Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0526

 

Ж.Оы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа

Нэхэмжлэгч: Ж.О

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нь тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах иргэн Ж.Оы эзэмшиж буй бусдын эзэмшилтэй давхцаагүй 186 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг иргэн Ж.О надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0532 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2023/0245/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.О нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нь тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах иргэн Ж.Оы эзэмшиж буй бусдын эзэмшилтэй давхцаагүй 186 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг иргэн Ж.О надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг баримтлан иргэн Ж.Ооос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжинд байрлах 186 м.кв газрыг өмчилж авахыг хүссэн өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг хүлээн авч, нийслэлийн Засаг даргад уламжлахыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч Ж.О нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 9 тоот хаягт хүү Г.Дгийн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/360 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт гэр бүлийн хамт амьдарч байгаа. Түүний хүү Г.Д нь 700 м.кв газар өмчлөх эрхтэй атлаа газраа сунгаж, 886 м.кв хэлбэрээр ашиглаж ирсэн бөгөөд дээрх газрын илүү ашиглаж байгаа 186 м.кв газрыг өмчлөн авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тухайн газраа өмчлөх, эзэмших хүсэлт гаргаагүй тул тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гараагүй, газар эзэмшин, өмчлөх эрх үүсээгүй байна. Хуулийн шаардлагыг хангаж, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг хийлгээгүй.

3.2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-д “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ”, 4-т “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ” гэж заасны дагуу маргаан бүхий 186 м.кв газрыг эзэмшиж, өмчлөх талаар хүсэлт гаргаж байсан талаар бүртгэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд байхгүй. Харин нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/1112 тоот албан бичгээр хариу ирсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Ооос “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нь тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж, 9 тоот хаягт байрлах иргэн Ж.Оы эзэмшиж буй бусдын эзэмшилтэй давхцаагүй 186 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг иргэн Ж.О надад өмчлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Нэхэмжлэгчээс “... манайх одоогийн амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах 886 м.кв талбай газрыг байшингийн хамтаар 2006 онд худалдаж авсан бөгөөд миний хүү Г.Д нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” 0036509 дүгээр захирамжаар уг газрын 700 м.кв талбайг өмчилсөн. Харин үлдэх 186 м.кв газрыг миний бие эзэмших хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаж байна” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгчээс газар эзэмших хүсэлт, кадастрын зураг хийлгэж өгөөгүй, хуульд заасны дагуу хүсэлтээ өгөх юм бол шийдвэрлэх боломжтой” гэж маргажээ.  

3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ж.О нь 2006 онд маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 9 тоот хаягт байрлах 886 м.кв газрыг худалдаж авсан байна.

3.2. Улмаар Ж.Оы хүү Г.Д уг газрыг өмчлөх хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар захирамжаар дээрх хаягт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байх ба нэхэмжлэгчээс үлдэх 186 м.кв газрыг өмчлөх хүсэлт гаргахад Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 21/706 тоот албан бичгээр “... Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д заасан шаардлагыг зөрчиж барилга байгууламж барьсан тул зөрчил арилгахыг мэдэгджээ.

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй”, 14.1.3-д “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй”, 19.1.4-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах”, 20 дугаар зүйлийн 20.4-т “Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

4.1. Нэхэмжлэгч Ж.Ооос маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан, мөн уг газар нь бусдын орц, гарцыг хаагаагүй, газрын давхцалгүй, гуравдагч этгээдийн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон болох нь  хэрэгт авагдсан баримт, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.2. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар тогтоосон газар өмчлөхийг хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авч, бүртгэж, нийслэлийн Засаг даргад уламжлах үүргээ биелүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, харуи тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан.

5.1. Талууд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “.... хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулсан захирамжид хоёр шүүгчийн нэр бичигдсэн нь эргэлзээтэй, хэргийг хэн шийдвэрлэх нь тодорхойгүй” гэжээ.

6.1. Хавтаст хэргийн 160 дугаар талд авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулах тухай” 732 дугаар захирамжийг үзвэл тус хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Б.Адъяасүрэнг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

6.2. Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Захиргааны хэрэг, нэхэмжлэл буцаан шилжүүлэх тухай” 675 дугаар тогтоолоос үзэхэд хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгч А.Мөнх-Өлзий байх ба анхан шатны шүүх дээрх захирамжид техникийн алдаа гаргасан гэж үзэхээр байна.

6.3. Гэвч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” үндэслэлд хамаарахааргүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ