрхийг Ерөнхий сайд маргаан бүхий энэхүү захирамжаар хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.  

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан “хууль дээдлэх” зарчмын агуулга нь зөвхөн хуулиар зөвшөөрсөн, эрх олгосон үйл ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ.  

Иймээс энэхүү маргаан бүхий захирамж нь мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй бол” гэж заасан үндэслэлд хамаарах илт хууль бус захиргааны акт байна. 

Тав. Нэхэмжлэлд заасан нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах тухайд:

Маргаан бүхий 4 захирамж нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулж нэг удаагийн үйлчлэлтэйгээр үргэлжлэн гарсан захирамжилсан шийдвэрүүд байна. Эдгээр 4 захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан, Сангийн сайд О т н санхүүгийн тайлангуудыг баталгаажуулсан зэргээр 4 захирамжийн зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн байна. 

Ийнхүү маргаан бүхий 4 захирамжийн үйлчлэл дуусгавар болсон учир шүүхээс эдгээр 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан “нийтийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” шууд сэргээгдэхгүй юм.

Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүн Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа: 

-“хууль дээдлэх” зарчмыг мөрдлөг болгон ажиллах, 

-улс орны эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, төсөв, татвар, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг улсын орны стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн бодлоготой холбоотой, эдгээр бодлогод эерэг болон сөрөг нөлөөлөл, үр дагаврыг бий болгох эрсдэлтэй, томоохон хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрийг Засгийн газар хамтын зарчмыг удирдлага болгон Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргаж байх,

-ийм асуудлаар нарийн мэргэжлийн яамны төлөөллийг оролцуулан өндөр түвшинд тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хандаж байх, 

-нийтийн өмчийг хамгаалан, нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж шүүхээс дүгнэж, нийтийн энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах нь үндэслэлтэй байна.

Зургаа. Шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврын тухайд:

6.1. Маргаан бүхий 4 захирамжийг илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа (түүний дотор санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээ)-ны хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй болно. 

Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч, тухайн эрх зүйн акт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу уг харилцаанаас бий болох эрх зүйн үр дагаврууд (тухайлбал, маргааны асуудал, эрх зүйн актын хүчин төгөлдөр байдлын асуудал) шийдвэрлэгдэх болохыг дурдах нь зүйтэй. 

6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.” гэж заасан. 

Шүүхээс дор дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж аливаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй:

-нэхэмжлэгчээс “Ерөнхий сайдын гаргасан холбогдох захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан байдал; 

-“О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байдал; 

-нэхэмжлэлийн шаардлага нь уг санхүүжилтийн төлөвлөгөөнд оролцогч Монгол Улсын Засгийн газраас бусад талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байдал; 

-“О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г МУ-ын ЗГ, “ЭОТ” ХХК, ТХРЛТЭА ОТ ЛТД, ОТНБВРТИХЛ болон “ОТ” ХХК-ийн хооронд байгуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хууль, эрх зүйн газрын дарга нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилж , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээллийг олж авч, оролцож байсан байдал; 

-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “ОТ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргаж, хүсэлтээсээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байдал;

-хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санхүүжилтийн төлөвлөгөөнд оролцогч талуудыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаж, уг санхүүжилтийн төлөвлөөгтэй холбогдуулан маргаагүй байдал.

“О т н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагчаас мөн маргаагүй нөхцөл байдал тогтоогдож байхад шүүхээс уг санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор түүнд оролцогч талуудыг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал бий болгоно гэж шүүхээс дүгнэв. 

Нэгтгэн дүгнэхэд, Ерөнхий сайдын маргаан бүхий 4 захирамж нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч ТББ-аас нэхэмжлэлдээ заасан нийтийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүхээс маргаан бүхий 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв. 

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 4, 23 дугаар зүйлийн 3, Хөрөнгө оруулалтын тухай (2015.04.16, 2015.05.14-ний өдрийн өөрчлөлт)  хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасныг тус тус баримтлан “ДМНН” төрийн бус байгууллагаас “МУ-ын ЕС-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай МУ-ын ЕС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  МУ-ын ЕС-ын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       А.С