Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1178

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2017/00107 дугаар шийдвэртэй, Д.Болормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Болормааг Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2016/00534 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 1 251 441 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа бөгөөд шийдвэрээс зарим хэсэг буюу цалин 1 251 441 төгрөгийг өгсөн. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалыг гардаж аваагүй байхдаа ажлаас чөлөөлөх мэдэгдэл 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас халсан.

Иймд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар бодож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2016/00534 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар Д.Болормааг Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 251 441 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг сайн дураар биелүүлж мөнгийг олгосон. Харин Д.Болормаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ өгөхгүй байгаа учир нөхөн бичилт хийх боломжгүй, өөрөө өгвөл татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч Д.Болормааг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр ирж мөнгөө авахад нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа тул цаашид сунгах боломжгүйг мэдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 30 хүртэл ажлаа хийгээрэй гэсэн боловч ирээгүй. Гэвч байгууллагын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрөх боловч өгөх мөнгөнөөс ажлаас халагдсаны тэтгэмж болгож өгсөн 535 286 төгрөгийг хасч тооцуулна.

Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулахаар шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Шүүхийн шийдвэрт “...Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үед Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “...сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллах...” хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн ажилтан шалгаруулж авах ажил олгогчийн эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж бичсэн.

Иймд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа Д.Болормаагийн хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллах боломжгүй болсон тул 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэрт нэхэмжлэгч Д.Болормаа гомдол гаргаагүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалинг шаардах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 616 859 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болормаад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгээс 51 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 5 128 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй. Өмнө нь Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 534 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт бүлгийн багшийн ажилд Д.Болормааг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 251 441 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, хариуцагч хүлээн зөвшөөрч 1 251 441 төгрөгөөс татвар, нийгмийн даатгал, зэрэг суутгалын тооцоо хийж, гарт олгогдох 988 230 төгрөгийг өгсөн.

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй уулзахдаа шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул ажилд нь эгүүлэн авч байна, бидний байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа тул цаашид сунгах боломжгүйг хэлж, мэдэгдэл гардуулсан. Д.Болормаа мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан боловч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 30 хүртэл хугацаанд ирж ажлаа хийгээрэй гэхэд өөрөө ирж ажиллаагүй.

Шүүхээс уг үйл баримтыг үнэлэхдээ шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж дүгнэсэн. Хариуцагчийн хувьд ажилгүй байх хугацааны цалин олгох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахыг хэлсэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа, сунгах боломжгүйг мэдэгдсэн. Өмнөх шүүхийн шийдвэр нь уг хөдөлмөрийн гэрээний хүрээнд маргааныг шийдвэрлэн тогтоосон болохоос ажилтанг уг ажилд байнгын байдлаар тогтоосон хэрэг биш юм.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үйл баримтын талаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй байхад үүнийг үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй. Шүүх талуудын байгуулсан гэрээнд тулгуурлаж шийдвэр гаргах болохоос хугацаа нь дууссан буюу дуусгавар болсон гэрээний дагуу ажил олгогчид үүрэг үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ дуусгавар болсон бол сунгах эсэх асуудлыг гэрээний талууд шийдвэрлэх болохоос биш шүүхээс сунга хэмээн хүчээр шийдвэрлэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсноор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан. Ажил олгогчийн хувьд хуульд заасан энэхүү үндэслэлийн дагуу гэрээг дуусгавар болгосон ба нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/39 дугаар тушаалын талаар шаардлага гаргаагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны цалингийн асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болормаа нь хариуцагч Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2016/00534 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Болормааг Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 251 441 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. /хх 4-14 дэх тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Д.Болормаад ажилгүй байсан хугацаан дахь олговрыг олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй боловч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах зэрэгт маргаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлээ “талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, сунгах боломжгүйг Д.Болормаад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, энэ хугацаанд ажлаа хий гэсэн боловч ирээгүй, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/39 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн, уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй” гэх агуулга бүхий тайлбар хийжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж, түүний хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасантай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй талаар шүүх дүгнэхдээ, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул уг шийдвэр биелэгдээгүй, үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй нь тогтоогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэх учиртай.

 

Гэтэл хэргийн үйл баримтаар ажил олгогч тал шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тушаал гаргаагүй нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах үндэслэл болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцохоор зохицуулсан байна.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Болормааг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилсон тушаал гаргаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж байгаа нь буруу бөгөөд хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ.

 

Улмаар шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг ажил олгогч хариуцах тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх олговорыг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрт үндэслэн дундаж цалин хөлсийг 551 593 төгрөгөөр тооцож, мөн өдрөөс энэхүү нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааг хамааруулж, нийт 2 616 859 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй” гэх үндэслэлээр гаргасан хариуцагч Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 104/ШШ2017/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

         

 

                        ДАРАГЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА